Асуд

Асуд аймаг бол Монголын нэгэн овог аймаг юм. Асудын өвөг дээдэс нь Алан нар болно. XIII зууны үед Алан нарын зарим хэсгийг Монголд авчран суулгасанаар Асуд аймаг бүрэлдэн бий болжээ. Одоо үед Асуд нар Өвөр Монголын Өөртөө Засах Оронд суудаг.

Гарал үүсэл[засварлах | кодоор засварлах]

Асуд нарын өвөг дээдэс Аланчууд Кавказын нурууны хойд талын нутагт амьдардаг байжээ. Бат ханы байлдан дагуулалтын үед Аланчууд Монголын захиргаанд орсон байна. Олзлогдсон Аланчуудыг Монгол руу илгээж, цэрэг, аж ахуйн ажил хийлгэх болжээ. Улмаар эдгээр Аланчууд нь Монголчуудтай цус холилдож, Асуд хэмээх аймгийг бүрдүүлжээ. Кавказын нуруунд үлдсэн Аланчууд нь улмаар Осетчуудын өвөг дээдэс болжээ.

Нэрний тухайд[засварлах | кодоор засварлах]

Монголчууд Аланчуудыг Ас хэмээн нэрлэдэг байжээ. Ас гэдэг нь араб хэлээр Аланчуудыг нэрлэсэн нэр юм. Асууд хэмээх нь Ас гэдгийн олон тоог заасан үг юм.

XIII-XIV зууны үед[засварлах | кодоор засварлах]

XIII зууны сүүл үед Асуд нь монголын олон газарт дайн хийж байх үед байлдах тулалдах нь монгол цэргээс дутахгүй, зарим үед илүү байсан учраас Юань улсын үед их хааны хишигтэн цэрэг, орон нутгийн түмт, мянгат цэргийн албанд хуваарилсанаар монгол хаад ноёдын цэргийн гол хүчийг бүрдүүлж байсан. Юань улсад хаан суурийг булаацалдах дотоодын тэмцэл гарах бүрд асуд цэргийн мянгатууд ихээхэн үүрэгтэй оролцож эхэлсэн нь тус улсын шилдэг цэргээр тооцогдож эхэлсэн. Энэ ч монголын төрийн тавцанд байр сууриа эзлэхэд төрд шууд нөлөөлсөн.

1368 онд Юань улсын засаглал Хятадад унасаны дараах хорь гаруй жилд өрнөсөн дайнд Монгол цэргийн сүр хүч бууран доройтох үед Асуд ноёд өөрсдийн цэргийн хүчинд дулдуйдаж, алтан ургийн ноёдоос хэн нэгнийг хаан сууринд өргөмжлөн өөсийн дураар монголын төрд шууд нөлөөлж эхэлжээ.

XV зууны үед[засварлах | кодоор засварлах]

XV зууны үед Асуд аймгийн Аругтай тайш хүчирхэгжиж, Ойрадын тайш Үгэчи хашихагийн дэргэд нэгэн хэсэг байжээ. Үгэчи Хашиха алагдсаны дараа Аругтай тайш Ойрадын Батула чинсанд олзлогдож, нэгэн хэсэг байж байгаад улмаар суллагдаж, Элбэг Нигүүлсэгч хааны хүү Буянширийг Доголон Төмөрийн улсаас залж авч ирээд Өлзийтөмөр хэмээн өргөмжлөн Монголын хаанд залж, Ойрадын Батула чинсантай тэмцэлдэх болжээ. Мин улсын Юнлө хаан Буяншир хаанд бууж өгөхийг тулган шаардсан захидал илгээсэнд Буяншир хаан түүнийг эс тоов. Түүний улмаас Мин улсын хаан Юнлө Монгол руу 100000 цэрэг илгээв. Буяншир хаан, Аругтай тайш нар Мин улсын цэргийг бут цохиж, тэдний тэргүүлэгч таван том жанжныг алсан байна. Монголчууд энэ ялалтынхаа эрчээр Мин улс руу довтолж, Датун зэрэг мужуудыг нь цөлмөн сүйтгэжээ. Үүнийг сонсоод Мин улсын хаан Юнлө өөрийн биеэр 500000 цэрэг удирдан Монгол руу довтолжээ. Мин улсын их цэрэг ирж яваа тухай мэдээг аваад Буяншир хаан баруун зүг рүү доголон Төмөрийн дэргэд очих санал тавихад Аругтай тайш түүнийг эс зөвшөөрч маргалдсан тул Аругтай тайш цэргээ авч зүүн зүг рүү явжээ. Буяншир хаан Хэрлэн мөрний орчим Мин улсын цэрэгтэй тулалдаж ялагдаад баруун зүг рүү зугатжээ. Түүнийг доголон Төмөрийн зүгт явж байтал нь Батула чинсан довтолж алаад тамгыг нь олзлон авч, түүний хүү Дэлбэгийг Монголын хаанд өргөмжилжээ. Аругтай тайш түүний эсрэг Адай тайжийг хаанд өргөмжилж Батула чинсантай тэмцэлдэх болов. Дэлбэг хаан, Батула чинсан нар Туул голын орчим Мин улсын цэрэгтэй дайтаж их хохирол амссан байна. Адай хаан, Аругтай тайш нар үүнийг ашиглан Ойрад руу довтолж, Батула чинсанг алж, эхнэр, хүүхэд, албат, хөрөнгийг нь олзлон авчээ. Батула чинсаны хүү Бахамуг Аругтай тайш урьд Батула чинсанд олзлогдож, арган доор хөмрүүлж, Аругтай хэмээх нэр авсан өшөөгөө авч, тогоон доор хөмөрч Тогоон хэмээх нэр өгчээ. Удалгүй Адай хаан Тогооны эх Самар хатны ятгалгаар Тогооныг суллаж, Ойрад руу буцаажээ. Тогоон Ойрадад очоод эцгийнхээ суурийг залгамжилж, улмаар бүх Ойрадыг нэгтгэжээ. Мөн Чингис хааны угсааны Тогтохбухыг Тайсун цолтойгоор Монголын хаанд өргөмжилсөн тул Адай хаан, Аругтай тайш нарын эзэмшлээс бусад Монголын газар нутаг Тогоон тайшийн захиргаанд оржээ. Адай хаан, Аругтай тайш нар Тайсун хаан, Тогоон тайш нартай тэмцэлдсээр байсан бөгөөд эн тэмцлийн явцад Аругтай тайш өөрийн хүүгийн хамт Тогоон тайшид алагдсан юм. Аругтай тайшийн харъяат албатуудыг Ойрадууд хоорондоо хувааж авсан ба Аругтай тайшийн зарим албатууд нь Аругтай тайшийн нэг хүүгээр удирдуулан баруун зүг рүү нүүж, доголон Төмөрийн улсад очиж суужээ. Адай хаан Доржбай чинсаны хамт Ойрадуудтай тэмцэлдсээр байсан ба улмаар Мин улс, Ойрадын хамтарсан цэрэгт ялагдаж алагджээ. Тогоон тайш нас барсны дараа түүний хүү Эсэн тайшийн сууринд сууж, бүх Монголыг Тайсун хааны манлайлал доор нэгтгэв. Гэвч 1450-иад оноос нэгдсэн Монгол улс дотоодын хямралд автагдаж, Тайсун хаан, Эсэн тайш зэрэг төрийн том зүтгэлтнүүд бүгд алагдав. Энэ хямралын улмаас Ойрадын нэгдэл суларч, хэдэн хэсэг болон задарчээ. Энэ үед Асуд аймаг Ойрадын бүрэлдэхүүнд байж байгаад улмаар зүүн Монголын захиргаанд оржээ. 1480 онд Батмөнх Даян хаан Монголчуудыг зургаан түмэнд хуваан захирах болсон үеэс хойш Асуд аймгийг Юншээбүү, Харчин аймагтай нэгтгэн нэгэн түмэнд багтаажээ. Даян хааны үед төрийх төв говийн өмнүүр нутаглаж эхэлснээр говийн өмнөх монголчуудын дотор тархан нутаглах болжээ.

