Синьхайн хувьсгал

Синьхайн хувьсгал (хялбар хятад. 辛亥革命, пиньинь xīnhài gémìng, синьхай гэмин) Манж Чин гүрнийг буулган авсан хятадын хувьсгал. 1911 онд Учаны бослогоор эхэлсэн юм. ("Цагаагчин Төмөр гахай" жил 辛亥 «синь-хай»).

Урьдчилсан нөхцөл байдал[засварлах | кодоор засварлах]

Синьхайн хувьсгал

1902 онд татвараас болж төв болон орон нутгийн зөрчил гарч, орон нутаг төвөөс бараг үл хамаарах болов. Хятад заншлаар аман дээрээ төр улсдаа “үнэнч” гэх нь мэдээжийн хэрэг. 1906-1907 онд бэлэвсэн хатан хаан Цыси орон нутгийн захирагчдын эрхийг хязгаарлах захиргааны шинэчлэл явуулсан боловч 30 мянган дунд болон доод түшмэл үүнийг “чимээгүй” эсэргүүцэв.

Цыси хатан нас барсны дараа Чингийн төр (Цайтянь, Икуан нар) 1916 онд парламенттай болно гэж амлаад, 1909 онд орон нутгийн зөвлөлдөх хороодыг байгуулж эхлэв. 420 сая хүн амтай хятадын 2 сая нь “сонгуульд” оролцсон байна. Ямар ч гэсэн “сонгууль” хийжээ. 1910 онд Бээжинд “урьдач” парламент маягийн юм байгуулжээ. Манай монголын ноёд ч тэр “сонгуульд” нь очиж оролцсон юм билээ. Үүний нөгөө талд Хятад болон Японд Сунь Ятсенээр удирдуулсан Синжунхой (Хятадыг сэргээн мандуулах Холбоо), Хуан Син болон Сун зяжэн нарын удирдсан “Хятадын яруу алдрыг сэргээн мандуулах Холбоо”, мөн “Хятадыг сэргээх Холбоо” зэрэг хүчирхэг байгуулагууд хүчтэй гарч ирсэн байна. Нэрээс нь харахад хүртэл тэр үед хятадад үндэсний үзэл асар хүчтэй сэргэж байжээ.

Дээр дурдсан гурван бүтцийг 1905 онд Токио хотноо нэгтгэж Нэгдсэн Холбоо (Холбооны Лига) буюу монголчуудын бүдэг бараг мэдэх "Тунмэнхой"-г байгуулжээ. Эдний эсрэг үзэл суртлын хүч Хятадад бас байжээ. Энэ нь дүрвэгч шинэчлэгчид хийгээд хятадын үндсэн хуулийнхан гэсэн их том хэсэг байсан юм. Ер нь бол хятадууд нууц нийгэмлэг байгуулж тэмцдэг дорно дахины дадал зуршилтай байжээ. Манай монголчууд дандаа дугуйлан байгуулаад “үзэж тараад” байдаг нь дорно дахины энэ онцлогтой холбоотой байх. Ингээд хятадад нууц нийгэмлэг, дугуйлан, бүлгэм, ер нь бол баруун зүүн, шинэ хуучны бүх хэлбэрийг хольсон эсэргүүцлийн хөдөлгөөний есөн жорын хольц үүсчээ.

1906-1908 онуудад Тунмэнхой дөрвөн удаа Манж Чин гүрний эсрэг бослого гаргаж байсан. Тэрийг нь Манжийн төр нам дарж байсан байна. Ингээд эв нэгдлээ бэхжүүлэх ёстой атал Түнмэнхойн дотор хагарал гарч, хоёр хуваагдан 1908 онд ахин гурван бослого гаргажээ. Ахиад бутартал “наалгуулжээ”. Ахиад л Түнмэнхой хэд хэд хуваагдав. Үүнийг би яагаад яриад байна гэхээр аливаа ард түмэн ялалтад хүрэхийн тулд зовж зүдэрч, үйлээ үзэж, цусаа урсгаж, нусаа хацартаа нааж байж олон жил цуцалтгүй тэмцэж байж амжилтад хүрдгийг харуулах гэсэн юм.

