Антарктид

Антарктид

Lage Антарктид тив дэлхийн газрын зураг дээр

Нутаг дэвсгэр 14,000,000 км²
Хүн ам 1106 (үүний ихэнх нь эрдэмтэд ба жуулчин)
Хүн амын нягтрал 0,0001–0,0003 оршин суугч/км²
Улс байхгүй
Бүс нутгууд Өрнөд Антарктик, Дорнод Антарктик
Антарктидын мөс
Фриксель нуурийг хөх мөс бүрхсэн байдал, Трансатлантикийн ууланд.
Газрын өндөршил
Мөсний шилжилт
Мөсөн доорх давхрагууд ба суурь чулуулаг
Мөсийг хуулж авсан ба далайн түрлэгийг тооцоолж харуулсан байдал.

Антарктид нь Дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрлах тив (Өмнөд туйл) бөгөөд Өмнөд мөсөн далайгаар хүрээлэгдэнэ. Нийт талбай нь 14.4 сая км² бөгөөд нийт талбайн хэмжээгээр Ази, Африк, Хойд Америк, болон Өмнөд Америкийн дараа орно. Антарктидын гадаргуугийн 98% нь мөсөөр бүрхэгдсэн бөгөөд мөсний дундаж зузаан нь 1.6 км орчим.

Антаркид нь хамгийн хүйтэн, хуурай, хүчтэй салхилдаг, далайн түвшнээс дээш хамгийн их өргөгдсөн тив болно. [1] Эрэг орчмын нутгийг эс тооцвол маш бага хэмжээний хур тунадас унадаг бөгөөд тивийн үндсэн хэсэг нь цөл юм. Уг тивд уугуул оршин суугчид байхгүй бөгөөд цөөн төрлийн хүйтэнд тэсвэртэй оцон шувуу, далайн хав, хөвд, хаг, замаг зэрэг амьтан, ургамалтай.

Антарктид гэдэг үг нь ανταρκτικός гэсэн ("Арктикийн эсрэг" гэсэн утгатай) Грек үгнээс гаралтай.[2][3]

Хамгийн өндөр цэг нь Винсони уул (д.т.д 5140м) юм. Антарктид тив Дэлхийн бөмбөрцгийн Өмнөд туйл Антарктикийн мужид оршино. Антарктик мужид тивээс гадна түүнийг хүрээлэн байгаа тэнгисүүд Атлантын далай, Номхон далай, Энэтхэгийн далайн хэсэг хамаарагдана.

Антарктидыг судалсан нь[засварлах | кодоор засварлах]

Антарктидын судалгааг дөрвөн үе болгон хуваадаг. Эхний гурван үед аливаа нэг улс орны шинжилгээний ангиуд өөрсдийн сонирхлоор явж судалгаа хийж байжээ. Дөрөв дэх үеийн судалгаа нь олон улсын хэмжээний хөтөлбөртэй явагдаж, Антарктидын эх газрын байгалийн байдалд тодорхой дүгнэлтийг өгч байна.

Эхний (XVI зуунаас XIX зууны эх) үед Дэлхийн өмнөд этгээдэд эх газар байгааг тодорхойлон зарим арлуудыг нээж, газрын зурагт тэмдэглэжээ. 1501-1502онд Италийн Америго Веспуччи, Өмнөд Георг арал, 1739-1772 онд Францчууд Буве, Кергелен арлыг нээжээ. 1772-1775 онд Английн Ж.Кукын шинжилгээний анги Антарктидыг тойрон Өмнөд Георгийн аралд ойртон, Сандвичийн газар, Өмнөд Тулегийн арлыг, Английн У.Смит Өмнөд Шетланд арлыг нээсэн.

-Дараах (XIX зуун) үед Антарктидын эх газрыг нээж, нэлээд олон эрдэм шинжилгээний ангиуд судалгаа хийжээ. Оросын далайчин Ф.Ф.Беллинсгаузен, М.П.Лазерев нар "Восток", "Мирний" хэмээх хөлөг онгоцоор 1819 онд Георг аралд хүрч, шинэ шинэ газар нээж I Петрийн арал, I Александрын газар гэх зэргээр нэрлээд, 1820 оны 1 сарын 16-нд Антарктидын эх газрыг хүн төрөлхтөний түүхэнд анх удаа нээв. 1820-1821 онд Англи, Америкийн ан олзворын хөлөг онгоцууд Антарктидын орчмоор аялж байснаас гадна 1831-1833 онд Английн Ж.Биско Антарктидыг тойронаялж, хэд хэдэн арал нээжээ. 1838-1842 онд Франц, Америк, Английн шинжилгээний гурван анги нэлээд газар нутгийг нээж, өмнөд соронзон туйлын байршлыг тодорхойлохыг оролджээ. Дараачийн 50 жилд ямар ч шинжилгээний анги очсонгүй. XIX зууны сүүлчээс эхлэн эндхийн хүйтэн тэнгист Шотланд, Норвеги, Бельги зэрэг орны хөлөг онгоцууд халим агнах болсон.

