Дансранбилэгийн Догсом

Дансранбилэгийн Догсом
Дансранбилэгийн Догсом
Төрсөн1884
Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо сум
Нас барсан1941 оны 7 сарын 10
Монгол Улс
АжилТөр нийгмийн зүтгэлтэн, Улаанбаатар хотын 7 дахь дарга (1932 — 1933)

Дансранбилэгийн Догсом (1884 — 1941) нь үндэсний ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх (АДТГ) Захиргааны дарга, Худалдааны, Хүнсний, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Д. Догсом 1884 оны 7 дугаар сарын хорьдоор Халхын Сэцэн хан аймгийн Эрдэнэдалай вангийн хошууны нутаг Шинэ булаг хэмээх газар харц ард Дансранбилэгийн хүү болон төрсөн. Шинэбулаг хэмээх газар нь одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын баруун урдхан Багабулаг, Шинэбулаг хэмээх газар байдаг бөгөөд энэ нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагтай зах нийлэн оршдог ажээ.

Д. Догсом гэрийн сургалтаар бичгийн боловсрол олж, 12 наснаасаа хошуу тамгын газар бичээчийн алба хийж 15 настай өөрийн хошуу Далай вангийн хошууны тамгын газар түшмэл, Сэцэн хан аймгийн Хэрлэн барс хотын чуулган буюу Хан Хэнтий уулын чуулганд бичээчийн алба хашиж байгаад Богд хаант Монгол улсын үед Сангийн яаманд бичээч, Цэргийн яаманд эх зохиох түшмэлээр ажиллахдаа уул албыг эндэгдүүлэлгүй хаасны учир бичгийн гавьяаны дөтгөөр зэргээс дэд зэрэгт шагнагдан, бичиг эрдмийн чадлаараа нэрд гарч хурц билэгт цол шагнагджээ.

Улс төрийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Олноо Өргөгдсөн Монгол Улсын улс төрд[засварлах | кодоор засварлах]

Д.Догсом Цэргийн яаманд эх зохиох түшмэлээр ажиллаж байхдаа үндсэн ажлынхаа зэрэгцээ Монголын тусгаар тогтнолын асуудлаар 1915 онд Хиагт хотноо болсон Монгол, Орос, Хятад гурван этгээдийн бага хуралд монголын төлөөлөгчдийн эх зохиох түшмэлээр, 1915-1916 онд Засгийн газраас томилсон газар дэлхийн баялагийг шинжлэх комисст тус тус ажиллаж байв. 1919 онд Богд хааны зарлигаар …Монгол Орос хоёр улсын найрамдлын гэрээ бичиг хэлэлцэн тогтоохуйд үнэн санаагаар хүчин зүтгэсэнд… Цэргийн яамны эх зохиох түшмэл хурц Догсомыг нэгэн зэрэг тэмдэглэсэн дэд зэрэг тогосын отгоор нэхэн шагнасан ажээ.

Монголын Автономит засгийг устгах, харийн дарлалыг эсэргүүцэж Цэргийн яамнаа эх зохиох түшмэлийн алба хаах гутгаар зэрэг Д.Догсом 1917 оны үед Улсын Дээд, доод хуралд чухал нэгэн саналыг бичгээр өргөжээ. Түүнд:

„Манай Монгол тусгаар улс болж улсын эрхийг олж тогтсон нь үнэхээр тэнгэр тэтгэж, эрдэмтэн жолоодсон ажээ. Эдүгээ дундад иргэн улсын цэрэг хязгаарыг давж манай улсын ихээхэн сайдыг шууд барьж, зүйл зүйлээр доромжлон сүм хийдийг эвдэн, бурхан шашныг буртаглан, шавь нарыг алан бүрэлгэх зэргийг үзвээс тэдний улс нэгэнт тогтоосон гэрээг (1915 оны 3 этгээдийн гэрээг хэлжээ) эрмэлзэх байтугай харин хүчирхэг нь буурайгаа дарлах хэмээсэн нь төлөв илэрхийн дээр газар газарт үлэмжхэн тооны цэрэг анги цөмрөн оруулсан нь тус улсын байдлыг үнэхээр түгшүүртэй болгов гэжээ. Үнэхээр Хятадын цэрэг тус улсын өмнөд хил хязгаараар цөмрөн орж өдөөн хатгах явдал үлэмжхэн гарч байсан учир хил хязгаарын харуул хамгаалалтыг тогтоон төлөвшүүлэх нь нэн чухал шаардлагатай“

хэмээн тавьжээ. Мөн уг саналд

„Манай Засгийн газраас гадаадыг сэргийлэн, мууг арилгаж, хязгаарыг тохинуулахаар сайдыг томилж, цэрэг дайчлан гаргасан боловч нийслэлд зуун овогтон цугласан чухал боомт, орох гарах хаалга, уужим задгайг сэргийлэх, цагдан сүлбээлэх зальхай ард үлэмжхэнээр дотно, гадна газруудад оршин манай газрын эрхийг баригчид элдэв байдал төлөвийг ероолоос нь үзэж мэдсэн даанч нэвтэрхий“

гэжээ.

