Монгол Амдуу мөхсөн Хар хот

Монгол Амдуу мөхсөн Хар хот
Эрхлэн гаргасан
Монсудар хэвлэлийн газар
Номын тухай мэдээлэл
ЗохиогчП.К.Козлов
Эрхлэн гаргасан он2011
ХэлМонгол
ISBN код978-99962-0-389-3
АнгилалМонголын түүх
Форматхатуу хавтастай
ЦувралМонголоор бэдэрсэн гадныхан
Худалдаалагдаж буй газарИнтерном номын их дэлгүүр

Монгол Адуу мөхсөн Хар хот хэмээх энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газараас эрхлэн гаргаж буй Монголоор бэдэрсэн гадныхан цувралын нэгэн боть юм. Уг бүтээл нь Азийн уулархаг нутгаар аялсан Оросын газарзүйн нийгэмлэгийн аялагчдын тэмдэглэл бөгөөд Монгол ба Кам номын үргэлжлэл юм. Тэдний аялал бүгд “байгаль, түүх-угсаатны зүй” гэсэн тодотголтой хийгддэг байсан ч тэдэнд сонирхохгүй, өнгийхгүй, авахгүй юм гэж байгаагүй. Сонирхлыг нь хамгийн их татаж байсан зүйл бол хил залгаа Монгол орон байсан аж. Тэд Монгол орны хошуу нутаг, хүн ардыг захирч байгаа монгол ноёдыг хахуулдах жаахан мөнгө, нүд хуурах аахар шаахар бэлэг сэлт, шаардлага гарвал яаж ч хэрэглэж болох янз бүрийн буу, үлэмж хэмжээний сум, дарь мэтээр дүүргэсэн авдар савнаас өөр юмгүй орж ирдэг байсан хэдий ч хэдэн арван тэмээ ачааг хойш нь тогтмол илгээж, өөрсдөө ч хэдэн тэн ачаатай буцдаг байжээ. Төв Азийн эрс тэс уур амьсгал, үзэсгэлэнт байгалийг тодорхой харуулж, Монгол, Түвэдийн ард түмний аж байдлыг дүрслэн бичиж, газрын зургуудыг зохиосон энэхүү ном XIX зууны эцэс, XX зууны үеийн Монголын газар орон, цаг уур, амьтан, ургамал хийгээд үндэстэн ястны шинж төрх, амьдрал ахуйн бодит баримт сэлтийг агуулж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.


Агуулга[засварлах | кодоор засварлах]

П.К.Козловын археологийн олз омгийн эрдэм шинжилгээний ач холбогдол[засварлах | кодоор засварлах]

Бид энэхүү багаахан тойм өгүүллээ П.К.Козловын олж ирсэн материал дээр Зөвлөлтийн археологич эрдэмтдийн ажлын үр дүнгийн талаар, түүний хийсэн археологийн нээлтүүдийн учир холбогдлын талаар товч өгүүлэх зорилгоор бичсэн болно. Өгүүллээ бичихдээ, 1923 онд “Монгол, Амдуу, мөхсөн Хар хот” бүтээл анх хэвлэгдсэний дараа хэвлэн нийтэлсэн Хар хотын олдворуудыг судалсантай холбоотой бүтээлүүдийг голлон ашиглалаа. Түүнээс гадна, В.Н.Казиний 1. “Хар хотын түүх”, 1936 онд тавьсан илтгэлийн товчоон, 2. “Хар хот” археологийн дурсгал мөн болох нь, “Дорно дахины соёлын Улсын музейд хятадын урлагийн түүхээр хийсэн эрдэм шинжилгээний бага хурлын дэлгэрэнгүй тайлан, (1940, Москва) хэмээх бүтээлүүд, мөн С.М.Кочетовагийн2 “Хар хотоос олдсон Буддын шашны бурхны хөрөг дүрийн дурсгалууд” (хятад хэв маягтай, 1946) зэрэг гар бичмэлүүдийг гүйлгэж танилцсан болно. Хятад эх сурвалжуудыг нарийн судалж бичсэн В.Н.Казинын бүтээлүүд нь Хар хотын болон Баруун Ганьсуд амьдарч байсан ард олны түүхэн үеийг тодруулж өгсөн билээ...



НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. МОНГОЛООР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ. ХАР ХОТЫГ НЭЭСЭН МИНЬ[засварлах | кодоор засварлах]

Умард Монголоор[засварлах | кодоор засварлах]

Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр би Хятадын хил, хуучин танил Хиагт хотод ирж олон нийтийн хурлын байранд аятайхан төвхнөв. Яг энэ байшинд миний багш Пржевальский аяллынхаа өмнө болон хойно нэг бус удаа амьдарч байсан билээ… Болж өнгөрсөн үйл явдлууд ой тойнд минь сэргэн босож ирэв. Зочломтгой зантай хиагтчууд, ялангуяа Молчановынхан, Собенниковынхан, Лушниковынхан, Швецовынхан бидэнд нөхөр ёсны анхаарал тавьж, цөм л аялагчдад үйлчлэхийг хичээж байх ажээ. Цаг хугацаа нисэх мэт өнгөрнө, өдөр нь ачаа хөсгөө бэлтгэж зэхэх ажил хийж, орой үдэш нь танилындаа юм уу, Газарзүйн нийгэмлэгийн орон нутгийн салбарын хуралдаанд оролцож байсан бөгөөд баярын өдрүүдэд янгирын анд явж байлаа… Ан авын тухайд гэвэл хиагтынхан бүр задарч гүйцжээ: монголын өргөн уудам нутаг, араатан амьтан элбэг байдаг нь заримдаа энэ ажлыг үлгэрийнх мэт болгодог аж.


