Жамцын Лувсанбалдан

Тэрээр 1894 Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу буюу одоогийн Булган аймгийн Сайхан суманд төрсөн. 17 настайдаа голын овоо, хошууны наадамд барилдаж бөхийн гараагаа эхэлжээ. Төрсөн ах Жамцаараа овоглосон байдаг. Богд хаант засгийн үед ахыгаа дагаж тухайн үеийн нутгийн алдарт аваргууд Лувсанжамбаа, хулгар Нацаг нараар бөхийн эрдэм заалгаж явжээ.

1921 оны арван засгийн наадамд тав давж начин, 1923 оны цэргийн наадамд долоо давж заан цол хүртсэн. 1924, 1933 онд зургаа, 1926 онд тав давжээ. 1941 онд түүнийг цэргийн халуун усны дарга албан тушаалтай байхад Лхагвасүрэн Жанжин дуудаж бөхийн нэгэн галыг дасгалжуулж улсын наадамд бэлдэх үүрэг өгчээ. Олон эх сурвалжаас харахад уг гал нь Булганы бөхчүүдийн гал байсан бололтой. Лхагвасүрэн Жанжин ч өөрөө Булганы Сайханы хүн билээ. Улсын арслан С.Самданжигмэд-ийн хуучилсанаар энэ бэлтгэл дээр Лувсанбалдан заан хөнтрөх мэхийг бяртай том хүнийх нь хувьд тухайн үеийн арслан Түвдэндоржид заахад тэрээр гаргууд сайн сурсан ажээ. Тэр жилээ Түвдэндорж арслан уг мэхээр давсаар түрүүлж Улсын аварга цол авсан аж. Мөн Монгол Ардын армийн хошууч цолтой байхдаа “Алдар” нийгэмлэгийн анхны дасгалжуулагчаар ажиллаж байсан баримт бий. Дээрх 2 шалтгааны улмаас бөхчүүд, бөхийн хорхойтнуудын дунд “Багш” гэдэг тодотгол нэрийг авч хүндлэгдсэн юм.

Дамбын Бумбаа гэж Хөвсгөл аймгын харъяат эмэгтэйтэй гэр бүл болон амьдарч байсан. 1953 оны үед хотоос Улиастайн сүү фермд(Шар хаднаас цааш байх) орлогч даргаар очиж ажилласан. 1956 оноос Улиастайн ой хамгаалагчийг 75 нас хүртэл хийж байгаад 1988 онд 94 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.

Түүнийг амьд ахуйд нь сурвалжлагч, бөхийн түүхч нар урьж уулзаж ярилцахыг хүсдэг байсан боловч тэрээр очиж уулзах тун дургүй, огт очдоггүй байсан ажээ. Тиймээс ч Лувсанбалдан зааны тухай бичигдэж тэмдэглэгдсэн мэдээлэл тун ховор байдаг.