Йелловстоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Йелловстоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Йелловстоун байгалийн цогцолборт газрын өвлийн өнгө
Йелловстоун байгалийн цогцолборт газрын өвлийн өнгө
Йелловстоун байгалийн цогцолборт газрын өвлийн өнгө
Йелловстоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн (АНУ)
Йелловстоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн (АНУ)
Координат: 44° 37′ 18″ У, 110° 37′ 46″ Б
Байрлал: Вайоминг, Нэгдсэн Улс
Ойр хот: Биллингс
Талбай: 8.983,17 км²
БЦГ-т бүртгэсэн: 1872 оны 3-р сарын 1
Жуулчдын тоо: 4.115.000 (2018 он)
Хаяг: Yellowstone National Park
i3i6
Йелловстоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Йелловстоун цэцэрлэгт хүрээлэн
Йелловстоун цэцэрлэгт хүрээлэн
Улс Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрөл Байгалийн
Шалгуур vii, viii, ix, x
Дугаар 28
Бүс** Америк дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1978  (24-р чуулган)
Мөхөх аюултай 1995–2003
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.
Кастле гейзэр

Йелловстоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу Йелловстоун байгалийн цогцолборт газар (Англи: Yellowstone National Park) нь 1872 оны гуравдугаар сарын 1-нд үүсгэн байгуулсан америкийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. Үүгээр тус цэцэрлэгт хүрээлэн нь дэлхийн хамгийн эртний цэцэрлэгт хүрээлэнд ордог. Энэ хүрээлэнгийн нэр нь Йелловстоун голын нэрийг авсан ба энэ гол нь тус цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн чухал гол юм. Энэ цэцэрлэгт хүрээлэн нь түүний геотермийн эх үүсвэрүүд болох гейзэр болон буцлам халуун булаг мөн зэрлэг ан амьтан болох бизон (америк сарлаг), гриззли баавгай болон чоно элбэгээрээ алдартай юм. 1978 онд энэ цэцэрлэгт хүрээлэнг ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэн авчээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

11.000 жилийн тэртээгээс индианчууд энэ нутагт суурьшин амьдарч байсан ул мөр олджээ. 1807 оны үед Жон Колтер хэмээх анчин тус цэцэрлэгт хүрээлэнгийн орчим газар нутагт хөл тавьсан магадгүй анхны цагаан арьстан байсан байна. 1810 онд Жон Колтер буцаж ирээд энэ газрын тухай мэдээлсэн боловч түүний яриаг хэн ч сонирхсонгүй. Дараа нь хоёр ч анчин болон алтны хайгуулчид тус нутгаар дайрч өнгөрсөн тухай мэдээ өгөхөд бас л хэн ч тоосонгүй. Харин геологич Фердинанд Вандевеер Гайден 1857 онд Бриджер болон Рейнолдсын удирдлага дор нэгэн экспедиц гарган явжээ. Гэвч Йелловстоунд хүрэхийн өмнөхөн өвөл болсоноор тэд очиж чадаагүй юм. Ингээд сүүлд америкийн иргэний дайны дараа дараагийн аялалаа хийсэн байдаг. Тус аялал амжилттай болсоны дараа Монтанагийн ерөнхий байцаагч энэ газрыг ихэд сонирхов.

Энэ хооронд цагаан арьстангууд баруун зүг рүү улам ихээр нэмэгдэн суурьшсанаар зөвхөн индианчуудыг газар нутгаас нь хөөх бус тус нутгийн амьтан ургамалд ч сөргөөр нөлөөлж эхлэв. Индиануудын хувьд сүүлчийн орогдох газар нь Рокки Моунтайнс л үлдсэн байлаа. Байгаль орчныг хамгаалагчид нь амьтан ургамлыг хадгалан авч үлдэх үүднээс хамгаалалтанд авахыг шаардах болов. Йелловстоунд хийсэн судалгааны экспедицүүдийн аялалын мэдээ, баримт болон зургуудад нийт 10.000 гаруй халуун булаг, үүний 3000 гаран нь гейзэр буюу оргилох булаг байгаа нь засгийн газрын гишүүдийг ихээхэн өндөр сэтгэгдэл төрүүлсэн учраас 1872 онд цэцэрлэгт хүрээлэнгийн орчим газарт алт хайх, ан хийх болон шилжин суурьшихийг хориглосон байна. Ингээд 1872 оны гуравдугаар сарын 1-нд тухайн үеийн америкийн ерөнхийлөгч Улисс С. Грант гарын үсэг зурсанаар дэлхийн хамгийн анхны цэцэрлэгт хүрээлэн бий болжээ.

Газар зүй ба геологи[засварлах | кодоор засварлах]

Маммот Хот Спрингс

Йелловстоун үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар нутгийн 96 хувь нь америкийн холбооны муж улс Вайомингэд орших ба 3% нь Монтанад, 1% нь Айдаход оршино. Нийт 8987 км2 талбайгаараа америкийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэнд тооцогдоно. Энэ талбай нь ойролцоогоор Корсикагийн газар нутагтай адилхан гэсэн үг юм. Йелловстоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Рокки Моунтайнсийн нэг хэсэг нь бөгөөд далайн төвшнөөс дээш дунджаар 2.440 метрт оршдог. Мөн хамгийн өндөр цэг нь д.т.д 3.462 метрт, хамгийн нам дор хэсэг нь 1.620 метр байна. Талбайн хэмжээ нь хойноос өмнө зүгт 102 километр, баруунаас зүүн зүгт 87 км.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ихэнх газар нь багцаагаар 640.000 жилийн өмнө бий болсон Йелловстоун галт уулын тогоон дээр оршдог. Энэ галт уулын тогоон доор 8 км-ийн гүнд магма агуулах давхарга байх ба түүний урт нь 80 км, өргөн нь 10-40 км хооронд байгаа нь асар том хэмжээтэй юм. Тиймээс Йелловстоун цэцэрлэгт хүрээлэнгийн энэхүү галт уул нь супер галт уулын тоонд орох ба америк тив дээрх хамгийн том супер галт уул юм.

Тус хүрээлэнд байх халуун булаг нь дэлхийн дээрx бүх халуун булгийн 62%-ийг эзэлнэ. Энэ нь 10.000 гаран булаг гэсэн үг ба үүнээс 300 гаран нь оргилох булаг. Үүнээс хоёр бараг тогтмол хугацаанд буюу 60-аас 90 минутанд оргилон гарч ирдэг учраас жуулчдыг ихээр татдаг байна. Тус цэцэрлэг хүрээлэнд Стеамбоат-Геизер хэмээх нэртэй оргилох булаг байгаа нь өнөөдөр дэлхий дээрx xамгийн том идэвхтэй оргилуун булагт тооцогддог.

Гүний усны ийнхүү оргилон гарч ирж буй шалтгаан нь түүний дор байх магма давхаргаас шалтгаалах ба уулнаас бууж ирэх лаавын чулуу хөрсөнд нэвчсэн усыг халаана. Халсан ус нь халуун булаг эвэл намагтай хэсгийн нүх сүвээр буцаад газрын гадаргуу дээр оргилон гарч ирдэг байна.

Бидний өмнөх үед буюу 630.000-70.000 жилийн өмнө олон жижиг галт уулын дэлбэрэлт явагдсаны үр дүнд калдера нь бараг бүтэн лаавын чулуугуур дүүрсэн аж. Үүний үр дүнд өнөөдөр тус өндөрлөг газар нь 2400 метрийн өндөрт орших ба түүнийг тойрсон Рокки Моунтайн голд ерөнхийдөө тусгаарлагдсан байдаг.

Сүүлийн 300.000 жилийн хугацаанд тус цэцэрлэгт хүрээлэнгийн гадаргуу нь мөстлөгийн үеэс шалтгаалсан мөсөн бүрхүүл ихээр тогтсон байдаг. Энэ хооронд нийт гурван удаа хүйтний үе бий болсоноор өнөөдрийн цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсэгт нэлээд том мөсөн бүрхүүл тогтсон байна.

