Онги голынхон хөдөлгөөн

“Онги голынхон хөдөлгөөн нь” нь Онги голын ус татарч , Улаан нуур ширгэсэн шалтгааныг тогтоох , голыг хамгаалж , урсацыг нь нэмэгдүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Уянга , Зүүнбаян-Улаан , Тарагт , Баянгол , Арвайхээр , Дундговь аймгийн Сайхан-Овоо , Өмнөговь аймгийн Мандал-Овоо , Булган сумдын иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан Монголын анхны гишүүнчлэлтэй иргэний хөдөлгөөн. 2001 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш Онги голын эх , түүний цутгал 72 цутгал голуудын тэнцвэрийг хадгалах , нөхөн сэргээх түүнчлэн Монгол орны байгаль экологи , гол , усны эх үүсвэрийг хамгаалах томоохон хөдөлгөөн болж чадсан юм. Бид өөрсдийн үйл ажиллагаандаа олон нийтийн сургалт сурталчилгаа, иргэний идэвхитэй, санаачлагатай оролцоог бий болгох ажлуудыг зохион явуулж, байгаль орчины холбогдолтой төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлөл үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн бүс нутгийн хэмжээнд 1600 гаруй гишүүнтэй, сумдаас төлөөлөн оролцсон 9 хүний бүрэлдхүүнтэй Удирдах зөвлөл, 3 хүний бүрэлдхүүнтэй Хяналтын зөвлөл, сум бүрт салбар Зөвлөлтэй.



Үйл ажиллагаа Хөдөлгөөний Удирдах зөвлөл, Салбр зөвлөлийн бүрэлдхүүн, бүх гишүүдийн төлөөлөгчид жил бүр ээлжит хуралдаан, төлөвлөлтийн семинарыг зохион явуулж өмнөх жилийн ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлэлцэн дараа оны үйл ажиллагааныхаа чиглэл, төлөвлөгөөг боловсруулж баталдаг. 2001 онд үүсэн байгуулагдсанаас хойш нийт 8 удаагийн төлөвлөлтийн семинар, бүх гишүүдийн ээлжит хуралдааныг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Улаан нуур багт, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Цагаан овоо” жуулчны баазад, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Эргэн дэнж багт, Арвайхээрт, Улаанбаатар хотод тус тус зохион явуулсан. 1. Онги голын эхэнд 2001 онд 37 аж ахуйн нэгж хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсаны 35-ыг нь таслан зогсоож, 2 уурхай ажиллаж байгаагаас одоогоор Өлтийн уурхайн үйл ажиллагааг түр түтгэлзүүлээд байна.

2. УЦУОШГ-ын “Хурын шим” төвтэй хамтран голын усны урсацыг тэтгэх, таримал болон бэлчээрийн ургамлын ургалтыг сайжруулах, ган гачиг тайлах зорилгоор бороо оруулах ажиллагааг 2005 онд нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан, мэргэжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр эхлүүлсэн. Эхний жил Онги голын урсац 7 хоногийн хугацаанд 320 км. 2006 онд 45 хоног 370 км, 2007 онд 2 сарын турш 400 гаруй км урсаж сүүлийн 9 жилд анх удаа Улаан нуурт дөхөж очсон юм. 2008 ондоо багтаан бид УИХ дахь “Онги гол- Улаан нуурыг хамгаалах сонирхолын бүлэг”-ээр дамжуулан Засгий газраас зарцуулах төсвийг батлуулж, Онги гол болон бусад голуудын эхэнд хур тунадас нэмэгдүүлэх “Газрын генератор” байрлууах шийдвэрийг гаргуулсан.

3. 2004 онд Япон улсын Засгийн Газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр “Онги-Чацаргана” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд голын сав нутгийн 8 суманд нэг га талбайг сонгон авч 7200 ширхэг чацарганы тарьц суулгасан. Чацаргана нь эрс тэс уур амьсгалын манай орны нөхцөлд онцгой зохицсон, байгаль цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй таримал төдийгүй элсний нүүдлийг сааруулах, хөрсний эвдрэлийг арилгахад онцгой нөлөөтэй, хөрсөнд сайн хавж, ус чийгийг маш сайн татдаг. Одоогийн байдлаар 6 сумын 6 га талбайн чацарганы ургалт сайн, Өвөрхангай аймгийн Марагт сумын Алтан тал, Баянгол сумын Эргэн дэнжид тариалсан Чацаргана 2007 оноос эхлэн үр жимсээ өгч эхлээд байна. Мөн оны 10 сард цэцэрлэгчид тухайн төгөлийг хөрөнгө оруулалтын хамт хувийн эзэмшилд нь хүлээлгэн өгсөн. Цаашид цэцэрлэгчид талбайгаа нэмэгдүүлж аж ахуйгаа өргөжүүлэх, жимс боловсруулах жижиг үйлдвэр байгуулах зэрэг боломжууд нээлттэй болсон.

4. 2005 оны 05-06 сард Улаан нуураас Онги голын эх хүртэл 480 км газар экологийн эсэргүүцлийн явган маршийг хөдөлгөөний гишүүд дэмжигчид, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран зохион явуулсан. Онги голын дагуу үүссэн экологийн сүйрлийг олон нийтэд нотлон харуулах, буруутай үйл ажиллагааг зогсоох, асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх зорилготой энэхүү маршийг зохиосон нь нилээд үр дүнтэй ажлын нэг болсон.

5. 2005 онд Конрод Аденуэр сангийн дэмжлэгтэйгээр “Онги гол-Экологийн сурах бичиг” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Онги голын сав дагуух 8 сумын иргэдийн 20 мянга гаруй сурагчдад төрсөн нутаг орныхоо байгаль экологийн онцлогийг таньж мэдэх, байгаль эхээ хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлхэд төслийн гол зорилго чиглэгдсэн. Сумдын ЕБД сургуулийн багш нар 2-3, 4-5, 7-8 дугаар ангийн сурах бичгийг өөрсдөө зохиож “Иргэний боловсрол” хичээлийн сэдвийн хүрээнд сурагчидад заахаар БСШУЯ-наас албан ёсны зөвшөөрөл авсан. Цаашид сурах бичгээ улам боловсронгуй болгох, бусад ангиудыг нэмж бичихээр төлөвлөн ажиллаж байна.

6. 2007 онд хэрэгжүүлсэн “Цэцэрлэгчид-Гуталчид” төслийн хүрээнд 8 сумаас сонгогдсон 20 хүнийг “Урлах эрдмийн дээд сургуульд” том хүний болон хүүхдийн гутал оёж сурах сургалтанд хамруулж, мэргэжил эзэмшүүлсэн. Сургалтанд хамрагдсан хүмүүс орон нутагтаа очиж эзэмшсэн мэдлэг дээрээ тулгуурлан, төрөл бүрийн гутал оёж зах зээлд борлуулан амьдрал ахуйгаа дээшлүүлж байна.

7. 2007 оны бүх гишүүдийн 8-р хуралдаанаар батлагдсан ажлын хүрээнд уул уурхайн байгаль орчинд болон иргэдэд учруулсан хохирлыг Засгийн газраас нэхэмжлэхээр ажиллаж байна. Энэ ажлыг илүү үр дүнтэй явуулхын тулд иргэдэд хуулинд заагдсан эрх үүргийг нь ойлгуулах, байгаль хамгаалах хууль тогтоомжийн талаар мэдлэг мэдээлэл олгох үүднээс “Хуулийн сургалт- Иргэдийн оролцоо” сэдэвт сургалтыг явуулсан