Монголын түүхэнд хатад эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр

Эртний монгол улсын үед эмэгтэйчүүдийг хамгаалсан төрийн хатуу чанд хууль үйлчилж байсан учир тэдний нэр тер алдар хүндийг ихээр дээдлэж байсан байна. Үүний тод илрэл нь "Монголын нууц товчоо" зэрэг түүх уран зохиол, хууль цаазын дурсгалт бичгийн дотор эмэгтэйчүүддээ Гоо марал, Алун Гуа, Монголжингоо, Баргужин гоо гэх зэргээр эрхэмлэн хүндэтгэсэн нэр хайрлаж байсантай холбоотой.

Үүнээс үүдээд XIII зууны үед дайн дажины үед олзлогдсон эмэгтэйчүүдийг олж аван халамжлан асардаг байсан олон баримт ном сударт тааралддаг ба тэр ч байтугай Чингис хааны үед "Өнчин ядуусыг тэтгэх улсын сан" хэмээх бие даасан тусгай байгууллага байгуулагдаж дайн дажны явцад тахир дутүу бологсод тэдний гэргий, эр нехрее алдаж бэлэвсэрсэн эмэгтэйчүүдэд тусламж тэтгэмж олгодог байжээ.

1253-1255 онуудад Монголоор жуулчилсан Виллиам де Рубрук Монголын эмэгтэйчүүдийн ажилсаг, эрэмгий зоригтойг тэмдэглэхдээ: "Тэд ачаа бараа зөөж, гэрээ ачаалдаг, үнээгээ саадаг, ааруул хурууд хийдэг, арьсыг боловсруулж, шөрмөсөөр нь утас хийж гутал, хувцас оёдог, эсгий хийж гэр бүрдэг" гэгчлэн магтан бичсэн байхад, "Монгол эмэгтэйчүүд нум сумаар харваж чаддаг, моринд гарамгай, эрчүүд нь дайнд мордсон нөхцөлд ар талын бүхий л үүргийг тэд гүйцэтгэдэг" гэж Марко Пологийн тэмдэглэлд Монгол эмэгтэйчүүдийн эд бах, зориг хатуужлыг тодорхойлон бичсэн байдаг.