Цаг уур[засварлах | кодоор засварлах]

Цэцэрлэгт хүрээлэнгийн орчмын цаг уур нь Рокки Моунтайнсийн байршилтай нягт хамааралтай. Өвөлдөө дунджаар -13  °С, зуны улиралд дунджаар 27 °С хүрнэ.[1] Цаг уурын гэнэтийн өөрчлөлт жилийн турш гарах боломжтой. 1936 онд хамгийн халуун температурыг хэмжсэн нь 37  °С байсан бол 1933 онд хамгийн хүйтэндээ -54  °С хүрч байжээ.[1]

Жилдээ дундажаар 183 см цас орох ба өндөрлөг хэсгүүдээр тал газраа бодвол харьцангуй илүү цастай байна.[2] Хавар намрын улиралд үе үе цас орох нь ердийн л үзэгдэл. Жилийн дундаж хур тунадасны хэмжээ 26 см-аас эхлээд цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хэсэгт 206 см хүртэл хэмжээтэй хур тунадас буудаг.[1]

Йелловстоун үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хуй салхи гарах нь төдийлөн их биш. Хамгийн хүчтэй хуй салхийг 1987 оны долоодугаар сарын 21-нд хэмжсэн байна. Энэ хэмжилтээр салхины хурд нь 333-аас 418 км/цаг хүрсэн ба Фужита-Скала дээр Ф4 шатлалд орж байжээ.

2005 онд судлаачид Маммот Хот Спрингсийн ойролцоо 1500 орчим жилийн настай, одоо ч ургаж буй арцны мод мөн бараг 2000 жилийн настай нарс мод тус хүрээлэнд байгааг олжээ. Эдгээр модыг одоогоор судалж байгаа бөгөөд тус цэцэрлэгт хүрээлэнгийн сүүлийн хоёр мянган жилд болсон цаг уурын байдлыг тогтоох боломжтой байх хэмээн эрдэмтэд ихээхэн найдвар тавьж байгаа аж.[3]

Ургамал[засварлах | кодоор засварлах]

Далайн эргийн нарс

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн 80 гаруй хувийг шилмүүст ой эзэлдэг бол үлдсэн талбайг ногоон нуга (ойролцоогоор 15 хувь) болон ус (5 хувь) хувааж эзэлнэ. Шилмүүст ой нь ялангуяа калдера буюу галт уулын тогоон дотор шигүү ургасан байна. Энэ ойн дөрөвний гурвыг далайн эргийн нарс бүрдүүлэхээс гадна олон төрлийн гацуур болон улиас тархан ургадаг. Галт уулын хөрстэй бүсэд нь Энгэлманн гацуур их хэмжээгээр ургасан байдаг. Өндөрлөг газруудаар цагаан үндэст нарс ихэнх хувийг эзлэх бол нам дор хэсгээр нь дуглас гацуур элбэг.

Нийт 186 төрлийн хаг болон багцаагаар 2000 орчим ургамлын төрөл зүйл тус цэцэрлэгт байх бөгөөд үүн дотор 12 төрлийн мод, 60 гаруй зэрлэг цэцгийн төрөл (үүнээс 12 нь цахирмаа цэцгийн төрөл) байна.

Халуун булагнууд нь тус цэцэрлэгт хүрээлэнгийн ургамалд ихээхэн нөлөөлнө. Ихэнх ургамалд силикатын агуулга бүхий халуун устай харьцах тохиолдолд хөнөөх аюултай. Үлдсэн ургамлуудын өсөлтийн хэмнэлд өөрчлөлт оруулдаг байна.

Амьтан[засварлах | кодоор засварлах]

Энэ цэцэрлэгт хүрээлэн нь олон төрлийн ховордсон амьтны өлгий нутаг болдог ба үүнд жишээлбэл америкийн бизон болон сэрээ эвэрт гөрөөс орно.

Цахим хуудас[засварлах | кодоор засварлах]

 Commons: Йелловстоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 National Park Service: Yellowstone Fact Sheet (6. Januar 2008)
  2. National Park Service: Weather (28. Oktober 2007)
  3. Bozeman Daily Chronicle: Ancient trees 'discovered' in Yellowstone (5. Oktober 2008)