Фильберт Баы

Фильберт Баы
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: ТанзаниТанзани Танзани
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Фильберт Баы
Төрсөн огноо 1953 оны 6 сарын 23 (1953-06-23) (70 настай)
Төрсөн газар Аруша
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Москва 1980 3000 м саадтай гүйлт
Бүх Африкийн наадам
Алт Лагос 1973 1500 м
Алт Алжир 1978 1500 м

Фильберт Баы (Англи: Filbert Bayi, 1953 оны 6 сарын 23-нд төрсөн) нь Танзанийн дундын зайн гүйгч бөгөөд 1970-аад онд 1500 метр, 1 милийн зайн гүйлтийн дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байсан тамирчин юм. Түүний Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд тогтоосон 1500 м-ийн гүйлтийн дээд амжилт одоо хэр нь эвдэгдээгүй байгаа.

Тамирчны замнал[засварлах | кодоор засварлах]

Танзанийн Арушад төрсөн Баыгийн тамирчны замналын хамгийн дурсгалтай мөч Шинэ Зеландын Христчөрч хотод зохиогдсон 1974 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын 1500 метрийн зайн гүйлтийн шигшээ уралдааны үеэр тохиосон билээ. Тэрээр Шинэ Зеландын Жон Волкер, Кенийн Бен Жипчо нарын урд орж түрүүлэн, алтан медаль зүүсэн юм. Тэгэхэд Баы 3 минут 32.16 секундын амжилт үзүүлэн дэлхийн дээд амжилт тогтоосон бөгөөд ОУХАХ түүний амжилтыг 3:32.2 гэж тооцжээ. Уг уралдаанд Волкер ч Жим Рьюны тогтоосон хуучин дээд амжилтыг эвдсэн бөгөөд 3-т орсон Жипчо, 4-т орсон Род Диксон, 5-д орсон Грэхэм Крауч нар тухайн үедээ 1500 метрийн гүйлтийн бүх үеийн 4, 5, 7-д орох амжилтыг үзүүлцгээсэн бөгөөд 1500 метрийн зайн түүхийн хамгийн шилдэг уралдаануудын нэгд тооцогддог юм. Баы уг уралдаанд эхнээс нь тэргүүлж явсаар, 800 метрт бусдаасаа аль хэдийн 20 секунд тасарсан байсан.

1975 оны 5 сарын 17-нд Баы Ямайкын Кингстонд Рьюны 8 жилийн өмнө тогтоосон 1 милийн зайн гүйлтийн дэлхийн дээд амжилтыг 3:51.0 болгон ахиулсан ч удалгүй Волкер 8 сарын 12-нд Гётеборг хотод 3:49.4 болгож эвдсэн юм.

Ийнхүү Баы-Волкерын өрсөлдөөн сонирхол татахуйц болж ирсэн ч Танзани улс Монреальд болсон 1976 оны зуны олимпийг бойкотлосны улмаас хэрэгжиж чадаагүй. Гэхдээ Баы олимпийн өмнөхөн хумхаа тусаад эдгэсэн тул олимпод оролцсон ч Волкерт хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадах байсан уу гэдэг нь эргэлзээтэй.

4 жилийн дараа Москвад болсон 1980 оны зуны олимпод3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд Баы 8:12.5 гүйж, Бронислав Малиновскигийн дараа барианд орон мөнгөн медаль хүртжээ.

Түүнээс гадна 1500 метрийн зайд 1973 оны Бүх Африкийн наадамд алдарт Кипчоге Кейног ардаа орхин түрүүлсэн бөгөөд 5 жилийн дараа мөн аварга цолоо амжилттай хамгаалсан билээ.

Зодог тайлсны дараа[засварлах | кодоор засварлах]

Баы зодог тайлсныхаа дараа Фильберт Баы Санг байгуулан, Танзани дахь спортын авъяастай залуучуудыг дэмжих ажил хийж ирсэн. Дар-эс-Саламаас 50 км орчим зайтай Мкузад орших, 2003 онд байгуулагдсан тус сан нь спортоос гадна залуучуудад ХДХВ, ДОХ-ын тухай боловсрол олгож,ядуурлаас гарах арга замуудыг зааж өгдөг. Түүнчлэн Баы Кимарад бага болон сувилагчийн сургууль, Кибахад дунд сургууль байгуулах зэргээр эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаа билээ.

Цахим хуудас[засварлах | кодоор засварлах]

Өмнөх
Америкийн Нэгдсэн Улс Жим Рьюн
Эрэгтэйчүүдийн 1500 м-ийн гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн
1974 оны 2 сарын 2– 1979 оны 8 сарын 15
Дараах
Их Британи Себастьян Коэ
Өмнөх
Америкийн Нэгдсэн Улс Жим Рьюн
Эрэгтэйчүүдийн 1 милийн гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн
1975 оны 5 сарын 17– 1975 оны 8 сарын 12
Дараах
Шинэ Зеланд Жон Волкер