“Хувьсгалчид” манжийн армийн дотор ухуулан таниулах ажил хийх ёстой гэдгийг арай гэж “ойлгожээ”. Ингээд дараалсан хувьсгалууд гаргаж эхлэв. Эхлээд Сычуаны, дараа нь Учаны, тэгээд Шизяжуаны үймээн гэх мэт. Үүний үр дүнд Манж Чин гүрэн үнэхээр суларсан юм. Хятадын ард түмний эсэргүүцлийг дарах гэж хичээх тутам армийг хүчтэй болгосон шинэ зүй тогтол үйлчлэх болов. Тэр үед хүчирхэг Бэйяны цэргийн бүлгийн командлагч, бидний сайн мэдэх генерал Юань шикай түүхэнд товойн гарч ирэв. Одоо тэр л хамаг асуудлыг шийддэг хүн болов.

Хувьсгалын өрнөл[засварлах | кодоор засварлах]

Хятадын бараг бүх нутаг бослого хөдөлгөөний талбар болов.

1911 оны 11 дүгээр сард Бээжинд хааны Ордонд сандраан болж Манжуур руу зугтах орголт эхэлжээ. Зарим сурвалжид 250 мянган манж хүн (!!!) Манжуур руу зугтсан гэж тэмдэглэсэн байдаг. Энэ эгзэгтэй үед буюу 1911 оны 11 дүгээр сарын 2-нд Чингийн ордон Юань Шикайд Ерөнхий сайдын суудлыг санал болгосон юм. Юань Шикайг Лондон, Вашингтон хоёр шууд дэмжсэн юм. Ер нь дэлхийн том гүрнүүд бараг бүгдээрээ Чин гүрнийг бушуухан унагаж, түүндээ Юань Шикайг ашиглахыг хичээж байсан юм.

Юань Шикай эхлээд армиа “шинэчилж”, манж цэргийн дарга нарыг хөөж оронд нь Дуань цижуй, Фэн гожан, Сюй шичан нарын хятад генералуудаа дэвшүүлэн томилов. Эдгээр хүмүүс хожим Хятадын төрийн том албанд очсон билээ. Ингэж баттай болгож авсныхаа дараа 1911 оны 11 дүгээр сарын 16-нд Юань Шикай Засгийн Газраа бүрдүүлж, Бүгд Найрамдах засаг тунхагласан Өмнөдөд хамтран ажиллах санал тавив. Ингэж Юань Шикай манж нарыг хувьсгалчдаар айлгаж, харин хувьсгалчдыг манж нартай хийх хэлэлцээрээр сүрдүүлсэн нь түүнийг хамгийн “мундаг” болгосон юм. Улс гүрэн нурахад…

1911 оны сүүлчээр олон мужид бослого гарч эхэлсэн. 11 дүгээр сарын 22-нд Сычуань, Наньянд бослого гарав. Ингээд 11 дүгээр сарын 27-нд Сычуань муж “энх тайвнаар” тусгаар тогтнолоо зарлав. Учир нь Чин гүрний амбан сайд болон Зөвлөлдөх Хороо гэдэг байгууллага Сычуаныг Бээжингээс тусгаарлах талаар өмнө нь ярилцаж тохирсон юм. Гэтэл үүний дараахан зарласан Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс Хятадын бүх хүчин нэгэн дуугаар татгалзсан байна. Үүнтэй нэгэн зэрэг шахам Түвд тусгаар тогтнолоо зарлав. Энэ үед Өмнөдөд Сун ятсений бүгд найрамдах засаг, Умардад Манжийн хаан бүхий хаант засаг зэрэгцэн орших болжээ. Юань шикай өмнө зүгт Уханийн чиглэлд богино хугацааны давшилт хийж өмнөдийн “үймээн”, “самууныг” дарав. Цэргийн энэ давшилтыг Бэйяны арми хийж мөнөөх Дуань цижуй командалсан бөгөөд энэ генерал хожим Ерөнхий сайд болж Монгол руу дайрах шийдвэрийг бас л гаргасан билээ. Гэхдээ 1911 оны 11 дүгээр сарын 27-нд довтолгоогоо гэнэт зогсоов. Яагаад гэвэл Өмнөдийг бүрмөсөн устгачихаж болохгүй байсан юм. Одоо тэр хувьсгалчдаар манжуудыг айлгаж засгийн эрхийг булааж эхлэв. Тэрээр түр Ерөнхийлөгч болох болзол тулгахаас гадна Ерөнхийлөгч болох талаар гаднын улсуудын саналыг тандаж байлаа. Юань Шикай Чингийн ордны эрх мэдлийг Пу-И-гийн авга эгч бэлэвсэн хатан Лунъюй-д шилжүүлэв. Эзэн хааны болон манжийн язгууртнуудыг Бэйяны армид ихээхэн хөрөнгө хандивладаг болгов. Хойт мужуудын цэргийн болон захиргааны албан тушаалд зөвхөн өөрийн талын хүмүүсийг томилов. Энэ бүхний дүнд Манж Чин гүрний дээдэс аливаа нөлөөллөө алдсан ба Юань Шикай дурын үедээ Чин гүрнийг унагах боломжтой болсон юм.

