Аркадий Райкин

Аркадий Райкин, 1942 он.

Аркадий Райкин ( орос. Аркадий Исаакович Райкин, Оросын эзэнт улсын Лифлянд мужийн Рига хотод 1911 оны 10-р сарын 11-нд төрсөн- 1987 оны 12-р сарын 17-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) -зөвлөлтийн эстрад, театр, киноны жүжигчин бөгөөд театрын найруулагч, хошин шог зохиолч. 1981 онд ЗХУ-ын Социалист Хөдөлмөрийн баатар, 1968 онд ЗХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн, 1980 онд Ленины нэрэмжит шагнал, 1981 онд Ленины одон хүртсэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Рига хотод еврей гэр бүлд 1911 оны 10-р сарын 11-нд төрсөн. Эцэг нь Исаак (Ицик-Янкель) Давидович Райкин (1877—1942) гэж далайн боомтод барилгын материалын брокер байсан, 1942 онд бүслэлтийн Ленинградаас гарах үед нас барсан, эх -Лея (Елизавета) Борисовна Райкина (төрөхдөө Гуревич; 1878—1966) эх баригч байжээ. А.Райкин айлын ууган хүүхэд байсан бөгөөд Белла (1916—2009), Софья гэж хоёр эмэгтэй, Макс (1927—1999) хэмээх эрэгтэй дүүтэй байжээ.

Тэдний гэр бүл 1922 онд Петроград /өнөөгийн Санкт-Петербург/ руу нүүжээ. Тэрээр Петроград хотын ууган № 206 дунд сургуульд сурч төгссөн байна. 1929 онд Охтины химийн үйлдвэрт /дарь, дэлбэрэх бодис үйлдвэрлэдэг/ лаборантаар ажилд орсон байна.

"Аркадий Райкин" ОХУ-ын шуудангийн марк, 2001 он.

Тэрээр 1935 онд Ленинградын тайзны урлагийн техникумд (өнөөгийн Орос улсын тайзны урлагийн дээд сургууль. орос- Российский государственный институт сценических искусств) эцэг эхийн зөвшөөрөлгүй элсэхээр өргөдлөө өгсөн ажээ.

1939 онд тэрээр Ленинградын эстрадын театрын бүрэлдэхүүнд оржээ.