Өөрчлөн байгуулалт (Перестройка)
Өөрчлөн байгуулалт буюу "Перестройка" гэдэг нь Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачёвын 1985 онд санаачилсан ЗХУ-ын эдийн засаг, улс төрийн бүтцэд гарсан өөрчлөлтийг хэлдэг байсан Зөвлөлтийн намын удирдлагын шинэчлэл, шинэ үзэл санааны ерөнхий нэр юм. 1987 онд ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны 1-р сарын Бага хурлаар перестройкийг төрийн шинэ чиглэл болгон зарласан үед өөрчлөлт шинэчлэлийн албан ёсны эхлэл гэж тооцогддог. Шинэчлэлийн зорилго нь ЗХУ-д бий болсон нийгэм-улс төр, эдийн засгийн тогтолцоог иж бүрэн ардчилах явдал байжээ. Эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөг өмнө нь ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Юрий Андроповын захиалгаар 1983-1984 онд боловсруулж байжээ.
1985 оны 4-р сарын 23-ны өдрийн ЗХУ-ын Төв Хорооны Бүгд хурал дээр М.Горбачёв тухайн үеийн эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгох "Хурдатгал" /орос. ускорение/ гэж анх удаа тунхаглав. Гэсэн хэдий ч эдгээр арга хэмжээ нь зөвхөн эдийн засагт хамаатай бөгөөд гол төлөв захиргааны шинж чанартай байсан ажээ. 1987 оны 1-р сарын 27-нд болсон ЗХУКН-ын Төв Хорооны чуулганы дараа бүхэл бүтэн тогтолцооны үндсэн шинэчлэл, түүний дотор улс төрийн өөрчлөлтүүд эхэлсэн. Өөрчлөн байгуулалт нь "зогсонги эрин" /застой/ үеийг даван туулах, улс орны амьдралын бүхий л талыг шинэчлэх зорилт бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж тодорхойлсон байна.
Нийгмийн нэрт эрдэмтэн А.Яковлев (Дэлхийн Эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэн), С.Шаталин (ЗХУ-ын ШУА-ийн Эдийн засаг-математикийн хүрээлэн), Т.Заславская (Олон нийтийн санал асуулгын төв), Е.Примаков (Дэлхийн Эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэн), Л.Абалкин (ЗХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн) нар "өөрчлөн байгуулалтын" үзэл санааг боловсруулах цөм болж чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Оросын нийгэм "өөрчлөн байгуулалтын" үр дүнг янз бүрээр хүлээн авч тайлбарладаг. Шинэчлэлийн зорилгыг зөвхөн хэсэгчлэн биелүүлсэн: нийгмийг ардчилсан болгож, ил тод байдал нэвтрүүлж, цензурыг халж, барууны орнуудтай харилцах харилцааг сайжруулав. Үүний зэрэгцээ ЗСБНХУ-ын эдийн засаг хямарч эхэлсэн бөгөөд улс төрийн үүднээс авч үзвэл, өөрчлөн байгуулалтын үр дүн нь үндэстэн хоорондын мөргөлдөөн, эрх мэдлийн төлөөх тэмцэл эцэсдээ ЗХУ задран уналтын эхлэл болсон гэж үздэг.
Үгний нэр томьёо
[засварлах | кодоор засварлах]1986 оны 4-р сарын 8-нд М.С.Горбачёв Тольятти хотод айлчлах үеэрээ улс төр, эдийн засгийн өөрчлөлтийг илэрхийлсэн "перестройка" гэдэг үгийг анх хэрэглэж эргэлтэнд оруулсан байна.
Өөрчлөн байгуулалтын эхний үе (1985 оны 3-р сараас 1987 оны 1-р сар)
[засварлах | кодоор засварлах]1985 оны 3-р сарын 11-нд М.Горбачёв ЗСБНХУ-ын засгийн эрхэнд гарч, 4-р сарын 23-нд ЗХУКН-ын Төв Хорооны Бүгд хурал дээр "улс орны нийгэм, эдийн засгийг эрчимжүүлэх" уриан дор тогтолцоог шинэчлэх шаардлагатайг анх албан ёсоор зарласан байна. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ололтыг үр дүнтэй ашиглах, хүний хүчин зүйлийг идэвхжүүлэх, төлөвлөлтийн горимд өөрчлөлт оруулах үндсэн дээр социалист замаар ахиц дэвшлийг хурдасгах гэсэн санаа илэрхийлж байжээ.
Эдийн засгийг эрчимжүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хурдасгах нь гол явдал байсан. М.Горбачёвын үеийн байнга хэргэлдэг үг болох "Ил тод байдал" /гласность/, "ардчилал" /демократизация/, "социалист зах зээл" /социалистический рынок/ болон бусад зүйлсийн талаар хараахан ярьж эхлээгүй байсан юм.
Энэ үед ямар ч огцом алхам хийгээгүй, гадна талаас нь харахад бараг бүх зүйл хэвээрээ байсан. Үүний зэрэгцээ, 1985-1986 онд Брежневийн үеийн удирдлагад байсан хуучин багийг шинэ багаар сольсон. Яг тэр үед А.Н.Яковлев, Е.К.Лигачев, Н.И.Рыжков, Б.Н.Ельцин, А.И.Лукьянов зэрэг ирээдүйн үйл явдлын идэвхтэй оролцогчдыг тус улсын удирдлагад оруулж ирсэн юм.
Горбачёв ЗХУ-ын Төрийн эрхэнд гарсны дараа АНУ болон барууны орнуудтай харилцах харилцаа бага зэрэг дулааруулсан. Олон улсын тавцанд мэдэгдэхүйц өөрчлөлт зөвхөн 1987 оны намар буюу ЗСБНХУ "Дунд болон ойрын тусгалын пуужин устгах" гэрээ, хэлэлцээрийг бэлтгэх үед томоохон буулт хийхээр тохиролцоонд хүрсэн үеэс эхлэлтэй юм.
Өөрчлөн байгуулалтын хоёрдугаар үе (1987 оны 1-р сараас 1989 оны 6-р сар)
[засварлах | кодоор засварлах]1986 оны эцэс - 1987 оны эхээр Горбачёвын удирдлагын баг улс орны нөхцөл байдлыг зөвхөн захиргааны арга хэмжээ авах замаар өөрчлөх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрч, "ардчилсан социализмын" үзэл санааны дагуу тогтолцоог шинэчлэх оролдлого хийсэн. Үүнд 1986 онд ЗХУ-ын эдийн засагт хоёр том цохилт үндсэн нөлөө үзүүлсэн: 1.Газрын тосны үнийн огцом уналт, 2.Чернобылийн атомын станцын гамшиг.
Энэ үед В.Гроссман, А.Платонов, Е.Замятин, М.Булгаков, Б.Пастернак нарын өмнө нь хориглогдсон байсан бараг бүх бүтээл хэвлэгдсэн; Нийгэмд шуугиан тарьсан шинэ номууд: Ч.Айтматовын "Үхлийн тавцан", А.Рыбаковын "Арбатын хүүхдүүд", В.Дудинцевийн "Цагаан хувцас" романууд гарсан.
Өөрчлөн байгуулалтын гуравдугаар үе (1989 оны 6-р сараас 1991 оны 9-р сар)
[засварлах | кодоор засварлах]Эцсийн үе буюу энэ хугацаанд улс орны нөхцөл байдал огцом тогтворгүй болж эхэлсэн байна. ЗХУ-ын Ардын депутатуудын анхдугаар Их хурлын дараа нийгмийг ардчиллын үр дүнд бий болсон улс төрийн шинэ бүлгүүд болон коммунист нам хоорондын сөргөлдөөн эхэлсэн байна. Дээрээс санаачлан анх 1989 оны хоёрдугаар хагаст өөрчлөлтүүд эрх баригчдын хяналтаас гарчээ.
Эдийн засаг дахь хүндрэлүүд нь бүрэн хэмжээний хямрал болж хувирсан: 1989 онд эдийн засгийн өсөлт огцом буурч, 1990 онд уналтаар солигдож, 1991 оны эцэс гэхэд улс орон эдийн засгийн сүйрлийн ирмэг дээр тулж иржээ.
Нийгэм дэх "перестройк"-ийн сэтгэл хөөрөл үгүй болж, ирээдүйд итгэх итгэлгүй болж, коммунизмын эсрэг хөдөлгөөр газар авсан байна.
1991 оны 3-р сарын 17-нд болсон бүх нийтийн санал асуулгад 77 орчим хувь нь ЗСБНХУ-ын нэгдмэл байдлыг хадгалахыг дэмжиж, 15 Бүгд найрамдах улсын 9 нь түүнд оролцож 4-р сард Холбооны гэрээ 8-р сарын 20-нд байгуулахаар хойшлуулсан юм. Уг баримт бичигт гарын үсэг зурахаас нэг өдрийн өмнө цэргээ Москва руу илгээв - 1991 оны 8-р сарын 3-ны өдрийн төрийн эргэлт эхэлсэн бөгөөд үүний дараа ЗХУ-ыг бүтнээр нь үлдээх ямар ч боломж байхгүй болсон.
Улмаар 1991 оны арванхоёрдугаар сарын 1-нд Украин өөрийн тусгаар тогтнолоо зарлав. 12-р сарын 7-8-нд Вискули (Минск) дахь өргөөнд Орос, Украин, Беларусийн удирдагчид Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийг /ТУХН/ байгуулах тухай Беловежийн тунхагт гарын үсэг зурж, Алма-Атагийн хэлэлцээний дараа хүчин төгөлдөр болсон (1991 оны 12-р сарын 21-нд), үүнд хуучин ЗХУ-ын 11 Бүгд найрамдах улс багтсан юм.