Ц.Хасбаатар

Ц.Хасбаатар

Төрсөн газар Манж чин улс, Өвөр Монгол, Ордос баруун гарын дундад хошуу
Нас барсан газар Монгол Улс, Баян-Өлгий аймаг, Толбо нуур сум
Ажиллагаа/салбар морин цэрэг
Нэгж Баруун хязгаарын ардын журамт цэрэг
Тулалдаанууд/дайнууд Таван замын байлдаан,
Хиагтыг чөлөөлөх тулалдаан,
Намирын хүрээний тулалдаан,
Бөхмөрөнгийн тулалдаан,
Толбо нуурын тулалдаан

Хасбаатар жанжин нь ардын хувьсгалын үйл хэрэгт эхнээс нь оролцон өөрийн хатан зоригоор алдаршсан баатар хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Хас нь Баатар гэдэг нь цол 1884 онд Ордос нутгийн хүн байжээ. Долоон Гөрөөчин овгын хэргэм залгамжлах Бэйлийн удам залгах цор ганц хүү байсан хэдий ч эцгийн зэрэг дэсийг өв залгамжлахаас татгалзаж хүрээ хийдэд шавилан сууж бичгийн эрдэм, бурханы шашинд хичээнгүй суралцаж шарын шашины томоохон лам хувилгаан болжээ. Хожим хар хүн болж морин цэргийн жанжин болсон ч лам шар дээлтэй, өндөр нуруутай орос урт сэлэм, маузер буу агсаж явдаг хүн байжээ. Ширүүн харцтай, өндөр хамартай, хар сахалтай, нимгэвтэр шар царайтай хүн. XX зууны эхээр Манж Хятадын дарлалыг эсэргүүцэн хошуу нутгийнхаа ардыг босоход Хасбаатар, тайж Энхбилэгтийн Тогтохын хамт оролцжээ. Тэд эх нутгаа хамгаалан хятадын түрэмгий их цэргийн өөдөөс удаа дараа ширүүн тулалдсаны эцэст арга буюу хүчин мөхөстөн оросын хилийг нэвтрэн ороод одоогын хөвсгөлийн нутгаар орж тэндээ гэр бүлээ үлдээн дараа нь Их хүрээнд ирсэн байна.

Монголын эрх чөлөөний тэмцлийг дарахаар 1913 онд Хятадын хар цэрэг довтлоход Хасбаатар нь таван замын байлдаанд Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэргийн ламаар томилогдон явж өөрийн биеэр байлдан туслалдсаар булаан эзлэгчдийг Улаандовын шил хүртэл хөөн зайлуулаад буцаж ирсэн юм. Ардын хувьсгалын анхны партизан, Автономит Монголын цэрэг Д.Чойжинжав "Бид нэг их буутай мянгаад цэрэг, хятадын цэрэгтэй есөн удаа их бага тулалдаж билээ. Хошмог цагаан нуурын дэргэд болсон анхны байлдаанаар бид хятадаас их буу найм, бага буу хэдэн зууг олзлов. Дараа нь Шандын гол, Хөх сүм, Найман сүмийн манханд болсон тулалдаануудад Ярин баатар, Хасбаатар нар морин дайралтаар хамгийн түрүүнд л чавхдах адил гялалзан өнгөрч харагддаг байлаа..." гэж ярьсан. Хятадын цэргийн довтолгооныг эсэргүүцсэн энэ тэмцэлд Хасбаатар гарамгай зүтгэсэн учир Богдын засгийн газраас түүнд "цорж" ямба шагнасан ч аваагүй гэдэг. Хожим Хасбаатарыг Баатар цолоор шагнажээ.

Ардын хувьсгалд оролцсон нь[засварлах | кодоор засварлах]

Гэвч Хасбаатар хэргэм зэргээ эдлэн ямбархаж хүрээ ганданд суухыг зорьсонгүй. Харин хязгаарын ард олны дунд байж амьдрахаар Хиагтын зүүн харуулд очиж суужээ. 1921 оны эхээр Монголын хувьсгалчид ардын журамт цэрэг байгуулж, хятадын булаан эзлэгч гамин, оросын цагааны оргодлуудыг хөөн зайлуулж, эх орныхоо төрийн тусгаар тогтнолыг босгохоор шийдвэрлэж, их хэргийг үүсгэсэн билээ. Энэ зорилгор Д.Сүхбаатар 1921 оны хавар цэрэг элсүүлэхээр Хиагтын зүүн харуул өөд мордож, Хүдэрт нутагтай байсан Цэдэнбалжир, Галдангийнд анх очжээ.

