Хэвлэлийн хүрээлэн

Хэвлэлийн хүрээлэн лого

Хэвлэлийн Хүрээлэн нь Монгол, Данийн засгийн газрын хэлэлцээрийн дагуу, Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар Монгол улсад хараат бус бие даасан хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх зорилготой "Чөлөөт хэвлэл" төслийн хүрээнд 1995 онд анх байгуулагдсан юм. Барууны сэтгүүл зүй буюу хариуцлагатай сэтгүүл зүйг Монгол улсад хөгжүүлэхийг зорьдог байгууллагын нэг юм. 1995 оны дөрөвдүгээр сард Монголын хэвлэлийн хүрээлэн, Сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг улсын комисс хүлээн авав. Зургадугаар сард ДАНИДА-гийн нэрийн өмнөөс төслийг Монголд хэрэгжүүлэгч байгууллагаар Данийн Сэтгүүл зүйн сургууль ажиллаж эхэлжээ.

Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар 2003 оноос хойш сэтгүүл зүйн магистр, хэвлэл мэдээлэл, мэдээллийн харилцааны шинжлэх ухааны доктор Мягмарын Мөнхмандах ажиллаж байна.

Зорилго[засварлах | кодоор засварлах]

  • Алсын хараа Монголын нийгэмд хариуцлагатай, итгэл үнэмшилтэй, тунгалаг мэдээллийн орчныг бий болгохын төлөө мэргэжлийн хэм хэмжээгээр манлайлагч мэдлэгийн хүрээлэн байна.
  • Эрхэм зорилго
    • Монгол улсад чөлөөт, бие даасан, олон ургалч хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
    • Монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын сэтгүүл зүйн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд туслах
    • Улс орны нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх Үнэт зүйлс
    • Мэргэжлийн /өндөр мэдлэг чадвар, бүтээмжтэй, найдвартай, хариуцлагатай, шударга, зарчимч, бусдад хүндэтгэлтэй/
    • Бүтээлч, шинийг эрэлхийлэгч
    • Эерэг
    • Цэгцтэй
    • Эрч хүчтэй

Үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

  1. Сэтгүүл зүйн сургалт
  2. Сэтгүүл зүйн судалгаа
  3. Хэвлэлийн хурал/Үйлчилгээ/Хэвлэлийн бага хурал

Сургалт[засварлах | кодоор засварлах]

Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулж орчин цагийн сэтгүүл зүйн ойлголт мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлж Монгол улсад чанартай, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх, улмаар ардчиллыг бэхжүүлэх үндсэн зорилготой.

Сэтгүүл зүйн сургалт[засварлах | кодоор засварлах]

Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн урт хугацааны сургалт

  • Сэтгүүл зүйн дээд курс (6 сар)
  • Сэтгүүл зүйн эчнээ курс (3 сар)
  • Олон нийттэй харилцах мэргэжилтэн бэлтгэх дээд курс (3 сар)
  • Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн курс (3 долоо хоног)
  • Дата сэтгүүл зүйн мэргэшүүлэх курс (14 хоног)

Богино хугацааны сургалт

  • Суурь сэтгүүл зүй (Бичлэгийн төрөл зүйл, ёс зүй, эрх зүйн зохицуулалт)
  • Ахисан шатны сэтгүүл зүй (эрэн сурвалжлах, мэдээллийг нягтлан шалгах арга  зүй, дата сэтгүүл зүй)Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол (мэдээллийн хэрэгслийн төрөл, онцлог нийгмийн мэдээллийн сүлжээ, алгоритм,худал мэдээллийн төрөл, нягтлан шалгах арга, мобайл сэтгүүл зүй, нийгмийн мэдээллийн сүлжээнд зориулж контент бүтээх, түгээх арга, Интернэтийн орчин дахь харилцааны ёс зүй г.м)

Урт хугацааны сургалт[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүл зүйн дээд курс[засварлах | кодоор засварлах]

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Сургалтын алба нь сургалтын өвөрмөц технологи буюу дадлага давамгайлсан аргаар орчин цагийн сэтгүүл зүйн онол, дадлыг эзэмшсэн сэтгүүлч бэлтгэдэг. Сургалтын алба нь 1996 оноос “Чөлөөт хэвлэл” төслийн хүрээнд анхны элсэлтээ авч Сэтгүүл зүйн дээд курсээр тогтмол үйл ажиллагаагаа эхэлсэн. СЗДК нь хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй идэвхтэн бичигчид, өөр мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн хүмүүст сэтгүүл зүйн мэргэжил олгох зургаан сарын сургалт юм.

Сэтгүүл зүйн эчнээ дээд курс[засварлах | кодоор засварлах]

Хэвлэл мэдээллийн байгууллагад зарим ажилтнуудын хүсэлтээр 2003 оноос Сэтгүүл зүйн ерөнхий болон мэргэшүүлэх сэдвийн online курсийг явуулж эхэлсэн. Эчнээ дээд курст суралцагсад долоо хоногийн нэг өдөр буюу Баасан гариг бүр танхимын сургалттай, бусад үед гэрийн даалгавар, бие даалт хийдэг тул ажлаасаа хөндийрөлгүй өөрийн сонгосон сэдвээр онолын мэдлэг эзэмшиж, дадлагажна.

Олон нийтийн харилцаа дээд курс[засварлах | кодоор засварлах]

Төр засаг, бизнес, иргэний нийгэм, олон улсын аль ч байгууллагын баг, хамт олны өөрсдийнх нь эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурласан сэдэв, хөтөлбөрөөр байгууллага, хувь хүний имиж бүрдүүлэх, хэвлэл мэдээллийг зөв ойлгож, ашиглах зэрэг чиглэлээр мэргэшүүлнэ.

Богино хугацааны сургалт[засварлах | кодоор засварлах]

Хэвлэл, мэдээллийн байгууллагын баг, хамт олныг өөрсдийнх нь эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурласан тодорхой сэдэв, хөтөлбөрөөр мэргэшүүлж чадваржуулна.

Санал болгох сургалтын сэдвүүд:

  • Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжил ба орчин цагийн хэвлэлийн менежмент
  • Өгөгдөлд суурилсан буюу Дата сэтгүүл зүй
  • Нийгмийн мэдээллийн сүлжээ буюу Сошиал медиаг үр дүнтэй ашиглах нь
  • Хуурамч мэдээ, мэдээллийг нягтлан шалгах нь
  • Мобайл буюу гар утсыг ашиглан сурвалжлах нь

Сэтгүүл зүйн богино хугацааны сургалтыг тогтмол явуулж ирсэн. Үүнд: Редакцийн болоод хөтөлбөрийн сургалтууд багтана.

Редакцийн сургалт[засварлах | кодоор засварлах]

Редакцийн сургалт: Хэвлэл, мэдээллийн байгууллагын баг, хамт олныг өөрсдийнх нь эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурласан тодорхой сэдэв, хөтөлбөрөөр мэргэшүүлж чадваржуулах сургалт зохион байгуулдаг.

Хөтөлбөрийн сургалт[засварлах | кодоор засварлах]

Захиалгат болон төсөл хөтөлбөрийн сургалт: Хэвлэл, мэдээллийн байгууллагын баг, хамт олон, сэтгүүлчдийн хэвлэл мэдээллийн агуулгын судалгааны хүрээнд чадавхжуулах шаардлагатай сэдэв, үзэл баримтлалын хүрээнд сургалт зохион байгуулж байна.