Өргөөгөөс Монгол Алтай хүртэл[засварлах | кодоор засварлах]

Монголын гүн рүү хийсэн аяллынхаа тухай яриагаа эхлэхийн өмнө энэ орны байгалийн байдал болон түүний оршин суугчдыг зэрвэс авч үзье. Хойд цэг буюу Хиагтаас эхлэн Монгол орон, тэгэхдээ эхлээд тал хээрийн, дараа нь их, бага хэмжээний нуруудтай, ургамал, амьтны ертөнцөөрөө асар баялаг уулархаг нутаг орон залгана. Тэрхүү бүс нутагт Монголын сүм хийд, засаг захиргааны төв Өргөө орших бөгөөд түүнээс цааш байгалийн өнгө төрх эрс өөрчлөгдөж, газрын хотгор гүдгэр багасан ургамлын бүрхүүл нь ядмаг, хүн ам нь сийрэг, ялангуяа Монгол буюу Говь Алтайн нурууны зүүн үргэлжлэл болох уулсаас өмнө бүр ч цөөхөн болно. Эндээс жинхэнэ Говь эхэлж, нэг бол гөв гөлгөр элс-чулуун дэвсгэр, нэг бол үдэш оройн цагаар жаргаж буй нарны туяа оройгоор нь тусан тоглох зөөлөн, хадат дов толгодоос бүрдсэн нугачаа маягаар цэлийн үргэлжилнэ. Ийн явсаар, бараг тэр аяараа зуу, түүнээс ч илүү фут өндөр сүндэрлэн үргэлжилсэн манхан болж хярлан тогтсон нуранги элснээс тогтсон Өмнөд Монголд ирлээ. Монгол орны язгуур оршин суугчид болох монголчууд, нэг талаас, байгалийн бодит нөхцөл байдлын улмаас, нөгөө талаас, өөрсдийн нь уугуул, овог отгийн ноёд язгууртнуудын юм уу, хятадуудын их бага ямар нэг хэмжээний нөлөөний улмаас нэлээд өөрчлөгдсөн байв. Умард Монголд явахад уламжлалт зориг зүрх, авхаалж самбаа, гоё ганган чимэг чимэглэл, хурдан жороо морьд, тэдгээрийн тоног хэрэгсэл, морь унах чадвар зэргээрээ бахархаж бардамнасан хэвээр байгаа нүүдэлчид тааралдсаар байх бөгөөд ийм монголчууд нь ажиглан харж байгаа хүмүүсийн оюун бодлыг аль эрт улирсан цаг үе рүү, тэд өөрсдийн гэсэн үүх түүхтэй байсан тэр үе рүү өөрийн эрхгүй аваачна.


Гурвансайхан уул, Балдан засгийн өргөө. Эзний гол руу явсан минь[засварлах | кодоор засварлах]

Одоо бидний дөхөж яваа Гурвансайханы сүрлэг их уулс нь Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх нэг өргөн уудам, өндөр өргөгдсөн суурин дээр байрлах гурван хэсэг нуруунаас тогтоно. Энэ их уулсыг босоо чиглэлээр нь мөн ингэж яв цав зааглан хуваах асуудалд тухайн үедээ анхаарч байсан В.А.Обручев эдгээр уулсын суурь ойр хавийнхаа хөндий хоолойгоос дээш өргөгдсөн хэмжээ нь уг суурин дээр байгаа нурууны өөрийн нь харьцангуй өндрөөс илүү болохыг үнэн зөв тэмдэглэсэн байдаг.


Эзний голын адаг хавь, Хар хотын туурь[засварлах | кодоор засварлах]

Ийнхүү бидний аялагчид шувуудын хаврын ид нүүдлийн үеэр Эзний голын сав газарт очиж, өндөр өндөр дов толгодоор хүрээлэгдсэн цэнгэг уст хоёр нуурын яг хажууд хуарагнан буулаа. Энэ хоёр нуурын хагас нь нээгдэж задгайрч, нөгөө хагас нь мөсөн бүрхүүлтэйгээ, тэр нь ялангуяа өдрийн цагт, элсэн толгодын өмнө бэлээр 400С хүртэл, түүнээс ч дээш халах үед нэн түргэн хайлж байсан хэдий ч шувууд маш ихээр ирж байв. Бидэнд ойрхон, зүүн урд талын буландаа л ус нь ил задгай болсон Согоо нуур, манай хуаран хоёрын хоорондох нэлээд том талбайд ихээхэн өндөр зэгс битүү ургасан байсан. Энэ зэгс хоёрдугаар зэргийн хэд хэдэн нуур цөөрмийг нүднээс далдалж байсан бөгөөд биднээс гурван бээрийн зайд орших эргэн тойрондоо 2 бээр орчим хэмжээтэй нэг нуурынх нь дэргэд бид ан авынхаа ажлыг төвлөрүүлж, орон нутгийн байгальд хийх хаврын ажиглалтаа эндээс хийхээр боллоо…


