Рой Чапмен Эндрюс

Рой Чапмен Эндрюс. 1923 он.

Рой Чапмэн Эндрюс (англи. Roy Chapman Andrews; 1884 оны 1-р сарын 26-нд төрсөн 1960 оны 3-р сарын 11-нд нас барсан) -америкийн аялагч байгал судлаач профессор, Америкийн байгалийн түүхийн мүзейн Ерөнхийлөгч (англи. American Museum of Natural History, товчоор. AMNH). Монголын Говьд палеонтологийн судалгааны аялал хийснээрээ алдартай.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1923 оны 10-р сарын "Тайм" сэтгүүлийн нүүр.

Рой Эндрюс 1884 оны 1-р сарын 26-нд АНУ-ын Висконсин мужийн өмнөд хэсэгт орших Белойт хэмээх 6 мянган хүн амтай жижиг аж үйлдвэрийн хотод төрсөн. Түүний эцэг нь Индиана мужаас гаралтай эмийн бөөний худалдаа эрхэлдэг Чарльз Эзра Эндрюс(Charles Ezra Andrews); эх - Кора Мэй Чапман Эндрюс (Cora May Chapman Andrews) гэрийн эзэгтэй байжээ. Ганц эгчийг нь Этелин Мэй (Ethelyn May) гэдэг байжээ.

1902 онд Рой дунд боловсролын гэрчилгээ авч, тэр даруй орон нутгийн Белойт коллежид (англи. Beloit College) элсэн орж, 4 жил суралцжээ. Сургуульд байхдаа Эндрюс зөвхөн уран зохиол, байгалийн шинжлэх ухааныг дуртайяа судалж байсан бол математик түүнд маш их бэрхшээлтэй байдаг байжээ.

Сургууль төгссөний дараа Нью-Йорк хотод Америкийн байгалийн түүхийн музейд ажилд оржээ. Байгалийн түүхийн музейн ерөнхийлөгч Хэнри Осборн Эндрюс нар Төв Азид судалгаа хийх талаар санаа нэгдсэн байна. Энэ үед Америкийн эрдэмтэд бүх тивийн амьд амьтан анх Ази тивд үүсч бий болоод бусад тивүүд рүү тархсан гэсэн онолыг буй болгоод байсан үе юм.

1916-1917 онуудад Хятад, Төвөд болон өмнөд хэсгээр аялсан. 1918 оны зун найз Чарльз Шелдоны санал болгосноор Рой Эндрюс дахин Хятад руу явсан бөгөөд энэ удаад АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нууц тагнуулаар ажиллажээ. Хятад Германд албан ёсоор дайн зарласан ч улс төрийн эмх замбараагүй байдал ноёрхсон - мужуудыг Бээжингийн хяналтанд байдаггүй дайны ноёд захирч, армиа зах зээл дээр бараа болгон худалдаалж байв. Хожим нууцлагдсан баримт бичгийн дагуу албан ёсны статус нь хувийн журмаар Эндрюсийн үүрэгт Хятадын улс төр, нийгмийн байдлын талаархи мэдээллийг цуглуулах, дамжуулах зэрэг багтаж байжээ.

Монголын Говьд[засварлах | кодоор засварлах]

Хенри Осборн энэхүү онолыг батлах зорилгоор 1918-1925 онуудад Монголын говьд Америкийн экспедицийг зохион байгуулж, Монголоос олсон олдвор-нээлт нь баталгаа болсон юм. Америкийн байгалийн түүхийн музейгээс Монголд зохион байгуулсан Төв Азийн гурван удаагийн экспедицийг Р.Эндрюс толгойлжээ. Р.Эндрюс анх 1918 оны есдүгээр сард Хүрээнд ирсэн байна. Тэрбээр 1918 онд Хаалганаас Хүрээ хүртэл автомашинаар явж: “...үүгээр монгол, оросууд байнга аялдаг юм байна. Зам нь саад бага, маш сайн юм" гэжээ.

Рой Чапмен Монголд.

