Монголчуудын шашин шүтлэг

Уламжлалт бус шашнууд[засварлах | кодоор засварлах]

Нийгэм судлаачид тухайн ард түмний түүхэн гаралтай холбоогүй, түүхийн тодорхой нэг цаг хугацаа орон зайд улс хоорондын харилцааны нөлөөгөөр дэлгэрсэн гадны шашныг уламжлалт бус шашин гэж тодорхойлдог. Ийм шинж чанартай шашин удаа дараа монголд дэлгэрч зарим нь бүр зан заншил, философийн сэтгэлгээ гэх мэт нийгмийн үнэт зүйлсэд гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг. Уламжлалт бус шашин шүтлэгийн хэлбэрүүд монголд шинээр дэлгэрсэн нь


1. Уламжлалт шашин шүтлэг нь тухайн цаг үеийн нийгмийн өөрчлөлттэй зохицох чадахгүй болсон буюу хүмүүсийн сүсэг бишрэлийн хэрэгцээг хангаж чадахгүй болсон.


2. Нийгмийн үнэт зүйлсийн тогтолцоонд өөрчлөлт орсноор хүмүүсийн шашныг үзэх үзэлд ч өөрчлөлт ордог. Ингэснээр нэг талаас шашны агуулгыг шинээр, огт өөрөөр тайлбарлах шинэ шашны сургаалуудыг нэгдүүлэх замаар орж ирдэг.


3. Огт өөр хэв маягийн шашинд хүмүүс сонирхон хандах замаар тус тус орж ирдэг шалтгаантай.


Монголын түүхэнд Манихейн,Буддын, Христосын, Бумбын, Исламын шашнууд дэлгэрсэн ба тэдгээрийн нийгэм, хүмүүсийн оюун санаанд үзүүлсэн нөлөө нь түүхэн цаг үеэсээ шалтгаалж өөр өөр байдаг. Тухайлбал өнөөгийн иргэний нийгэм байгуулж буй монгол улсад уламжлалт шүтлэг болсон бөө мөргөл бүрэнмөсөн орхигдож буддын шашин түүхэн урт удаан хугацааг туулж соёл зан заншил гүнзгий нэвтэрснийхээ үр дүнд Монгол улсын хуулинд “зонхилох шашин” болтлоо тунхаглагджээ. Гэтэл христосын шашин Монголд буддизмтай адил түүхийн З үед дэлгэрчээ. Нэгдүгээр үе нь Монголын эртний улсуудын үед хамаарна. Үүнийг нотлох түүхэн эх сурвалжийн болон археологийн баримт мэдээ монголоос олонтаа олджээ. Хоёрдугаар үед нь монголчуудын хүчирхэг байсан ХIII зууны үед хамаарна. Энэ үед нүүдэлчид дэлхийн соёл иргэншилтэй танилцах боломж бүрэлдсэн төдийгүй христосын шашин бусад шашинтай адил монголд нэвтэрч монголчуудаас улс төрийн дэмжлэг эрин хайж байсан үе юм. Энэ үед монголчууд зөвхөн бөө мөргөлтэй бүдүүлэг хэмээн хэлэгдэн байхдаа төр шашны харилцааны бодлогоо одоогийн ардчилсан нийгэмд мөрдөгддөг хүний эрх, эрх чөлөөний хамгийн их ардчилсан шинжтэй бодлого явуулж байсан. Дундад зууны тэр үед хүн төрөлхтөн зөвхөн шүтлэгээрээ хуваагдан бие биенээ аймшигтайгаар гадуурхан хавчиж алж хядаж байхад харин эзэнт гүрэнд жирийн хар цэргүүдээс авхуулаад алтан ургийн ихэс дээдэс хүртэл ямар шашнаа шүтэх нь өөрсдийн хувийн хэрэг бөгөөд элдэв шашнаас болж бие биенээ хөнөөсөн явдал ХҮII зууныг хүртэл монголын түүхэнд ер гараагүй билээ. Их хаадууд зөвхөн хөх тэнгэр бөө мөргөлөө чанд шүтэж элдэв шашны мөргөлдөөнийг чадварлагаар ашиглан хүчтэй дайснаа ам ар хялбар дийлдэг байсан нь шашин хоорондын мөргөлдөөний үе буюу дундад зууны үе дэх монголчуудын хүчирхэгжилтийн нэг нууц тал нь байлаа. Гуравдугаар үе нь ХҮII-ХХ зууны үед хамаарах бөгөөд энэ үеийн онцлог нь буддизмын нөлөөнд гүнзгий автсан монголчуудад зориудын зохион байгуулалттайгаар буюу Миссионеруудын үйл ажиллагаагаар христосын сургаалыг дэлгэрүүлж байсан явдал юм. Колонит гүрнүүд (метрополиуд) өөрсдийн нөлөөгөө бэхжүүлэхийн тулд миссионеруудыг өргөнөөр ашиглах болсон төдийгүй түүний нөлөөнд Монгол хамрагдах болсон байна. 1855 онд Манж-Англи, Манж-Францын хооронд гэрээ байгуулагдан Чинь улс түүний харьяа нутаг оронд христосын ном сургаал номлохын албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Иймд Хүрээний сайд, Улиастай, Ховдын амбан нарт “Христосын лам нар өөрийн сургаалиа номлохоор Монголд ирэхэд урьд тогтсон гэрээ ёсоор тэднийг хамгаалж тусалж байсугай” гэж Ар Монголын бүх хошуунуудад зар тарааж байлаа. Христосын сургаал дэлгэрэх болсоноор олон ажил хийгджээ. Миссионер Вилъям Свен, Эдуард Сталиберг нар зориуд монгол хэл сурч библийн судрын монгол хэлэнд орчуулан Лондонд анх хэвлүүлж дараа нь хэд хэдэн орчуулгын олон номлолууд хэвлэгджээ. Миссионерүүд Библийг зохион байгуулалттайгаар дэлгэрүүлэхийн тулд 1804 онд “Библийн нийгэмлэг”-ийг Лондонд үүсгэн байгуулжээ. Энэ нийгэмлэг Библи судрыг 365 хэл, аялгуугаар хэвлэн тараажээ. Сүүлд нь Швед, Норвегээс ирэгсэд библийг тарааж Их хүрээнд “Эгч дүү нар” хэмээх нийгэмлэг ажиллуулж монголчуудын дунд сүсэгтнүүдийн хүрээгээ үлэмж тэлж байсан баримтууд олон тохиолддог.