Асуудал дэвшүүлсэн өгүүлэл

Асуудал дэвшүүлсэн өгүүлэл (Проблемная статья. Background article). Нийгмийн амьдралын аль нэг шинэ сэргэг, шийдвэрлэхийг нийгмийн тухайн үеийн хөгжил, нөхцөл байдал, хэрэгцээ шаардсан чухал асуудлыг ул суурьтай судлан, түүний ирээдүйн төрх төлөвийг тодорхой гаргаж, шийдвэрлэх арга замыг эрж хайсан өгүүллийн хэлбэрийг асуудал дэвшүүлсэн өгүүлэл гэж нэрлэнэ. Энэ бол нийтлэлийн нэлээд идэвхтэй, цаг үеийн томоохон асуудлыг хөндсөн төрөл бөгөөд амьдралаас урган гарсан шинэ сэргэг зүйлийн ач холбогдол, учир шалтгааныг тайлбарлан таниулж, нэгтгэн дүгнэж тухайн цаг үеийн хувьд онцгой ач холбогдолтой асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэх замаар үр дүнд хүрэх, шийдвэрлэхийг зорилго болгодог шинжлэлт бичлэгийн өвөрмөц төрөл юм. Тиймээс зарим асуудал дэвшүүлсэн өгүүлэл маргаан, мэтгэлцээний шинжтэй, шүүмжлэн хэлэлцэх хэлбэрээр бичигдсэн байдаг. Асуудал дэвшүүлсэн өгүүлэл хөндөж буй сэдвийн хүрээнд цогц баримтыг сонгон авч, дүн шинжилгээ хийх замаар асуудлын үндэслэл, шалтгаан, үр дагавар, ач холбогдол, учир утгыг гарган, уншигчдад нөлөөлж, итгүүлэн үнэмшүүлэхийн хамт асуудлын талаар санал бодлоо хэлж, эргэцүүлэн бодоход уриалсан шинжтэй байдаг. Өгүүллийн энэ хэлбэр нь мэдээллийн багтаамж, үнэлэлт, дүгнэлт сайтай, танин мэдүүлэх ач холбогдол өндөр, асуудлыг тал бүрээс нь нээн харуулах зорилгоор нэлээд чөлөөтэй хандсан, бас бусад зарим бичлэгийн төрлийн шинж тэмдгийг агуулдаг онцлогтой юм. Асуудал дэвшүүлсэн өгүүллийн асуудал хөндсөн нийтлэлийн бусад төрөл, зүйлтэй харьцуулахад дэвшүүлж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрж хайсан, зохиогч энэ талаарх өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлсэн байдаг. Асуудал дэвшүүлсэн сурвалжлага, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэлд зохиогч заавал ийм зорилт тавьдаггүй бол энэ нь асуудал дэвшүүлсэн өгүүллийн үндсэн шинжийг нэг мөн. Сүүлийн жилүүдэд манай сонин, сэтгүүлд нийгмийн ээдрээтэй хурц асуудлыг хөндсөн, баримт нотолгоо, үндэслэл сайтай өгүүлэл олширч байна. Ялангуяа өөрчлөлт шинэчлэлтийн эхлэл тавигдаж, ардчиллын уур амьсгал нэвтэрч эхэлсэн наяад оны дунд үеэс Ц.Балдоржийн “Далай ээж маань “цаазын тавцанд”, “Хүр хорхой үржүүлж, хөвөн тарих хүмүүсээ яах вэ?”, Г.Жамцын “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна”, “Ууршуулж шатаасан шингэн алт хайран”, Ц.Дашдондовын “Баярын тухай гунигт бодол”, “Дээд комиссийн доод ажил”, Ц.Дашдоржийн “Авьяас тэтгэвэрт гардаг юу уу?”, Х.Цэвлээгийн “Хариулт хүлээсэн зарим асуудал”, Л.Түдэвийн “Цагаан ямаа”, О.Хахаарын “Дундаж сэхээтэн” зэрэг олон өгүүлэл гарч, нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлж, зарим нь томоохон үр дүнд хүрч байсан. Энэ бүхэн нь асуудал дэвшүүлсэн өгүүлэл улс оронд болж байгаа цар хүрээ бүхий том өөрчлөлт, дэвшлийн үед улам ихээр гарч ирдгийн тодорхой жишээ юм. Өөрчлөн байгуулалтын эхний жилүүдэд гарсан асуудал дэвшүүлсэн өгүүллийн ихэнх нь энэ бичлэгийн төрлийн шилдэг жишээ болж чадсан бөгөөд манай сэтгүүл зүйн асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийг улам эрчимтэй хөгжүүлж, ур чадварыг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулжээ.