Артемисийн сүм

Артемисийн сүмийн туурь, Селкук тосгон, Эфесус,Турк.

Артемисийн сүм нь (гре. Ἀρτεμίσιον) буюу Дианагийн сүм хэмээн нэрлэгддэг уг байгууламж нь Артемист зориулан байгуулагдсан бөгөөд Персийн Ахейменидийн улсын (одоогийн Турк) нутаг Эфест МЭӨ 500 оны орчимд баригджээ. Хүрлийн үеийн соёлын дурсгал, эртний дэлхийн 7 гайхамшгийн нэг уг сүмийг Лидийн Кроесусын зарлигаар баригдсан бөгөөд 120 гаруй жилийн турш барьж байгуулсан байна. Сидоны Антипатерийн тэмдэглэснээр Эртний Дэлхийн 7 гайхамшигт орсон байдаг.

Байршил[засварлах | кодоор засварлах]

Эфесийн хатагтай, МЭ I зуун (Эфесийн музей), Эфес хот, Турк

Артемисийн сүм нь эртний Эфес хотын ойролцоо байдаг ба өнөөгийн Турк улсын Измир хотоос өмнө зүгт 50 орчим км-т оршдог байв. Артемис нь эртний Грекийн шашны дарь эх бөгөөд Аполлоны ихрийн өрөөсөн, сарны бурхан юм. Афинд дарь эхүүд дундаас Артемисийг илүү хүндэтгэн алдаршуулдаг байв. Эфест амьдрагч Грекүүд Артемисийг цог жавхлан төгс байдлаар илэрхийлдэг байсан бөгөөд эрдэнийн чулуугаар чимэглэсэн модон бурхад урладаг байв. Эфесийн Артемис нь гоо үзэсгэлэнт залуу бүсгүйн дүртэй бөгөөд түүний хувцасны чимэглэл нь өндгийг санагдуулам байдаг аж. Эртний Грекийн соёл иргэншлээс өмнөх шашны онцлог Артемисийн баримлуудад тусгалаа олсон байдаг.

Артемисийн сүм, Мартин хээмскэрк, (1498 - 1574).

Түүх[засварлах | кодоор засварлах]

Энэ газарт Артемис нь маш эртнээс шүтээн болж байжээ. Эртний грекийн жуулчин, түүхч Паусаниас Артемис нь маш эртний шүтээн хэмээн дурдсан байдаг. Артемис нь Аполлон адил хүндлэгдэж байсан ба Грек, Лидичүүдийн шүтээн байжээ. Амазоны дайчдын тухай домог ч Артемисаас гаралтай гэж үзэх нь бий. Дэлхийн нэгдүгээр дайны өмнө археологич Д.Г.Хогарт Эфест малталт хийсэн бөгөөд МЭӨ VIII зууны дунд үед хамаарах сүмийн тууриас Артемисийн баримлыг олсон байдаг. Түүний энэ ололт нь хүрлийн үед амьдарч байсан хүмүүст хамаарах бөгөөд магадгүй Бага Aзийг эртний Грекүүд колоничлохоос өмнөх үед хамаарах болохыг харуулсан байна. МЭӨVII зууны үед сүм үерт автан гэмтэж, хагас метр орчим лаг шавраар булагдсан байсан бөгөөд энэ үед Артемисийн модон баримал нилээд гэмтсэн аж. Шинэ сүм барих ажил МЭӨ 550 оны орчимд өрнөсөн бөгөөд Крит арлын архитекторч Херсифрон, түүний хүү Метагенес нар ёслол хүндэтгэлийн дугуй танхим бүхий баганат сүмийн загварыг гарган гантигаар урласан байна. Шүтээн бурхныг үнэт модод, эрдэнийн чулуу оруулан шинээр урлан залжээ. Уг сүмийг Лидийн хаан Kроесус өөрийн сан хөмрөгөөс нилээд их хэмжээний хөрөнгө гарган улам сайжруулан чимэглүүлсэн байна. Уг сүмийг газар хөдлөлтөд өртөн устахгүй байлгахын тулд намгархаг зөөлөн хөрстэй газар байгуулжээ. Сүмийг үзсэн хаад, аялагчид, худалдаачид түүний тансаг байдал, архитектурын гайхамшгийг бишрэн алмайрдаг байсан бөгөөд Артемисийн сүмийн гуа үзэсгэлэнг алдаршуулан магтдаг байжээ. Сүмийн тансаг, алдартай байдал нь Эфесийг мөргөлч, сүсэгтнүүдийн очдог гол төв болоход нөлөөлжээ. Кроесус сүмээ хамгаалалтанд авч, сүсэг бишрэлийн төв болгосон бөгөөд Амазоны дайчдын талаарх домогтой холбогдон ихээхэн алдар нэрийг авчирчээ.

Сүйрэл[засварлах | кодоор засварлах]

Артемисийн сүм МЭӨ 321 оны 7 сарын 21-нд Геростратус хэмээх хүний санаатайгаар шатаасан үйлдлээс болж сүйрсэн. Түүхэнд тэмдэглэснээр тэрээр алдар нэртэй болохын тулд энэ үйлдлийг хийсэн гэдэг бөгөөд “Геростратусын алдар гавъяа” хэмээх хэлц үг бий болсон гэдэг.

Эфесийнхэн бузар булай үйлдэл хийсэн түүний нэрийг түүхийн аль ч цагт дурсахыг хатуу хориглодог байсан ба хэзээ ч тэмдэглээгүй байна. Харин Грекийн түүхч Страбо үүнийг тэмдэглэн үлдээснээр өнөө үед мэдэгдсэн.

Сонирхолтой нь сүмийг шатдаг тэр шөнө Аугаа Александр хаан хорвоод мэндэлж байжээ. Плутарх дарь эх Артемис Александр хааныг төрөхөд хэт их анхаарлаа хандуулж байсан тул өөрийн сүмийг шатаахыг анзааралгүй өнгөрсөн хэмээн өгүүлсэн байдаг. Александр хаан сүүлд нь Артемисийн сүмийг дахин сэргээн байгуулахыг хүссэн ч Эфесийнхэн төдийлөн дуртай байгаагүй байна. Гэвч уг сүм МЭӨ323 онд дахин баригдсан бөгөөд яг энэ үеэр Александр хаан нас эцэслэн байна. Дахин баригдсан сүмийг 262 онд готууд тонон дээрэмдэж, эвдэн сүйтгэсэн байна. Үүний дараа Эфесийнхэн сүмээ дахин байгуулсан байна. Гэвч 200 орчим жилийн дараа 391 онд Христийн шашныг шүтэгч Теодесиус I хаан уг сүмийг хаахыг зарлигдсан байна. Улмаар 401 онд бүр мөсөн нураажээ. Гэгээн Жон Хрисостом гэгч сүмийн чулууг ашиглан бусад барилга байгууламжийг байгуулахаар шийдэн нураалгасан байна. Хажи Софи нэрээрээ алдаршсан дуганы зарим багана нь Артемисийн сүмийн чулуунууд байдаг.

Архитектур[засварлах | кодоор засварлах]

Плини Артемисийн сүмийн хэмжээг нилээд нарийн тодорхой тэмдэглэсэн байдаг ч маш олон ялгаатай мэдээлэл өнөө үед хадгалагдан иржээ. Плинигийн тодорхойлсноор сүм 377 тохой (115метр орчим) урт, 180 тохой (55метр орчим) өргөн, бараг бүхэлдээ гантигаар хийгдсэн, Парфеноны хэмжээнээс 3 дахин том байжээ. Сүм тус бүр нь 60 тохой (18 метр орчим) өндөртэй Ионик маягийн 127 баганатай байв. Артемисийн сүмд олон тооны маш сайн урлагийн бүтээлүүд байдаг байжээ. Тухайн үеийн Эллиний соёлын сод барималчид болох Поликлитус, Фейдиас, Кресилас, Фрадмоны уран баримлуудаар чимэглэсэн ба алт мөнгөн шармалаар чимэглэсэн байдаг байжээ. Ихэнх барималууд нь Эфесус хотыг үндэслэгч Амазоны дайчдыг дүрсэлсэн урлагийн төгс бүтээл байжээ. Артемис дарь эхийн үндсэн хөшөөг Дуадалусын шавь Афины Афинагорас гэж нэрлэгддэг Эндоеус урласан байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Артемисийн сүм – Викимедиа зураг, бичлэг, дууны сан