Д.Догсомын эл санал Монгол орны тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргийлэн хамгаалах ажлыг тогтоож төлөвшүүлэх, мөн Монгол улсын төр, засгийн төв Нийслэл хүрээний дотоодын хамгаалалтыг буй болгож ажиллуулах хэмээсэн маш чухал санал байснаас олны талархлыг онцгой татжээ. Д.Догсом феодалын нийгмийн төрийн байгууллагад ажиллаж байсан боловч эзэд ноёдын шударга биш байдалтай санаа нийлэхгүй болсноос эрх баригчдад элдвээр дарлагдаж байсныг өгүүлсэн байдаг. Тухайлбал: Эзэрхэг засаг ноёд түүний биеийг зүйл зүйлээр ёсны гадна хэтэрхий дарлан зовоож, мөлжин тохируулсан учир хилс бэрхийг тэсвэрлэн хүлээж чадахгүйд хүрч харьяат засаг ван Навааннэрэнтэй заалдан тэмцэлдсэн учир өөр хошуунд гэр цуцлах зовлонг хүлээж явсан учир хэзээ ямагт харъяат эзэрхэг харгис засгийн ёсонгүй дарлалтаас бэрхшээн жигшиж, аль нэгэн цагт тэдний гар савраас ангижрах хэмээн өгүүлжээ. Тэр бүхэн нь Д.Догсомд нийгмийн тэгш биш байдлыг эсэргүүцэж байсан дэвшилт эх оронч үзэл бүрэлдэн төлөвшсөн нь харагдаж байна.

Д.Догсомын “Ардын намыг байгуулах явдлыг анхан хэрхэн үүсгэн оролдсон тухай” гэдэг томоохон өгүүлэл нь МАХН-ын түүхэнд холбогдол бүхий зүйлүүд номд 1928 онд хэвлэгдсэн. Уг бүтээл нь Нийслэл хүрээнд нууц хоёр бүлгэм үүсч, тэр дундаа Хүрээний бүлгэм хэрхэн үүссэн талаар судалгааны сурвалжид байдаггүй зүйлсийг өгүүлсэн. Мөн хоёр бүлгэм үйл ажиллагаагаа гүнзгийрүүлэн өргөжүүлж, ЗОУ-тай холбоо тогтоолгохоор төлөөлөгчдөө илгээн явуулж хэрхэн олон түмнийг харийн дарлалаас ангижруулахаар зүтгэснийг өгүүлсэн үнэ цэнэтэй түүхэн бүтээл юм. Японы эрдэмтэн Футаки Хироши ... ”Ардын намыг байгуулах явдлыг анхан хэрхэн үүсгэн оролдсон тухай” дурдатгалыг задлан“... С.Данзан, Д.Бодоо, Д.Догсом, Ө.Дэндэв, Д.Сүхбаатар нарын талаар хувьсгалчид хэмээн үзсэн бол О.Батсайхан... хувьсгалчид гэсэн нэр томъёог хэрэглэсэн нь бодит байдалд үл нийцсэн байна гэж үзэж хувьсгалчид бус үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгчид байсан болов уу. Мөн 1921 оны Монголын үндэсний ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Д.Догсомын дурдатгал нь МАН-ын үүсэл хөгжлийн талаар үнэ цэнэтэй эх сурвалж агуулж, орчин үеийн Монголын түүхийн хуудсыг баяжуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан бүтээл хэмээн онцлон тэмдэглэсэн байна.Мөн тухайн үеийн “Ардын үндэсний эрх”, ”Үнэн”, ”Улаан од” зэрэг хэвлэлүүдэд цаг үеийн томоохон нийтлэлүүдийг бичиж байсан байна.

Гадаад Монголын автономит засгийн асуудлаар Бадамждорж, Чен И нар хэлэлцэж эхэлсэн нь ил болсон 1919 оны 8 дугаар сарын сүүлээс хойш өөрсдийгөө “Тангарагт нөхөд” гэж нэрлэсэн Данзан, Догсом, Дэндэв нар “Санаа нийлэх үнэнч нөхдийг олж элсээх” тухай ярилцах болж, өөрсдийн тухайд “Намын нөхөд” гэсэн үгийг анх хэрэглэжээ. Итгэлт нөхдийг олохыг ихэд хичээснээр Дугаржав, Сүхбаатар нар эхлэн элсч, Жамъян, Балсанов, Юмтаролд, Галсан, Тогтох, Даш, Цэнд нарыг элсүүлэн 10 гаруй хүн болжээ. Ийнхүү Хүрээний бүлгэмийн эх суурийг С.Данзан, бичгийн түшмэл Д.Догсом, Цэргийн яамны зэвсгийн дарга Ө.Дэндэв нар тавьсан бөгөөд Данзангийн гэрт цуглардаг, бас Оросын консулын газрын хэлмэрч Кондаков (Хондаков) харилцдаг байв... Нууц бүлгэм байгуулахад Догсомын гүйцэтгэсэн үүрэг их байсан бөгөөд өмнөх түүх бичлэгт Догсомыг огт дурьдаагүй байна. Тухайлбал: Сүхбаатарыг 1918 оны эцсээр цэргээс халагдан Хүрээнд хэвлэлийн газар үсэг өрөгчийн ажил хийж байхдаа нэгэн санаа нийлсэн нөхөдтэйгөө нийлж хувьсгалын анхдугаар бүлгэмийг байгуулсан гэжээ.