XVI-XVIII зууны үед[засварлах | кодоор засварлах]

XVI зууны эхээр Асудыг Батмөнх Даян хааны хөвүүн Арболд тайжд өмч болгон өгсөн ч, Арболд тайжийн хоёр хөвүүн албат ардаа булаалдаж самуун дэгдээснээс болж тэдэнд захирагдаж асан Асуд, Юншээбүү аймгийг Барсболд жононгийн отгон хөвүүн Бодидара отгон ноёнд шилжүүлэн өгсөн. 16-р зууны дундаас 17 дугаар зууны эхэн үед Бодидара ноёны нутаг нь одоогийн Жанчхүү, Сюаньхуа орчмоор нутаглаж байсан. 1636 онд Манжид дагаар орсон.

XIX зууны үед[засварлах | кодоор засварлах]

XIX зууны үед өвөр Монголд Хятад, Япон, Англи, Франц, АНУ, Орос зэрэг гадаадын улсуудын нөлөө хүчтэй болжээ. Ялангуъяа Хятад тариачид олноороо өвөр Монголд орж ирж суух болов. Манжийн "Шинэ засгийн бодлого" явагдах болсноос хойш энэ явдал улам эрчимжив. Энэ явдлын эсрэг өвөр Монголчууд олон удаа бослого гаргаж байжээ. Асудууд ч мөн бослого гаргаж байв.

XX зууны үед[засварлах | кодоор засварлах]

1912 онд Манж Цинь улс мөхөж, Дундад Иргэн Улс багуулагдав. 1911 онд Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдаж, өвөр Монголыг өөртөө нэгтгэхийн тулд олон талын оролдлого хийх боллоо. ДИУ өвөр Монголыг захиргаандаа барьж байх, Монгол улсыг өөртөө нэгтгэх бодлого явуулах болов. 1912 онд Монгол улсын таван замын их цэрэг өвөр Монголд давшин орж, Хятадын цэргүүдтэй тулалдаж эхлэв. Өвөр Монголчууд Монголын цэргийг элдвээр дэмжиж, өөрсдөө цэрэгт элсэх нь улам их болсоор байв. Гэвч Орос улс Монголд шахалт үзүүлсэн тул Монгол улс цэргээ буцааж татжээ. Түүний дараа өвөр Монголд бослого хөдөлгөөн гарсаар байв. 1930-аад онд Японы цэрэг өвөр Монголыг эзэлж, захиргаандаа оруулан Манжго улсыг байгуулжээ. Манжго улсын морин цэрэг нь Манж, Монгол цэргүүд байв. 1945 онд Япон улс дэлхийн II дайнд ялагдсаны дараа өвөр Монголчууд БНХАУ-ын захиргаанд оржээ. БНХАУ өөрийн захиргаан дахь цөөн тоот үндэстнүүдийг аймаглан устгах бодлого явуулснаас болж, 2 сая гаруй өвөр Монголчууд алагджээ. 1960-аад онд Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагджээ.

Одоо үед[засварлах | кодоор засварлах]

Асудууд одоо үед Өвөр Монголын Өөртөө Засах Оронд суудаг.