Зүүнгарын хаант улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Монгол улсууд 14-17-р зуунд: Монгол Улс, Дөрвөн Ойрад, Моголистан
Монгол улсууд 17-р зуунд: Монгол Улс, Зүүнгар, Хошуудын хант улс, Хотгойдын хант улс, Халимагийн хант улс, Моголистан
1750 оны үеийн Зүүнгарын хаант улс

Зүүнгарын хаант улс нь Монгол үндэстэн байгуулсан дэлхийн сүүлчийн нүүдэлчин эзэнт гүрэн юм. цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг хүртэл, одоогийн Кыргызстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутгийг эзлэн оршиж байв.

1610 оноос Зүүнгарын хаант улсын суурь тавигдах үеээс Ойрадын удирдагчид хунтайж хэмээх цолтой байв[1]. 1678 онд Галдан Далай ламаас Бошигт хан цол хүртсэн үеэс эхлэн Цэвээнравдан, Галданцэрэн хаан, Даваач нар хаан цолтойгоор засаглаж байсан ажээ. Ойрадын Цорос, Өөлд аймгууд Ойрадын цэргийн зүүн талд жагсдаг байсан тул хожим Зүүнгарчууд гэж нэрлэгдэх болжээ. Цоросууд 17-р зуунд хүчирхэгжин урьд нь Ойрадыг тэргүүлж байсан Хошууд аймгийн оронд Ойрадыг толгойлон хүчирхэг улс байгуулсан нь Зүүнгарын улс болсон юм.

Түүх[засварлах]

Монголын түүх
State emblem of Mongolia.svg
Хүннү МЭӨ 209 – МЭ 93
Сяньби 93–234
Юэбань 160–490
Нирун 330–555
Тоба Вэй 386–535
Тугухунь 285–670
Кидан улс 906–1125
Хар Кидан 1125–1221
Монгол аймгууд 9–12-р зуун
Их Монгол Улс 1206–1368
Керманы улс 1220-иод он–1306
Цагадайн улс 1225–1687
Ил хаант улс 1256–1335
Алтан Орд 1240–1502
Моголистан 1346–1706
Чобаны улс 1335–1357
Жалайрын улс 1335–1432
Юань улс 1271–1368
Монгол Улс 1368–1691
Хар Дэл 1383–1513
Дөрвөн Ойрад 1399–1634
Аргуны улс 1479–1599
Халимаг 1630–1771
Хотгойдын улс XVI–XVII
Хошууд 1642–1717
Зүүнгар 1634–1758
Монгол 1911–1924
БНМАУ 1924–1992
Монгол Улс 1992–одоо үе
Ү · Х · З
Монгол 1720-иод он

Их Монгол Улс байгуулагдсаны дараа Чингис хаан хүү Зүчиэр удирдуулсан цэрэг илгээж ойн иргэдийг дагуулахаар очиход Ойрадын ноён Худуга Бэхи Ойрадуудаа дагуулан угтан ирж Их Монгол улсад нэгдсэн юм. Ийм учраас Чингис хаан Хутуг Бэхийн хүү Иналчид өөрийн охин Чэйжинийг, түүний дүү Төрөлчид Зүчийнхээ охин Холуйханыг хатан болгон өгч худ худгуй болж, Ойрадуудыг Их Монгол улсын Боорчийн харьяанд 4 түмэн болгожээ. Энэ цагаас Дөрвөн Ойрад гэдэг нэр гарчээ. Үүний дараа ойрадууд баруун зүг нүүж Енисей мөрний эх Дэлгэр мөрний саваар очиж нутаглаж байгаад XIII зууны II хагаст Завхан, Хүнүй гол Алтайн уулын зүүн бэл хүрч нутагласан бөгөөд тэд Аригбух, Хайду нарын харъяатууд болжээ. XIV зууны сүүлч үеэс Ойрадууд Чингисийн угсааны Монгол хаадын мэдлээс гарч тусгаарлахын төлөө тэмцэх болсноор Элбэг хааны үед уугуул Монгол орон баруун, зүүн Монгол, Урианхайн 3 хязгаар болж хуваагдан хоорондоо тэмцэлдэх үе эхэлжээ. XV-XVI зууны үед Ойрадууд дахин баруун тийш нүүдэллэн Алтайн уул, Эрчис мөрний эх, Бархөл, Хами, Ордосын баруун хойгуур очиж суурьшсан юм. Тэд Дөрвөн Ойрадын чуулган гэдэг эрх барих зөвлөлдөх дээд байгууллага байгуулж Бүүвэй Мирз, дараа нь Байбагас удирдаж байв.

