Андрей Белоусов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Андрей Белоусов

Андрей Рэмович Белоусов (1959 оны 3-р сарын 17-нд ЗХУ-ын нийслэл Москва хотод төрсөн) — Оросын төрийн болон улс төрийн зүтгэлтэн, эдийн засагч эрдэмтэн. Оросын төмөр зам ("РЖД") компанийг ТУЗ-ийн дарга. ОХУ-ын Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч (2020 оны 1-р сарын 21-ээс 2024 оны 5-р сарын 7 хүртэл). ОХУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн асуудал хариуцсан туслах (2013 оны 6-р сарын 24-өөс 2020 оны 1-р сарын 21 хүртэл). ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд (2012 оны 5-р сарын 21-2013 оны 6-р сарын 24). ОХУ-ын Засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч (2020 оны 4-р сарын 30-аас 5-р сарын 19). 2024 оны 5-р сарын 12-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин түүнийг ОХУ-ын Холбооны Зөвлөлд Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлсэн байна.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1959 оны 3-р сарын 17-нд Москвад эдийн засагч, эрдэмтэн Рэм Белоусовын (1926—2008) хүү болж төрсөн. Эцэг нь үнэ тогтоох болон удирдлагын чиглэлээр Зөвлөлтийн шинжлэх ухааны сургуулийг үүсгэн байгуулагч Алексей Косыгины шинэчлэлийг бэлтгэхэд оролцогчдын нэг байсан бөгөөд ЗХУ-ын эдийн засгийн түүхийг судалдаг байв. Эх Алиса Павловна нь ховор элементийн хими судалдаг радиохимич байсан.

Андрей Белоусов Москва хотын Физик-математикийн тусгай хоёрдугаар сургуулийг төгсөөд 1976 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд элсэн орж, 1981 онд эдийн засгийн кибернетик мэргэжлээр онц дүнтэй төгссөн байна. Суралцах хугацаандаа тэрээр 1977-1981 онд Москвагийн Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн ЗХУ-ын Ардын аж ахуй төлөвлөлтийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан А.И.Анчишкины удирдлага дор ажиллаж эхэлсэн байна.

Эрдэм шинжилгээний ажил[засварлах | кодоор засварлах]

Дээд боловсролын дипломоо аваад ЗХУ-ын ШУА-ийн Эдийн засаг, математикийн төв хүрээлэнгийн аспирантурт үргэлжлүүлэн суралцаж 1988 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

Тэрээр 1986 оны 2-р сард ЗХУ-ын ШУА-ийн Эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг урьдчилан таамаглах хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байсан. Түүний судалгааны тэргүүлэх чиглэлүүд нь макро эдийн засгийн чиг хандлагыг урьдчилан таамаглах, түүнчлэн Зөвлөлт маягийн эдийн засаг дахь инфляци, бүтцийн хямралыг тодорхойлоход чиглэж байжээ.

2000 онд тэрээр Макро эдийн засгийн шинжилгээ, богино хугацааны таамаглалын төвийг үүсгэн байгуулж, тэргүүлж байсан бөгөөд үүний үндсэн дээр 2005 онд "Оросын эдийн засгийн урт хугацааны чиг хандлага: 2020 он хүртэлх Оросын эдийн засгийн хөгжлийн хувилбарууд" тайланг нийтлэсэн.

Төрийн албанд[засварлах | кодоор засварлах]

1999 онд Эдийн засгийн яамны удирдах зөвлөлийн гишүүнээр элссэн. Тэрээр Оросын засгийн газрын тэргүүн байсан Евгений Примаков, Сергей Степашин, Михаил Касьянов, Михаил Фрадков нарын зөвлөхөөр ажиллаж байсан.

2006 оны 2-р сарын 8-нд тэрээр Герман Грефийн урилгаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайдын албан тушаалыг хүлээн авч төрийн албанд оржээ. Энэ албан тушаалд тэрээр макро эдийн засгийн блок, түүний дотор хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах асуудал, холбооны зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилт, Оросын нөлөө бүхий "Внешэкономбанк"-ны хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хянаж байв. Түүний удирдлага дор нийгэм, эдийн засгийн урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, Оросын “Худалдааны тухай” хуулийн төслийг боловсруулсан (2009 оны 12-р сарын 28-ны өдөр батлагдсан) байна.

2008 оны 6-р сарын 17-нд ОХУ-ын Засгийн газрын дарга Владимир Путин түүнийг Оросын засгийн газрын аппаратын эдийн засаг, санхүүгийн хэлтсийн даргаар томилсон. 2008-2012 онд Белоусов Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шувалов, Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина нарын хамт Засгийн газрын эдийн засгийн хөтөлбөрийг боловсруулах үүрэгтэй байв.

2012 оны 5-р сарын 21-нд тэрээр Дмитрий Медведевийн анхны засгийн газарт ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсон. 2013 оны 6-р сарын 24-нд Белоусов ОХУ-ын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн туслахаар томилогдсон байна.

2020 оны 1-р сарын 21-нд тэрээр Михаил Мишустиний анхны засгийн газарт ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдсон. Энэ албан тушаалд тэрээр улсын санхүү, эдийн засгийн бодлогын асуудлыг хянаж байсан. Тэрээр 2020 оны 4-р сарын 30-наас 5-р сарын 19-ний хооронд COVID-19-ээр өвчилсөн Михаил Мишустин чөлөө авсан тул ОХУ-ын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэсэн.

2020 оны 3-р сард тэрээр "Оросын төмөр зам" ХК-ийн (орос. РЖД) ТУЗ-ийн даргаар сонгогдсон.

2024 оны 5-р сарын 12-нд Ерөнхийлөгч Путин ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайдад нэр дэвшүүлж Холбооны зөвлөлд санал болгосон.