Баатарын Чадраа

Баатарын Чадраа (* 1939 онд Архангай аймгийн Тариат сум; † 2016 оны 2 сарын 27-нд Улаанбаатар) нь Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, эрдэмтэн академич юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1939 онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Ороох хэмээх газар малчин ард Баатарын 8 дахь хүүхэд болж төрсөн. Мөрөн багийн бага сургууль, Цэцэрлэг хотын нэгдүгээр 10 жилийн 7-дугаар анги, Улаанбаатар хотын нэгдүгээр 10 жилийн 10 дугаар анги онц төгссөн.

1962 онд ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн физикийн ангийг тус тус төгссөн.

1963 оны нэгдүгээр сараас Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Байгалийн ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орж ажилласан. Физик, математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Физик техникийн (хожим технологийн) хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдлийн ерөнхий захирал, Электрон техник-эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийн үйлдвэр (хожим Монел)-ийн захирал, Улаанбаатар Их сургуулийн анхны захирал, Физик технологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

Монгол улсын ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр 3 удаа, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр 3 удаа нийт 21 жил сонгогдон ажилласан.

Засгийн газрын Цөмийн энергийн комиссын орлогч дарга, эрдмийн цол зэрэг олгох дээд комиссын орлогч дарга болон, Сансрын хамтарсан нислэгийг бэлтгэх улсын комиссын орлогч даргаар томилогдон давхар ажиллаж байв.

1964 оноос Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн хүрээлэн, Москва дахь Сансрын физикийн хүрээлэнд байнга болон давхар ажилласан. Европ, Азийн мөн АНУ, Япон зэрэг олон орны эрдэм шинжилгээний байгууллагуудад түр хугацаагаар ажиллаж зочилж байв.

1975 онд Монгол улсын ШУА-ийн гишүүнээр сонгогдсон. Боловсролын доктор, ШУ-ны доктор, профессор цол зэрэгтэй.

Амжилт, бүтээл, шагналууд[засварлах | кодоор засварлах]

Цөмийн физик, нарны эрчим хүч, электрон-техникийн чиглэлээр 320 орчим ганцаар болон хамтарсан эрдэм шинжилгээний бүтээлийг гадаад дотоодод хэвлүүлсний дотор цөмийн гаж бөөмс үүсэх процесс, лямбада-этта, К0 К0-зэрэг гаж бөөмс –резонансийг анх олж ажиглахад оролцсон бүтээлүүд, асар их энергитэй сансрын эгэл бөөмсийн цөмтэй мөргөлдөх процессийг газар дээр болон сансарт судалсан бүтээлүүд, нар салхи био, геоэнергийг ашиглах судалгаа, туршилтууд, зохион бүтээсэн багаж төхөөрөмжүүд, Монголын хөдөөгийн малчдыг гэрэл, радио, телевизтэй болгож нар салхины эрчим хүчээр цахилгаанжуулах технологи, зохион бүтээсэн төхөөрөмжүүд, Монгол улсын үндэсний хөгжлийн хөтөлбөр “Оюунлаг Монгол” ( 2008-2021 он), Монголын үндэсний нэвтэрхий толь (3 боть) , Монголын байгаль орчны нэвтэрий толь зэрэг ажлуудыг гадаад дотоодын эрдэмтэд, мэрэгжилтнүүд өндөр үнэлдэг.

Эдгээр ажлын үр дүнг өндрөөр үнэлж ОХУ-ын Шинжлэх ухааны 2 академийн жинхэнэ гишүүн болон хүндэт доктор цол олгосон. Киргизийн ШУА-ийн жинхэнэ гишүүн , Гуравдагч ертөнцийн ШУА, Европын ШУА, Олон улсын дээд боловсролын ШУА, Дэлхийн Инновацийн сангийн жинхэнэ гишүүн зэрэг 10 гаруй орон, шинжлэх ухааны байгууллагын гишүүнээр сонгогдсон. ОХУ-аас “Улс түмний найрамдлын одон”, “Найрамдлын одон ”, “Гавьяаг зөвшөөрсөн одон”, “Вернадскийн медаль”, “Черскийн медаль”, Европийн ШУА-иас боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт гарамгай амжилт гаргасан хүнд олгодог “Дээд ковалёрын одон” зэргээр шагнасан.

Эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлж боловсон хүчин бэлтгэх, судалгааныхаа ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор 10 гаруй хүрээлэн, сургууль жижиг үйлдвэрүүд байгуулсаны дотор барууны орнуудтай байгуулсан Монголын анхны хамтарсан үйлдвэр Англи-Монголын “МОНМАР”, анхны тооцоолон бодох машин М-200, электрон техникийн “МОНЕЛ”-үйлдвэр, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэл-СЭХ, эрдэм шинжилгээний ажилтныг бэлтгэх Улаанбаатарын их сургууль, Архангай дахь “Ирвэс” лицей сургууль, Москва дахь Их сургуулиудын Монгол дахь салбарууд (Плехановын эрчим хүчний сурган), АНУ-ын Колорадогийн Их сургуулийн салбар зэрэг болно.

Монголын төр засаг түүний бүтээлийг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны одон медалиуд, “Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн”, “Төрийн соёрхолт” цолоор шагнасан. Монголын төр олон нийт “ХХ зууны манлай эрдэмтэн”, АНУ-д “Дэлхийн нөлөө бүхий 500 тэргүүний хүн”-д шалгаруулж тус тус өргөмжилжээ.

Улс төрд[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Ардын Их Хурлын гишүүн, УИХ-ын гишүүнээр (2000-2004) сонгогдож байв. МХЗЭ-ийн ТХ-ны Товчооны гишүүнээр сонгогдож 10 гаруй жил ажилласан бөгөөд МҮЭ-ийн дээд шагнал хүртсэн. Эрчим хүч, БСШУЯ, БОХЯ –аас холбогдох тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Гэргий Д.Агийням нь Монголын радио холбоо, телевизийн инженер юм. Тэд 4 хүүтэй.