Нэгдсэн Үндэстний Байгууллага
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий олон улсын байгууллага юм. Үндэстнүүдийн Лиг үүргээ гүйцэтгэж чадалгүй дэлхийн дайн гаргуулснаас улбаалан Дэлхийн хоёрдугаар дайны ялагч тал болох Холбоотнууд голлон 1945 байгуулжээ. Өнөөдөр дэлхийн бараг бүх улс гүрэн энэхүү байгууллагад элсчээ. Тухайн үед дайнд ялсан улсууд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болсон бөгөөд тэдгээр улсуудын нөлөө маш их байдаг нь даяаршил, Нэгдсэн Үндэстний байгууллагыг эсэргүүцэгчдийн шалтгаан болдог байна. НҮБ нь 1945 оны 10-р сарын 24-нд АНУ-ын Калифорниа муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байжээ.
|
|||
| Албан ёсны хэл | англи хэл, франц хэл, испани хэл, орос хэл, хятад хэл, араб хэл | ||
| Ерөнхий нарийн бичгийн дарга | Бан Ки Мун (2007 оноос) | ||
| Байгуулагдсан | 1945 оны 10 дугаар сарын 24 | ||
| Гишүүн орнууд | 191 орон (2005 оны 8-р сарын байдлаар) | ||
| Төв байр | АНУ, Нью-Йорк | ||
| Албан ёсны сайт | http://www.un.org/ | ||
[Засварлах] НҮБ-ын түүх
1943 оны 10-р сард Москва хотноо АНУ, Их Британи, ЗХУ-уудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар "Хүн төрөлхтний аюулгүй байдлын талаарх 4 улсын тунхаглал" гаргаж, Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улсын хэмжээний энхтайвны байгууллагыг дахин байгуулах хэрэгцээтэй гэж үзжээ. Үүнд үндэслэн 1944 оны 8-10 дугаар саруудад АНУ,Их Британи, Хятадын Бүгд Найрамдах Улс, ЗХУ-ын төлөөлөгчид Вашингтон дахь Дамбэртон Оукст хуралдан, НҮБ-ын дүрмийн төсөл ("Олон Улсын Байгууллага байгуулах тухай")-ийг боловсруулсан юм.
1945 оны 4-р сарын 25-нд Герман буюу Японд дайн зарлаад байсан Холбоотны 50 орны төлөөлөгчид Сан-Францискод цугларан, НҮБ-ыг байгуулах Сан-Францискогийн чуулган чуулж, Дамбэртон Оуксын хурлаас боловсруулагдсан НҮБ-ын дүрмийн төслийг хэлэлцэн баталжээ.
United Nations хэмээх нэр анх 1942 оны 1 дүгээр сарын 1-нд Нэгдсэн Үндэстнүүдийн Тунхаг (Вашингтоны Тунхагт) дурьдагдсан бөгөөд дайны дараа байгуулагдсан шинэ байгууллагын нэр болгох тухай Дамбэртон Оуксын хурлаас санал болгосон юм. Энэ нэрийг санаачилсан АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт НҮБ-ыг байгуулах үйлсэд хүчээ зориулсан бөгөөд харамсалтай нь Сан-Францискогийн чуулганаас НҮБ-ын дүрмийг батлахаас хэдхэн долоо хоногийн өмнө нас эцэслэсэн юм.
1919 оноос 1946 оны хооронд оршин тогтносон Үндэстнүүдийн Лигтэй хууль зүйн үүднээс холбоогүй боловч Олон Улсын Эрүүгийн Шүүх, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага зэрэг байгууллагуудыг нь өвлөн авч, хуучин Үндэстнүүдийн Лигийн байрыг шилжүүлэн авсан учир нэг талаар уг байгууллагын үргэлжлэл хэмээн үзэж болох юм.
