Jump to content

Киданчууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Хятан-с чиглүүлэгдэв)
Кидан хүн

Кидан үндэстэн нь (IV-XIV) Лууха голын баруун талаар, Шар мөрний (Ордосын Шар мөрөн биш) умард саваар нутаглаж байсан бөгөөд яваандаа Шар тэнгисийн эрэг хүртэлх нутагт тархан суужээ. Тэд сяньби монголчуудын нэг салбар болох монгол угсаатан ба тэдний ихэнх нь дорнод ху нарын удам байжээ. Өнөөгийн Монгол нутагт төвлөн сууж байгаагүй ч 923 оноос Алтайгаас зүүн тийш Хэрлэн голын хойт бие хүртэл нутгаа тэлж соёл, түүхийн олон зүйл дурсгал Монгол нутагт үлдээжээ.

Тэдний нэрийг манай түүхийн номнуудад кидан, хятан гэж хоёр янзаар бичдэг.

Кидан гүнжийн алтан маск

Киданууд 388 оноос Муюн, Тоба Вэй улсын цэрэгт цохигдон зүүнш нүүж, Кумоси ба Кидан гэж хуваагдав.

Киданчууд Уйгур улсад сайн дураар даган орсон бололтой.[1]

8-р зууны сүүлчээс Кидан аймгийн дотор Елюй буюу Илү хэмээх овог цойлон гарч, төр ёсыг байгуулжээ. Елюй овогтны 8-р үе болох Амбагян (Амаки, Абаки, Абаожи) 907-918 оны хооронд Кидан угсаатныг нэгтгэн их төрийг байгуулжээ.

Елюй Амбагян улсдаа засаг захиргааны өвөрмөц хуваарийг тогтоосон нь Өмнөд ба Умард Орд юм. Энэ нь түүний эзэмшил нутгийн онцлогоос хамаарсан ажээ. Хидан Улс умард хятадын зарим газар нутгийг эзэлсэн тул ийм хуваарь тогтоосон гэж болно.

Өмнөд нутагт суурьшмал тариаланч иргэд зонхилох бол умард нутагт уугуул кидан нар, тэдний төрөл нүүдэлчид болох татарууд харъяалагдаж байв.

Елюй Амбагян амьдралынхаа идэвхтэй хугацааг улсынхаа дотоод засаглалыг сайжруулах, улс төрийн нөлөөгөө өргөжүүлэхэд чиглүүлсний үрээр түүнээс хойш бараг 100 жилийн турш Төв Азид Кидан улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Амбагян хааны дараа үеийн хаад засаглалдаа өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлт нь 10-11-р зууны үеийн Төв Ази дахь үндэстний шинэ орчныг харгалзсан бөгөөд онцолж хэлбэл тэр үед эрч хүч нь оргилон гарч ирсэн зүрчид угсаатны өөдөөс угсаа нэгт нүүдэлчдийн хүчийг ашиглах, тэднийг улс төрийн холбоотон болгоход чиглэсэн юм.

Кидан улсын үе нь нүүдэлчдийн төр ёсны уламжлалыг суурин соёлын хөрсөнд шингээх талаар сонин алхам хийсэн түүх гэж болно.

Кидан улсад 9 хааны үе залгамжилж, нийт 220 жил оршин тогтнов. Кидан улс зүрчидийн Алтан улсад мөхөөгдөх үед Елюй Даши ноён нүүдэлчин киданчуудыг дагуулан баруун зүг нүүж, Балхаш нуур, Тэнгэр уулаар төвлөрсөн нэгэн их улсыг байгуулсан нь Хар Кидан хэмээн алдаршиж, Шинжаан, Хорезмыг эрхшээлдээ оруулан 86 жил (1132-1218) тогтножээ.

Их Монгол Улс 1211 онд Алтан улсад довтлон цохиход зүрчидийн харьяанд байсан киданчууд Зүүн Ляо (1211–1220) зэрэг 3 улс байгуулсан ч удалгүй Монголын бүрэлдэхүүнд оржээ.

Өвөр Монголын Баруун Баарин хошууны зарим бааринчууд, дагуурчууд киданчуудын шууд удам болох хүмүүс юм. Баруун Баарины зарим эмэгтэйчүүдийн уламжлалт үс засалт нь кидан эмэгтэйнхтэй адил байдаг байна.[2][баримт хэрэгтэй]Мөн Төв Ази дахь кытай, китай зэрэг нэртэй овгийн хүмүүсийг киданчуудын удам гэж үздэг.

100 үг тутмын 70 нь Монгол үг байжээ. Тэгэхээр бусад Монгол аймгийн нэгэн адил байсан гэдэг нь нотлогдож байгаа юм.[баримт хэрэгтэй]