Архангай

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Архангай аймаг
Далбаа Сүлд
Туг Сүлд
Архангай аймаг тодруулагдсан газрын зураг
Байгуулагдсан 1931
Аймгийн төв Цэцэрлэг
Нутаг дэвсгэр
 • Талбай

55,314 км²
Хүн ам
 • Нийт (2000)
 • Нягтшил

97,091
1.76 хүн/км²
Цагийн бүс +7
Утасны дугаар +976 (0)133
Машины код АР-
ISO 3166-2 MN-073
Цахим сүлжээ arkhangai.gov.mn

Архангай нь Монгол улсын 21 аймгийн нэг мөн.

Агуулга

[засварлах] Газар зүй

Архангай нь баруунаасаа нар зөв тойруулвал, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагтай хил залгадаг. Дийлэнхдээ ойт хээр, тал хээр нутагтай, баруун урдуур нь Хангайн нуруу, баруун хойгуур нь түүний салбар болох Тарвагатайн нуруу оршдог ба зүүн болон төв хэсгээр тэдгээрээс эх авсан Орхон, Хануй, Тамир, Чулуут зэрэг томоохон голууд урсдаг. Энэ нутаг нь жуулчлалын нэгэн чухал газар бөгөөд Өгий, Тэрхийн цагаан зэрэг нуур болон Хорго, Тайхар чулуу зэрэг галт уулархаг тогтоцоороо олны анхаарлыг татдаг. Хамгийн өндөр цэг нь Хангайн нурууны Харлагтайн сарьдаг (3539 м) ба хамгийн нам цэг нь Орхон Тамирын бэлчир (1290 м) болно.

Цэцэрлэг хот

[засварлах] Засаг захиргааны хуваарь

Архангай аймагт 2010 оны эцэст 91 мянган хүн амьдарч байна. Нийт хүн амын 34.4 хувийг 0-16 насны хүүхдүүд, 33.9 хувийг 16-35 насны залуучууд, 5.6 хувийг 60-аас дээш насны хүн ам эзэлж байна. Архангай аймаг нь засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум , 99 багт хуваагддаг.

Mongol Arkhangai sum.PNG
Сум Сумын төв[1] Хүн ам (2009)[2] Нутаг дэвсгэр (км²) Нягтрал (хүн/км²)
1 Эрдэнэбулган Цэцэрлэг 17,770 536 33.15
2 Батцэнгэл Жаргалант 3,846 3,500 1.10
3 Булган Булгийн дэнж 2,434 3,100 0.79
4 Жаргалант Баянцагаан 4,111 3,832 1.07
5 Ихтамир Заанхошуу 5,247 4,800 1.09
6 Өгийнуур Зэгстэй 3,086 1,686 1.83
7 Өлзийт Хөшөөт 3,102 1,700 1.82
8 Өндөр-Улаан Тээл 5,798 4,000 1.45
9 Тариат Хорго 5,086 3,800 1.34
10 Түвшрүүлэх Таван булаг 3,438 1,200 2.86
11 Хайрхан Уубулан 3,656 2,500 1.46
12 Хангай Хунт 2,926 4,400 0.66
13 Хашаат Баян 3,344 2,600 1.29
14 Хотонт Хотонт 4,440 2,200 2.02
15 Цахир Авгалдай 2,143 3,398 0.63
16 Цэнхэр Алтан-Овоо 5,414 3,200 0.63
17 Цэцэрлэг Хужирт 3,813 2,500 1.53
18 Чулуут Жаргалант 3,744 3,900 0.96
19 Эрдэнэмандал Өлзийт 5,933 3,400 1.74
Нийт 89,311 56,252 1.59

[засварлах] Уур амьсгал

Цэцэрлэг хотод агаарын дундаж температур нь жилд 0.1 бөгөөд, өвөл 1-р сард -15.6 хэм хүйтэн, зун нь 7-р сард 14.7 хэм дулаан байдаг. Хангайн нуруу нь манай орны хамгийн их тунадастай нутгийн нэг бөгөөд Цэцэрлэг хотод жилд дунджаар 344 мм тунадас унана. Салхины дундаж хурд нь 2.6 м/с бөгөөд хамгийн их салхитай байдаг 4-р сарын дундаж хурд нь 3.5 м/с юм.

