Монгол үндэстэн
-
Энэ хуудсанд ард түмний талаар өгүүлнэ. Улс орны тухай хайсан бол Монгол улс холбоосыг дарна уу.
|
|
||||||||||||||||
| Бүгд тоо | ||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 6.4 сая (тооцоо) | ||||||||||||||||
| Төвлөрсөн газар орон | ||||||||||||||||
|
||||||||||||||||
| Хэл аялгуу | ||||||||||||||||
|
Монгол хэл бичиг (кирилл, худам, тод) |
||||||||||||||||
| Шашин шүтлэг | ||||||||||||||||
|
Олонхоороо Буддын шашин (тухайлбал шарын шашин)-тан, цөөн хувь нь дээр үеийн уламжлалт Мөнх тэнгэрт шүтэж ёслох юм уу эсвэл Бөөгийн арганд итгэдэг. |
||||||||||||||||
| Төрөл ард түмэн | ||||||||||||||||
|
бусад Монгол угсаатан |
Монгол үндэстэн[6] - Алтай хэлний язгуурын Монгол хэлний бүлгийн Монгол хэл, түүний олон аялгуугаар ярилцах Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс гэх 3 улсад суурьших 10 сая орчим тоот үндэстэн.
Монгол үндэстний сонирхолд нийцэн байгуулагдсан бүрэн эрхт Монгол Улсын харьяат 2 сая 638 мянган[7] иргэн, БНХАУ-ын харъяат 5 сая 814 мянган[8] (Үүнээс Өвөр Монголд 3.97 сая) иргэн тус тус Монгол үндэстэн гэж бүртгэгджээ. Харин ОХУ-д суугч Монгол гэж 2,656, харъяат иргэдээс Буриад гэж 445,175, Халимаг гэж 173,996 нийт 621,827 Монгол үндэст хүн бүртгэгджээ[9].
Дэлхий дахин Монгол үндэстэнг Чингис хаанаар нь, морьтон нүүдэлчин гэдгээр нь сайн мэднэ. Түүнээс гадна малчин, гөрөөчин аж байдлын уламжлалтай, 13-р зуунаас Мөнх тэнгэрийг төрийн шашин болгон шүтэж, 16-р зуунаас хойш хотлоороо Буддын шашны сүсэгтэн, Шарын шашны ёсыг баримтлагч болцгоожээ. 1990-ээд оноос Мөнх тэнгэр, бөө мөргөлийн уламжлал сэргэх болов.
Агуулга |
Нэр [засварлах]
Монгол гэдэг энэ нэрийн тухай анх яаж хэдийд үүссэн талаар судлаач эрдэмтэд их маргалддаг бөгөөд албан ёсоор батлагдсан тайлбар байхгүй.
- Энэ нэрийг уул усны нэртэй холбож үздэг. Оросын эрдэмтэн Дорж Монгол гэдэг нэр нь Мон гэдэг голын нэрээс иш авсан гэж үзсэн байна. Гэхдээ Мон гэдэг гол олдоогүй юм байна. Нөгөө талаас Монгол аймгийнхан 3 голын эхэнд нутаглаж голынхоо эхийг Мон гэж нэрлэсэн байж болох юм.
- 17-р зууны үеийн түүхч Саган сэцэн Эрдэнийн эрхи зохиолдоо энэ нэрийг Чингис хаан өөрөө өгсөн гэж тэмдэглэжээ. Тэрээр Монгол гэдэг нэрийн Мон гэдэг нь зовж зүдрэх гэсэн утгатай, харин гол гэдэг нь гол цөм гэсэн утгатай гэжээ.
- Энэ нэр монгиносон мунгинасан гэдэг үгнээс гаралтай гэж үзсэн байна. Эртний Монгол аймгийн өвөг дээдэс Эргүнэ күнгээс мунгинан монгинон нүүсээр 3 голын сав газарт ирж суурьшсан.
- Бөө мөргөлийн бэлгэ тэмдгээр өгсөн нэр гэж үзсэн. Монка-тэнгри-гал гэдэг үгний ка-тэнгри нь хасагдаад. Цаашдаа 2 дахь үеийн эгшиг эхнийхтэйгээ ижилсэж Монгол гэдэг нэр үүсэн байна.