«Азийн хоёр дахь амьтан судлалын аялал» (англ. Second Asiatic Zoological Expedition), 1919 оны 5-р сараас 9-р сар хүртэл үргэлжилсэн байна.

1920 оноос автомашин байнга явж, засвар үйлчилгээ авах ч боломжтой болжээ” гэж бичжээ. “Wall Street” санхүүгийн бүлгээс санхүүжүүлсэн экспедици 1922 оны тавдугаар сарын 18-наас есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилж, таван машинтайгаар Хүрээгээр дайрч Бага Богд, Арц Богд, Гурван сайхан, Онгийн гол зэрэг газраар явсан байна. Эндрюсийн тэмдэглэлд Хүрээнд амьдарч байсан Америкийн худалдаачдын тухай өргөн мэдээлэл тусгагдаж, хүрээнд 10 мянган хятад, 2000 орос, 50 мянган монгол, тэдгээрийн 35 мянга нь лам нар амьдардаг гэжээ.

Эндрюс Монголын улс төрийн байдлыг “Биднийг Хүрээнд байсан 1922 оны тавдугаар сар бол нөхцөл байдал жигдрээгүй байсан үе байлаа. Барон Унгерн хэдэн зуун еврей, большевикуудыг хүйс тэмтэрсэн, улаан оросууд Хүрээг эзлэсний дараа түүний бодлогыг эсэргүүцсэн монголчуудыг системтэйгээр цэвэрлэх ажил эхэлсэн, энэ нь терроризмын үргэлжлэл байв. Хэн ч гэсэн ямар нэгэн хэрэгт сэжиглэгдэн шоронд орж болох байв. Зарим нь ямар хэрэг хийж хуулийг зөрчсөнөө мэдэхгүй хэдэн сараар ч байх тохиолдол ердийн байв. Биднийг ирэхээс өмнөхөн ГЯЯ-ны сайд (Бодоо) цаазлуулсан байв. Миний хуучны найз Дотоод яамны сайд (Данзан) сэжиглэгдэн хараанд байв.

Түүнтэй би нэгэн өдөр уулзсан. Маргааш нь очтол түүний гэр ундуй сундуй болсон байв. Түүнийг тэр шөнө цаазалсан байжээ. Зөвхөн монголчууд биш гадаадынхан, түүний дотор америкчууд ч хүнд байдалтай байв. Аллага, гэнэтийн үхэл гудамжинд хэнийг ч хүлээж байв” хэмээн бичжээ. Экспедицийн олон тооны машин, тэмээ бүхий цуваа нь үлэмж хөрөнгө зарцуулсныг харуулж байсан тул Монголын тал зөвхөн шинжлэх ухааны зорилгоор ирсэн гэж үнэмшихгүй, алт, газрын тос хайх зорилготой хэмээн хардаж байжээ.

Хүрээнээс хоёр монгол очиж шалгасны дараа бүхий л бичиг баримтыг бүрдүүлэхэд мянга илүү доллар төлснийг Эндрюс тэмдэглэжээ. Ерөнхий сайд Жалханз хутагт 1922 оны тавдугаар сарын 17-нд экспедицид зөвшөөрөл өгсөн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Экспедиц таван сар геологи, палентологийн судалгаа хийгээд Сайр Усаар дамжин Хаалганаар гарчээ. Хоёр дахь удаагийн экспедици 1923 оны тадугаар сарын 11-нээс Онгийн гол, Шаварт ус зэрэг газраар явсан байна. Эндрюс энэхүү экспедицийг Ерөнхий сайд Жалханз хутагт дэмжсэний хүчинд бүтсэн, тэрээр Эндрюст “Үлэг хорхой” олж ирэхийг даалгасан гэжээ. Энэхүү экспедиц Цагаан нуурын дэргэдээс анхлан үлэг гүрвэлийн өндөг олсон байна.