Хар хотоос Дын-юань-ин хүртэл[засварлах | кодоор засварлах]

Эзний Голыг, Согоо нуур орчмын хаврын амьдралыг судлах ажлаар Монголын говь цөлийн голт зүрхэнд байсан, хамгийн гол нь Хар хотын туурийг нээсэн минь нэгэн сайхан зүүд мэт зурсхийн өнгөрсөн билээ. Зүүн өмнө зүгийг чиглэн 560 бээр газар сунан үргэлжилсэн, далайн давалгаатай төстэй гүвээ толгод, сэрвэн хяраар шан татуулан үрчлээтсэн хув хуурай элс-чулуун далай гэмээр Алашагийн өргөн уудам цөл өмнө маань туулахад хүнд бэрх, сэтгэлд нэг их дотно бус дүр төрхөөрөө биднийг угтан хүлээж байлаа…. “Цөлийн хөлөг онгоц”- тэмээн цуваа маань эртний “Ханхай”-г 25 хоногт туулахад хүрсний 2 өдөрт нь шороон болон цасан шуурганы улмаас аргагүйн эрхэнд нүүлгүй өнжсөн бол 3 өдөр нь хөдөлгөөнөө зориуд удаашруулж Гойцзогийн баян бүрдээр 15-18, мөн 16 бээр ахисан ойрын нүүдэл хийсэн билээ…


Хар хотоос Дын-юань-ин хүртэл (төгсгөл)[засварлах | кодоор засварлах]

Таван алдаас Мандал хүртэлх 40 бээр замыг бид хоёр нүүдлээр туулахдаа Модон овооны шил1 гэдэг газар бууж хоноглов. Бидний зам ханхайн хурдас тод ялгаран харагдах газраар явж өнгөрсөн бөгөөд эргэн тойрон элс, хайргаар хучигдсан намхан толгод л үргэлжилнэ. Язгуур чулуулгууд маш цөөн, тэгэхдээ зөвхөн сайр, жалгуудаар л таарч байлаа. Элсэн манхнууд огт байхгүй, зөвхөн намхавтар юм уу, үргэлжилсэн хавтгай элс тааралдаж байснаас гадна бутлаг ургамлын нөмөрт бөөгнөрсөн овон товон элс байх ажээ. Хажуугаар, хааяа зарим газар хөх ягаан өнгөт цахилдаг (Iris ensata), шав шар гичгэнэ (Potentilla anserina), цагаан өнгөтэй жижиг таван салаа (Plantago mongolica) ургасан харагдана. Шувуудаас зөвхөн Sylvia nana үзэгдсэнээс гадна тоодогны том гэгчийн мөр элсэн дээр гарсан байлаа.


Дын-юань-иний баян бүрд[засварлах | кодоор засварлах]

Дын-юань-иний баян бүрд нь булаг шандын усаар тэжээгдэж байдаг гол, горхи, жалга судгуудын дунд, бүрдийг гурван хэсэг болгон хуваасан зэгэл саарал, амьдралгүй мэт харагдах өндөрлөгүүд дээр байрласан болно. Баруун талд нь өндөр элсэн манхнуудтай зах нь үл харагдах чулуурхаг эсвэл элсэрхэг цөл залган орших бол зүүн талд нь хадан хана цохиогоо тэнгэр өөд сэрвэлзүүлэн дүүлсэн Алашагийн нуруу босоо бичиглэлээр сунан дүнхийнэ. Орчин тойрныхоо нэгэн хэв маягийн нийтлэг өнгө аяс дундаас нүд баясган ногоорох энэхүү ургамлын төв тийш өдий төдий зам харгуй тал талаас ирсэн байх ажээ. Улиас мэтийн аварга том модод, ноёд дээдсийн гоёмсог цэцэрлэг, тариалангийн талбайнууд бүхий Дын-юань-ин хэдийгээр өмнөх бүлэгт өгүүлсэн их цасан шуурганд нэрвэгдэж, өвс ургамлын нь шинэ залуу соёо өнгөө алдаж, моддын навчис харлаж, голт бор цэцгийн дэлбээ нь түлэгдсэн мэт болсон ч их говь цөлөөс дөнгөж ирээд байгаа бидэнд чухам л диваажингийн орон мэт санагдаж байв…


Алашагийн нуруу[засварлах | кодоор засварлах]

Би Дын-Юань-инд өнгөрүүлсэн цагийнхаа ихэнх хэсэгт янз бүрийн ажил хийж байхдаа, эхлээд хажуугийн Суварганы гол дээр буусан бидний анхны буудлын хажууханд байх Зостын амаар аялж, оройтсон нүүдлийн шувуудаас олж авсан, дараа нь Хотон голын аманд аялал хийсэн хамтрагчиддаа атаархан бүхий л сэтгэл зүрхээрээ уул руу тэмүүлж байлаа. Хотон голын амны эхэнд эндхийн чин вангийн нэг, гутгаар хүү У-егийн ээжийн болон түүнтэй хамт шороон дор булшлагдсан хоёр хүүгийн нь булш байдаг ажээ. Хятад гүнжийн нойрсож байгаа энэ газрыг шавар ханаар хүрээлж уулын гацуур тарьж чимэглэсэн байлаа… Хойдхон талд нь, уулын амын яг адагт байх хадан цохионд дээр үед энд амьдарч байсан нэгэн даяанчийн өвөрмөц оромж байдаг аж. Хаалга болон тор татсан цонх нь тэр оромжийг яг л үлгэрийнх юм шиг харагдуулдаг байна. Ерөнхийдөө, энэ хоёр аманд би аялагчдынхаа хамт долоо хоног орчим болсон хэдий ч арвин баялаг цуглуулга хийх гэсэн найдвар маань биелсэнгүй.