[Засварлах] Нэгдсэн Үндэстний Байгууллагын Зорилго
- Олон улсын хэмжээний асуудлыг шийдвэрлэх
- Энхтайван, аюулгүй байдлыг сахиулах(Гол зорилго)
- Хүний эрхийг хамгаалах зэрэг
- Түүний тулд улс орнуудын харилцааг зохицуулах(Олон улсын хамтын ажиллагаа)
[Засварлах] НҮБ-ын гол байгууллагууд
НҮБ-ын дүрэмд заагдсан байгууллагууд.
[Засварлах] Ерөнхий Чуулган
Бүх гишүүн улсаас бүрдэх Ерөнхий Чуулганд улс бүр 1 саналын эрхтэй бөгөөд НҮБ-тэй холбоотой бүх асуудлыг хэлэлцэнэ. Бүх гишүүд санал нэгдсэн асуудал л батлагддаг системтэй байснаас болж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон Үндэстнүүдийн Лигийнтуршлагад тулгуурлан Ерөнхий Чуулганаар чухал асуудлуудыг гуравны хоёр, энгийн асуудлуудыг олонхийн саналаар шийдвэрлэх болсон. Гэвч Ерөнхий Чуулганы шийдвэр нь гишүүн улсууд болон Аюулгүйн Зөвлөлд хүргүүлэх санал төдий байх бөгөөд шийдвэрээ хэрэгжүүлэх эрхгүй.
-
- Дэргэдэх байгууллагууд (Туслах байгууллагууд)
- НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)
- НҮБ-ын Их Сургууль (UNU)
- НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF) гэх мэт.
- Дэргэдэх байгууллагууд (Туслах байгууллагууд)
[Засварлах] Аюулгүйн Зөвлөл
НҮБ нь Аюулгүйн Зөвлөлд маш том эрх мэдэл олгосон байдаг бөгөөд НҮБ-ын Энхийг Сахиулах хүчний тусламжтайгаар энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах эрхтэй. Түүнчлэн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болох 5 орон нь дангаараа хориг тавих эрхтэй байдаг нь хүйтэн дайны үед АЗ-ын байнгын гишүүн орнуудын сөргөлдөөнөөс болж үйл ажиллагаанд нь нөлөөлж байв. Мөн Аюулгүйн Зөвлөл нь НҮБ-ын байгууллагууд дундаас гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх эрхтэй цорын ганц байгууллага юм.
[Засварлах] Эдийн Засаг Нийгмийн Зөвлөл
Эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн асуудлаар үйл ажиллагаа явуулахаар заагдсан байдаг ч ихэнхдээ дэргэдээ байх Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO) зэрэг тусгай байгууллагуудаар дамжуулан явуулдаг.
- Бүтэц: 53 улсыг жил тутам гуравны нэг нь шинэчлэгдэхээр 3 жилийн хугацаагаар сонгоно.
- Дэргэдэх байгууллагууд
- Бүс Нутгийн Эдийн Засгийн Зөвлөлүүд
- Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Зөвлөл
- 1947 онд байгуулагдсан, анхны бүс нутгийн эдийн засгийн байгууллага(ESCAP)
- Комиссарууд
- НҮБ-ын Хүний Эрхийн Комиссаруудын хороо
- 1948 онд байгуулагдсан, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Олон Улсын Хүний Эрхийн Гэрээ зэрэг баримт бичгийг гаргасан.
[Засварлах] Фонд хариуцсан зөвлөл
1994 онд үйл ажиллагаа нь зогссон. Ядуу орнуудад тусламж үзүүлэх зорилготой байсан.
[Засварлах] Ажлын Алба
Aль нэг улс орны нөлөөнд авталгүй дундыг баримтлан НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга удирддаг.
[Засварлах] Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны хэл
НҮБ-ын албан ёсны хэлд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хэлүүд болох англи хэл, франц хэл, хятад хэл, орос хэлнүүдээс гадна түгээмэл хэрэглэгддэг испани хэл, араб хэл гэсэн 6 хэл тооцогддог. Албан ёсны хэлнүүдийн тухай Ерөнхий Чуулганы 2-р шийдвэр(1946 онд хуралдсан анхны чуулган) (англи, франц, хятад, орос, испани хэлнүүд) ба Ерөнхий Чуулганы 3190-р шийдвэр(1973 онд хуралдсан 30-р чуулган) (араб хэл)-т дурьдагдсан байдаг. Албан ёсны хурал чуулгануудын протоколууд, бичиг баримтууд эдгээр хэлээр заавал орчуулагдах ёстой байдаг юм.
