Ашигтай мэдээлэл

Ашигтай мэдээлэл (Полезная информация. Useful information). ОНМХ-ээр дамжуулсан бүх мэдээллийг уншигч бүр хүлээж авах, тэр тусмаа ажил хэрэг болгох боломжгүй байдаг. Үүнээс үүдэн ашигтай, ашиггүй мэдээлэл хэмээх ойлголт гарч ирнэ. Энэ бол тухайн мэдээллийн хэрэгслийг ашиглаж буй хувь хүнтэй шууд холбоотой бөгөөд сонинд нийтлэгдсэн, радио телевизээр нэвтрүүлсэн бүх мэдээлэл тухайн уншигчийн хувьд зуун хувь ашигтай болох баталгаа хаана ч байдаггүй. Байх ч албагүй. Хүн бүрийн ухамсар, мэдлэг боловсролын төвшин, мэдээлэл хүлээж авах боломж, амьдралын нөхцөл байдал, тухайн орны хөгжлийн ерөнхий төвшин харилцан адилгүй зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлнө. Тухайн хүлээн авагч тухайн мэдээллийн хэрэгслээс олж авч байгаэа аливаа шинэ зүйл, шинэ мэдлэг, эсвэл хуучин мэдлэгийг улам гүнзгийрүүлж, баталгаажуулж байгаа мэдээлэл нь ашигтай мэдээлэл болно. Урьд нь өөр мэдээллийн хэрэгслээс мэдсэн, хуучин баримтыг давтсан, шинэ зүйл агуулаагүй, мэдлэгийн хүрээнд ямар ч нөлөөгүй мэдээлэл нь ашиггүй мэдээлэл юм. Өнөөдөр дэлхий дахины сэтгүүл зүйд ашигтай мэдээллийн тоог нэмэгдүүлэх явдал тэргүүн зэргийн шаардлага болон тавигдаж байна. Манай орны сэтгүүл зүйд ашигтай мэдээллийн тоо тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлагатай боловч ашиггүй, идэвхгүй мэдээлэл давамгайлсан хэвээрээ байна. Ашигтай мэдээллийн коэффициентийг дараах томъёогоор тодорхойлж болно. Үүнд: А м.к. = А х.м.: А б.м. х 100% А м.к. – ашигтай мэдээллийн коэффициент, А.б.м. – тухайн мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн (дамжуулсан) бүх мэдээлэл, А х.м. – тухайн уншигчийн хувьд ашигтай гэж үзсэн, бодит мэдээлэл. Тухайлбал, “Өдрийн сонин”-д нийт 40 материал нийтлэгдсэний 10 нь тухайн уншигчдад шинэ мэдээлэл өгч чадсан гэж үзвэл: А м.к. = 10 : 40 х 100% = 25% байна. Хэдийгээр энэ томъёог уншигч болгоны хувьд ашиглах боломжтой боловч нийт уншигчийн дунд судалгаа явуулах замаар тухайн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааны үр дүнг хэмжих бүрэн боломжтой. Ашигтай мэдээлэл хэмээх ойлголт эх бичвэрийн мэдээллийн багтаамжтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, эх бичвэрийн агуулж буй суурь мэдээллийн хэмжээ, түүний нөлөөллөх чадвар сайн, цаашид бодит мэдээлэл болж чадах магадлал нь өндөр байх ёстой гэсэн үг юм.