Хятадад дагаар орох үес[засварлах | кодоор засварлах]

1919 оны 11-р сарын 15-нд болсон Богдын засгийн газрын доод хуралд Д.Сүхбаатар, М. Дугаржав нарын хамт бичгийн түшмэлээр оролцож Монгол улсын тусгаар тогтнолыг устгаж Хятадад дагаж орох тухай асуудал хэлэлцүүлэхэд Догсом эсэргүүцэж “Манай Монгол Хятадын дарлалаас ангижирч газар орноо бүрэн бүтэн болгон авахын тулд Хятадтай удаа дараа дайн байлдаан хийсний учир нэгэнт өшөөтөн дайсан бололцон хятадын гарт дахин орох болбол урьдаас хувь илүү дарлагдах гашуун зовлонг үзэх тул хятадыг дагаж захирагдахыг манай доод хурлаас зөвшөөрөн баталж хэрхэвч чадахгүй, хэрэв энэхүү хятад цэргийн эрхтэн Сюй Шү Жан цэргийн сүрээр айлган дагуулах байдал гаргавал манай монгол цэргүүд цэргийн зэвсэг гарт бүхий цагт даруй зэвсэг хөдөлгөн... улс орноо батлан хамгаалж чадна... гэснээс үзэхэд улс орноо харийн дарлал мөлжлөгөөс тууштай эсэргүүцэж хамгаалж байсны нэг жишээ юм.

1920 оны 3, 4-р сарын үед Хувьсгалт нууц бүлгийнхнээс “эрх баригчид ба угсаатан ноёд” Сюй Шү Жаны хашааны хаалганд нууц ухуулах бичиг наажээ. Тэр бичгийг түүхийн ухааны доктор асан Д.Гонгор нягтлан судалж, урьд нийтлэгдсэн хувилбарт ташаарч байсныг залруулан тайлбар хийж, уг бичгийг Догсом бичиж Хүрээний бүлгээс гаргажээ гэсэн судалгааны дүгнэлт хийсэнтэй судлаачид санал нэгтэй байдаг...Уг бичигт “Мөнөөхөн Дундад Иргэн Улс угсааг халж, эрдэмтнийг сонгож хэрэглэн, зуун овгийг нэгтгэж, таван гишүүнийг бүртгэн, дөрвөн далайг төвшитгөсөн нь үнэхээрийн мөчид монголын болхи ардуудын санаа зүүдэнд ч эрмэлзэн гүйцэтгэхгүй цөм цагийн улирал, тэнгэрийн зохиолд нийлүүлсэн нь болай.

Гагцхүү Монгоп улс эртнээс засгийг байгуулахад сонгож хэрэглэсэнгүй. Халхын дөрвөн аймаг, наян зургаан хошууг тус тус захируулахад цөм урьд үеийн Чингис хааны угсаа төрлийн тайж хэмээх ясыг дагаж бие эрхтэн бүрэн төдий хүнээр засаг хэргэмийг залгамжлуулсаар хэв идээшил мэт болсон ажгуу. Одоо Монгол улс язгуураас эрдэм соёлд шалгарч, боловсорсонгуйн дээр ялангуяа ойр нөхөд олон засаг ноёдууд эрдмийг судалж, улсыг засахыг эрхэмлэх байтугай харин нэгэн биеийн угсаа өндөр, эрх тушаал ихэд эрдэм, энгийн аж төрөх шударга номхон ардыг хилс дарлаж, албан гувчуурыг ёсны гадна авах ба ёсыг тэрслэн журмыг умартаж, эрдэмтнийг аглаг, зусар бялдуучийг ойр болгон үзэж, гурван хэлхээ, таван үүрдийг огоот гээгдүүлж, дан биеийн гэдэс цатгалангаар санаанд нийлүүлэн жаргахыг хичээхээс өөр үгүйд хүрсэн нь одоо цагт нийлэлцэхгүйд хүрчээ... Угсааг дагаж хошууны засаг залгамжлуулахыг нэг мөсөн устгаж, одоогийн эрдэм ухаангүй засгийг халж, дэлхий дахины олон гадаад улсын адилаар сонгож байгуулах засгийг явуулж...” гэснээс үзэхэд ардчилсан үзэлтэй байсан төдийгүй ард олныг дарлан зовоож байгаа талаар дэлгэрэнгүй тусган өгүүлсэн байна...

Мөн Д.Догсом “Одоо цагийн байдлыг яахин олж мэдэх буй. Гагцхүү бодвоос Монгол улс Манж-Хятадын харгис эзэрхэг дарлалтаас саяхан ангижирч тусгай улс болсноос энэ завсраа Хятадтай байлдаж өшөө занал бололцон зангидсан нь туйл болохын дээр дахин Хятадын эрх мэдэлд орох нь болбаас улмаар боолын боол болж урьдаас нэн үлэмж дарлагдах төдийгүй харъяат зовлон болох нь магад ажгуу. Иймд манай Монгол улсад нөхөр болох хэнийг хэмээн санах буй. Гагцхүү хамгаалсан их Орос улс л дуугүй дагаж бидний улсыг Хятадад дагуулах, эсэхийг юу бол хэмээн горилохоос өөр юун” хэмээн өгүүлснээс... үзэхэд тэрээр Хятадын засаглалыг эсэргүүцэж Орос улсын тусламжаар төр улсаа сэргээх гэсэн бодолтой байсан нь харагдаж байна. Мөн тэрээр ...“автономитыг устгах нь манай засгийн эрх баригчдын дотроос гарсан хэрэг болох буй за”... хэмээжээ.