[Засварлах] Зэвсэглэлийг бууруулах
1945 оны НҮБ-ын Дүрэмд "Даян дэлхийн хүн төрөлхтөн болон эдийн засгийн нөөцийг зэвсэглэлд зарцуулахыг багасгах" талаар дүрэм журмуудын цогцыг бий болгохоор заасан байдаг. Харамсалтай нь НҮБ-ын дүрэм батлагдсанаас хэдхэн долоо хоногийн дараа цөмийн зэвсэг хэрэглэгдсэн нь энэхүү асуудлыг хурцаар тавих шаардлагыг бий болгожээ. Ийнхүү НҮБ-ын Ерөнхий Чуулганы анхны хуралдааны (1946 оны 1 дүгээр сарын 24) анхны шийдвэр нь "Цөмийн энергийг нээсэнтэй холбоотой асуудлуудын тухай зөвшилцөх зөвлөл байгуулах тухай" гэсэн нэртэй гарсан байна.
Өдгөө НҮБ нь цөмийн туршилтыг хориглох, сансарт зэвсэг хэрэглэхийг хязгаарлах, химийн зэвсгийг хориглох, цөмийн зэвсэггүй бүс нутаг бий болгох, батлан хамгаалах зардлыг бууруулах, олон улсын аюулгүй байдлыг хангах талаар хүчин чармайлт тавин ажиллаж байна.
[Засварлах] Энхийг сахиулах
Энхийг сахиулах нь НҮБ-ын хамгийн чухал үүрэг бөгөөд тус байгууллагын дүрмийн 1-р бүлгийн 1-р зүйлд НҮБ-ын зорилгын нэгээр тодорхойлогдсон байдаг. Үүний тулд цэргийн хүч хэрэглэх тухай 7-р бүлэгт зааснаар зөвшөөрөгддөг боловч хүйтэн дайны үед Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болох АНУ болон ЗХУ-ын сөргөлдөөний улмаас бараг хэрэглэгдэж байгаагүй бөгөөд цорын ганц удаа Солонгосын дайнд Энхийг сахиулах хүчин үйл ажиллагаа явуулсан байна. Харин үүний оронд хэрэглэж байсан арга нь сөргөлдөгч талуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгах үйл ажиллагаа байлаа. Хүйтэн дайн төгсгөл болсноор 7-р бүлгийг хэрэглэж эхэлсэн хэдий ч уг дүрэм ёсоор төлөвлөгдөж байсан Нэгдсэн Үндэстний Арми хараахан байгуулагдаагүй байна.
НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа нь гишүүн орнуудын татвараар санхүүждэг. Ердийн төсвөөс ялгаатай нь энэ үйл ажиллагааны зардалд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд ердийнхөөсөө их хувийг нь санхүүжүүлэх болдог байна.
НҮБ-ын Энхийг Сахиулах Хүчин нь 1988 онд Нобелийн энхтайвны шагнал хүртжээ.
[Засварлах] Хүний эрх
Хүний эрхийн асуудал нь НҮБ-ыг байгуулах болсон үндсэн шалтгаануудын нэг билээ. Дэлхийн 2-р дайны үед харгислал, аймаглан устгах явдал гарч байсан учраас иймэрхүү асуудал дахин гаргахгүй байх нь шинэ тутам байгуулагдсан НҮБ-ын үүрэг хэмээн заажээ.
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь хууль зүйн үүднээс заавал биелүүлэх ёстой зүйл биш боловч "бүх хүн төрөлхтөн, бүх улс орнууд заавал хангах ёстой ерөнхий стандарт" болж 1948 онд Ерөнхий Чуулганаар батлагдсан билээ. Эдийн Засаг Нийгмийн Зөвлөл (Economic and Social Council, ECOSOC)-ийн дэргэдэх НҮБ-ын Хүний Эрхийн Хороо (UN Human Rights Commission, UNHRC) нь янз бүрийн судалгаа явуулж, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр энэ асуудлыг шууд хариуцдаг бөгөөд НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссар нь энэхүү хороог удирдана.
НҮБ болон түүний дэргэдэх байгууллагууд улс орнуудад чөлөөт сонгууль явуулах бололцоогоор хангах, эрүүгийн хуулийг шинэчлэх, хүний эрхийн ажилтнуудыг сургах, зэвсэгт бүлэглэлүүдийг улс төрийн нам болгон төлөвшүүлэх зэргээр ардчилал, хүний эрхийг хамгаалах үйлсэд маш их хувь нэмэр оруулж байгаа нь маргашгүй үнэн билээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийн талаар ч үйл ажиллагаа явуулж байна.
[Засварлах] Нэгдсэн Үндэстний Байгууллагын санхүүжилт
НҮБ нь дараах 2 аргаар санхүүждэг.
1. Гишүүн орнуудын татвар. Гишүүн орнуудын төлөх татварын хэмжээг тусгай байгууллага Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээнд нь үндэслэн 2 жил тутам шинэчлэн тогтоодог. Түүнчлэн аль нэг улс орны нөлөөг ихэсгэхгүйн тулд гишүүн орнуудын татварын хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоосон байдаг.
2. Хандив НҮБ-ын дэргэдэх НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), НҮБ-ын Хүн Амын Сан (UNFPA), Дэлхийн Хүнсний Байгууллага (WFP) гэх мэт байгууллага, хөтөлбөрүүд нь гишүүн орнуудын сайн дурын хандиваар санхүүждэг.
[Засварлах] Нэгдсэн Үндэстний Байгууллагын Шинэчлэл
Сүүлийн жилүүдэд Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөх зэрэг төрөл бүрийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа юм.
Иракийн дайны үед өөрийн үүргээ биелүүлж чадаагүй нь томоохон асуудал болсон юм. Япон, Герман, Энэтхэг болон Бразил зэрэг улсууд Дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойш огт өөрчлөгдөөгүй Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болохоор зорьж байна.
Гэтэл нөгөө талаар Канад зэрэг Аюулгүйн Зөвлөлийн эрх хэтэрхий их байна хэмээн шүүмжилж, Ерөнхий Чуулганы эрхийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа орон ч олон байгаа юм.
[Засварлах] Монгол ба Нэгдсэн Үндэстний Байгууллага
Монгол Улс нь Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд НҮБ-д элсэхээр өргөдөл гаргасан боловч тэр үеийн "капиталист" хэмээгдэх улсуудын эсэргүүцлийг давж гаран, 15 жилийн дараа 1961 онд л энэ байгууллагын босгыг алхжээ. Монгол Улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг "Бичигтэн болох 10 жил" хэмээн зарлаж байв. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлажээ.
Өдгөө Монгол Улсад ардчилалыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр,Курт Вальдхайм, Кофи Аннан нар манай улсад айлчилж байсан түүхтэй.