Чунь чин ван Зайфөн ба Пүи
Юань Шикай

Ингэсний дараа 1911 оны 12 дугаар сарын 18-нд Юань Шикай Өмнөдтэй хэлэлцээ хийж эхлэв. Энэ үеэр Умард үлэмж давуу талтай нь илт мэдэгдсэн юм. Яагаад гэвэл Өмнөдөд 14 “засгийн газар”, хэдэн арван улс төрийн байгууллага ажиллаж байжээ. Арай дэндүү хэтэрхий “ардчилсан” байсан аж. Ингээд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Нанкины бага хурал дийлэнхи олонхийн саналаар Юань Шикайг Хятадын түр Ерөнхийлөгчөөр сонгосон юм.

Энэ үед Юань Шикай Өмнөдтэй хийх хэлэлцээрийг таслаж, Үндсэн Хуульт хаант засагт үнэнч байхаа илэрхийлэв. Ингээд бүр хожим 1912 оны 1 дүгээр сарын 30-нд Юань шикайн заавраар бэлэвсэн хатан Лунъюй Пу Их-гийн нэрийн өмнөөс засгийн эрх мэдлийг ард түмэнд дамжуулж байгаа болон үндсэн хуульт бүгд найрамдах засгийн хэлбэрийг дэмжиж байгаагаа мэдэгдэв. 1912 оны 2 дугаар сарын 5-нд Түр Сенат Чин гүрнийг халах нөхцлийн тухай хуулийн төслийг батлав. 1912 оны 2 дугаар сарын 12-нд Манжийн сүүлчийн эзэн хаан Пүи хаан ширээнээсээ огцров. Үүнээс хоёр өдрийн дараа Нанкины бага хурал болж Сун Ятсенийг огцруулж, маргааш нь Юань Шикайг Дундад Иргэн Улсын түр Ерөнхийлөгчөөр сонгов. Ингэж 266 жил тогтсон Манж Чин гүрэн нуран унав.

Монгол дахь хувьсгалын нөлөө[засварлах | кодоор засварлах]

Мөн үзэх: Үндэсний эрх чөлөөний хувьсгал

1911 оны 12-р сарын 29-нд Монголчууд хаант Оросын идэвхитэй дэмжлэгтэйгээр тусгаар тогтнолоо зарласан ба мөн тэдний дэмжлэгээр түүнийгээ хамгаалж чадсан юм. Энэхүү боломжийг ашиглан Монгол Улс тусгаар тогтнолоо олсон нь гайхамшигт явдал боловч “эртэй сайндаа” түүнийгээ олсон гэвэл огт буруу дүгнэлт болно. Дотоод, гадаад олон хүчин зүйл нийлж байж “хувьсгалын тохироо” бүрдсэн ажээ. Хаант Оросын засгийн газар “сайхан санааны” үүднээс тусалсан гэж огт хэлээгүйгээ онцлон тэмдэглэж байна. Гэхдээ л монголчууд Хаант Оросоос мөнгө, цэрэг, зэвсэг, улс төр, дипломатын тусламж авч тусгаар тогтнолоо олсон нь хөдөлшгүй түүхэн баримт юм. Хаант Орос улсын бодлогод цаагуураа нийцэж байсан учраас Монголын тусгаар тогтнолыг дэмжиж байсан юм.