Оросын хувьсгалчид Дорно дахины ард түмэн, түүний дотор монголын ард түмний эрх чөлөөний тэмцэлтэй нягт холбоотой ажиллах зорилготой тусгай байгууллага байгуулах саналыг 1920 оны 3 дугаар сард Оросын коммунист Намын Сибирь мужийн товчоонд тавьсны үндсэн дээр Эрхүү хотноо “Азийн товчоо” гэдгийг байгуулжээ. Хувьсгалт нууц бүлгүүдээс Зөвлөлт Орос, Сибирь, Алс Дорнодтой холбоо тогтоох ба... тэдгээрийн талаар чухал мэдээ олж авахад М.И.Кучеринко, Я.В.Гембаржевский нар онцгой их тус хүргэжээ.Бүлгийн гишүүд М.И.Кучеринко, Я.В.Гембаржевский нартай уулзах үед Х.Чойбалсан орчуулдаг байсан байна.

Богдоор толгойлуулсан автономит засгийг дахин сэргээхийг гол зорилго болгосон Д.Догсом, Д.Бодоо, Жамъян гүн зэрэг нийслэл хүрээний жижиг түшмэлүүд, бас автономийг сэргээж, хөрөнгөтний ардчилсан зарим шинэчлэл хийх замаар түүний хүрээг өргөтгөх гэсэн үндэсний хөрөнгөтний элементийн санааг илэрхийлсэн Данзан зэрэг хүмүүс оролцож байв... 1920 оны 6 дугаар сарын 25-нд хоёр бүлэг хамтран Догсомын гэрт хуралджээ. Мөн хурлаас Орос улсад төлөөлөгчид нэмэн явуулах асуудал хэлэлцжээ. Хуралдагсад шодож Д.Сүхбаатар, Лосол, Догсом, Д.Бодоо, Чагдаржав нарыг явуулах болж тэдний замын зардал, хэрэглэх хүнс, уналга морь зэргийг хувьсгалт байгууллагын гишүүдээс хуваарилан гаргуулах, харилцааны нууц түлхүүр үгсийг зохион бичгээр харилцахдаа Д.Сүхбаатарыг “ээж”, Лосолыг “аав”, Догсомыг “Георгий” гэх мэт хүн тус бүр дээр нэр буруулан бичиж байхаар тогтоожээ. 1920 оны 6 дугаар сарын 25-нд бүлгэмүүд хамтран хуралдаж Монгол ардын нам байгуулж “Намын хүмүүсийн дагаж явах тангарагийн бичиг”-ийг хэлэлцэн баталж ЗОУ-аас тусламж гуйх асуудлыг хэлэлцэв. 1920 оны 7 дугаар сард Данзан, Чойбалсан нарыг Хүрээнээс явсны дараагаар ЗОУ-д МАН-ын төлөөлөгчдийг нэмж явуулахаар шийдвэрлэж, Д.Бодоо, Д.Чагдаржав нарыг явуулж, дараа нь Д.Сүхбаатар (Төмөр) Д.Лосол (Дагва), Д.Догсом (Дэмбэрэл) гэдэг нууц нэрээр худалдаачдын дүрээр явсан байна. Ф.И.Гапоны шаардлагын улмаас Богдын тамгатай бичиг ба Намын бичиг хоёрын аль нь чухал болох талаар төлөөлөгчдийн дунд маргаан үүсч, 1920 оны 8 дугаар сарын 29-нд “Дорно зүгийн олон улс ард лугаа холбогдох хорооны Монгол Төвдийн хэлтэст” хэмээн хаяглаж Д.Бодоо, Д.Догсом нар бичиж өргөн барьжээ.

Уг бичигт: Орос улсын их тусыг Ардын намын нэрээр хүлээн авч, нийгмийн бусад хүчинд тулгуурлан автономитыг сэргээн, Богд Жавзандамба хутагтыг хэмжээт эзэн хаанд өргөмжлөн ардын этгээдийн Ардын намтай холбоо тогтоох гэсэн хоёр утга зүйлийг гол болгон илэрхийлж, “Орос улсын Зөвлөлт засгийн газраас алин болох түргэн цагийн дотор МАН-д үзүүлэх ил далдын их хүч ба автономийг босгоход яаравчлахыг хүснэ” гэжээ. Мөн “Монголын ард түмний тэсэхүйеэ бэрх байдлыг илтгэсэн бичиг” уг бичгийн талаар Г.Дашням томоохон өгүүлэл нийтлүүлсэн. Түүнд Монгол газарт тохиолдсон зовлон зүдгүүрийг товчлон боловч өмнөд, умард хөршүүдийн бодлого түлхэлтийн улмаас өөртөө засах эрхтэй улс болж, улмаар автономит засгийг алдсаны улмаас Гадаад Монголын ард олонд учирсан хүнд байдлыг боловсруулсан нь тэдний үзэл бодлын төлөвшил, нийгмийн өмнө тулгарсан зорилтын ойлгож томъёолох чадвар, бичиг үсгийн өндөр боловсрол, төлөөлөгчдийн дундах нэр хүнд зэрэг нилээд олон зүйлтэй холбоотой.. хэмээн Н.Хишигт багш дүгнэн өгүүлсэн байна.