- Монгол гэдэг нэрийг Хятадын судруудад Мэн-гү Ман-гу-зы Мон-гу-лун Ман-ту Мэн-гү-лүн хэмээх дуудлагатай дүрс бичгүүдээр тэмдэглэдэг байсан. Юань улсын үеэс үүнийг нэг мөр Мэнгү гэж тэмдэглэдэг болжээ. Энэ нь хэдийнээс мунгинагсад хуучин бүдүүлэгчүүд гэсэн утгатай юм байна.
- Эрдэмтэн судлаач Сүхбаатар Вэй улсын судраас их ул мөртэй тайлбар тавьжээ. Энэ нь Тоба улсын цэргүүд нэгэн аймгийг эзэлчихээд тэндээс нэг хүүг олзлон авчээ. Тэр хүүг Мугулюй гэж нэрлэсэн байна. Тэр хүү нь Их Нирун улсыг үүсгэн байгуулсан. Нирунчууд өөрийн удирдагчынхаа нэрээр аймгаа нэрлэсэн байж болох юм.
- V зууны үеээс Эргүнэ-Гүнгээс нүүн ирэгсэд гурван голын хөвөөнд амьдарч эхэлсэн бөгөөд тэр овог аймаг дундаас Мон овогтон хүчирхжиж, улмаар Гол буюу зонхилогч улс болсон учраас Монгол гэх нэр үүссэн гэж ШУА-н академич Далай гуай тэмдэглэсэн байдаг.
Тархалт [засварлах]
Монголчууд нь 1368 онд Юань улс нуран унасны дараагаар дотоодын тэмцэл, дайн тулаан, нүүдэл болон хөрш зэргэлдээх Оросын эзэнт гүрэн, Чин гүрэн зэрэгт нөлөөлөгдөн, эзлэгдэж байсан түүхэн үр дагавар үргэлжилсээр, эдүгээ нэг бус олон оронд тархан суурьшсан байна. Энэхүү хил хязгаараар тусгаарлагдсанаас болж үндсэндээ төв (Монгол Улс), баруун (Ойрад, гол онцгойрол нь Халимаг), хойд (Буриад), урд (Өвөр Монгол) гэж 4 анги болон аажмаар ондоошиж байна.
Монголд [засварлах]
Монгол улсын хүн амын 95%-ийг 2010 оны байдлаар 2 сая 700 мянган Монголчууд бүрэлдүүлж байна. Үүнд: 15-р зуунаас нийт Монголчуудын дотроос шинээр ангилагдан бий болсон Халх; 18-р зуун хүртэл Дөрвөн Ойрадын холбоонд багтаж байсан Дөрвөд, Баяд, Торгууд, Захчин, Урианхай, Өөлд, Мянгад, Хотон; 17-20 зууны эхэн хүртэлх хугацаанд Манжийн хааны томилгоогоор Монголчуудын дотроос шинээр ангилагдсан Дарьганга; 20-р зуунд Монголоо гэж нүүн ирсэн Буриад, Барга, Үзэмчин болон Хотгойд, Дархад зэрэг ястнууд орно.
Хятадад [засварлах]
БНХАУ-ын бүрэлдэхүүнд 2002 оны байдлаар 5сая 800 мянган Монголчууд байна гэсэн статистикийн мэдээ байдаг. Үүнээс Өвөр Монголд 4 сая гаруй нь байх ба Цахар, Харчин, Хорчин, Ордос, Барга, Буриад, Алшаа зэрэг аялгаар хэлэлцдэг Монголчууд байна. Мөн Шинжианы хойт хэсгийн Бортала, Баянгол нутаг дахь Халимагаас 1774 онд нүүдэллэн ирсэн Торгуудаар гол төлөв бүрэлдсэн Ойрад болон Хөхнуур муж дахь Хошууд буюу Дээд Монголчууд байна.
Орост [засварлах]
ОХУ-ын дотор 1607 онд Ижил мөрний хөвөөнд нүүдэллэн очсон ихэвчлэн Торгууд, Дөрвөдөөс бүрэлдсэн 180 мянган Ойрад нь эдүгээ Халимаг гэдэг нэртэй бөгөөд өөртөө засах эрхтэй Халимаг Улсад, 17-р зуунд Оросуудын зүүн зүгийн тэлэлтэд автагдсан учраас 440 мянган Буриад нь Буриад улс, Усть-Орд болон Агийн тойргуудад суурьшиж байна. Тува болон Алтайчууд соёлын хувьд монголчуудтай ижил төстэй боловч түрэг хэлээр ярилцдаг.