ХОЁРДУГААР ХЭСЭГ. ХӨХ НУУР, АМДУУ[засварлах | кодоор засварлах]

Зүүн Нань-шанийг давсан минь. Гань-су муж[засварлах | кодоор засварлах]

Дын-юань-инээс хөдлөхөөс бүр хэд хоногийн өмнө л би Хөх нуур, Зүүн Нань-шань, Тэтунгийн тухай мөрөөдөлд автсан билээ. Хөх нуур өөрийнх нь “зүрх” болсон арлаараа, Нань-шань амьтан, ургамлын баялаг ертөнцөөрөө, догшин Тэтунг мөрөн аварга том хадан цохионууд болон хүчирхэг ширүүн урсгалаараа намайг даллан дуудаж байв. Анх аялсан цагаас л Тэтунг онгон байгалийн гоо үзэсгэлэнгээрээ намайг бишрүүлж, аялал хийх ухамсартай хүсэл тэмүүллийг надад бий болгон Пржевальскийтэй үүрд мөнх ойртуулсан билээ. Тэтунгийн тухай дурдатгал Пржевальскийг ой ухаанд минь амилуулан босгож ирнэ… Чернов, Напалков нараа дөнгөж үдээд байтал гучин тэмээний маань тоонд орж гол хөсөг болон Хөх нуурт очиж, эргээд Сининд ирэх ёстой хэдэн тарган тэмээ бидэнд авчирч өглөө. Аяллынхны ачаа барааг Өргөөгөөс Дын-юань-инд манай аяллын бүр эхэнд амжилттай хүргэж ирсэн мөнөөх сайн “Алаша монгол” эр ахлах хөтөчийн үүрэг гүйцэтгэх болов.


Зүүн Нань-шанийг давсан минь. Гань-су муж (төгсгөл)[засварлах | кодоор засварлах]

Чагрыний тал үржил шимт бэлчээртэй хэдий ч ус, чийгээр хомс, ган гачигтай жил суурин хүн амд ч, нүүдэлчин ард олонд ч амьдрахад бэрхшээлтэй байдаг ажуу. 1908 он хур тунадас онцгой элбэг баян жил байсан болохоор тал нутгийн өнгө үзэмж нь араатан амьтан хийгээд хүн зоны амьдрал ахуйн янз бүрийн илрэлээр туйлын арвин баялаг байлаа. Дараагийн гүвээ бүрийн орой дээрээс нэлээд нь дунгануудын хөлд өртөн сүйрсэн, бас заримыг нь засварлаж сэргээн, хүн амьдрах болсон шинэ шинэ суурингууд нүдэнд тусна. Адуу, хонин сүрэг бөөн бөөнөөрөө тал бүрхэн бэлчихээс гадна зэрлэг ан амьтад ч (Gazella przewalskii [Procarpa przewalskii]) хажуугаар нь идээшилнэ.


Синин хот ба зэргэлдээ орших Гүмбүм хийд[засварлах | кодоор засварлах]

Синин бол зөвхөн Хөх нуурын нүүдэлчдийг төдийгүй, алс холын Зүүн хойд Төвдийн нүүдэлчдийг мэдэж эрхэлдэг хятад Цин-цай түшмэлийн өргөө байрладаг мужийн төв томоохон хот бөгөөд миний өмнөх үеийнхэн хийгээд би өөрөө нэг бус удаа тодорхойлон бичиж байсан билээ. Тийм болохоор энэ удаа түүний талаар хэдхэн үг л хэлье. Эдүгээ хот өөрөө ч, нийт Сининий тойрог ч маш түргэн өсөж хөгжин, оршин суугчид нь улам бүр олширч байна. Синин-хэ мөрний дээд биеийн сав газар нэн үржил шимтэй бөгөөд Баруун Хятадын ойр хавийн мужуудын амьжиргааны газар болжээ. Үр тариа ачсан жингийн цуваа Сининээс хөдлөн дэд ноёны өргөө байрладаг Лань-чжоу-фу руу явах нь улам олонтоо болов. Синин үр тариа гадагш гаргахаас гадна түүхий эдээ өдөр тутмын хэрэгцээний эд зүйлээр, заримдаа гоёл чимэглэлийн зүйлээр ч арилждаг нүүдэлчидтэй наймаа арилжаа хийх ажлыг өөртөө төвлөрүүлсэн байдаг. Тал хээр, уул нуруут нутаг орны зэрлэг хөвгүүд тод өнгөтэй хувцас өмсөж гоёх дуртай агаад улаан, шар, цэнхэр өнгийн торгон юм уу, даавуун бөс бараа, тэрчлэн янз бүрийн мөнгөн эдлэл, чимэг зүүлтийг дуртайяа худалдан авна...