[Засварлах] Монгол, НҮБ-ын Харилцааны тухай товч танилцуулга
- Элссэн он сар өдөр: 1961 оны 10 дугаар сарын 27
- Хамтын ажиллагааны чиглэл зорилго: НҮБ –ын Дүрмийн зорилго, зарчмуудыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, байгууллагад хуримтлагдсан оюуны чадавхи, мэдээллийг эдийн засаг, нийгмийнхээ хөгжилд ашиглах
- Хамтын ажиллагааны хэлбэр: НҮБ-ын Ерөнхий Ассамблей (ЕА)-н чуулгануудад оролцож, Засгийн газрынхаа бодлого, байр суурийг илэрхийлж, тэдгээрийг зохицуулах, шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах
[Засварлах] Хамтран ажиллаж буй тодорхой чиглэлүүд
- Ядуурлыг бууруулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах /Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх/
- Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүрэг ролийг бэхжүүлэх
- Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх
- Далайд гарцгүй орнуудын байдлыг сайжруулах
- Монгол улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах
- Шинээр болон сэргээн тогтоосон орнуудын ардчиллыг дэмжих, хувь нэмэр оруулах
[Засварлах] Оролцож хэрэгжүүлсэн тодорхой үйл ажиллагаа
ЕА–д 50 гаруй тогтоол санаачлан батлуулж, 500 гаруй тогтоол шийдвэрт хамтран зохиогчоор нэгдэж орсон
[Засварлах] НҮБ –ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулганд дээд, өндөр хэмжээнд оролцсон байдал (9 удаа)
- 1967 - Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал
- 1992, 1995 - Ерөнхийлөгч П.Очирбат
- 1996 - Ерөнхий сайд М.Энхсайхан
- 1999 - Ерөнхий сайд Р.Амаржаргал
- 2000 - Ерөнхийлөгч Н.Багабанди
- 2001 - Ерөнхий сайд Н.Энхбаяр
- 2002 - Ерөнхий сайд Н.Энхбаяр
- 2003 –Ерөнхийлөгч Н.Багабанди
[Засварлах] НҮБ-аас зохион явуулсан өндөр, дээд хэмжээний томоохон хурал чуулганд оролцсон байдал
- Хүрээлэн буй орчин ба хөгжлийн асуудлаарх Рио де Жанейрогийн дээд
хэмжээний уулзалт (1992 он);
- Хүн ам, хөгжлийн асуудлаарх Каирийн бага хурал (1994 он);
- Нийгмийн хөгжлийн асуудлаарх Копенгагены дээд хэмжээний уулзалт
(1995);
- Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхий дахины IҮ бага хурал (1995)
- Хүнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалт (1999)
- Хөгжлийн төлөөх санхүүжилтийн асуудлаарх Монтеррейн олон улсын бага хурал (2002)
- Тогтвортой хөгжлийн асуудлаарх Йоханесбургийн дээд хэмжээний уулзалт
(2002)
- Мэдээлжсэн нийгмийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалт (2003)
[Засварлах] НҮБ-ын ЕНБД –ын зүгээс Монгол Улсад хийсэн дээд хэмжээний айлчлал
[Засварлах] НҮБ-ын НБДГ-тай хамтран хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ
- 1995 - АНДЭЗНК-ын Удирдах бүлгийн ҮIII хуралдаан
- 1999 - Энх тайван, зэвсэг хураах асуудал эрхэлсэн Ази,
- Номхон далайн бүсийн төвийн хурал
- 2000 - Хүний аюулгүй байдлын асуудлаар олон улсын бага хурал
- 2003 -Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын 5 дугаар бага хурал, Улаанбаатар хот
[Засварлах] НҮБ–ын гол байгууллагуудад сонгогдсон байдал
- Манай улс:
1973-1976 -НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн Зөвлөл
- Манай төлөөлөгчид:
- НҮБ –ын ЕА-н чуулганы орлогч даргаар 6 удаа;
- Чуулганы хороодын илтгэгч, орлогч дарга, даргаар 14 удаа тус тус
сонгогдон ажилласан
- Авсан туслалцаа:
1963 оноос эхлэн НҮБ, түүний системийн байгууллагуудаас нийтдээ 140 сая гаруй ам.долларын тусламж авсан. Ерээд оны эхээр Монголын эдийн засаг хямралд ороод байсан хүнд хэцүү үед НҮБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа НҮБХХ Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн хоёр жил дараалан Монголд нүүрлэсэн зудын гамшгийн хохирлыг даван туулахад туслах олон улсын арга хэмжээг явуулахад НҮБ хошуучилсан.
