Торгууд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Doerbed.PNG
Торгууд («Торгон») ястан
Өнөөгийн байдал
Нутаг орон Дэлхий даяар — 200 мянга. Үүнээс:

Орос Орос (ОХУ) — 82,500 (тооцоо)

      Халимаг ястны 45% гэж тооцдог[1]
Flag of the People's Republic of China.svg Хятад (БНХАУ) — тоо тооцоогүй

Монгол Монгол (МУ) — 14,176 (2010)[2]
Хэл аялгуу Монгол хэл (өрнөд аялгуу, өрнөд-төвийн
завсрын аялгуу
), мөн Орос хэл, Хятад хэл
Бичиг үсэг Худам, Тод хоёр монгол үсэг; Монгол, Халимаг
хоёр кирил үсэг
; бас Орос кирил, Хятад ханз
Шүтлэг Dharma Wheel.svg Буддын шашны буяны ёс (шарын шашин),
тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан
Төрөл холбоо
Ойр төрөл бусад Ойрд, бусад Монгол үндэстэн
Хэл угсаа Монгол угсаатан

Торгууд бол Ойрадын нэгэн овог аймаг юм. XV зууны үед Ойрадын бүрэлдэхүүнд оржээ. Торгуудын зарим хэсэг Дөрвөд, Хошуудын хамт Ижил мөрөнд очиж Халимагийн хаант улсыг байгуулж байв. Торгуудын үлдсэн хэсэг нь Зүүнгарын хаант улсын захиргаанд орсон ба бас зарим хэсэг нь Хөх нуур, Эзний голд оршин сууж байв. Торгуудууд одоо үед ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон, Ганьсу муж, Монгол улсын Ховд аймагт оршин суудаг.

Гарал үүсэл[засварлах]

Торгуудуудын гарал үүслийн тухай олон санал байдаг. Торгууд хэмээх нэр нь "Турхаг" гэсэн үгнээс үүссэн бололтой. "Турхаг" гэдэг нь тураг биетэн, тураг шувуу гэдгийн "Тураг" гэдэг үгтэй хобоотой бололтой байдаг. "Тураг" гэдэг нь том, их гэсэн утгатай үг юм. Торгуудуудыг Хэрэйд аймгийн удам гэж зарим судлаачид үздэг. Энэ нь Торгуудын ноёдын угийн бичиг Хэрэйдийн Ван хаанаас эхэлсэнтэй холбоотой. Торгуудууд хэрхэн Торгууд хэмээн нэрлэгдэх болсон тухай нэгэн эх сурвалж байдаг. Түүнд: Торгуудын өвөг дээдсийг захирч байсан Амгалан тайш өөрийн харъяат албатын хамт Ойрадын Тогоон тайшид дагаар ороход Тогоон тайш "Хүдэр чийрэг тул Торгууд хэмээн нэрлэе" хэмээсэн тул Торгууд хэмээгдэх болсон хэмээн өгүүлсэн байдаг. "Монголын нууц товчоо"-нд Хэрэйдийн Ван хаан 1000 турхаг цэрэгтэй байсан тухай өгүүлсэн байдаг. Чингис хааны 10000 шадар хишигтэн цэргийн 8000 цэрэг нь турхаг цэргүүд байжээ. Мөн Торгууд хэмээх нэрийн гарал үүслийг Турк, Туркууд, Түрэгүүд, Туркут хэмээх үгнүүдтэй холбож үзэх явдал байдаг.

XIII-XV зууны үед[засварлах]

Торгуудын үүсэл нь XIII зуунаас эхтэй гэж болно. Учир нь Чингис хааны шадар хишигтэн цэргийн дотор турхаг хэмээх цэргүүд байсан нь Торгуудын өвөг дээдэс болсон байх талтай. 1368 онд Юань улс мөхсөний дараа Монголчууд хоорондоо ширүүн тэмцэлдэх болов. Энэ тэмцлийн үеэр XV зууны үед Хэрэйдийн Амгалан тайш харъяат албатаа авч, Ойрадын Тогоон тайшид дагаар оров. Энэ үеэс хойш Торгууд аймаг Ойрадын нэгэн хэсэг болсон юм.

XVI зууны үед[засварлах]

XVI зууны үед Ойрадын дотоод байдал нилээд зөрчилтэй байлаа. XV зууны үед болсон Эсэн хааны уналтын улмаас дөрвөн Ойрадын холбоо задарч, хэдэн хэсэгт хуваагджээ. Зүүн Монголын язгууртнууд үүнийг ашиглан дөрвөн Ойрадын холбоонд багтаж байсан Барга, Буриад, Түмэдийг эрхэндээ оруулжээ. Гэсэн хэдий ч Ойрадууд хүчирхэг хэвээр байсан тул XVI зууны эхэн, дунд үед Түмэдийн Алтан хан, Халхын Абтай сайн хан нар Ойрадыг олонтоо довтолсон ажээ. XVI зууны дунд үед Ордосын Хутугтай сэцэн хунтайж Ойрадыг хоёр удаа довтолсон байдаг. Түмэд, Ордосын ноёдын довтолгоонд Ойрадын аймгууд байнга өртөж, хохирол амссаар байв. Түмэдийн Алтан хан нэгэн удаагийн довтолгооноороо Торгуудын Буур ноёныг бут цохиж, Цорос, Баатууд аймгуудыг түйвээжээ. XVI зууны сүүл үеэс Хотгойдын Шолой Убаши хун тайж Ойрадыг довтлох болжээ. Тэрээр Ойрадтай олон удаа дайтаж, зарим үед амжилт олж байжээ.

XVII зууны үед[засварлах]

XVII зууны эхэн үед Ойрадууд зүүн зүгт Хотгойдын Шолой убаши хун тайжтай, баруун зүгт Казахуудтай зөрчилдөн дайтаж байв. Энэ тэмцэлд Ойрадууд их хохирол үзэж байлаа. Үүний зэрэгцээ дотоодын зөрчил хурцдаж, түүнийг зохицуулахад ихээхэн бэрхшээлтэй болсоор байв. Дотоодын тэмцлийн гол шалтгаан нь нутаг бэлчээр, харъяат албатаа булаалдсан явдал байжээ. Ойрадын ноёд шинэ нутаг бэлчээр олж авах зорилгоор хол ойрын нүүдэл хийх болжээ. 1620-иод онд Торгуудын Хо өрлөг Дөрвөдийн Далай тайшийн хамт Ижил мөрөнд нүүж очжээ. Тэдний хойноос Хошуудын Хөндлөн убаши өөрийн ах Очирт сэцэн хантай муудалцсаны улмаас харъяат албатаа аван очиж нийлжээ. 1630-аад онд Хошууд аймгийн нэгэн хэсэг Гүүш хан Төрбайхын удирдлагаар Хөх нуурт очиж суужээ. Нутагтаа үлдсэн Ойрадуудын дотор Цоросууд манлайлах болж, Зүүнгарын хаант улсыг байгуулжээ. Цорос аймгийн эзэн Баатар хунтайж нүүж одсон Ойрадуудтай харилцаагаа хэвээр хадгалах бодлого явуулж, Торгуудын Хо өрлөг, Шүхэр дайчин нартай ураг барилджээ. Мөн Гүүш хан Төрбайхтай худ ураг бололцов. Ижил мөрөнд очсон Торгууд голдуу Ойрадууд Аюуш хааны үед улам хүчирхэгжиж, Халимагийн хаант улсыг байгуулжээ. Халимагууд Оростой Оросын зүүн өмнөд хилийг гадны халдлагаас хамгаалах холбоотны гэрээг хийжээ. Халимагууд холбоотны үүргээ амжилттай биелүүлж, Оросын цэргийн хийсэн бүхий л аян дайнд хамтран дайтаж байлаа. Нутагтаа үлдсэн Торгуудууд Зүүнгарын хаант улсын захиргаанд оржээ.

XVIII зууны үед[засварлах]

XVIII зууны эхэн үед Зүүнгарын хаант улсыг Цэвээнравдан захирч байлаа. Цэвээнравдан Халимагийн Аюуш хаантай худ ураг бололцож байв. Энэ харилцааг Цэвээнравдангийн залгамжлагч Галданцэрэн ч үргэлжлүүлж байлаа. Халимагийн Аюуш хааны ач хүү Равжир 450 хүний хамт Түвдэд очиж, мөргөл үйлдээд буцах гэсэн боловч Зүүнгар, Халимагийн харилцаа хурцадсан тул Манжийн нутгаар дайран Ижил мөрөн рүү буцахыг оролджээ. Гэвч Манжийн Энх Амгалан хаан түүнийг Бээжинд аваачиж, цол хэргэм шагнаад Равжирын Торгуудуудаар Эзний голд хошуу байгуулж, захируулан суулгажээ. Энэ нь Эзний голын Торгуудууд болсон юм. Халимагийн Аюуш хаан Равжирыг эргүүлэн өгөхийг Манжийн Энх Амгалан хаанаас хүссэн боловч бүтээгүй байна. XVIII зууны дунд үед Зүүнгарын хаант улс Манж Цинь улсад эзлэгджээ. XVIII зууны сүүл үед Оросууд Халимагийн хаант улсын эрх мэдлийг зүйл бүрээр хязгаарлах болов. Халимагийн хаант улс Оросын хараат болон хувирлаа. Түүний улмаас Халимагийн Убаши хаан Ижил мөрний зүүн эрэгт сууж байсан Халимагуудыг аван Зүүнгарын зүг нүүжээ. Ижил мөрний баруун эрэгт сууж байсан Халимагууд мөрний мөс цөмөрснөөс болж, нүүж чадаагүй байна. Есөн сарын турш үргэлжилсэн хүнд хэцүү нүүдлийн эцэст Манж Цинь улсын мэдэлд орсон Зүүнгарын нутагт иржээ. Их нүүдлийн замд их хохирол амссан Убаши хаан арга буюу Манж Цинь улсад дагаар орсон ажээ. Манж нар тэднийг Шинжаан мужийн нутгаар тараан суулгаж, таван чуулган бүхий хошуудад хувааж, зохион байгуулалтанд оруулжээ.

XIX зууны үед[засварлах]

XIX зууны үед Шинжааны Торгуудууд Манж Чин улсын захиргаанд оршсоор байв. XIX зууны үед Шинжаанд гарсан Уйгур, Дунган нарын бослогуудад Шинжааны Монголчуудын зарим хэсэг оролцож байжээ. Халимагууд Оросын Козак цэргүүдийн эгнээнд элсэх явдал ихэсч, тэд Оросын шилдэг морин цэрэг болж байлаа. Шинжааны Торгуудуудын зарим хэсэг нь Алтайг давж, Булган голын газарт амьдрах болжээ.

XX зууны үед[засварлах]

XX зууны үед Манж Цинь улс мөхөж, ДИУ (Дундад Иргэн Улс) байгуулагдав. Шинжаан муж ДИУ-ын захиргаанд ёс төдий оршсоор байв. 1920-1950-иад онд Шинжааны дээрэмчид болон Гоминданы цэргүүд Монгол улсын хилийг зөрчих нь их байлаа. 1940-өөд онд БНХАУ байгуулагдаж, Шинжааныг эрхэндээ оруулав. Улмаар Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орон байгуулагджээ. 1920-иод онд Халимагийн Бүгд Найрамдах Улс байгуулагджээ. 1930-аад онд Оросын иргэний дайн болон хэлмэгдүүлэлтийн улмаас Халимагууд бүрэн тусгаар тогтнох хэмээн оролдсон тул Оросууд Халимагийн Бүгд Найрамдах Улсыг татан буулгажээ. Дэлхийн II дайнд Оросын бодлогод дургүйцэж байсан Халимагууд Германы талд орж байлдсан байна. Дэлхийн II дайн дууссаны дараа Халимагуудыг Сибирь, дундад Азид цөлжээ. 1950-иад онд Халимагуудыг цөллөгнөөс буцаасан бөгөөд Халимагийн Бүгд Найрамдах Улсыг сэргээн байгуулжээ. 1930-аад онд Монгол улсын аймгууд байгуулагдахад Булган голын Торгуудууд Ховд аймгийн Булган суманд харъяалагдах болжээ.

Одоо үед[засварлах]

Торгуудууд одоо үед ОХУ-ын Халимаг Тангач улс, БНХАУ-ын Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орон, Ганьсу муж, Монгол улсын Ховд аймагт оршин суудаг.

Ном зүй[засварлах]

Лавлах бичиг[засварлах]