Ардын хувьсгалаас хойш[засварлах | кодоор засварлах]

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараа 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл Ардын засгийн газрын дотоод Яамны (засаг захиргаа, соёлын асуудал эрхэлж байсан) эрхэлсэн түшмэл, 1922-1924 онд Цэргийн яамны дайчлан бүртгэх хэлтсийн эрхлэгч, 1924 оны 6-10-р сард Сэцэн хан аймгийн Далай ван, Эрх гүн, Бишрэлт ван, Ахай гүн, Үйзэн гүний хошуудад орон нутгийн захиргаадыг өөрчлөн байгуулах, хүн малын тоо бүртгэлийг үнэн бүрэн гаргуулах үүрэг бүхий төлөөний түшмэлээр... томилогдон ажиллаж байсан байна. Д.Догсомыг 1924 оны 10 дугаар сараас Монгол улслын засгийн газраас Ховдын хязгаарт суух төлөөний түшмэлээр ажиллуулжээ. Д.Догсом Ховдын хязгаарын ард түмэнд ардын засаг төрийн бодлогыг ухуулан таниулах, нутгийн захиргаадыг ардчилсан үндсэн дээр өөрчлөн байгуулах нам, засгийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байв. 1925 оны 5 дугаар сард дөрвөдийн үнэн зоригт хошуунд Д.Догсомыг нутгийн захиргаа байгуулахаар очоод байхад нь хүмүүс элдэв цуу үг тарааж түүнийг эсэргүүцэж байсныг 1925 оны 5 дугаар сарын 10-нд засгийн газарт илтгэн “Төлөөний түшмэл Догсом... бүдүүлэг, ард түмнийг ухуулж шүүмжлэн бүх зүйлийг тайлбарлан бичиг гаргаж... арван гэр, баг, сум хошуудын олон төлөөлөгч нартай амаараа илтгэн аливаа удирдан жолоодох хэргийг тусгай дүрэмтэй нийцүүлэн хянаж, оролцон эдүгээ энэ 5 сарын 6-ны үдэш дөрвөдийн баруун аймгийн үнэн зоригт хошууны харчуудаа нийлүүлж нилээн хүмүүс тус хүрээний газар хуралдан бүлэглэж огт худал цуу үг зохиож газар газарт хүн илгээж олны итгэлийг хутган явуулсаар одоо төлөөний түшмэл Догсомын миний биеийг энэ нэгэн хошуу олон хуралдсанаар илүү шүүмжилсэн элдэв хэргийг засгийн зааврын ёсоор дагаж явсугай гэх зэргээр одоо энэ хэргийн гэнэн ардын хэрэгт аливаа хошуудын шар хар олон ард нэгдэн дуурайж дээдэд улс гэр, доодод ард олонд харшлал хорлолтой зүйлийг явуулжээ”... гэсэн нэгэн архивын баримтаас үзэхэд хязгаар нутгийг тохинуулах ажилд идэвхийлэн оролцож нутгийн ардын эсэргүүцэлтэй тулгаран улс орны хөгжлийг ухуулан ойлгуулах ажлыг хийж байснаа илтгэн мэдүүлсэн байна. Ховдын хязгаарт Засгийн газрын төлөөний сайдаар ажиллаж байхдаа жинжий хэмээх Бадамтай ханилан суусан.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Д.Догсом 1926 оны 3 дугаар сарын эцсээр ЗХУ-д БНМАУ-ын бүрэн эрхт элчингийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллах болсон учир Ховдын хязгаараас Улаанбаатар хот явахдаа өөрийн сэтгэлтэй бүсгүй Бадамдаа зориулж “Хөх торгон дээл” гэдэг ардын дууны үг аяыг зохиосон ажээ. Мөн тэрээр “Дөрвөн уулын дунд” хэмээх ардын дууг зохиосон хэмээн урлаг судлаачид тогтоосон байна. Тэдгээр дуунууд өнөөдөр ч олны сонирхлыг татсан дуртай дуу хэвээр байна.

Хөх торгон дээлийг
Хөдөөний хоршооноос худалдаад авсан юм аа
Хөөрхөн төрсөн жинжий Бадам миний амраг
Хөхрөөд байгаа модтой уулын
Альхан талаар явдаг болдоо
Ай л хөөрхий еэ
Цагаан торгон дээлийг
Цантын хоршооноос авсан юм аа
Царайлаг төрсөн жинжий Бадам миний амраг
Цайраад байгаа цастай уулын
Альхан талд нь явдаг болдоо
Ай л хөөрхий еэ
Ногоон торгон дээлийг
Номтын наймаанаас худалдаад авсан юм аа
Номхон төрсөн жинжий Бадам миний амраг
Ногоороод байгаа модтой уулын
Альхан талд нь явдаг болдоо
Ай л хөөрхий еэ

Мөн тэрээр түүх, улс төрийн нийтлэлүүдийг бичихийн зэрэгцээ яруу найраг дуу шүлэг нэлээдийг бичиж байжээ. Түүний шүлгүүд нь ихэвчлэн тухайн нийгмийн дотор байсан дутагдлыг шүүмжилсэн шинжтэй байв.1934 онд “Ардын үндэсний эрх” сонинд хэвлэгдсэн “Үндэсний хувьсгал”... шүлэг нь:

Мөнх төрийг бататгах нь
Мөнхрөлтгүй зүтгэгч эрдэмтдийн гавъяа
Мөнгөн санхүүг хулгайлагчид нь
Мөнөө гайхуулагч шунахай гайхлуудын шившиг
Нээж байгуулсан санхүүгийн орлого
Нэгдэж хадгалагч өөрийн эзэн ард
Нэмж хөгжүүлэгч эдийн засаг
Нанчиж шамшигдуулагч манай ховдог дайсан
Чимж хийсэн хувцас биеийн засаг
Чийрэг мэргэн онол төрийн суурь
Мөнх төрийг бататгах нь
Мөнхрөлтгүй зүтгэгч шударга эрдэмтдийн гавъяа

Элчин сайдаар ажилласан нь[засварлах | кодоор засварлах]

Д.Догсом 1926-1927 онд БНМАУ-аас Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсад суух бүрэн эрхт элчингийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж, монгол зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан төдийгүй БНМАУ-ын гадаад байдлыг бэхжүүлэхэд зохих хувь хандив оруулсан туршлагатай дипломатч байв... 1928-1930 онд Алтанбулагийн сайд, 1930-1931 онд Эдийн засгийн зөвлөлд хэлтсийн эрхлэгч, 1931 онд Хувьсгалын музейн дарга, 1932-1933 онд Улаанбаатар хотын захиргааны даргаар ажиллаж байв.

Д.Догсом ЗХУ-д суух БНМАУ-ын бүрэн эрхт элчингийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж, монгол зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан төдийгүй БНМАУ-ын гадаад байдлыг бэхжүүлэхэд зохих хувь хандив оруулсан туршлагатай дипломатч байв. Тиймээс 1933 оны 9 дүгээр сард БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр Д.Догсомыг БНМАУ-аас Тагна Тува улсад суух бүрэн эрхт элчингээр томилжээ. 1933 оны 11 дүгээр сараас 1934 оны 11 дүгээр сар хүртэл БНМАУ-аас Тагна Тува улсад суух бүрэн эрхт элчин төлөөлөгчөөр ажиллахаар явахдаа Улаанбаатараас машинаар гарч Увс аймгийн төвийг дайрч, машин явах боломжгүй газраар мориор явсаар 1933 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Тувагийн нийслэл Кизил хотод очжээ. Д.Догсом ийнхүү явахдаа орон нутгийн байдалтай танилцаж зарим арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ... Үүнд:

1.Увс, Хөвсгөл аймгийн Туватай хил нийлдэг нутгийн малчид Тувагийн хулгайчид мал хулгайлан амар тайван байлгахгүй бухимдуулж байна хэмээн санал годмол их тавьж байсныг Тувагийн төр, засгийн удирдлагад мэдэгдэж, таслан зогсоох арга хэмжээ авахыг анхааруулжээ. 2.Монгол, Тувагийн хооронд шуудан харилцаа нэвтрүүлэх боломжийг судалж арга хэмжээ авах тухай асуудлыг тавьж уламжилжээ. Д.Догсом 1933 оны 10 дугаар сарын 22-нд болсон Тувагийн Ардын Хувьсгалт Намын II бүгд хуралд оролцсон тухай бичихдээ манай Монголын шинэ эргэлтийг тунхагласан МАХН-ын Онц Ш бүгд хурлын жишээгээр болж... байгаа юм байна гэдэг сэтгэгдэл төрсөн хэмээн бичсэн байна.

Д.Догсом Тувад сууж байхдаа 1921 оны хувьсгалын партизан нөхдөдөө хандаж баяр хүргэсэн сонирхолтой захидал ирүүлснийг “Хуучин партизан нөхөр Догсомын захидал” гэдэг нэрээр “Ардын үндэсний эрх” сонины 1934 оны 9 дүгээр сарын 29-ний дугаарт нийтлэгджээ.Захидлаас дурдвал: “Тус монгол орон нь алдарт Октябрийн их хувьсгалын халуун долгионыг угтан авч Зөвлөлийн засагт Орос улсын олон түмэн үйлдвэрчин, тариачин ардыг өөрийн хагацашгүй халуун хань нөхөр мөн хэмээн таньж, тэдний халуун гараас нь барилцан, бат гүнээ холбоо байгуулсны илэрхий ач гавьяагаар дотоод гадаадын эзэрхэг харгис нарын гар савраас өөрийн ардын эрх чөлөөг тэмцэж, нийтийн соёл боловсролгүй, харанхуй бүдүүлэг орны дотор анх хувьсгалыг үүсгэх үед нэн ялангуяа гадаадын эзэрхэг хятадын аюулт зэвсгийн ир хурцдан хүчирхэх, түрэмгийлэх байдал сүрхий догширсон туйлын түгшүүртэй... болсон ба дотоодын харгис нарын дарлал мөлжигдөл гал мэт бадарч, нутаг үндсээ гадаадын шунахай ховдог хятадад худалдаж, олон түмэн ардууд нь өөрийн газар шороон дээр хөл зогсох газрыг олохгүй догдолзон хурц мэсний хүрээний дотор агуулагдсанаас зовлонгийн салхи аль зүгээс таарах цагийг хүлээж агсан тийм үед анх хувьсгал буй болж, хүчийг олсон нь үнэн баатар зорилгот үндэсний хувьсгалч партизан нөхдийн журамт холбоогоор хүчийг нэгтгэж бат сахилгыг төмөр мэт зангидан эрэлхэг сүр хүчээр гадаад дотоодын эзэрхэг харгис нарыг байлдаж дийлэн, өөрийн эрх чөлөөг гартаа авсны ачтай гавьяа мөн хэмээн тэмдэглэвээс зохих болой... хэмээн үндэсний эрх чөлөөний хувьсгалыг дурсан өгүүлжээ.

