Хун Сен

Хун Сен

Хун Сен (англи. Hun Sen. 1952 оны 8 дугаар сарын 5-нд төрсөн) - Камбожийн улс төрийн зүтгэлтэн, Камбожийн Вант Улсын Ерөнхий сайд, төрийн эрхэнд байгаа Камбожийн Ардын намын дарга. Кхмер үндэстэн. Өнөөгийн байдлаар дэлхийд Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашиж буй хүнээр тодроод байгаа хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Хун Сен албан ёсны баримт бичигт 1951 оны 4 дүгээр сарын 4-нд төрсөн гэж бүртгүүлсэн боловч 1952 оны 8 дугаар сарын 5-нд төрсөн юм. Тэрээр Камбожийн Кампонг Чам /Kampong Cham/ мужид тариачин эцэг Хун Ниенг, эх Дий Йон нарын 6 хүүхдийн гурав дахь хүү болж төржээ. Жинхэнэ нэр Хун Бунал гэдэг байжээ. Тэрээр 13 настайдаа гэрээ орхиж Нийслэл Пномпеньд шашны сургуульд шавилан суусан байна. Тэндээ анх коммунист намд элссэн гэж үздэг.

1970-аад онд 18 тай Хун Бунал /Хун Сен/ сургуулиа орхиж “Улаан Кхмерүүд”-ийн эгнээнд элсэж 1970-1975 онуудад Камбожид америкийг баримтлагч Лон Нолын Засгийн газартай тэмцэх хөдөлгөөнд нэгдэн орсон байна. Кампучийн Хувьсгалт Армид анх зарлага хийж эхлээд 1974 он гэхэд батальоны дарга хүртлээ дэвшэж чадсан. Энэ үеэр 5 удаа шархдаж байсан бөгөөд нэгэн тулааны үед бууны суманд өртөж зүүн нүдээ алдсан. Мөн энэ үед буюу 1972 онд Хун Сен гэж нууц нэр нь жинхэнэ нэр болж хувирсан түүхтэй.

1975 оноос Пол Потын дэглэмийн үед “Зүүн бүс”-ийн бригадын даргаар ажиллаж байжээ. 1977 онд Пол Потын удирдлага “их цэвэрлэгээ” хийж эхлэхэд Вьетнам руу зугтаж амь гарсан гэж үздэг. Тэндээ хэдэн сар шоронд сууж шалгагдаад гарч вьетнамчуудын хяналт дор Хенг Самрины удирдаж байсан “Кампучийг аврах Үндэсний нэгдсэн Фронт”-д элссэн байна.

1978 оны 12 дугаар сард вьетнам цэргүүд Кампучи руу довтолж 1979 оны 1 дүгээр сарын 7-нд Пномпень хотыг эзэлж Бүгд Найрамдах Кампучи Улсыг зарлан тунхагалаж “Кампучийг аврах Үндэсний нэгдсэн Фронт”-ынхон төрийн эрхэнд гарсан. Пол Потын цэргүүд уулархаг нутаг руу зугтаж партизаны дайн эхлүүлсэн.

1979 оны 1 дүгээр сард Хун Сен Засгийн газрын гишүүн Гадаад хэргийн сайдаар томилогдсон. Энэ үед тэрээр Хенг Самрины нэг намын тогтолцоотой “социалист” баримжааг бүрэн дэмжиж ирсэн. 1985 онд Хенг Самрины итгэлийг хүлээж ойрын хүрээнд орж чадсан тэрээр Камбожийн түүхэнд хамгийн залуу Ерөнхий сайдаар томилогджээ. Энэ үеэс улс төрийн хүрээнд янз бүрийн арга заль хэрэглэж өөрийн байр сууриа бэхжүүлж эхэлсэн гэж үздэг юм.

1991 онд олон жилийн иргэний дайнд Парисын энхийн Хэлэлцээр төгсгөл тавьсан. Хенг Самрин Кампучийн удирдлагад байсан КАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа Чеа Симд шилжүүлж өгсөн хэдий ч бодит удирдлага Хун Сений гарт үлдсэн юм.

1993 онд НҮБ-ын хяналтан дор чөлөөт сонгууль явуулж улмаар Камбожийн Вант Улс байгуулагдаж 1970 онд хаан ширээнээс буусан Нородом Сианук эргэн хаан болж олон намын тогтолцоо бий болсон хэдий ч Хун Сен Ерөнхий сайдын суудлаа болон эрх мэдлээ хадгалж чадсан.

1998, 2003, 2008, 2013, 2018 оны Камбожийн парламентын сонгуулиудаар түүний удирдаж байсан Камбожийн Ардын нам /КАН/ олонхи болж чадсан тул тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж байна. 2013 оны сонгуулийн дүнг сөрөг хүчин хүлээн зөвшөөрөөгүй тул 2 жилийн турш бослого гаргаж байсан. Уг бослогуудыг Хун Сений Засгийн газар хүчээр дарж хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа бөгөөд Хун Сенийг дарангуйлагч гэж өрнөдийнхөн үзэж байгаа. 2018 онд ээлжит сонгуулийн өмнө Засгийн газар хамгийн том сөрөг хүчнийг үйл ажиллагаа явуулахыг хориглож, удирдагчдыг нь баривчилснаар сонгуульд хүчтэй өрсөлдөгчгүйгээр оролцож, улмаар парламентын бүх суудлыг авсан.

2016 оны 7 дугаар сард Монгол Улсад зохион байгуулсан АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад Камбожийн Вант Улсын Ерөнхий сайд Хун Сен тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.

Хун Сен нь 1985 оноос хойш Камбож улсын ерөнхий сайдын албыг тасралтгүй хашиж байгаа бөгөөд дэлхийд хамгийн урт хугацаанд ажиллласан ерөнхий сайдуудын нэгт тооцогддог. Тэрээр Бээжингийн бодлогыг тууштай дэмждэгээрээ алдартай улс төрч. Камбож улсын эдийн засгийн гол түнш нь Хятад улс юм.

1960 оны 11 дүгээр сарын 30-нд Монгол Улс, Камбожийн хаант улстай дипломат харилцаа тогтоосон.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Бун Рани хэмээх сувилагч бүсгүйтэй 1976 онд дайнд авсан шархаа эмчлүүлэх үеэр эмнэлэгт танилцаж гэрлэсэн. 1998 оноос албан ёсоор тэргүүн хатагтай болсон бөгөөд өдгөө тэрбээр Камбожийн “Улаан загалмайн” нийгэмлэгийг удирддаг. Хун Сен, Бун Рани нар 4 хүү, 2 охинтой. Тэдний ууган хүү Хун Камсот багадаа нас барсан, удаах хүү Хун Манет нь 1977 онд төрсөн 2018 оноос Камбожийн Зэвсэгт хүчний командлагчаар ажиллаж байна /Камбожийн дараагийн удам залгасан Ерөнхий сайд болно гэж үздэг/, 3 дахь хүү Хун Манит цэргийн генерал болсон, хүү Хун Мани нь парламентын гишүүн, охин Хун Мана нь томоохон хэвлэл, мэдээллийн компаний эзэн зэрэг томоохон албан тушаал хашдаг байна.

Хун Сен Улс төрийн ухааны чиглэлээр хоёр дээд сургууль төгссөн. Тэрээр вьетнам хэл сайн мэддэг, англи хэлээр ярьдаг боловч албан ёсны яриа хэлэлцээр, хэвлэлийн мэдэгдэл хийх зэрэгт орчуулагчийн тусламж авдаг байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]