Түшээт хан аймаг

Түшээт хан аймаг нь Манжийн эрхшээлийн үе, Богд Хаант Монгол Улсын үед оршин байсан Халх Монголын 4 аймгийн нэг юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Манжийн үе Хан уулын чуулган
Олноо өргөгдсөн үед Түшээт хан

Батмөнх Даян хааны хүү Гэрсэнзийн 7 хүү Ар Халхыг хуваан авахад 3-р хүү Онохуй Үйзэн ноён (1534-?) горлос, хэрэгүд (гэрүүд) отгийг өвлөн авчээ. 1580-аад оны үеэс Онохуйн ахмад хөвгүүн Абтай хүчирхэгжиж Ойрадыг дагуулж хаан хэмээгдсэнээр Халхын ноёдын дотор хамгийн түрүүн “хан” цолтон бий болов. Түвэдийн 3-р Далай ламаас Автайн хаан цолыг “Очир сайн хан” хэмээн өргөв. Абтайн дэд хөвгүүн Эриехэй түүний “хан” цолыг залгамжилж, “Эрхий Мэргэн хан” гэгдэж байв. Түүний дараа Эриехэйн хөвгүүн Гомбодорж “Түшээт хан”, ач Чахундорж нар “Очирай Түшээт хан” гэдэг цолтойгоор Халхын зүүн гарын нэгэн тэргүүний үүргийг гүйцэтгэж байсан нь хожим Түшээт хан аймаг байгуулагдах үндсийг тавьжээ.[1]

Салан тусгаарласан Ойрадын довтолгоонд өртөж дүрвэсэн Халхын гурван хан 1691 онд Долоон нуурын чуулганаар Манжид дагаар орсон. Халх Манжийн эрхшээлд орсны дараа Халхад 3 аймаг байгуулсны нэг нь Түшээт хан аймаг байв. 1725 онд зарим хошууг таслан өгч Сайн ноён хан аймгийг байгуулсан. Тус аймгийн ноёд 1728 оноос хойш 3 жил тутам нэгэн удаа цугларч хуралддаг нь "Хан уулын чуулган" гэдэг байв.

Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр солиход тус аймгийг Богд Хан уулын аймаг гэж нэрлэжээ.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Түшээт хан аймаг нь хойд талаараа Орос улстай шууд хиллэдэг. Түшээт хан аймгийн нутаг нь зүүнтэйд Хэнтийн нуруу, баруун этгээдэд Онги гол, өмнө этгээдэд Их говь, умар этгээдэд Цөх голд тус тус хүрдэг байжээ. Сэлэнгэ мөрний Монгол дахь хэсгийн ихэнх нь Орхон гол бараг бүтнээрээ, Туул, Хараа, Ерөө, Шарын голууд, Эгийн голын адаг хавь энэ аймагт хамаарна.

Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 422.740 ам дөрвөлжин км, нутгийн урт нь 900 км өргөн нь 249-619 км.[2]

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж[засварлах | кодоор засварлах]

Халх Манжийн эрхшээлд орсны дараа 1691 оноос Халхад 3 аймаг байгуулсны нэг нь Түшээт хан аймаг юм. 1725 онд Түшээт хан аймгаас 19 хошууг нь тусгаарлан Сайн ноён аймгийг байгуулсан. 1725-1912 оны хооронд 20 хошуутай байв. Богд хаант Монгол улсын үед Илийн Цахарын Сумьяагийн хошуу нэмэгдсэнээр нийт 21 хошуутай болжээ. 1921 оны Ардын хувьсгалын дараах шинэчлэл өөрчлөлтийн нэгэн болсон засаг захиргааны хуваарийн өөрчлөлтөөр 1923-1931 оны хооронд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр солиход тус аймгийг Богд хан уулын аймаг гэж нэрлэжээ. 1931 оны 3-р сард энэ аймгийн хошуудаас Сэлэнгэ, Төв, Дорноговь, Өмнөговь аймгууд байгуулагдаж дараа нь 1938 онд Булган, 1942 онд Дундговь, 1994 онд Дархан-Уул, Орхон аймгийг тус тус байгуулжээ.[2]

Түшээт хан аймгийн, хошуу, отогийн нэрс[засварлах | кодоор засварлах]

  • Ачит засгийн хошуу
  • Ахай засгийн хошуу
  • Баатар засгийн хошуу
  • Дархан засгийн хошуу
  • Дайчин засгийн хошуу
  • Далай засгийн хошуу
  • Жонон засгийн хошуу
  • Бишрэлт засгийн хошуу
  • Зоригт засгйн хошуу
  • Илдэн засгийн хошуу
  • Мэргэн засгийн хошуу
  • Сүжигт засгийн хошуу
  • Сэцэн засгийн хошуу
  • Сэцэн засгийн хошуу
  • Түшээт засгийн хошуу
  • Түшээт ханы хошуу
  • Түшээт ханы хошууны ар гөрөөчийн отог
  • Үйзэн засгийн хошуу
  • Цогтой засгийн хошуу
  • Эетэй засгийн хошуу
  • Эрдэнэ дайчинг засгийн хошуу
  • Эрдэнэ засгийн хошуу
  • Ялгуун баатар засгийн хошуу[2]

Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

Түшээт хан аймагт Монгол улсын төв, Халхын жавзандамба хутагтын Их Хүрээ, Хийгт хот зэрэг худалдаа арилжааны томхон төвүүд оршдог, худалдаа арилжаа их дэлгэрсэн, гадаадын жуулчин эрдэмтэн олноор ирдэг нутаг байв. Мөн эртний Монголын нийслэл Хархорин хот, Монгол анхны хийд Эрдэнэзуу, Амарбаягалант хийд энэ аймагт бий.

Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]

1918 оны тоо бүртгэлээр Түшээт хан аймаг 20828 өрх, 100,1 мянган хүн амтай байв.[1]

Аймгийн Хан уулын чуулган дарга нар[засварлах | кодоор засварлах]

  1. Түшээт хан Ванжилдорж (1728-1732)
  2. Чин ван Данзандорж (1732-1733)
  3. Түшээт хан Дондовдорж (1733-1743)
  4. Жанжин ван Цэнгүнжав (1743-1746)
  5. Түшээт хан Ямпилдорж (1747-1764)
  6. Жүн ван зэрэгт бэйс Дашпил (1764-1765)
  7. Чавга яринпил дайчин ван (1765-1777)
  8. Түшээт хан Цэдэндорж (1777-1783)
  9. Засаг, хошууны бэйс Сүндэвдорж (1783-1798)
  10. Түшээт хан Цэдэндорж (1799-1815)
  11. 3асаг жүнван Түчинжав (1815-1817)
  12. 3асаг хошой чин ван Цэдэндорж (1817-1824 )
  13. Түшээ гүн Сономванчиг (1825-1837)
  14. Үйзэн гүн Пунцагдорж (1837-1846)
  15. 3асаг хошой чин ван Эрэнчиндорж (1846-1853)
  16. Түшээт хан Цэрэндорж (1854-1863)
  17. 3асаг хошой Дайчин чин ван Цэрэндорж (1863-1884)
  18. Түшээ гүн Цэрэндорж (1884-1889)
  19. Түшээ гүн Цэдэнсодном /(1889-1890)
  20. Мэргэн ван Амгаабазар (1891)
  21. Бэйс Пунцагцэрэн (1892)
  22. 3асаг улсад туслагч гүн Мишигдорж /(1893-1899)
  23. Гүн Дондовжалбуупаламдорж /(1899-1908)
  24. 3асаг улсын түшээ гүн, Түшээт ван Чагдаржав (1909-1913)
  25. Туслагч гүн жонон засаг Ванчигравдан (1914)
  26. Дархан чин ван Пунцагцэрэн (1914-1921)

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Ц.Цэрэндорж. Түшээт хан аймаг. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТАЙЛБАР ТОЛЬ.
  2. 2.0 2.1 2.2 Батсайхан,О., Лонжид,З., Баяртөр,О., Алтанзаяа,Л. (2012) МОНГОЛЧУУД: XX-XXI зуунд Зурагт түүх. Улаанбаатар. МОНСУДАР