Хоолны давс

Давс

Давс нь хоол хүнсний амт нэмэгдүүлэх бусад бүх амтлагчаас хавьгүй их хэмжээтэй хэрэглэгддэг. Амтлагчийн дотор ердийн хоолны давс онцгой байр эзэлнэ. Мөн зарим хүнсийг консервлож хадгалахын тулд их хэмжээний давсаар давсалдаг. Хүн плазм ба эсийн гаднах шингэндээ натрийн болон хлорын ионы амин чухал шаардлагатай концентрацийг барьж байхын тулд тэдгээрийг тодорхой хэмжээний хоолны давс хэлбэрээр гаднаас авч байдаг.

Хүн хоногт 5г NaCl-ийг гаднаас авах шаардлагатай. Энэ хэмжээнээс илүүдэх аваас эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болно.

Хоолны давсны найрлага ба эх үүсвэр[засварлах | кодоор засварлах]

Ердийн хоолны давс бараг цэвэр NaCl-оос тогтдог. Хоолны давсны хольц нь чийг (3% хүртэл) ба 2.5%-иас хэтэрдэггүй бусад давс (Mg-, Ca-, NaSO4) байдаг. Давс мөн мөр төдий элемент агуулна.

Давс нь далайн усанд (2.7-3.7%), төрөл бүрийн эх газрын нууранд (7.6-15.1%) давст булаг болон харилцан адилгүй геологийн үед үүссэн давсны ордод элбэг тохиолдоно.

Хоолны давсны үйлдвэрлэл ба хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Дурьдсан түүхий эдээс ууршуулах, талстжуулан цэвэрлэх замаар гарган авна. 1975 онд дэлхийн хэмжээнд 162.2·10­­6 тн NaCl-г үйлдвэрлэсэн байна.

Иоджуулсан давс бамбай булчирхайн өвчинөөс хамгаалах хэрэгсэл болон үйлдвэрлэгддэг. Энэ нь 5 мг/кг хэмжээтэй натри-, кали-, кальцийн иодидыг агуулсан байдаг. Нитрит давс нь махыг хуурай улайлгахад, хиам үйлдвэрлэлд хэрэглэгдэнэ. Энэ нь ердийн хоолны давс ба натрийн нитрит (0.4-05%)-ээс бүрддэг байна.

Давс орлуулагч[засварлах | кодоор засварлах]

Хүний зарим өвчин натрийн ионыг илүүдлээр авахаас зайлсхийх шаарлагад хүргэх тул давсыг орлуулагч хийхийг оролдох хэрэгтэй болдог. Энэхүү давс багатай тэжээлд зөвхөн багасгасан натрийн ионтой байх нь чухал. Зарим химийн нэгдлүүдийг давс орлуулагч болгон хэрэглэдэг.

Ердийн хоолны давсыг орлуулагч нэгдлүүд[засварлах | кодоор засварлах]

Адипины, хувын, глютамины, нүүрсний, сүүний, давсны, дарсны болон нимбэгний хүчлийн кали, кальци, магнийн давс; Монокалит фосфат, адипины ба глютамины хүчлүүд, калийн сульфат; Цууны нүүрсний, сүүний, давсны, дарсны, болон нимбэгний хүчлүүдийн холины давс; Гуанилын ба инозины хүчлийн калийн давс.

Давсны үйлдвэрлэл[засварлах | кодоор засварлах]

Монгол орон хоолны давс, жамц давсны баялаг ордтой (Дорнот аймгийн Сангийн далай, Увс аймгийн Давст уулын давс, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дунд гол давсны орд). Энэхүү түүхий эдэд түшиглэсэн давс, иоджуулсан давсны үндэсний үйлдвэрлэл бий болж дотоодын хүнсний хэрэгцээг хангасаар байгаа юм.