Бусад [засварлах]
Кыргызстанд Сарт Халимаг гэх Ойрад гаралтай ард, 14-р зуунд Юань улс унасны дараа Хятадын Сичуань, Юннан зэрэг газарт үлдсэн гэх ардууд Монгол уг гарвал байх мэт боловч тухайн улсын нөлөөллөөс болж төрөлх хэлээ нийтээрээ мартсан шинжтэй байдаг. Тува нь уламжлал, зан заншлын хувьд монголжуу боловч хэл болон угсаа гарвалыг нь харгалзан монголчуудын тоонд багтаасангүй.
Түүнчлэн, Хятад Улсад Дагуур, Дуншян, Баоань зэрэг Монгол хэлний бүлэгт хамаарах хэлээр ярилцдаг цөөн тоот угсаатнууд оршин суудаг. Хятадын Засгийн Газар нь тэднийг албан ёсоор Монгол үндэстэн гэх ангилалд оруулдаггүй хэдий ч тэд өөрсдийгөө Монголчуудын нэг хэсэг гэж үзэх нь тааралдана.
Түүх [засварлах]
Чингис хаанаас өмнөх үеийн Монголчууд [засварлах]
Монгол гэсэн нэр түүхийн сурвалж бичигт анх 7 дугаар зуунд дурдагдсан байдаг бөгөөд Хятадын сурвалж бичигт Монголын тэгш өндөрлөгийн зүүн захад орших жижигхэн овог аймгийг "мэнгү" хэмээн нэрлэсэн байдаг. Хожимоо Монголын эзэнт гүрний үед бичигдсэн "Монголын нууц товчоо", "Юань улсын цадиг" зэрэгт тэмдэглэгдсэн домгоос үзвэл зүүн хойд Азийн ой тайгад нутаглах хүмүүс болон умард Азийн хээр талд амьдрах хүмүүстэй холилдон үүссэн гэх Хамаг Монгол овогтон нь, Кидан гүрэн Зүрчидийн Алтан улсад бут цохигдон Монголын тал нутагт ноёрхогч үндэстэн үгүй болоод байсан XI зууны үед хүчирхэгжиж эхэлсэн монгол хэлний бүлэгт хамаарах хэлээр ярилцах овог аймгуудын нэгэн байсан байна.
Тэрхүү Хамаг Монголчууд Урианхадтай хүч хавсран Жалайр овгийг нэгтгэн, улмаар 12 дугаар зууны дунд үеэс Чингис хааны өвөг болох Хабул хан хамгийн анх хан цол хүртэн, хүчирхэгжих эхлэл нь тавигджээ. Гэвч Хабул ханыг нас барсны дараа хан болсон Амбагай хан нь Татаруудад олзлогдон Алтан улсад хүргэн хоригдож, 3 дахь хан Хутула үгүй болсны дараа эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн язгууртнууд болон бусад овог аймгаас болж Хамаг Монгол улс задрах аюулд хүрээд байв. Хан болох ёстой байсан боловч бусад овгийнхонд хүлээн зөвшөөрөгдөлгүй, Хиад овгийн ахлагчаас хэтрээгүй Есүхэй баатар Татаруудтай тэмцэлдэн, овог аймгаа нэгтгэхийг оролдож байсан хэдий ч Чингисийг 9 настайд Татаруудад хорлогдон нас нөгчжээ.
Bold text=== Монголын эзэнт гүрэн ===
Эцгийг нь нас барсны дараа овгийнхон нь нүүр буруулан хүнд хэцүү бага насыг өнгөрөөсөн Чингис өөрийн хичээл зүтгэлээр Татар аймаг болон Монголын Тайчууд, Жадран овгийнхонтой тэмцэлдэн ялж 1189 онд Хамаг Монголын ханд өргөмжлөгдсөн байна. Тэрээр 1203 онд Хэрэйд, 1205 онд Найман аймгийг бут цохин, Онгуд, Мангуд аймгийг дагаар оруулан Монголын тал нутгаар тархсан байсан овог аймгуудыг нэгтгэн, 1206 онд Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрнийг үндэслэж, хаан болжээ. Тэр үеэс Монголчууд улам бүр хүчирхэгжин, Чингис болон түүний үр ач нар урьдын Хамаг Монголын овог аймгуудаар зогсохгүй зэргэлдээх улс гүрнээ дагаар оруулж байв.