Судалгаа[засварлах | кодоор засварлах]

Монголын Хэвлэлийн хүрээлэн нь сэтгүүл зүйн сургалтаас гадна судалгааг хийж ирсэн юм. Үүнд:

  • “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” судалгаа
  • Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа
  • Хэвлэл мэдээллийн орчны судалгаа
  • Хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
  • Хэвлэл мэдээллийн үр нөлөөний судалгаа

“Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” судалгаа[засварлах | кодоор засварлах]

Монголын хэвлэл мэдээллийн мониторинг судалгааг 1999 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн. "Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр" судалгааны ерөнхий агуулга:

  • МУ-ын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо
  • Сонин, сэтгүүлийн борлуулалтын дундаж тоо, түгээлт
  • Радио, телевизийн нэвтрүүлгийн цаг, цацалтын хүрээ, нэвтрүүлгийн бүтэц
  • Мэдээллийн сайтууд, цахим орчин дахь уламжлалт мэдээллийн хэрэгслүүд
  • Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагын хаяг байршил болон боловсон хүчин
  • Хэвлэл мэдээллийн эзэмшил, харьяалал
  • Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн талаарх бусад үндсэн суурь судалгааны дүнгээс

Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа[засварлах | кодоор засварлах]

Нийслэлийн 500 гаруй өрхөөс анкетаар авдаг байсан энэхүү судалгаа нь уламжлалт болон цахим хэвлэлийн нийтлэл, нэвтрүүлгийн рейтингийг сар тутам тодорхойлж харуулах зорилготой байв. Тухайлбал, аль телевизийн, ямар нэвтрүүлгийг 7 хоногт хамгийн их үзэв, тэдгээр үзэгчдийн нас, хүйс, нэвтрүүлэг үздэг цаг зэргийг телевиз тус бүрээр гаргадаг. 2003 оноос сар тутам, 2014 оноос жилд нэг удаа хийх болсон энэхүү судалгааг “Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” судалгаанд нэгтгэсэн болно. Судлаачдын хувьд энэхүү бие даасан судалгааны 106 цувралыг тус хүрээлэнгийн Номын санд ашиглах боломжтой.

Хэвлэл мэдээллийн орчны судалгаа[засварлах | кодоор засварлах]

Сонины нийтлэл ба олон нийтийн санаа бодол, хэвлэл мэдээллийн хариуцлага ба сэтгүүлзүйн хэм хэмжээ, хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хэмжих хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг, сэтгүүлчдийн хөдөлмөрийн нөхцөл байдал зэрэг хэвлэл мэдээллийн салбарын орчин нөхцөл байдал, үнэлэмжийг тодруулсан судалгаанууд багтана.

Хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа[засварлах | кодоор засварлах]

Хэвлэл мэдээллийн өдөр тутмын нийтлэлийн бодлого, агуулгад дүн шинжилгээ хийхэд чиглэсэн агуулгын судалгаа нь өргөн цар хүрээтэй юм. Тус хүрээлэн нь төсөл, хөтөлбөрийнхөө хүрээнд тодорхой байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын хүсэлтээр энэ төрлийн судалгааг явуулдаг. Сүүлийн үеийн зарим судалгаанд “МҮОНРТ-ийн шилжилтийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, хөтөлбөрийн агуулгын хяналт-1,2,3”, “Хүүхдийн эрхийг хамгаалах талаархи хэвлэл мэдээллийн хяналт”, “УИХ-ын сонгуулийн сурталчилгааны мониторинг”, “Нийтлэг ёс зүйн алдааны талаархи хэвлэл мэдээллийн судалгаа”, “судалгаа эрэн сурвалжлах сэтгүүлзүйн агуулгын талаар ” зэрэг багтаж байна.