Тэд харуулд байсан Содномдаш, Манибадар, Хасбаатар нар Сүхбаатартай уулзан монгол түмэнд тохиолдсон гашуун бэрх, зовлонт байдлын тухай ярилцсаны эцэст шинээр байгуулах журамт цэрэгт орохоор саналаа шууд илэрхийлэн өөрсдөө хүн олж элсүүлэхээр ярилцаж тогтсон байна. Хүдэр, Хяраан харуулуудаас хэсэг эрчүүд сэтгэл нэгдэн журамт цэргийн анхны хороо болон зохион байгуулагдахад Сүхбаатарын даалгавраар түүний даргад Б.Пунцаг, хорооны ламд Хасбаатар нар томилогджээ. Тэд 1921 оны хоёрдугаар сард Хяраанд очсон хятад цэргийн тагнуулуудыг баривчлан устгаж, ардын хөрөнгө хогшил, амь биеийг бүрэлгэн сүйтгэж байгаа гамингийн 1000-2000 цэрэгтэй Пунцаг, Хасбаатар, Нанзад нарын удирдлагаар удаа дараа тулалдан тэмцэж байжээ.

"Байлдаж яваа цэргийн хүн ухрах ёсгүй. Давшаад! гэж хэлээд хар сахалтай, нимгэвтэр шар царайтай, идэр насны нэг эр буу бариад биднийг шаламгайлан дагуулж хятадын хоёр мянга гаруй цэргийн өөдөөс Хярааны элсэнд байлдаж явсан" гэж Цэрэндоржийн Чимэд партизан Хасбаатарыг дурсан ярьжээ. Хоёрдугаар сарын сүүлчээр Хасбаатар Дээд шивээнд дуудагдан очиж Сүхбаатарын дэргэд түр ажиллаж байв. Дараа нь удалгүй партизан цэргийг хороо анги болгон зохион байгуулахад Хасбаатар журамт цэргийн гуравдугаар хорооны даргаар томилогдсон байна. Мөн оны хавар (1921.03.13-нд) Монгол Ардын Намын Төв Хорооны гишүүд, хошуу, шавь, цэргийн төлөөлөгчид хамтран хуралдаж, Монгол Ардын Түр засгийн газрыг байгуулахад Хасбаатар цэргийн ангийн төлөөлөгчөөр сонгогдон ирж хуралдсан байна. Архивын бичиг баримтаас үзэхэд Ардын Түр засгийг байгуулахад Хасбаатар оролцжээ. Үүний дараа Монгол оронд ардын хувьсгал эхэлж, Хиагт хотыг хятадын цэргээс чөлөөлөн авах тэмцэлд Хасбаатар хороо удирдан оролцож, улмаар бүх цэргийн дотор үлэмж их алдаршсан байна.

"Алтанбулагийг авахад би Хасбаатартай хамт явсан. Хийж яваа ажлаараа тэр цэрэг, улс төрийн их зүтгэлтэн байлаа. Хар хиазтай шар торгон дээлтэй, урт тахир сэлэм, модон хуйтай буу ташаандаа зүүнэ. Хурц сэргэлэн нүдтэй, тун алиа, зай чөлөө л гарвал цэргийн дунд орж ирээд дуулна. үлгэр, оньсого ярьж таалцана..." гэж партизан Лувсандоржийн Пунцагийн ярьснаар үзэхэд Хасбаатар маш энгийн мөртөө цэрэгтээ хайртай, олон түмэнч эр байжээ.

Баруун хязгаарыг чөлөөлөх тэмцэлд[засварлах | кодоор засварлах]

Монгол Ардын Түр засгийн газрын хурлаас (1921.03.22) Сүхбаатарын санал ёсоор Хасбаатарыг Алтайн цаадах Урианхай хошуу Ховд, Улаангом зэрэг нутгийн монголчуудад Ардын нам, засгийн бодлогыг таниулж, цэрэг элсүүлэн, тэнд бүгсэн цагааны оргодлуудыг устгах даалгавар өгч, ардын засгийн бүрэн эрхт төлөөний их түшмэлээр томилжээ. Хасбаатар засгийн даалгаврыг биелүүлэхээр Дамбадорж, өлзийханд, сургагч Байколов, Церенов нар болон цөөн цэргийн хамт Зөвлөлтийн нутаг Эрхүү хотоор дамжин урианхай, дүрвэдийн нутагт удалгүй хүрэлцэн очжээ.

