Хийд

Хадмал
Монгол үсгээр
монгол кирилл.хийд

ХийдБуддын шашны лам хуврагын хурж, сууж, шашны үйл эрхлэх газар.[1]

Нэрийн гарал үүсэл[засварлах | кодоор засварлах]

Хийд гэдэг үгийн өөрийн утга нь хийд буйд газар гэсэн утгатай бөгөөд хүний хөл үймээнээс хол буйд газар байгуулагддаг байсан учраас хийд гэж нэрлэх болсон гэдэг.

Ерөнхий ойлголт[засварлах | кодоор засварлах]

Монгол сүм хийдийн янз бүрийн хэв маяг.

Аливаа нэгэн хийд нь гол цогчин дуган буюу хурлын танхим болон бусад мөргөлийн сүм дуганууд, лам нарын амьдрах байр гэрүүдээс бүрдэх бөгөөд хийд бүрт Бурхан багшийн тааллын шүтээн болсон суврага нэг буюу хэд хэдээр бүтээгдсэн байдаг. Хийдийн оршин байгаа газрын хил хязгаарыг горлом гэх бөгөөд хуучин цагт горломыг даган эргэл мөргөл хийх гороо зам байдаг байсан байна.

Түүнчлэн хийдийн сахиус бурхан гэж байх бөгөөд тухайн хийд бүрийн онцлогоос хамаарч янз бүрийн сахиустай байж болно. Шарын шашны хийдүүд ихэвчлэн Махагала, Сэндэм, Жигжид сахиустай байдаг бол Улааны ёсны хийдүүдийн сахиус нь Доржпүрэв, Дамдин гэх мэт байдаг байна. Ямарваа орон хийдийн газар байлаа гэхэд заавал нэг томоохон хутагт хувилгаан, эрдэмтэн мэргэдээр зохиолгосон тухайн хийдийн жаяг гэж байдаг. Энэ нь тэр хийдийн өдөр тутам болон ерийн нөхцөл байдалд явуулах хурал номын үйл ажиллагаа, лам хуврагуудын дэг журмын тухай бичсэн мөрийн хөтөлбөр бичиг юм.

Хийд бүр өөрийн гэсэн онцлог хурал номын үйл ажилгаа явуулах хуваарьтайгаас гадна шавь лам нарын үзэж судлах номын хувьд ч ялгаатай байдаг. Тухайн хийдийн гүн ухааны судалгааны үндсэн чиглэлийг нь игчаа гэх бөгөөд. Монголын сүм хийдүүд үндсэндээ Гүнчин игчаа, Сэрийн игчаа, Банчин игчаа гэсэн гурван гүн ухааны сургалтыг явуулдаг. Заяын хийдийг Сэрийн игчаатай гэдэг бөгөөд энэ нь уг хийдийг үүсгэн байгуулсан Зая Бандида Лувсанпэрэнлэй гүн ухааны сургуулиа байгуулахдаа Төвдийн Сэра хийдийн гүн ухааны сургалтыг авсан учраас Сэрийн игчаатай гэдэг. Гандангийн Дашчоймбол дацан Гүнчин игчаатай. Гүнчин игчаа гэдэг нь Төвдийн эрдэмтэн Гүнчин Жамьяншадвийдорж гэдэг хүний боловсруулсан гүн ухааны сургалтыг хэлдэг байна. Нөгөө Банчин игчаа гэдэг нь Монголд тийм ч түгээмэл дэлгэрээгүй бөгөөд 3-р Банчин Богд Содномдагвын боловсруулан гаргаж Төвөдийн Бэрээвэнгийн Лосалин хийдэд сургалтандаа хэрэглэдэг систем юм. Монголын ихэнх сүм хийдүүд Гүнчин игчааг баримтласан байдаг.

Монгол дахь хийдүүд[засварлах | кодоор засварлах]

Орчин цагийн Монголын хамгийн том хийд нь Гандантэгчэнлин хийд бөгөөд Заяын гэгээний хийд, Ламын гэгээний хийд, Эрдэнэ-Зуу хийд гэх мэт бусад томоохон хийдүүд бий. 1938 оноос өмнө Монгол оронд 760 шахам сүм хийд байсан гэсэн мэдээ байдаг. Одоо албан бус мэдээгээр 200 гаруй сүм хийд байгаа мэдээ байна.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]