Мөн тэрээр хамтран зүтгэж байсан нөхөр Д.Сүхбаатарыг ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд харуусан “монголын хувьсгалын эхний манлай удирдагч үнэн хувьсгалч баатар зориг төгөлдөр нөхөр Д.Сүхбаатарын бие санамсаргүй орчлонгийн эндүүрлээр ургасан цэцэг адил хайран идэр залуу насандаа ертөнцөөс чөлөөлснийг санах тутам харамсан гашуудаж барахгүй болоод түүний үүрдийн мартагдашгүй гавьяаг олон нөхдийн өмнө дурдаж сэргээж”... бүх дэлхийн хувьсгалын зүг өнгөлзөгч нохой адил тэдний эзэрхэг түрэмгий нарын өмнөөс хатуу нударгыг өгөн няцааж өөрийн газар орон нутаг үндсээ бүрэн бүтнээр хамгаалан тусгаар тогтносон эрх чөлөөт хувьсгалт улс төрөө бататгах явдал монголын үндэсний улаан партизан нарын санал хүчээр өндөрлөж, ардын тулгуур багана болох их үүргийн дор оршиж буй тул тэдний мөхөх ертөнцийн өмнөөс хүчлэн тэмцэх нь ердийн зорилго болохыг тэмдэглэхийн хамт БНМАУ-ын үндэсний хувьсгалын улаан партизан нөхдөдөө”... баяр хүргэж зоригжуулсан захиа ирүүлснийг журмын олон партизан нөхөд нь гүн талархалтай хүлээн авчээ...

1934 оны 11 дүгээр сараас 1936 оны 3 дугаар сар хүртэл Засгийн газрын аппаратад ажиллаж байхдаа 1935 оны 6 дугаар сараас 1936 оны 3 дугаар сард Манжуурын хэлэлцээрт оролцох БНМАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж байв.Уг Манжуурын хэлэлцээрт Манж го Гадаад Монголын хоорондын хил тодорхой бус байгаагаас хил тогтоох ажилд БНМАУ-ын 8 төлөөлөгчдийг 1935 оны 5 дугаар сарын 30-нд Манж-гогийн нутагт орших Манжуур төмөр замын өртөөнд очсон төлөөлөгчдийн тэргүүн нь Бүх цэргийн жанжны 2 дугаар орлогч Гончигийн Самбуу, гишүүдэд нь Дорнодын 2 дугаар морьт корпусын дарга Гомбожавын Дамба, засгийн газрын түшмэл Дансранбилэгийн Догсом, нарийн бичгийн дарга Догьсүрэн, Дипломат курьер Чимэддорж, ажилтан Жавган, Лувсандэндэв, орчуулагч Жүрмэд нар оролцов. Козловскийн цахилгаанд өгүүлснээр Самбуу тэргүүтэй БНМАУ-ын төлөөлөгчид зөвхөн Халхын сүм районд 1935 оны 1 дүгээр сарын 24-нд болсон мөргөлдөөн, түүнчлэн Халхын сүм хэний нутагт харъяалагдах талаар хэлэлцээ хийх эрх засгийн газраас авсан болохыг мэдэгджээ. Мөн япон-манж-го улсын төлөөлөгч тал заавал ч Халхын сүмээс өөр өргөн хүрээтэй асуудлаар буюу бүх хилийн шугамыг тогтоох, эсвэл дипломат харилцаа тогтоох хэлэлцээ хийхийг оролдох аваас эрхгүй гэдгээ мэдэгдэх ёстой.

Түүнчлэн Манжгогийн тал Монголын төлөөлөгчдийг энд байгаа Зөвлөлтийн консултай харьцахад ихэд эмзэглэн хардаж байгаа тул төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга болох Догьсүрэнг Откорт байнга байлгаж хуралдааны бүх протоколыг Зөвлөлтийн консул Смирновт дамжуулж байгаа болохыг Самбуу илтгэлдээ дурджээ.Монголын төлөөлөгчид бүх хуралдааны протоколыг 3 хувь үйлдэж БНМАУ-ын ерөнхий сайдын орлогч, бүх цэргийн жанжин, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарт илгээж байжээ.

1934 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны дараа Самбуу, Догсом нарын толгой өвдөн, хоолонд дургүй болж, Самбуугийн бие хэд хоноод сайжирсан боловч хамгийн ахмад нь болох 50 настай Догсомын бие улам дордон нэг хэсэгтээ хэвтэрт орсон байна. Мөн Японы талаас элдэв шаардлага нот бичиг өгөх болсон тул хэрхэх тухайд Смирнов консулаас асуулгасанд тэрээр Москва руу холбоо барьсны дагуу Японы нот бичгийг авч өөрийн засгийн газартаа дамжуулж байхыг зөвлөсөн тул 7 дугаар сарын 4-нд Канки-гаас өгсөн нотыг хүлээн авч засгийн газартаа явуулсан болохыг Самбуу илтгэлдээ тайлбарлаж тэргүүн Самбуу, Дамба, Догсом, нарийн бичгийн дарга Догьсүрэн, Лувсандорж хэмээн гарын үсгээ зуржээ.