Гүмбүм хийд, Донгэр хот, Хөх нуурт хүрэх цаашдын аян зам[засварлах | кодоор засварлах]

Буддын шашинтнуудын ихэд дээдлэн биширдэг шашны төв–Гүмбүм нь томоохон баяр ёслолоор Төв Азийн бүхий л газар орноос цувран ирдэг сүсэгтэн олныг сүм дуганууддаа хуран цуглуулна. Энд зөвхөн Өмнөд, Монгол, Хөх нуурын оршин суугчид төдийгүй нэг талаас Умард Монголын нөгөө талаас Төвдийн оршин суугчид ирдгийг олж харж болно. Ариун дээд Лхас орох гэсэн мөргөлчдийн тоо томшгүй цуваа эхлээд Зонховын нэртэй холбоотой шүтээнд мөргөж, энэхүү зочломтгой газар оронд 2-3 сар амраад дараа нь цаашдынхаа хүнд хэцүү замд гарахыг ариун үүргээ гэж үзсээр иржээ. Гүмбүм хийд жил ирэх тутам баяжиж байв. Сарлаг голдуу үхэр сүрэг, хонь болон адуун сүргийн тоо ойр орчны нүүдэлчдийн арвин хэмжээний өргөл барьцаар улам өсөн үржиж байснаас гадна тэдгээр нүүдэлчид алт, мөнгө, хоргой, торго, хүдрийн заар мэтийг харамгүй бэлэглэнэ. Сүм хийдийн лам хуврагуудад замбаа, гурил, тос, давс, бусад зүйлийг олон түмэн арвин ихээр хандивладаг талаар энд хэлэхийн ч хэрэггүй...


Хөх нуур[засварлах | кодоор засварлах]

Монголчууд “Хөх нуур”, тангуд нар “Мцо-гумбум”, хятадууд “Цин-хай” буюу “Цэнхэр нуур” хэмээн нэрлэдэг эл нуурыг буддын шашинтнууд ариун дагшинд тооцдог бөгөөд өнө эртнээс нүүдэлчид түүнийг ихэд анхааран элдэв янзын домог, хууч яриаг зохион ярьцгаасаар иржээ. Тэдгээрийн нэгийг Н.М.Пржевальский аяллынхаа тэмдэглэлд дурдсан байдаг. Энэ удаа бид Хөх нуурт ирээд дараах зүйлийг сонссон болно. “Олон, их олон жилийн өмнө, Хөх нуурын хөндийд дан ганц монголчууд амьдардаг байсан тэр цагт өнөөгийн энэ нуурын байгаа газарт хоёр жижигхэн цөөрөм байсан юмсанж. Ойр хавийн нь оршин суугчид цөөрмийнхөө усыг цэвэр ариун байлгах талаар тун ч бага анхаарч байнга бохирдуулдаг байжээ. Байдал даамжирсаар нэг эмэгтэй шууд цөөрмийн ус руу шээж орхиж.



Хөх нуур (төгсгөл)[засварлах | кодоор засварлах]

Арал руу хөдлөх үедээ бид гэгээн гэрэлд нь асар их найдвар тавьж байсан сар дөнгөж одоо л үүлний цаанаас гарч ирлээ. Хүйсийн оройг нэн даруйхан хараад авъя гэсэн хүсэл бидэнд төрөв. Хэдхэн алхаж байтал биднээс үргэн хажуу тийш огло харайж буй нэг адуу нүдэнд туслаа. Бэл даган жаахан өгстөл тал хагас нь эвдэрч нурсан том гэгчийн суварга тааралдав. Бэл нэн хэцээс гадна жалга, судгуудаар хэрчигдсэн байх аж. Ийн явсаар арал дээр хамгийн өндөр нь болох нэгэн хавтгай дээр бид гарлаа. Энэ талбайн ирмэгийн дагуу эргэн тойрон байгууламжууд харагдана. Хамгийн түрүүнд саяхан байгуулагдсан бололтой бяцхан суварга тааралдсан бөгөөд шатаар өгсөж хаалганд нь хүрэхээр болов. Хаалганы оронд хөшиг унжуулжээ. Суварга руу шагайн чүдэнз зурж харвал хананд нь маш олон зурмал бурхан өлгөсөн байлаа. Цааш явж байтал хоёр агуй тааралдав. Бид чимээ гаргахгүйг хичээсээр дотогш сэмхэн орвол хоёр агуй хоёулаа хов хоосон байв.


Сининээр дайран Гуй-дуй руу явсан минь[засварлах | кодоор засварлах]

Ийнхүү манай хөсөг урт гэгчийн цуваагаар зүүн зүгт хөдөллөө. Нүүдэлчид одоо манай аяллынхныг онцгой хүндэтгэл, илт сонирхсон байдалтай угтаж, Хүйс арал руу бидний хөвж очсон талаар лавлан асууж, догшрон давалгаалах “тэнгисийн” дунд ганцаардмал амьдралаар амьдарч байгаа даяанч лам нарын тухай манайхны ярихыг нэн анхааралтай сонсож байв. Тангуд нар инээмсэглэж, гайхшрангуй толгой дохиж, бидний эр зоригийг онцгойлон магтаж байгаагаа илэрхийлэн хоёр гарынхаа эрхий хурууг дээш гозойлгоно… Намар хаяанд ирж байлаа… Намуухан тунгалаг шөнөөр хүйтний эрч –60С хүрч, өглөө босоход газар мөнгөлөг цагаан хяруунд дарагдаж, асар майхны даавуу цантаж мөстөх болов. Нуурын усны хэм харьцангуй өндөр хэвээр, өдрийн 1 цагт хэмжүүрийн заалт хорь орчим хэмийн дулааныг зааж байлаа. Хэрэн хэсэгч жигүүртнүүд хүйтний цаг ирж байгааг мэдрэн өмнө зүг рүү цуврав. Бид аяны цуваанд орж зэллэн нисэж яваа саарал тогоруу, галуу нугасыг өдөр болгон харж байлаа.


Гуй-дуйгийн бүрдэд өнгөрүүлсэн гурван сар[засварлах | кодоор засварлах]

Гуй-дуйгийн нам гүм, дулаахан сайхан баян бүрдэд, тэндхийн хамгийн сайхан, тэрүүхэндээ сэлүүхэн Вю-цзя-мяо хэмээх хятад сүмд эндхийн зөөлөн өвлийг өнгөрөөх санаатай суурьшсан аяллын багийнхан тун ч удалгүй орон нутгийн хүн амын итгэлийг олсон билээ. Ойр хавийн зөвхөн хятадууд төдийгүй, бас тангудууд ч гэсэн хийх юмаа олж ядсандаа манайхан дээр ирж граммофон сонсож, орос аялагчдын ахуй амьдралыг нүдээрээ харах, тэр ч байтугай эрүүл мэндийн зөвлөгөө хүсэх дуртай болов. Энэ нутгийнхан арьс өнгөний янз бүрийн үү ургадас, үлд, тэрчлэн нүдний үрэвсэл, бамбай мэтийн өвчинд элбэг нэрвэгддэг байна.


Амдуугийн өндөрлөг рүү хийсэн дүн өвлийн аялал[засварлах | кодоор засварлах]

“Бүх анхаарлаа мөхсөн Хар хотыг судалж шинжлэхэд төвлөрүүлнэ үү” гэсэн Газарзүйн нийгэмлэгийн саналыг аяллынхан хүлээж аваад төлөвлөгөөгөө өөрчлөх ёстой болсон юм… Анхандаа бид Гуй-дуйд өвлийг бүрмөсөн өнгөрөөгөөд хаврын урь бүрэн орохын цагт л баян тансаг байгалиараа багшийг минь ялангуяа түүний Төв Азиар хийсэн дөрөв дэх аяллын үеэр даллан дуудаж байсан Сычуань руу явахаар төлөвлөж байсан билээ. Н.М.Пржевальский тэгэхэд Хөх мөрөнд Бы-чю голын адаг хавиар тулж очоод, тэмээн хөсөгтэйгөөр Хөх мөрнийг батлах, ойр хавийн уулсын дүнсгэр дүнсгэр хадан хясаат хормойгоор хашигдаж шахагдсан урсгалыг нь даган уруудахын аль аль нь боломжгүй болохыг нүдээрээ үзэж мэджээ..."


Амдуугийн өндөрлөгийн гүн рүү хийсэн дүн өвлийн аялал (төгсгөл)[засварлах | кодоор засварлах]

Манай баг Шанагаас хөдлөх нэгдүгээр сарын 13 бол бид бүгдийн хувьд баяр хөөртэй сайхан өдөр байлаа. Өглөө эрт хуаранд авчирсан ачлагын хөсөг малаа даруй замд гарахад бэлэн болгож ноёнтой салах ёс гүйцэтгээд Амнэ-рычон давааг чиглэн өмнө, баруун өмнө зүгт бид хөдөллөө. Өнгийн тууз, ноосон утас уяагаар хучигдсан хэсэг овооны дэргэд, давааны орой дээр дөрвөн тангуд эр ердийн байдлаар мөргөл залбирал үйлдэж байх ажээ. Бидний зам баруун өмнө зүг рүү уруудан хэдэн намхан хөтлийг ороож “бачин” буюу намаг дундуур гарч өндөр өндөр сэрвэн хяраар хүрээлэгдсэн Ба хэмээх өвс ногоо ихтэй өргөн хөндий рүү орон бараа тасарчээ.


Амдуугийн Лавран хийд[засварлах | кодоор засварлах]

1648 онд одоогийн Лаврангийн ойролцоо орших “Гангья тан” хэмээх газар тангудын нэгэн ядуухан гэр бүлд хөвүүн төрсөн нь хожим Лавран хийдийг үндэслэсэн төдийгүй, Төвдийн буддын шашны нэн шинэ түүхэнд тодорсон хамгийн агуу сэтгэгч-эрдэмтэн Жамъяншадав байжээ гэж Б.Барадийн1 бичсэн байдаг. Хүү хамгийн анх нэгэн тангуд эрээс бичиг үсэг сурч, дараа нь, идэр насандаа Лхас руу үүрэг үүрэн одсон байна. Энэ талаараа тэрбээр өөрийн нь Москва болох Лхас руу тэмүүлсэн төвд Ломоновсовчуудын нэг байжээ. Лхаст залуу эр Барайван хийдийн “Гоман дацан” хэмээгддэг цанидын дацанд суун гүн ухаан судалж эхэлсэн байна. Гайхалтай авьяас билэгтэй гэдгээ удалгүй харуулсан тэрбээр “V Агуу их” Далай ламын анхааралд өртжээ.