Шаварт усаас 100 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан жижиг хөхтөн амьтны толгойн яс таван ширхгийг палентологи Вальтер Гренжер анх олж судлаад энэ нь хөхтөн амьтны хамгийн анхны өвөг амьтан мөн гэж тогтоожээ. Эндрюс удалгүй тэрхүү гайхамшигт олдворыг үнэлэн бичихдээ “Монгол орон дэлхийн бүх эрдэмтдийн анхаарлыг татсан шинэ нээлтийн эх үндэс болсон нь эргэлзээгүй” гэж өгүүлсэн байдаг. Эндрюс Ларсоны хамт 1924 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 20 хүртэл Хүрээнд байж, дараа жил зохион байгуулах экспедицийн зөвшөөрөл авахаар хөөцөлдөж, ГЯЯ-ны сайд Цэрэндоржтой уулзжээ.

Монголын тал ШУ-ны хороо, нууц албанаас нэг нэг төлөөлөгч дагуулж явах, бүх олдвор, зураг, хэвлэлийн нэг хувийг өгөх, түүгээр нь музей байгуулах нөхцөл тавьж, төлбөрт 3000 ам.доллар авсан байна. 1925 оны тавдугаар сарын 29-нд Азийн гурав дахь экспедицийн дарга Эндрюс Монголын шинжлэх ухааны хороо Судар бичгийн хүрээлэнтэй найман зүйл бүхий гэрээ байгуулж, түүний дагуу палентологи, археологийн олдворуудын нэг хувь, экспедицийн маршрутын карт, тайлан, фото болон кино зургийг Монголын талд хүлээлгэн өгнө хэмээн тохирчээ.

Монголд 1921 он.

Гурав дахь удаагийн экспедици 1925 оны зургадугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 25 хүртэл долоон машин, 13 америк, монгол 13 ажилтан, орчуулагч, 10 хятад ажилчин жинчид болон 150 тэмээ хэрэглэн Их Богд, Алтайн нурууны хавьд аялжээ. Сүүлийн хоёр аялалыг Монгольн өмнөд хилээр шууд нэвтрэн орж хийжээ. Экспедицийн төлөвлөгөөнд Монголын говийг геологи, палентологи, амьтан ургамал, археологийн талаар судлахаар төлөвлөсөн нь хүмүүсийн сонирхлыг татаж, тэндээс их хэмжээний алт, нефть олох горьдлого төрүүлж байлаа. Сонин хэвлэлүүдэд: “Амьдралын эх сурвалжийн эрэлд”, “Говийн анхны сүүн тэжээлтний араас...”, ”Цөлийн хамгийн эртний динозаврууд” гэх мэт олон нийтлэлүүд олны анхаарлыг их татсан байна. Хамгийн гол нь Азийн төвөөс эртний хүний ул мөрийг олох явдал байжээ.

Эндрюс бид Монголд зөвхөн шинжлэх ухааны судалгааны зорилгоор очиж байгаа гэдгийг эрх баригчдад ойлгуулахад туйлын хүнд байсан. Биднийг Хятадтай далдуур сүлбэлдэгчид хэмээн хардаж, шинжлэх ухааны нэрийн дор алт, газрын тос хайсан арилжаа, хонжоо хайсан экспедици хэмээн хардсан, Монголыг эзлэхэд бэлтгэхээр Америкийн Засгийн газрын илгээсэн тагнуул гэж хардсан, эдгээр хардлагыг арилгах, паспорт, зөвшөөрөл авахын тулд олон долоо хоногийг зарцуулж байлаа.

Жил ирэх тутам тавигдах нөхцөл хүндэрсээр байв. Ларсон, Бадамжав, Монгол олон нөхдийн туслалцаагүйгээр энэ ажил бүтэхгүй байв гэжээ. Экспедицийнхэн говиор аялахдаа олсон эртний амьдтын ясаа савлах, ачих, тээвэрлэхээр нутгийн ардуудаас хөлслөн авсан тэмээн хөсөг нэлээн олонтой байсан байна. Тэмээн жингийн цувааны ажлыг Мээрэн гэдэг хүн удирдан зохион байгуулж, монголын талаас Б.Эрдэнэбатхаан газарчлах, хэлмэрчлэх, тэдний ажилд тусалж байгаа монгол хүмүүсийг ажиллуулах зэрэгт туслалцаж байжээ.