Манжуурын бага хурлын хоёр дахь хэлэлцээр нь 1935 оны 10 дугаар сарын эхээр төлөөлөгч нар өмнөх хуралдааны асуудлыг хэлэлцэж, хоёр талын хооронд хилийн төлөөлөгч солилцох тэдний эрх үүрэг, байрлах газар, мөн хилийн будлианыг зохицуулах холимог комиссыг байгуулах асуудлууд багтжээ. 10 дугаар сарын эхээр төлөөлөгч нар өмнөх хуралдааны асуудлыг хэлэлцэлж, хоёр талын хооронд хилийн төлөөлөгч солилцох тэдний эрх үүрэг, байрлах газар, мөн хилийн будлианыг зохицуулах холимог комиссыг байгуулах асуудлууд багтжээ. 10 дугаар сарын 16-ны өдөр Канки орчуулагч Инокүчитэй хамт Самбуутай уулзахаар Монголын төлөөлөгчдийн байранд ирэхэд нь эзэнгүй байсанд Дамба, Догсом нартай түр ярилцжээ. Үүнд Канчи бидний өмнө асуудлыг шийдэх хоёр зам байна.

Нэгд: тайван замаар,

Xоёрт: хүч хэрэглэх аргаар.

Хэрвээ танай улс манай саналыг хүлээж авахгүй бол бид хүчээр танай нийслэлд хүрч, асуудлыг хүчээр шийдэхээс өөр аргагүй болно гэжээ. Догсом нь Халхын голын хил хязгаарыг тогтооход оролцож байжээ.

МАХН-ын Төв хороо 1936 оны 3 дугаар сарын 11-нээс 20-нд Улсын бага хурлыг зарлан хуралдуулсны дараахан ерөнхий сайд П.Гэндэнг албан тушаалаас нь халж А.Амарыг ерөнхий сайдаар, Д.Догсомыг БНМАУ-ын Бага хурлын тэргүүлүэгчдийн даргаар тус тус томилжээ.

1936 оны 7 дугаар сарын 11-нд БНМАУ-ын 15 жилийн ойг тохиолдуулан ЗСБНХУ-ын төвийн гүйцэтгэх Хорооны дарга М.И.Калининаас БНМАУ-ын бага хурлын дарга Догсомд илгээсэн цахилгаанд “...Монголын хөдөлмөрчин ард түмэн БНМАУ-ын Засгийн газрын удирдлагаар төр улсаа бэхжүүлэх ардын аж ахуйгаа шинэтгэн байгуулах, үндэснийхээ соёлыг сэргээн хөгжүүлэхэд амжилттай хөдөлмөрлөн байгааг ЗСБНХУ-ын ард түмэн талархан ямагт анхааралтай ширтэн харж байдаг юм. БНМАУ цаашид улам амжилт олж манай хоёр орныг эрт дээр үеэс холбосон найрамдлын барилдлагаа ард түмнүүдийн маань ашиг тус, бүх нийтийн энх тайвны сонирхолд нийцэж хөгжихийн ерөөл дэвшүүлье”... хэмээн мэндчилгээ явуулж байсан байна.

Д.Догсом 1937 онд намын 17 жилийн ойн илтгэлдээ:

„Манай Монгол ард түмэн нь 16 жилийн өмнө гадаад дотоодын эзэрхэг харгисууд ба феодалын дарлагдал мөлжигдлийн доор гэсгээгдэж бэрх зовлонг эдэлж байх үед нам нь ард түмний хувьсгалын хүчин зоригийг нэгтгэн манайлан дэлхийн хувьсгалын эх оронтой холбоог байгуулж тэдний зохистой халуун тусламжийг хэрэглэж өөрийн ард түмнийг дарлагдлалын зовлонгоос салгаж улс орондоо тусгаар тогтносон бүрэн эрх чөлөөг олгож... ард түмний аж амьдрал, соёл боловсролын хийгээд улсын эдийн засаг болон улс орныг батлан хамгаалах хүчин чанар чинээ нөхөд нь ихээр давшин хөгжиж шинэ хөгжлийн байдалд явж буй“

хэмээн өгүүлсэн байна.

Хэлмэгдсэн ба амьдралын сүүлийн жилүүд[засварлах | кодоор засварлах]

Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа 1939 оны 7 дугаар сарын 9-нд хилс хэрэгт баривчлагдаж 1941 оны 7 дугаар сарын 8-нд ЗХУ-ын хаалттай шүүх хуралдаанаас хуулийн дээд хэмжээгээр шийтгэж цаазалжээ.

Д.Догсомд холбогдсон хувьсгалын эсэргүү хэрэг нь хилс ташаа зохиомол зүйл байсныг нотлон тогтоосон ЗХУ-ын Ерөнхий прокурорын хариуг үндэслэн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах ажил эрхлэх комиссын 1962 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор цагаатгажээ.[1]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]