Амдуугийн Лавран хийд (төгсгөл)[засварлах | кодоор засварлах]

Өмнөд Монгол, Зүүн хойд Төвдийн сүсэгтнүүдийн сэтгэлийг татдагаараа алдартай Лавран хийд европын судлаач шинжээчдийг ч ямагт даллан дуудсаар иржээ. Анх Г.Н.Потанин тэнд очсон 1885 оноос хойш франц, герман, английн аялагчид Лавран хийдэд ирж байсан. Тэгэхдээ, Амдуугийн энэ шүтээний талаар хамгийн тодорхой, үнэ цэнэтэй мэдээллийг европын хэн нэгэн бус, харин Петербургт дээд боловсрол олж авсан буриад эр Б.Б.Барадийн бий болгож өгсөн байдаг. Цэл залуу, авьяаслаг энэхүү бурхны шашинтан эр Лавранд ирж бүтэн жилийг (1906 он) өнгөрүүлэхдээ хийдийн ахуй байдал, тэнд оршин суудаг лам нарын амьдралын хэв маягийг нарийн судалжээ. Буддын шашны бусад бүх хийдийн нэгэн адил Лавран хийдэд нэг жилд хэд хэдэн томоохон ёслол болж маш олон мөргөлчид хуран цуглардаг. Хоёрдугаар сарын 14-ний өдөр анхдугаар Жамъяншадавын жанч халсны ойг тэмдэглэх агаад үүнийг нифудун-чю цунг-чю гэж нэрлэнэ.


Далай ламд бараалхахаар[засварлах | кодоор засварлах]

Лхасаас Бээжин хүрэх замын дагуу, мөргөлчдийн явдаг их зам дээр, Хөх нуурын гүн цэнхэр уснаас нэг их холгүй буддын хамгийн алдартай хийдүүдийн нэг болох Гүмбүм оршдог. Энэ хийд газарзүйн маш ашигтай байрлалтай учир алс холын язгууртан мөргөлчид байнга ирж, эндээ буудаллан амарч хоол хүнс, шаардлагатай бусад зүйлээ базааж авсаар ирсэн, одоо ч энэ хэвээр бөлгөө. Тэгвэл, Амдуугийн өндөрлөгийн бүр гүнд орших Буддын шашны дээрхээс дутахааргүй нэр алдартай, баян тансаг, дайчин зан чанартай нүүдэлчин тангуд нараар хамгаалуулсан Лавран хийдийн тухайд нөхцөл байдал арай өөр ажээ. Магометанчуудын довтолгооны хар шуурганаас баян тансаг сүм дуган, үнэ цэнэтэй зүйлсээ хамгаалж бүрэн бүтэн үлдээхийн хувьд Лавран хийд Гүмбүмээс илүү азтай байлаа.


Далай ламд бараалхахаар (төгсгөл)[засварлах | кодоор засварлах]

Далай лам хийдийн баруун захад, Гүмбүм бараг тэр чигээрээ, тэнгэрийн хаяаг урд талаас нь халхлан хүрээлсэн тэртээ алсын цувраа уулс сайн харагддаг “баруун талын өндөрлөгийн” бэлд байх нэгэн баян төвдийн байшинд сууж байлаа… Төвдүүдийн дорвитойхон байшин болгоны нэгэн адил энэ өргөө өндөр шавар ханаар хүрээлэгдсэн, хоёр төвд эрээр хамгаалуулсан ёслолын хаалгатай байх ажээ. Гүмбүмд хоёрдугаар сарын 22-нд ирэнгүүтээ л би Далай ламын тамгын газарт өөрийнхөө тухай яаран мэдэгдсэн бөгөөд дээрхийн гэгээнтэн ердөө маргааш л намайг хүлээж авна гэдгийг тэндээс даруй хариу мэдэгдлээ.


ГУРАВДУГААР ХЭСЭГ. БАРУУН ХЯТАД БА МОНГОЛ ОРОН[засварлах | кодоор засварлах]

Алашагаар дайран Хар хот руу[засварлах | кодоор засварлах]

