Хатанбаатар Магсаржав

Хатанбаатар Магсаржав

Ардын Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав нь (1878 онд[1][2] төрсөн; 1927 оны есдүгээр сарын 3-нд нас барсан) нь Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, 1921 оны хоёрдугаар сарын 15-наас 1921 оны гуравдугаар сар хүртэл ажилласан Олноо Өргөгдсөн Монгол Улсын Ерөнхий Сайд байжээ.

Уг гарал, бага нас[засварлах | кодоор засварлах]

Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав нь хуучнаар Сайн ноён хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт ядуу тайж Сандагдоржийн хүү болон төржээ. Арван нэгэн насандаа сайн ноён аймгийн хошуу ноён Ганжууржав гүнд шавь орон бичиг үсэг заалгаж, 25-н нас хүртлээ шавь суусан байна. 1905 оны долоодугаар сард язгууртны зэрэг залган Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын жасаанд тохоон томилогдсон байна.

1911 оны Үндэсний хувьсгалд[засварлах | кодоор засварлах]

1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар шинэ байгуулагдсан засгийн газраас амбаныг зайлан явах шаардлагыг Магсаржав амбан ноёнд дамжуулсан боловч гарч явахаас татгалзсан байна. 1912 оны зун Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайдад Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн хамтаар томилогдон Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж, Хятадуудыг буулгаж авчээ. Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Богд Хаант Монгол Улсын Засгийн газраас Магсаржавыг үе улиран залгамжлах «Хатанбаатар ван» цолоор шагнажээ. 1913 оны хавар Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг Өвөр Монголд орж ирэхэд Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн нарын цэргийн хүч очин тулалдаж амжилт олж байсан боловч Хаант Орос Улс Хятад, Японтой эвдрэлцэхээс болгоомжлон оролцсон тул түүнийг эргүүлэн татжээ. Үүний дараагаар зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог дарах, 1918 онд хил нэвтрэн орж ирсэн Оросын цагаан цэргүүдийг зогсоох цэрэг дайны үйл ажиллагаануудад оролцож байжээ.

Ардын хувьсгалд[засварлах | кодоор засварлах]

1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагасан.

1920 оны дундуур Магсаржавыг нууц бүлгэмийнхэнтэй хэлхээ холбоотой хэмээн сэжиглэж баривчилжээ.

1921 оны 2 сард Барон Унгерн Их Хүрээг эзлэн авахад суллагдан цагаантанд нийлж Унгерны сэргээн тогтоосон Богд хааны засагт Ерөнхий сайдын үүрэг богино хугацаанд гүйцэтгэжээ. Түүнийг баруун аймгуудыг товхинуулахаар илгээжээ.

1921 оны 7 сарын дундуур Монгол Ардын Намынхантай санаа нэгдэж Улиастайд байсан цагаантны удирдагч буриад Вандановыг дарж устгажээ.

1921 оны намар, өвөл Хатанбаатар Магсаржав баруун аймгууд дахь цагаантны цэргийн хүчнүүдийг дарж устган гавьяа байгуулжээ.

1922 онд ердийн цэргийн яамны сайдаар тохион томилогдож, Дамдины Сүхбаатар Магсаржавыг өөрийн биеэр даалт гаргаж МАХН-ын гишүүнд орлогчийн хугацаа дамжуулахгүйгээр шууд элсүүлэн авчээ.

1924 онд МАХН-ын төв хорооны гишүүнээр сонгогдсон ба Москва хотод албан айлчлал хийж байжээ.

Гавьяа шагнал, дурсгал[засварлах | кодоор засварлах]

Богд Хаант Монгол Улсын засгийн газраас түүнд Хатанбаатар гэсэн цолыг олгож байжээ. 1914 онд Шар жолоо одонгоор шагнагдсан. 1922 онд Зөвлөлт Орос Улсын Засгийн Газраас Байлдааны гавьяаны улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн Газраас «Ардын» хэмээх эрхэм цолыг олгожээ. Ардын Хатанбаатар Магсаржавын алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор Булган аймгийн төв дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжүүлэн бунхалсан байна.

1998 онд Монгол Улсын Засгийн Газрын 39 дүгээр тогтоолоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дунд сургуулийг Ардын Хатанбаатар С. Магсаржавын нэрэмжит сургууль болгосон.

Зохиол бүтээлд[засварлах | кодоор засварлах]

1981 он бүтээсэн Хатанбаатар монголын уран сайхны кино байдаг нь ард түмний хайртай кинонуудын нэг билээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Хүүхэд-Залуучуудын Нэвтэрхий Толь. 1983. p. 203.
  2. "Ардын Хатанбаатар Магсаржав". On-Air.tv. 2008-01-22. Retrieved 2008-09-07.[permanent dead link]
Өмнөх
Төгс-Очирын Намнансүрэн
Монгол Улсын Ерөнхий Сайд
1921
Дараах
Дамбын Чагдаржав