Эндрюсийн экспедиц Монголын Говь болон Алтайн нурууний говиос олдсон олдворууд нь гайхамшгийг бий болгож байсан. Шавар усанд амьдарч байсан эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс нь динозаврийн өндөгний хальсаар хийсэн хүзүүний зүүлтээр гоёж байжээ. Тэд нэн эртний Говийн палентологичид байв. Алтайн нурууны говиос үр цайруулах хэрэгсэл олдсон нь 4-5 мянган жилийн өмнө энд хүмүүс тариа тарьж байгаагүй юм гэхэд наад зах нь зэрлэг ургамлын үрийг боловсруулан хэрэглэж байсныг нотолж байна.

Тэд зөвхөн махны амтыг төдийгүй үр тарианы амтыг мэддэг байсан бөгөөд цаг агаар ч тэр үед тийм их хүнд, эрс тэс байгаагүй бололтой. Эндээс 15 мянган хожмын палеолитын чулуун зэвсэг нэг дороос ийм ихээр олдсон нь дэлхийн археологийн түүхэнд урьд тохиолдож байгаагүй зүйл байлаа. Олдворууд нь Төв Азид хүн оршин сууж байсан хугацааг 100 мянган жилээр урагшуулсан амуй. Эндрюс Ар Монголд 1926 онд экспедици илгээх байсан боловч Хятадын байдлын улмаас чадаагүй байна. Эндрюс нийтдээ нэг жил дөрвөн сар гаруй хугацааг Монголд өнгөрүүлж, Америкийн олон нийтэд Монголыг танин мэдүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэжээ. Түүний судалгааны ач холбогдол өнөөдөр ч гэсэн хэвээр байна.

Анхны аялалдаа тулгуурлан “Моторт машинаар Монголыг гаталсан нь” өгүүллийг “Нагрег’s Маgаzinе” сэтгүүлийн 1919 оны долдугаар сарын дугаарт нийтлүүлжээ. Хоёр дахь аялалдаа үндэслэн “Монголын талыг гатласан нь” ном 1921 онд хэвлүүлсэн нь олны анхаарлыг ихэд татжээ. Р.Эндрюс Америкийн “Нагрег’s Маgаzinе” сэтгүүлд 1919-1920 онд гурван өгүүлэл, Дорно дахины судлалын “Ази” сэтгүүлд 1921-1924 онд Монголд аялсан тухай арав гаруй өгүүлэл, гэрэл зургийн хамт хэвлүүлсэн байна. Төв Азийн экспедицийн Монголд хийсэн гурван удаагийн аялалын тэмдэглэл, 60 гэрэл зураг бүхий “Эртний хүний мөрөөр” номоо 1926 онд хэвлүүлсэн байна. Р.Эндрюс “Төв Азийг шинээр байлдан дагуулсан нь” Монгол, Хятадад хийсэн судалгааны тайланг 1932 онд хэвлүүлжээ.

Эдгээр материалаар түүнийг “Монголын Эндрюс” гэж нэрлэх болжээ. Бүтээлүүд нь палентологи, археологи, хүн судлалын үнэлж баршгүй ач холбогдолтой зохиолууд ажээ. Эдгээр бүтээлүүд нь Монголын гадаад, дотоод нөхцөл байдлыг харуулж, Монголын тухайн үеийн улс төрийн байдлыг үнэлж цэгнэх үнэтэй чухал баримт болж байна.

1928 онд тус аялалын гишүүдийг Хятадын эрх баригчид баривчилсан боловч эцэст нь суллав. 1930 онд мастодон чулуужсан олдвор олдсон. Жилийн дараа Эндрюс АНУ-д буцаж ирэв. 1934 онд Эндрюс Америкийн музейн захирал болсон;

1942 онд тэрээр тэтгэвэрт суугааад 1960 онд Калифорнид нас баржээ. Түүнийг төрөлх Белойт дахь Оаквудын оршуулгын газарт оршуулжээ.