Цонжийн чулуу

Цонжийн чулуу - Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын төвөөс зүүн хойш 55 км-т орших Цонж толгой нь зургаан талт босоо гонзгой бие биедээ наалдан ургасан зургаан талт харандаа мэт сонин сайхан тогтоцтой цэнхэр чулуу, байгаль эхийн уран чамин урлалт жижиг уул юм. Эрт үед энэ чулуунаас ухаж авч байсан ул мөр бий. Ухсан хэсэг нь 3-4 метр гүнзгий жигд хэмжээтэй, нарийхан, урт шулуун чулууны багц бөгөөд дээрээс нь харахад зүсмэл чулуун шал мэт. Хүний гараар бүтээсэн 6 талт баганууд мэт хүрмэн хөх чулуун байц хадууд, өндөр нь 6-7 м, өргөн нь 15-20 см хөх хүрмэн чулуу юм. Хар саарал өнгөтэй бөгөөд өнгөлөх юм бол гялалзсан хар өнгөтэй болдог. Хүрмэн чулуу нь халуун хайлмаг үедээ асар их даралтад орж ийм багана үүсч талсжсан хэрэг. Үүнийг нутгийнхан “Цонжийн чулуу” гэдэг. Ийм зургаан талт хүрмэн чулууны өвөрмөц тогтоц Монголд хэд хэдэн газарт байдаг бөгөөд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс баруун хойш Хүж-хад, Говь-Алтай аймгийн Тайшир сумд Харандаа хад гэх зэргээр нэрлэгдсэн байдаг. Мөн Архангай, Хөвсгөлд ч мөн адил хүрмэн чулуун урсацын дагуу сийлж ургасан голуудын хөндийн хавцлын хананд дутуу хэлбэржсэн баганалаг хүрмэн чулуу ажиглагддаг. Ийм дутуу хэлбэржсэн баганалаг хүрмэн чулууг Дорноговь аймгийн Хан Баянзүрх уулын оройн зүүн хэсэгт мөн ажиглаж болох бөгөөд галт уулын чулуулгийн бялхалт явагдсан газар нутгуудад буюу галт уулын хүрмэн чулуутай газар тааралдах боломжтой тогтоц юм. Хэнтий аймгийн баруун хойд хэсэгт хилээс ойрхон мөн Цонжийн-Чулуу уул гэх нэртэй газар байдаг бөгөөд Минж гол баруун талаар нь урсдаг ажээ. Үүнийг columnar basalt - баганан хүрэм, баганалаг хүрэм гэх зэргээр нэрлэдэг байна.

Энэ өмөрмөц уулыг аймгийн байгалийн нөөц газрын тусгай хамгаалалтанд 1988 онд 18,0 га талбайтайгаар бүртгэн авсан байна.

Энэхүү газрыг Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 12-р сарын 15-ны өдрийн 95-р тогтоолоор аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталжээ.