Элчин сайдын яам

Лондон дахь Монгол Улсын элчин сайдын яамны гадаах хаяг

Элчин сайдын яам — Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ахлуулан харийн оронд /нийслэлд/ суугаа хамгийн өндөр түвшний дипломат төлөөлөгчийн газар юм. Илгээсэн орон болон тухайн суугаа орны хооронд дипломат харилцааг эрхлэх байгууллага бөгөөд илгээсэн орныхоо Гадаад хэргийн яамны шууд удирдлага доор ажилладаг.

Элчин сайдын яамны бүтэц[засварлах | кодоор засварлах]

Ямар ч Элчин сайдын яам /ЭСЯ/ олон зуун жилийн турш олон улсын харилцаанд тогтон ирсэн ойролцоо бүтэцтэй байдаг хэдий ч тухайн ЭСЯ-ны хэмжээ, ажиллагсдын тоо, санхүүжилт зэргээс хамаарч өөр өөр байдаг.

ЭСЯ-ны тэргүүн[засварлах | кодоор засварлах]

Энэ үүргийг Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд хашдаг. Тэрээр тус ЭСЯ-аа удирдаж, өөрийн улс орноо тухайн оронд албан ёсоор төлөөлөх үндсэн үүрэгтэй. Мөн улсынхаа нэрийн өмнөөс яриа, хэлцэл хийж гэрээ хэлэлцээр байгуулдаг.

ЭСЯ-ны Тэргүүний орлогч (хоёр дахь хүн)[засварлах | кодоор засварлах]

Хоёр дахь хүн нь Дипломат төлөөлөгчийн газрын /ДТГ/ тэргүүн буюу Элчин сайдыг тухайн улсад байхгүй эзгүйд түүний үүргийг гүйцэтгэнэ. Ийм үед тэрбээр эзгүй байгаа Элчин сайдын бүхий л эрх, үүргийг хүлээнэ. Томоохон ЭСЯ-нд энэ үүрэг ихэнх тохиолдолд ЭСЯ-ны Элчин зөвлөхөд ноогддог (англ. Minister-Counsellor). Бүр их том ЭСЯ-нд хоёроос гурван Элчин зөвлөх байж болох боловч энэ үүргийг тодорхой нэг л Элчин зөвлөх нь хүлээдэг бөгөөд урьдчилан хэдийнээс хэдий хүртэлх хугацаанд энэ үүргийг хэн хүлээх болсныг албан дипломат ноот бичгээр тухайн суугаа орныхоо Гадаад хэргийн яам болон тухайн оронд суугаа бусад орны ЭСЯ-дад /дипломат корпус гэнэ/ зохих ёсоор мэдэгддэг уламжлалтай. Жижиг /бага орон тоотой/ ЭСЯ-дад Элчин зөвлөх үгүй бол Элчин сайдын дараагийн шатны дипломат ажилтан энэ үүргийг хүлээдэг. Энэ нь ихэвчлэн ЭСЯ-ны ахлах зөвлөх, зөвлөх эсвэл 1 дүгээр нарийн бичгийн дарга ч байх тохиолдол байдаг.

Элчин сайдын яамны ажилтнууд[засварлах | кодоор засварлах]

Элчин сайдын яамны бүх ажилтан дипломат байдагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Ямар ч ЭСЯ-нд дипломатуудаас гадна туслах буюу техник ажилтнууд байдаг /аж ахуйн ажилтан, мэргэжилтэн, жолооч гэх мэт/. ЭСЯ-ны хариуцлага багатай дипломат бус техникийн хамгаалагч, жолооч, цэвэрлэгч г.м ажлыг ЭСЯ-ны ажилтнуудын гэр бүл болон тухайн суугаа орны иргэдээр ч хийлгэж болдог.

Олон улсын амьдралд тогтсон эрэмбээр Элчин сайдаас гадна ЭСЯ-нд дараах дипломатууд ажилладаг.

  • Элчин зөвлөх
  • Ахлах зөвлөх
  • Цэргийн атташе
  • Зөвлөх
  • 1 дүгээр нарийн бичгийн дарга
  • 2 дугаар нарийн бичгийн дарга
  • 3 дугаар нарийн бичгийн дарга
  • Атташе

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Элчин сайдын яам – Викимедиа зураг, бичлэг, дууны сан