Гуравдугаар сарын 15-нд намайг Гүмбүмээс Лань-чжоу-фуд ирснээр баг маань нэгдэж бүтэн болсон бөгөөд бусад нөхөдтэйгөө бидний уулзсан эхний өдөр тэр чигээрээ нөхөрсөг яриа хөөрөө, харилцан асуулт хариулт дунд өнгөрлөө. Манай гол хөсөг Лаврангаас Лань-чжоу-фу хүртэлх нийт замыг зургаан нүүдлээр туулсан бөгөөд барагцаалбал замын дунд, Хэчжоуд долоо хоног буудаллаж амарсан байна. Хэ-чжоу хот нь Дао-чжа-хэ голын хөндийд, голоосоо чанх урагшаа таван бээрийн зайтай газар тэнгисээс 6270 фут (1910 м) өндөр оршдог. “Лалын шашинтнуудын бослогын үед Хэ-чжоу хот сүйдэж балгас болсон бөгөөд оршин суугчид нь бүр арван жилийн дараа л эргэж ирсэн байна. Хэ-чжоугийн оршин суугчдын ярьж буйгаар, энд гарсан үймээнийг Хэ-чжоугаас гаралтай, Сининд сууж байсан Жинса-ахун гэгч толгойлсон байна. Хотын барилга байгууламжууд цөм шинэ байжээ… Урьд нь Хэ-чжоуд лалын шашинтан нэлээд олон байсан… Хэ-чжоу хотыг саларчуудын эзэмшлийн гол төвд байсан мэт ташаа мэдээллүүд манай ном зохиолуудад бий.


Алашагаар дайран Хар хот руу (төгсгөл)[засварлах | кодоор засварлах]

Ийнхүү бид Алашад удаан байхгүй байсны эцэст, өчнөөн зовлон гачаал, хүндрэл бэрхшээлийг туулан давж Дын-юань-инд дахин ирж эх орон нэгтнүүдийнхээ зочломтгой гэр оронд тухтай нь аргагүй байрлаж төвхнөв. Өдөр хоног өнгөрсөөр байлаа. Миний бие Өргөө рүү шууд явах нүсэр цуваа, Хар хотын судалгааг дуусгах ёстой хөнгөн хөсөг хоёрын бэлтгэлийг хангах ажилд орсон байв. Байгаль – түүхийн болон бусад төрлийн цуглуулгуудаа дахин ангилан ялгаж, боож баглах ажил өрнөсөн бөгөөд спирт бүхий цуглуулга маань урьдын адил хамгийн их төвөг удаж байлаа. Хамтрагчид маань хатаасан талх, борц, бас ус зөөх сав болон Мөхсөн хот руу хийх хүнд бэрх аялалд шаардагдах бүхнийг бэлдэж байв…


Хар хотод хоёр дахиа очсон минь[засварлах | кодоор засварлах]

Дын-юань-инээс Хар хот хүртэлх дан говь цөлөөр явж туулах 550 бээр газрыг манай баг хаана ч амралгүй, ганц ч өнжилгүйгээр 19 өдрийн хугацаанд ардаа хийлээ. Бид энэ удаа хуарангаа хотын түүхэн ханануудын гол дунд өмнөх шигээ биш, харин баруун хойд булан руу нь арай ойртуулан, том гэгчийн шавар байшингийн нурангийн дэргэд босголоо. Бидний эзгүй хойгуур миний нандин нээлтэнд хэн ч гар хүрсэнгүй, энэ туурь бидний орхиж явсан яг л тэр байдлаараа байх ажээ. Хагархай хэлтэрхий, хог новш дороос бид гаргаж аваад шаардлагатай бус хэмээн орхисон эд зүйлүүд ч яг хэвээрээ байв. Нэг сар орчмын хугацаанд малталт хийнэ гэж би тооцоолон урьдын адил Хар хотоос 20 гаруй бээрийн зайд Эзний голд амьдарч байсан торгууд бэйлтэй анд нөхрийн холбоогоо сэргээж, газар ухах ажилчдыг хөлслөх талаар түүний дэмжлэгийг аван, Эзний голоос өдөр болгон бидэнд, ус нэжгээд хонь авчирч байхаар торгуудуудтай тохиролцлоо. Биеийн хүчний хүчир ажил хийх, хоол идэх ам 2-3 дахин нэмэгдэх учир мах, ус хоёрын аль аль нь ихээр шаардагдаж байв.


Төрөлх нутаг хязгаар руугаа буусан минь[засварлах | кодоор засварлах]

Мөхсөн Хар хотод дөрвөн долоо хоног орчим туйлын хүнд нөхцөлд бид ажиллаж хэрмэн ханын дотор ч, гадна талд ч товлож төлөвлөсөн археологийн хайгуулаа дуусгаад цааш хөдлөх бэлтгэлээ хайж эхлэв. Аагим халуун завсаргүй төөнөж, ундааны ус хүртэл дутагдалтайн улмаас тоос шороо, хог новшноосоо ангижрах боломжгүй байсан учир бид маш туйлдаж байлаа. Байгаль дэлхийн нүд баясгасан сайхан дүр төрхийг дахин харж, нов ногоон моддоосоо таашаал авч, навчсын шивнээн, нойтон өвс ногооны үнэр дунд цэнгэхийг туйлаас хүсэж байв. Зургадугаар сарын 16-ны өдөр үнэлж баршгүй өв их эрдэнэс ачсан манай хүнд нүсэр цуваа тангудын нийслэлийн баруун хаалгаар гарч, ханан хэрмийн нь баруун хойд өнцгөөр өнгөрөн Эзний гол руу чиглэлээ. Хөвсгөр, нуранги элс хөдөлгөөнийг саатуулан зуурч, ачаа, уналгын мал маань арай ядан урагшилж байсан ч сэтгэл санаа өөдрөг байсан юм...


Номын зохиогчийн тухай[засварлах | кодоор засварлах]

Уг номын зохиогчийн тухай мэдээллийг та П.К.Козлов үзнэ үү.