Хасбаатар монголын баруун хязгаарыг эзлэн авч аллага, дээрэм явуулж байсан цагаантны ард олныг дайчлан зохион байгуулж, цэргийн үлэмж хүчийг ахархан хугацаанд хуралдуулсан байна. Хувьсгалын элчийг очиход хязгаарын ард олон "Халхын долоон баатрын нэг нь ирж явна. Амар тайван болгох гэнэ" гэхчлэнгээр хэлэлцэж, халуун сэтгэлээр угтан аваад, улмаар учир явдлыг танилцсан дороо эрчүүд Хасбаатарын цэрэгт элсэн, уналга морьд, эд хөрөнгөөрөө туслах болжээ.

Наранбаатар нарын эрх чөлөөний төлөө тэмцэж байсан нутгийн сайн дурын хүчнүүд ч Хасбаатарын талд ирэв. Хасбаатар дүрвэдийн хязгаарыг чөлөөлөх их тэмцэлд зөвлөлтийн улаан цэрэгтэй хамтран ширүүн тулалдааныг 1921 оны зун, намрын турш Хасбаатарчууд өөрөөсөө хэд дахин давуу цэрэг, зэвсгийн хүчтэй атаман Кайгордовын отряд, генерал Бакичийн корпустай Арлын хой, Ачит нуур, Намирын хүрээ, Усан хоолой, Шар нуур гэдэг газруудад удаа дараа 3-5 хоног хүртэл хүч тулан зууралдан байлдаж, ихэнхдээ дайсныг үлэмж хохируулан зугтаалгадаг байжээ. Тэд зөвхөн Бөхмөрний хөндийд даруй 14 удаа тулалдаан хийжээ.[1] Хасбаатартай хамт байлдаж явсан Цэндийн Аюушжав "Манай энэ хэрэг бат хувиралтгүй юм шүү. Дайсантай айхгүй тулалдах хэрэгтэй. Зориг л байвал бид заавал дийлнэ" гэж Хасбаатар бидэнд хэлдэг байсан. Тулалдаан болоход Хасбаатар ханцуйгаа сэгэлдрэглээд л тахир сэлмээрээ даллан хурайлаад, хамгийн түрүүнд давхин ордог байв" гэж ярьж байгаа нь тэр хүн хичнээн их эрэмгий зоригтой, ирээдүйдээ хатуу итгэн, цэргүүдээ ялалтанд зоригжуулагч байсныг нотлох юм.

Толбо нуурын бүслэлт[засварлах | кодоор засварлах]

Хасбаатарчууд хэдэн сарын турш товч тайлж, тохом эгшээлгүй тулалдсаар олон бүлэг дээрэмчдийг устган, Ардын хувьсгалын ялалтыг тунхаглан яваад 1921 оны есдүгээр сарын 10-даар Толбо нуурын захад Саруул гүний хүрээнд урвагч феодал ноёдын хорон санааны уршгаар цагаантны 3000 орчим цэрэгт бүслэгдсэн.[2] Тэд гаднаас шувуу ч орохооргүйгээр бүслэгдсэн боловч 42 хоногийн турш өлсгөлөн, өвчин, цаг уурын бусад хэцүү, хүнд бэрхшээлийг баатарлаг тэмцлээрээ туулсан байна. Генерал Бакич "... зэвсгээ хураалган бууж өгвөл амь бие, эд хөрөнгөд чинь халдахгүй. Эсэргүүцвэл байран дээр чинь буудаж ална!" гэж тулган шаардсан боловч Хасбаатарчууд бат цайз хэвээрээ байлаа.

Хасбаатар тэр бэрх цагт цагаантны бүслэлтийг дайран гарч, Хөшөө модонд байсан Зөвлөлтийн улаан цэрэгтэй холбоо барих, нутгийн ардуудаас цэрэг дайчлан дайсныг цохиж үлдсэн нөхдөө аврахаар эрэлхэг тэмцэл хийж яваад дайсанд алагдсан байна.[3][4][5].

Сонирхолтой баримтууд[засварлах | кодоор засварлах]

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Эрэлхэг жанжин партизан Хасбаатар
  2. Эрэлхэг жанжин партизан Хасбаатар
  3. С.Цог Толбо нуурын бүслэлтийн үнэн түүх буюу Хасбаатар хэрхэн амь үрэгдсэн бэ
  4. Серебренников И. И. Великий отход: Рассеяние по Азии белых русских армий, 1919—1923. — М: ACT; Ермак, 2003.— cc. 134—135[permanent dead link]
  5. Торновский М. Г. События в Монголии-Халхе в 1920—1921 годах // Легендарный барон: неизвестные страницы гражданской войны. — М.: КМК, 2004. С. 311. ISBN 5-87317-175-0

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]