[Засварлах] НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа
НҮБ–ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг сонирхож ирсэн бөгөөд 1999 оны 9 дүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Түүнээс хойш ЗХЕШ -ын дэргэд Энхийг сахиулах алба байгуулагдан холбогдох сургалтыг зохион байгуулж ирснээс гадна зэвсэгт хүчний албан хаагчдыг энхийг сахиулах талаарх олон улсын (2001 онд Казахстанд, 2002 онд Бангладешид) сургалтад хамруулж байв. 2002 оноос хойш Монгол Улсын зэвсэгт хүчний хоёр албан хаагч БН Ардчилсан Конго Улс дахь НҮБ –ын энхийг сахиулах албанд, гурван албан хаагч Баруун Сахар дахь НҮБ-ын ажиллагаанд цэргийн ажиглагчаар ажиллаж байна.
[Засварлах] Татвар, хандив
НҮБ–ын 2004 оны ерөнхий төсөвт 17 сая төгрөг төлсөн.
[Засварлах] Манай иргэд НҮБ-ын НБДГ –т ажиллаж буй байдал
НҮБ, түүний системийн 10 гаруй байгууллагын НБДГ-т манай 20 орчим иргэн ажиллаж байна.
[Засварлах] Монгол улсын төлөөлөгчдөөс санаачлан НҮБ-ын ерөнхий ассамблейд орууллаж батлуулсан тогтоолууд
- Зэвсэг хураах долоо хоногийн тухай /33-34, 37-44 дүгээр чуулган/
- Улс түмэн энх тайван орших эрхийн тухай /39-43 дугаар чуулган/
- Эдийн засгийн хөгжил ба байгалийг хамгаалах тухай /17 дугаар чуулган/
- Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд улсын секторын гүйцэтгэх үүргийн тухай /32-35 дугаар чуулган/
- Хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүргийн тухай /39-40 дүгээр чуулган/
- Чилид хүний эрхийг зөрчиж байгаа тухай /29 дүгээр чуулган/
- Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах тухай /31, 33 дугаар чуулган/
- Хөдөөгийн эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах тухай /37, 39, 40, 42, 44, 46, 48, 50, 52, 54, 56, 58 дугаар чуулган/
- Нийгмийн дэвшлийн үүднээс нийгэм-эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт хийх үндэсний туршлагын тухай /36, 38, 40 дүгээр чуулган/
- Хоршооллын хөдөлгөөнийг дэмжих тухай /36, 44 дүгээр чуулган/, Нийгэм-эдийн засгийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай /48, 51, 54 дүгээр чуулган/,
- Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүргийн тухай /56, 58 дугаар чуулган/;
- Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх арга хэмжээ, хүч чармайлтын тухай /41, 42 дугаар чуулган/, Бүх нийтээр бичиг үсэгтэн болох НҮБ –ын 10 жилийн тухай /54, 56, 59 дүгээр чуулган/;
- Орон гэрээр хангах олон улсын жилийн тухай /40, 41 дүгээр чуулган/
- Орон гэртэй байх эрхийн тухай /41, 42 дугаар чуулган/
- Сансарт зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэрэмжлэх тухай /38 дугаар чуулган/
- Бүх нийтийн боловсрол /52, 54 дүгээр чуулган/
- Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай 53, 55, 57, 59 дүгээр чуулган/
- Олон улсын хэлэлцээ хийх зарчим, чиглэлүүд /52, 53 дугаар чуулган/
- Далайд гарцгүй орнуудын асуудал /52, 54 дүгээр чуулган/
[Засварлах] Мөн үзэх
- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- НҮБ-ын гишүүн орнууд
- НҮБ-ын Хөгжлийн 10 жил
- Олон Улсын байгууллагууд
[Засварлах] Гадны холбоос
- United_Nations (англи, хятад, франц, испани, араб, орос хэлээр)
- Ерөнхий Чуулганы шийдвэрүүд (англи хэлээр)
- Нээлттэй Жагсаалт: Society: Government: Multilateral: United Nations
(англи болон бусад хэлээрх НҮБ-тэй холбоотой холбоосууд)