17-р зуунд (16-р зууны сүүл?) Торгууд, Дөрвөдийн зарим нь баруун хойш нүүж Ижил мөрөнд, Хошууд нар 1630-аад онд Төвд, Хөх нуурт очиж нутаглажээ. Ижил мөрөнд очигсдыг уугуул ойр хавийнхан нь яваандаа Халимаг гэгдэх болсон юм. Гадагш нүүж одолгүй үлдэгсдийн олон нь Цорос овогтнууд байлаа. Тэдний нөлөө Ойрадуудын дунд өсөж эрх барих овог болсон үе байдаг. Цорос овогтны тэргүүн Эрдэнэбаатар хунтайж 1640 онд Тарвагатайн нурууны “Улаан бураа” одоогийн Тачван хот гэдэг газар Монгол ноёдын чуулган хийхийг санаачилжээ. Энэ чуулганд Халх болон Ойрадаас 28 ноён оролцсоны дотор Эрдэнэ бишрэлт засагт хаан Субадай, Очирай түшээт хаан Гомбодорж, Сэцэн хан ноёдын төлөөлөл, Ойрадын Эрдэнэбаатар Хунтайж, Хөндлөн Уваш Гүүш хаан Төрбайх, Хөх нуур, Ижил мөрний Торгуудын төлөөлөгч, Халх Ойрадын шашны зүтгэлтнүүд оролцсон юм. Энэ чуулганаар Дөчин дөрөв хоёрын “Их цааз” гэдэг 120 зүйл бүхий хууль батлав. Энэхүү Их цаазын гол үзэл санаа нь: - Манж гүрний зүгээс эзлэн түрэмгийлэх аюул занал нүүрлэж байгаа нөхцөлд:

  1. Манжийн эзлэн түрэмгийлэх аюулын эсрэг тэмцэх явдал бол хүн амын нийт давхарааны үүрэг хариуцлага болгох
  2. Шарын шашныг улсын шашин болгон хуульчилж шашны нөлөөн дор Монгол овогтны эв нэгдлийг бэхжүүлэх
  3. Том ноёдын хоорондын зөрчил сөргөлдөөнийг зогсоож хүчээ төвлөрүүлэх зэрэг гол асуудлуудыг хуульчилж өгсөн юм.

Монгол овогтны улс төрийн нэгдлийг сэргээх энэ чуулганы шийдвэр Эрдэнэбаатар хун тайж Ойрадын шарын шашны тэргүүн Зая Бандид Намхайжамц нарын хүчин чармайлтаар Ойрад нутагт зохих үр дүнд хүрч Ойрадын дотоод зөрчил зогсож аж ахуйн байдал нь сайжирч Орос, Казахтай холбоо харилцаа тогтоожээ. Гэтэл 1671 онд Эрдэнэбаатар хун тайжийг түүний Торгууд хатан Юм Агасаас төрсөн Сэнгэ залгамжилах байсныг хун тайжийн Хиргис хатан Дара Балжаас төрсөн хүү Цэцэн, Зодов хоёр эвсэж хороосон байна. Энэ тухай мэдээг Юм Агас хатан Төвдийн Далай ламын дэргэд шавилан сууж байсан хүү Галдандаа хүргэж яаралтай ир хэмээн дуудсан байна. Галдан (1644-1697) улааны шашны сахил санваараа Далай багшдаа буцааж өгөөд нутагтаа ирж, Алдар хошууч, Данзан нарын туслалцааг авч хуйвалдагчийн эсрэг тэмцэхдээ Ойрадын чуулган дарга Очирт Сэцэн (Хошууд аймгийн хүн)-ий дэмжлэгийг авсан байна. Очирт Сэцэн хааны охин Ануг Галдан хатан болгон авч худ ургийг ойртуулагч хүүхэн эрдэнэ болгожээ. Галдан, Цэцэнг устгаад Зодовыг Хөх нуурын зүг зугтаалган өөрийн холбоотон агсан Алдар хошуучийг 1671 онд, Данзанг 1673 онд өөртөө нэгтгэн (газар нутаг харъяат ардын нь хамт) авмагц Хадам аав Очирт Сэцэн, авга ах Цөкүр нь Галдангаас болгоомжлохдоо түүнийг айлган сүрдүүлэх зорилгоор Галдангийн захиргаанд орсон зарим аймгийг довтлон булаан авчээ. 1675 онд хадам аав түүний хүү Лувсангомборавдан нар шинээр хуйвалдаан зохион байгуулж байгааг Галдан мэдэж өрсөн цохилт өгсөнд Очирт Сэцэн, Жултаст (Казахт) зугтахад хөөн барьж аваад Бортал гэдэг газар гөрөөчний хоёр отгийг захируулан суулгажээ. (Очирт Сэцэн 1680 онд нас барсан) Нөгөө авга ах нь Цөкурийг 1676 онд бут цохисноор Ойрадын газар нутаг олон аймаг Галдангийн мэдэлд орж тэрээр 1676 онд Ойрадын хаан ширээнд суужээ. 1679 онд Галдан хаанд Далай лам Бошигт цол хайрласан. XVI зууны эхэнд Ойрадын 40 хошуу нь 2 гар болж хуваагджээ. Чорос, Шарас, Махас гэсэн 3 аймгийн 20 хошууд Зүүнгар Ойрад болдог байв. Баруун гарын олонхи нь гадагш нүүгээд Зүүнгарынхан нь нутагтаа үлдсэн учраас Галдан улсаа Зүүнгарын хаант улс гэж нэрлэв. (Өмнөх түүх бичлэгт Зүүнгарыг Эрдэнэбаатар хунтайж байгуулсан гэж бичсэн байдаг). Галдан Зүүнгарын засаг захиргааны хуучин зохион байгуулалт болох хошуудыг эвдэж, хааны харьяатыг гал голомт гэсэн утгаар "отог", ноёдын харьяатыг "анги" гэдэг боллоо. Энэ нь ноёдын эрх мэдэл, эдийн засгийн хүчийг хязгаарласан арга хэмжээ байв. Галдан “захиа зарлиг” гаргаж засаг захиргаа хот айл, арван, хорин, дөчин отог гэж хувааж харьяат ардууд нэг отгоос нөгөөд дураараа шилжихийг зогсоов. Отгийн захирагчийг “Зайсан”, Дөчиний захирагчийг “Дэмч” гэдэг байв. Зарга шүүх, маргаан таслах явдлыг чангатгажээ. Зарга буруу хагалбал, зарчийг огцруулдаг болгов. 1654 оноос өмнөх буюу эцгийн үеийн өр төлбөрийг хүчингүй болгов. Галдан Зүүнгарт анх удаа зоос цутгуулсан юм. Бурхны шашны сүм хийдүүдийн жас байгуулсан юм. Оргодол босгуул этгээдийг барьж өгсөн хүнд түүний мал хөрөнгөөс урамшуулал болгон өгөх журам тогтоосон байна. Галдан тод, дөрвөлжин, түвд үсэгтэй алтан тамга гуравтай байжээ. Хаанаас дооших албаны хүмүүст мөнгө, зэс, төмөр, цагаан тугалган тамга өгч зиндаалдаг болсон байна. Ногоон буюу алаг өнгөтэй туг хэрэглэж байв. Галдан Манж гүрэнтэй хөрш улсын хувьд худалдаа хийж эрх тэгш харилцаж байх хүсэлт тавьж байсан боловч Энх-Амгалан хаан Өөлд аймаг (Ойрадыг хэлж байна)-т Очирт хан, Аблай ноён, Галдан тайж гэж л байсан, ер Бошигт хаан гэж явсан газаргүй хэмээн Галданг ихэд дорд үзсэн хариу өгч байжээ. Гэвч Галдан Бээжинд ирж жил бүр элч илгээж олон мянган хасгаар өргөн хэрэглээний зүйлээ тээвэрлэж авдаг байв. Гэтэл 1683 онд Манж нар Ойрадын 200-гаас илүү хүнтэй элчийг цагаан хэрмийн хаалгаар оруулахыг хориглов. Галдан Туркeстан, Самарканд, Бухар зэрэг баруун зүгт газар нутгаа тэлж худалдааны замд ноёрхох, цэрэг зэвсгийн чадавхаа нэмэгдүүлэхийн тулд Зүүнгарт амьдарч агсан Орос, Швед гаралтай уран дархануудаар галт зэвсэг, хуяг, дуулга, жад, илд хийлгэж Буучин отгийг 1000 өрхтэйгээр байгуулжээ.

XVIII зууны эхэнд Зүүнгарын Цэвээнравдан хаан Енисейд байсан Зүүнгарын харъяат киргизүүдийг Оросын захиргаанд орохоос болгоомжлон өмнө зүг одоогийн байгаа нутаг руу нь нүүлгэсэн байна.[2] 1703 оны 7 сард 3000 хүнтэй зүүнгарын цэрэг Хонгорайн нутагт очин нутгийн киргиз ноёдын тусламжтай 15-20,000 хүн буюу Хонгорайн хүн амын ихэнхийг цуглуулан 3 замаар зүүнгарын цэргийн хамгаалалтан дор Зүүнгарын хаант улсын гүн рүү нүүлгэн шилжүүлжээ.[2] Нүүн ирсэн киргизүүд Зүүнгарын цэргийн болон хилийн албанд хүчин зүтгэж байсан[2] ба яваандаа тэд одоогийн Киргизстанд шилжин суурьшжээ. Хонгорайчуудын ихэнхийг нүүснийг оросууд ашиглан 1704-1706 онд Минусын хотгорт үлдсэн киргизүүд рүү хэд хэдэн довтолгоон хийж мөн Зүүнгараас буцан ирсэн цөөн тооны киргизүүдыг довтолжээ.[2] Хонгорайн нутгийг оросууд эзлээд Абаканскийн цэргийн шивээг яаран байгуулж цаашдын довтолгоондоо ашиглах болжээ.

Ойрадуудын нутаглаж байсан Казахстаны зүүн хэсэг, Киргизстанд монгол нэртэй газар усны нэр нилээдгүй үлдсэн бөгөөд эрдэмтэд тэндээс монгол газар усны нэр нэмж олсоор байна. Киргизстаний зүүн хэсэгт Джиргалан, Дьюрбельджин, Алтайн БНУ-н өмнөд хэсгээр Чиндагатуй, Усть-Улаган, Онгудай гэсэн хотууд бий. Мөн халимагуудын байсан Казахстаны баруун хойд хэсэгт Чаган нуур гэх мэт монгол нэртэй газрууд бий.

Нийгэм[засварлах]

Эдийн засаг, аж ахуй[засварлах]

Засаг захиргаа, төрийн бүтэц[засварлах]

Зүүнгар байгуулагдахаас өмнө 17-р зууны эхнээс ойрадууд Эрчисийн дунд урсгал хүртэл нутаглах болсон бөгөөд Галдангийн үеэс Балхаш нуурын урд талаар нутаглах болжээ. Захчин нар Чингэл, Өрөнгө гол, Эрээн хавирга хавьд байв. Тэд Зүүнгарын зүүн, өмнөд хилийг хамгаалах үүрэгтэй байсан бөгөөд манж нар захчинг ялж чадвал Зүүнгарыг эзэлнэ гэж хэлж байжээ. Захчин нар манжийн удаа дараагийн цохилтийг өөрсдийн хүчээр няцааж байв.

Байлдан дагуулалт[засварлах]

Зүүнгарын хил хүчирхэг үедээ Ордос хүрч байв

Галдан Бошигт хаан Төв ба Дундад Ази руу олон удаагийн аян дайн явуулж бүр Энэтхэгийн Кашмир хүрсэн байдаг.Хиви,Бухар, Самарканд, Моголистан, Кашгар, Яркенд, Турфан, Коканд зэрэг ханлигууд,Хами, Ферган зэрэг эзэмшил газрууд түүнд бууж өгч алба татвар төлж байсан ажээ. Түүний мэдэлд Дундад Ази бараг бүхлээрээ орж Манж, Орос улсуудыг жийрхэн болгоомжлоход хүргэжээ. Галдан хаан хотон, уйгур цэргүүддээ орос цэргийн хувцас өмсгөөд "энэ манай орос цэргүүд" хэмээн манж нарыг сүрдүүлж байв.[3]

Уналт[засварлах]

Даваач хааныг буулган авсан нь
Зүүнгарчуудыг хядан устгаж байгаа нь, Орой-Залаат уулын орчим. 1755 он.
Зүүнгарыг мөхөөсөнд зориулан бариулсан Пунинг-цогчин дуган, Хэбэй муж
Зүүнгарын сүүлийн хаан Даваач

Манжийн Тэнгэрийг тэтгэгч хааны 15-18-р он буюу 1755-1758 онд Монголын Зүүнгарын хаант улсыг мөхөөн дарж эзлэн авсан газар нутгаа "Элбэн дагуулсан Шинэ хязгаар" буюу Хятадаар: 新疆维吾尔自治区 товчоор 新疆 Шинжаан хэмээн нэрийдэн, 600 000-1 сая илүү тоологдож байсан хүн амтай байсан тус хаант улсын баатарлаг ард түмнийг геноцид хийн үгүй хийж, толгой дараалан хядсанаас нутаг нь хүнгүй шахам хоосон болжээ. Энэ тухай «ямар ч хvний мєргvй мянга мянган бээр эль хуль тал нутаг» хэмээн бичигдэж хожим дагаар орсон уйгур, казах, киргизүүдэд газрыг нь өгчээ. Амьд үлдсэн цөөн ойрадуудын зарим нь Ижил мөрөн дэх торгууд-халимагууд руу зугтан очиж бусад нь манжийн захиргаанд оржээ. Л.Гумилев Зүүнгарчуудыг өмнө нь Хүннү, Түрэг, Уйгар улсуудын гүйцэтгэж байсан хятадын түрэлтийг зогсоох үүргийг гүйцэтгэж байсан гэсэн байдаг.[4]

Зураг[засварлах]

Зүүлт[засварлах]

  1. C.P.Atwood-Encyclopedia of Mongolia and the Mongol Empire, p.622
  2. 2.0 2.1 2.2 2.3 Николай Гусейнов "Кыргызский каганат - тюркское государство на Енисее"
  3. Ш.Адьшаа "Галдан Бошигт" 2006
  4. ЛЮДИ И ПРИРОДА ВЕЛИКОЙ СТЕПИ Именно ойраты приняли на себя функцию, которую ранее отчасти несли хунны, тюрки и уйгуры, став барьером против агрессии Китая на север, и осуществляли эту роль до 1758 г., пока маньчжуро-китайские войска династии Цинь не истребили этот мужественный этнос.

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]