Монголын эзэнт гүрэн улам өргөжин Еврoазийн өнцөг булан бүрт тэдний морин туурай хүрсэн хэдий ч Дундад Ази болон Иран, Кипчакын өндөрлөг зэргээр тархсан Монголчууд Түрэгүүдийн нөлөөнд орж, Исламын шашинд шүтэх болсноор уугуул нутаг дахь Монголчуудтайгаа үндэстний хувьд улам бүр холдсон байна.
Эзэнт гүрний үед Монголчууд төрөл бүрийн шашин шүтэж, түмэн хилийн урчууд, эрдэмтэн мэргэд цугларан соёл, шинжлэх ухаан, шашны төв болон хөгжиж байлаа. Буддын шашинг нийтээр шүтэх болсон нь XVI зууны үед Түмэдийн Алтан хан Төвдийн шарын шашинг нэвтрүүлснээс үүдэлтэй гэж үздэг.
Монголын эзэнт гүрний уналтын дараах Монгол үндэстэн [засварлах]
Хубилай хааны үүсгэн байгуулсан Юань улс 1368 онд Хятад дахь ноёрхлоо алдсанаар их хаадын үе дуусч, улмаар Ойрадууд хүчирхэгжин эзэнт гүрэнд "Дөрвөн Түмэн Ойрд", "Дөчин Түмэн Монгол" хэмээх хоёр туйлт хүч үүсч, хоорондоо тэмцэлдэж эхэлсэн байна.
Ийнхүү Монгол гүрэн Ойрад болон Минь, Дундад Азийн Исламын шашинт үндэстэн болох Казах, Түрэгжиж исламжсан Монгол үндэстний улс болох Моголистан зэрэг улсуудтай тэмцэлдэн оршин тогтносоор байсан боловч XVII зуунд ээлж дараалан Манжуудын байгуулсан Чинь гүрэнд дагаар орон, эцэст нь Ойрадуудын байгуулсан улс болох Зүүнгар нь XVIII зуунд Чингийн эрхшээлд орсноор Монгол улс тусгаар тогтнолоо алдсан байна.
XX зууны эхээр Чинь улс унахад Манжийн ноёрхол харьцангуй зөөлөн байсан Ар Монгол дахь Монголчууд тусгаар тогтнолоо зарлан Монгол улсыг тунхагласан байна. Гэвч Өвөр Монголчууд Хятадын ноёрхлоос ангижирч чадалгүй үлдсэн бөгөөд өдгөө Өвөр Монголын Өөртөө Засах Орон болжээ.
Он дараалал [засварлах]
- 1206 он - Чингис хаан Монголын тал хээрийн аймгуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулав.
- 1234 он - Зүрчидийн Алтан улсыг бүрэн эзлэв.
- 1240 он - Монголын нууц товчоо бичигдэж дуусав.
- 1271 он - Хубилай хаан нийслэлийг Хархорумаас Бээжинд шилжүүлж, улсын нэрийг Юань болгож өөрчлөв.
- 1368 он - Юань гүрэн мөхөж, Монголчууд уугуул нутагтаа буцаж ирэв.
- 1607 он - Ижил мөрөн рүү Торгууд голцуу Ойрадууд нүүдэллэв.
- 1636 он - Өвөр Монгол Чин гүрний хараанд оров.
- 1691 он - Ар Монгол Чин гүрэнд дагаар орсон.
- 1755 он - Зүүнгарын хаант улс Чин гүрэнд ялагдан мөхөв.
- 1911 он - Богд Хаант Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглав.
- 1915 он - Хиагтад болсон Гурван улсын хэлэлцээрээр Ар Монголыг Хятадын харьяаны өөртөө засан тохинох улс хэмээн тулган хүлээлгэв.
- 1921 он - Ардын хувьсгал.
- 1924 он - Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглав.
- 1939 он - Халх голын дайн.
- 1945 он - Чөлөөлөх дайн.
- 1947 он - Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан.
- 1961 он - Бүгд Найрамдах Монгол Ард Улс НҮБ-д элсэв.
- 1992 он - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нэрийг халж, шинэ Үндсэн Хууль батлагдаж, ардчилсан тогтолцоонд шилжин, улсын нэрийг Монгол Улс болгож өөрчлөв.
- 2006 он - Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэв.
Нэмэр [засварлах]
- Их Монгол Улс
- Монгол Улс
- Монголчуудын гарал үүсэл
- Өвөр Монголын Өөртөө Засах Орон
- Бүгд Найрамдах Буриад Улс
- Бүгд Найрамдах Халимаг Улс
Номнууд [засварлах]
- "HISTORIA MONGALORUM" Fra Giovanni da Pian del Carpini, 1245-1247, "Монголчуудын түүх" Плано Карпини, итали хэлнээс орчуулсан Л.Нямаа, 2006, ISBN 99929-2-214-1
Зүүлт, тайлбар [засварлах]
- ↑ Монгол улсын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн. Үүнд Монгол улсад оршин суугаа Монгол улсын харъяат 2,631,117 хүнээс халх 2168141, дөрвөд 72403, баяд 56573, буриад 45087, захчин 32845, дарьганга 27412, урианхай 26654, дархад 21558, өөлд 15520, хотгойд 15460, торгууд 14176, мянгад 6592, барга 2989, үзэмчин 2577, элжигин 1340, сартуул 1286, цаатан 282, харчин 152, цахар 132, бусад 601 дүнг нэгтгээд 2,516,949 монгол үндэстэн байна гэж тооцов. Үүн дээр монголоор хэлэлцэгч, өөр угсаат хотон 11304, хамниган 537, чантуу 260-г нэмж магадгүй.
- ↑ БНХАУ-ын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн. Үүнд 5981840 монгол, 621500 дуншян, 289565 цагаан монгол, 131992 дагуур, 20074 баоань, 2800 монголжин хэлт шар ёгорын нийлбэр 7047771 монгол угсаатан байдаг. Үүнээс William Frawley-ын International Encyclopedia of Linguistics: 4-Volume Set, Volume 1 номын 78-р талд бичсэнийг үндэслэн 3381000 нь монгол хэлээ мэддэг гэснийг үндэслэн 3381000 монгол хүн байна гэж тооцов.
- ↑ ОХУ-ын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн. Бүртгэгдсэн 183372 халимагиас төрөлх хэлээ мэддэг 80546 хүнийг монгол үндэстэнд багтаан тооцов.
- ↑ Монгол улсын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн. 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа Монгол улсын иргэдийг бүгдийг нь Монгол угсаатан гээд тооцчихлоо. Зөрүү бараг байхгүй.
- ↑ Монгол улсын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн. 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа Монгол улсын иргэдийг бүгдийг нь Монгол угсаатан гээд тооцчихлоо. Зөрүү бараг байхгүй.
- ↑ Монгол үндэстэн гэх ерөнхий нэрээс гадна ганц тооны нэрээр Монгол, Монгол хүн гэх бол олон тооны нэрээр Монголчууд, Монгол хүмүүс гэж хэлнэ. Үүнээс гадна үндэс угсаа гэх хоршоо үгийн улмаас Монгол угсаатан, ярилцах хэлээр нь Монгол хэлтэн, сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэж үлдсэнээс уламжлан Монгол түмэн, Монгол тоотон, Монгол овогтон, олон тоог илтгэх зарим тодотгол оролцуулан Хамаг Монгол, Даяар Монгол, Хотол Монгол, Зон Монгол, Дэлхийн Монголчууд гэж нэрлэхээс гадна сүүлийн хэдэн жилд Эсгий туургатан гэдэг үгнээс утга шилжүүлэн Монгол туургатан гэж буруу нэрлэхэд хүртэл тулжээ.
- ↑ 2010 хүн амын тооллогын урьдчилсан дүн
- ↑ http://www.china.org.cn/english/features/EthnicGroups/136937.htm
- ↑ 2002 оны Оросын Холбооны Улсын хүн амын тооллого