[засварлах] Онцлог газрууд

Аймгийн нутгийн хойд хзсэг нь пермийн ба чулуун нүүрсний галвын боржин, баруун өмнөд хэсгээр нь элсэн чулуу тархжээ. Тамирын голд төмрийн хүдэр, Суман голын савд галт уулын чулуу, үнэт чулууны баялаг бий. Аймгийн газрын хөрс сайн судлагдаагүй боловч сүүлийн үед эрэл, хайгуулын ажил ихээр явагдаж байна. Мөн Суваргахайрхан уул, Унтаа уул, Ямаат уул, Ноёнхангай уул, Хан Өндөр уул зэрэг сүрлэг уулстай. Эрдэнэмандал сумаас Хүннү гүрний үеийн Буган чулуу ихээр олддог. Мөн тухайн суманд Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг. Тамир, Орхон, Чулуут, Суман, Хануй, Хүнүй зэрэг том голууд оршдог. Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт, Бэлх ээрэг халуун хүйтэн рашаан олонтой. Архангай аймаг 2.1 сая малтай, үхрийн тоогоор 428 мянга буюу улсад тэргүүн байр эзэлдэг. Зүүн талын сумдад газар тариалан хөгжүүлж байна.

[засварлах] Ургамал, амьтан

Тус аймгийн нутагт 1700-гаад зүйлийн ургамал ургадгаас монгол алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрүү, бамбай, нохойн хошуу, царван, төллүүр, өргөст сарнай, таван салаа, ванжингарав, эрээгомбо, юмдүүжин, мягмансанжаа, хунчир, туйплан, шар, хөх дэгд, сөд өвс, говийн ганга, тарваган шийр, зүрхэн цэцэг, хурган чих, холтсон цэцэг, цагаан түрүү, чихэр өвс, хурган гоньд, эмийн багваахай, ягаан сэрдэг, цээнэ зэрэг эмчилгээний зориулалтаар ашиглагддаг ховор ургамлууд бий. Аймгийн нийт нутгийн 15.7 хувийг ой мод, 75 хувийг бэлчээр, 1.5 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Хуайс, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, монос, тавилгана, шар мод, далан хайлс, гацуур, жодоо, сөөгөн ба бургасан царам, шинэс, хуш, хус, нарс, зожир өвс, улиас, бургас зэрэг тавь гаруй төрлийн модлог, бутлаг ургамал ургадгийн зэрэгцээ бүүргэнэ, цээнэ, согоон чих, бадаан, поврон, нохойн хошууны навч зэрэг цайны ургамал элбэг билээ. Аймгийн нутгийн зарим хэсэгт гичгэнэ, сонгино, халиар, халгай, тарна, гогод, бэрээх, мангир, хүнхээл, бандзоо, мөөг, ямаахай, зэрлэг жууцай, гоньд, хөмүүл, цагаан төмс, шар сэвэлгэнэ, цагаан сэвэлгэнэ, үхэр болон хурган мэхээр зэрэг хvнсний ургамал элбэг тохиолдоно. Жимс, жимсгэний төрлөөс үхрийн нүд, үрэл, хар хад, аньс, нохойн хошууны үр, нэрс, өргөст тошлой, мойл, улаалзгана, дорнодын гүзээлзгэнэ, самар, долоогоно, тансаг үнэрт ургамлаас хонин болон ямаан арц, агь, ганга, даль, санхам, минжиннаваг зэрэг ургамлууд ургадаг. Нар, хур хосолсон хавар, зуны дэлгэр сайхан улиралд удвал, жамъянмядаг, шар яргуй, хөх яргуй, сэржмядаг, улаалзай, алтанзул, сарнай, цээнийн ягаан, намуу, цагаан лавай, бэрцэцэг, багваахай цэцэг цаг цагаар солигдон цэцэглэх үеэр уул, тал, хөндий ягаан, цагаан, шар, цэнхэр өнгөөр солонгорон жигдэрч үнэхээр үзэсгэлэн төгөлдөр харагддаг билээ. Аймгийн нутгийн зонхилох хэсэг уулын нугын хийгээд ойн саарал, элсэрхэг бор, хар, хар хүрэн хөрснөөс тогтоно. Аргаль, янгир, шилүүс, буга, зэрлэг гахай зэрэг ан амьтнаар элбэг.

[засварлах] Мөн үзэх

[засварлах] Иш үндэс

  1. Архангай төрийн мэдээллийн цахим сүлжээ - Засаг захиргаа, хүн ам
  2. Архангай аймгийн статистик -2009.12.31
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр