Батширээт сум

Батширээт сум
ᠪᠠᠲᠤᠰᠢᠷᠡᠭᠡᠲᠦᠰᠤᠮᠤ
Батширээт сум is located in Mongolia
Батширээт сум
Батширээт сум
Солбицол: 49°06′N 110°01′E / 49.100°N 110.017°E / 49.100; 110.017Солбицол: 49°06′N 110°01′E / 49.100°N 110.017°E / 49.100; 110.017
Улс Монгол
Аймаг Хэнтий
Байгуулагдсан1952 он
Сумын төвЭг
Газар нутаг
  Нийт7,018 км2 (2,710 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,380
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Шуудангийн код
23160

БатширээтХэнтий аймгийн сум. Баруун ба өмнө талаараа Өмнөдэлгэр сумтай, хойд талаараа ОХУ-тай 100 орчим км газраар, зүүн талаараа Биндэр сумтай хиллэдэг. Нутаг дэвсгэр: 7018 ам км. Монгол улсын харъяат суурин хүн ам - 2,086[1]. Энэ тооллогоор бол аймгийнхаа 9-р олон хүн амтай сум гэж үзэгдэнэ. Сумын нутаг захиргааны 4 багт хуваагддаг.

Багуудын хүн ам[2]
Багийн нэр Хүн ам (2010 он)
1 Хурх 346
2 Барх 375
3 Онон 413
4 Норовлин 952

Сумын төв Эг нь Хэнтийн нурууны зүүн хэсгийн уулсын дунд Эгийн голын хөвөөнд далайн түвшнээс дээш 1100 гаруй метр өндөрт х.ө 48°41', з.у 110°10'-ын солбицолд Өндөрхаанаас хойш 186 км, Улаанбаатараас 414 км зайтай оршино.

2300 орчим хүн амтай. Буриад ястан амьдардаг. Тахилгат уул нь Биндэр овоо.

Сумын нутаг нь бүхэлдээ Хэнтийн нурууны зүүн захын өндөр уулсад оршино. Хэнтийн нурууны нэгэн оргил болох 2275 м өндөр Сүүхлэг уул оршино.

Уулсын хоорондуур Онон зэрэг том голын хөндий, Дунд номгоны хөндий, Баруун Ёголын даваа, Эг, Дөтлүүр, Өлзийтийн зэрэг даваанууд байна. Сумын нутгийн хамгийн нам цэг нь Хурхын голын хөндийн адагт далайн түвшнээс дээш 1170 м өндөрт оршино. Энэ хавьд орших зураг бичээст Рашаан хад нь улсын хамгаалалттай түүх соёлын дурсгал мөн. Сумын нутаг Дээд Кумыр голын савд цагаан тугалга, Онон голын сав, Алагийн нуруунд цагаан тугалга, алт, гянтболдын баялаг бий. Мөн төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалтай.

Сумын төвд нэгдүгээр сарын дундаж температур -15°С -25°С, долоодугаар сарынх 20°С-28°С, жилд дунджаар 300-400 мм тунадас унана.

Онон гол 160-аад км урсан өнгөрнө. Онон голын зүүн гарын цутгал, Хурх, Барх, Эг, Баян, Цэгээн хоолойн гол, Хайрхан, Шазруун, Зүүн, Баруун Тарсын гол, Амгалант, Хөрстэй, Сайхан голууд болон Онон мөрний баруун гарын цутгал, Дунд, Доод Сүүхлэг гол, Хүз, Зүүн Гүнгүүртэй, Хүшингээ, Ашинга, Хаслиг, Хүнтаанхаан, Торгойтхаан, Арангат зэрэг гол горхиуд байна. Мөн Баянбүрд, Дуут, Баянхутаг, Биндэр, Цэгээн, Ёлын, Хонхорын зэрэг нууруудтай. Сумын нутагт гидрокарбонат-кальцийн найрлагатай Тарс, Арангат зэрэг рашаантай.

Уулын тайгын ширэгт, ойн бараан, уулын хар шороон, хүрэн, хагшаас хурдаст, нугын хөрстэй. Манай орны хамгийн их ой модтой сумын нэг. Сумын нутгийн ихэнх нь шинэс, хуш голлосон нарс, хус бүхий ой модтой. Самар жимс, эмийн ургамал ихтэй. Голын хөндий, нам газраараа улалж, алаг өвс голлосон бэлчээр хадлангийн ургамалтай. Нэн ховор амьтан хүдэр, цэн тогоруу, ховор амьтан тоодог, буга, булга болон суусар, илбэнх, бор гөрөөс, гахай, шилүүс, чоно, үнэг, хэрэм, жирх зэрэг амьтантай. Гол мөрдөд нь тул, зэвэг, цагаан хадар, амрын хадран, амрын цурхай, мөнгөлөг хэлтэг, булуу цагаан, цулбуур, гутаар зэрэг загас бий. Сумын нутгийн баруун хойд зах нь Хан Хэнтийн дархан цаазат газарт багтана.

Хонь голлосон 26 мянган малтай. Газар тариалан эрхлэн тэжээлийн ургамал, үр тариа, төмс хүнсний ногоо тариалдаг. Сумын төвд 9 жилийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, мэргэжлийн сургалт үйлчилгээний төв, соёл, худалдаа үйлчилгээний газруудтай. Сумын нутагт Өглөгчийн хэрэм, Үзүүр цохио гэдэг газар орших сүг зурагтай хад, Эгийн Живхээстэй гэдэг газар орших булшуудыг түүх соёлын дурсгалынх нь хувьд аймгийн хамгаалалтад авчээ.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]