Хэвлэл мэдээлэл олон нийтэд хэрхэн нөлөөлж буй тухай судалгаа[засварлах | кодоор засварлах]

Монголын хэвлэл мэдээлэл олон нийтийн хүлээлтийг хэрхэн хангаж буйг тандах зорилго бүхий судалгаанууд нь хэвлэл мэдээллийн нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, мэргэжлийн ажлынх нь чанарын үнэлэмж болдог. 2015 онд явуулсан судалгаагаар судалгаанд оролцогсдын 57 хувь нь Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ёс зүйтэй ажиллаж чадаж байна гэж үнэлсэн бол 2017 онд энэ үнэлгээ 8 хувиар буурсан байх жишээтэй. Түүнчлэн 2019 онд ахлах ангийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар өсвөр үеийнхний 40 орчим хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, мэдээлэлд шүүмжлэлттэй ханддаг болсныг харуулсан байна.

Үйлчилгээ[засварлах | кодоор засварлах]

  • Сэтгүүл зүйн зөвлөмж/шүүмж
  • Хэвлэлийн хурал (хараат бус, төвийг сахисан)
  • Сэтгүүлчдийн клуб
  • Сэтгүүлч сэтгүүл
  • Номын сан (1995 оноос хойших Монгол улсад гарч байсан сонин хэвлэлийн томоохон сан хөмрөг бий)

Сэтгүүл зүйн зөвлөмж[засварлах | кодоор засварлах]

Хэвлэлийн мэдээллийн байгууллага, сэтгүүл зүйн чанар, шаардлага болоод тусгаж буй сэдвийн хүрээнд хараат бус, мэргэжлийн судлаач мэргэжилтнүүдээс сэтгүүл зүйн зөвлөмж авах боломжтой.

Хэвлэлийн хурал[засварлах | кодоор засварлах]

Байгууллага, хувь хүн, хэн ч байсан өөрт тулгамдсан асуудлаар хэвлэлийн хурал зарлах боломжтой.

Мэргэшүүлэх клуб

  • Эдийн засгийн сэтгүүлчдийн ӨӨРЧЛӨГЧ клуб
  • Байгаль орчны сэтгүүлчдийн НОГООН ДЭЛХИЙ клуб
  • Хүүхдийн эрхийг хамгаалах ХҮҮХЭД – СЭТГҮҮЛЧ клуб
  • Жендэрийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлчдийн бүлэг

Сонин хэвлэл[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүлч сэтгүүл[засварлах | кодоор засварлах]

Хэвлэлийн хүрээлэнгийн эрдэмтэн багш, судлаачид "Сэтгүүлч" сэтгүүлийг сэтгүүлч, сэтгүүл зүйн багш нарт, судлаачдад зориулж эрхлэн гаргадаг. 2013 онд Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойд зориулсан тусгай дугаар гаргав.

Нэг зуун ная сонин[засварлах | кодоор засварлах]

Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийн суралцагчид "Нэг зуун ная" сониныг сургалтын төгсгөл тайлан болгож гаргадаг.

Төсөл хөтөлбөрүүд[засварлах | кодоор засварлах]

  • Дани Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас санхүүжсэн "Чөлөөт хэвлэл" (1995 - 1999),
  • НҮБ-ын ХХ-өөс санхүүжсэн "Ардчилал ба сэтгүүл зүй" (1997 - 2000),
  • ТАСИС-аас санхүүжсэн "Хариуцлагатай, олон ургальч хэвлэл мэдээлэл ба сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт" (1999 - 2001),
  • ДАНИДА-аас санхүүжсэн "Монгол дахь сэтгүүл зүй ба хэвлэл мэдээлэл / Монголын хэвлэл мэдээллийн мониторинг" (1999 - 2002)
  • Нээлттэй Нийгмийн Хүрээлэнгээс санхүүжсэн “Стратегийн хөгжлийн дэмжлэг” (2003-2004),
  • ЮНЕСКО-гийн дэмжлэгээр “Фото сэтгүүл зүйн сургалт” (2004-2005),
  • Английн төв номын сан, Лизбет Розингийн сангийн дэмжлэгтэйгээр “Тогтмол хэвлэлийн цахим архив”ын төсөл (2006-2007) зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Хэвлэлийн хүрээлэн албан ёсны вэб сэйт