-Гуравдахь (1900-1955 он) үед Антарктидын эрэг орчмын нутгийг судалснаас гадна газарзүйн өмнөд туйлд хүрсэн байна. Асар бэрхшээлтэй энэ зорилтыг Норвегийн Р.Амундсен, Английн Р.Скотт нар гүйцэтгэсэн юм. Р.Амундсен 1911 оны 12 сарын 14-нд Өмнөд туйлд хүрчээ. Р.Скотт Р.Амундсенээс 34 хоногийн дараа буюу 1912 оны 1 сарын 17-нд Өмнөд туйл хүрээд буцах замдаа амь үрэгджээ. 1928 онд Америкийн нисэх онгоц Антарктид хүрч, 1929-1950-д онд АНУ, Английн хэд хэдэн шинжилгээний ангиуд судалгаа хийж, мөсний тодорхойлолт гаргаж, зарим газраар уул нуруу нээжээ.

-Дөрөвдэх (1955 оноос хойших) үеэс эхлэн олон улсын геофизикийн судалгаа хийгдэж 11 орны 57 станц Антарктид, түүний эрэг орчмын арлууд дээр байгуулагдан нутаг даяар иж бүрэн судалгаа ажиглалт хийх боломж бүрдүүлжээ. Эдгээр судалгааны баазууд дээр эрдэм шинжилгээний ангиуд ээлжлэн очиж судалгаа хийж байна.

ЗХУ, одоогийн ОХУ тэнд "Мирный", "Оазис", "Пионерская", "Восток", "Комсомольская" станц байгуулж, тогтмол судалгаа хийж иж бүрэн хайгуул шинжилгээний ангиуд ажиллаж байна.1972-1973, мөн 1983-1984 онд ажилласан Өмнөд туйлыг судлах XVIII, XXVIII хайгуул эрдэм шинжилгээний ангиудад БНМАУ-ын мэргэжилтэн Ж.Цэрэндэлэг, Д.Чулуунбат нар оролцон, Антарктидад очиж судалгаа, шинжилгээний ажил хийсэн билээ. Орчин үеийн судалгааны явцад Антарктидын эх газрын тогтоц, гадарга, ашигт малтмал, мөсөн хучлагын байгуулалт, уур амьсгал, ургамал, амьтны аймаг судлагдаж, байгалийн орчин, хүний бие махбодод хэрхэн нөлөөлөх зэрэг олон асуудал шийдвэрлэгдэж байна.

Газарзүй[засварлах | кодоор засварлах]

Тивийн 15 сая 820 мянган км2 талбайтай, 24 сая м3 хэмжээтэй мөс хучжээ.Мөсний зузаан дунджаар 2 мянган м, төв хэсэгтээ 4 мянган м, захаараа 100 орчим м байна. Энэхүү мөсөн "малгай" зарим хэсэгтээ эх газраасаа хальж далай руу хэдэн зуун километр түрж оржээ. Тухайлбал: Россын тэнгист орсон мөс нь 950 км хүрнэ. Эх газрын эргээс хальсан мөс аажимдаа гулсан далайд орохдоо мөсөн уул (айсберг) үүсгэдэг. Антарктидын мөсөнд нь дэлхийн цэнгэг усны 90 хувь агуулагддаг. Түүнийг хучиж байгаа мөсний зузааныг оролцуулбал Антарктид дундаж өндрөөрөө дэлхийн хамгийн өндөр тив юм. Антарктидын эх газрын мөсөн доорх гадаргыг ерөнхийд нь хоёр ангилдаг. Баруун хэсэг нь (Антарктидын хойгоос Россын тэнгис хүртэл) уулархаг гадаргатай. Үүнийг Антарктидын Анд гэх бөгөөд 3000-4000м, оргилууд нь 5000м өргөгдсөн Элсуэртийн газарт байгаа 5140 м оргил эндхийн хамгийн өндөр цэг юм. Нутгийн зүүн хэсэг нь тавцан маягийн тогтоцтой, харьцангуй талархаг гадаргатай байна.

Антарктид дэлхийн хамгийн хүйтэн уур амьсгалтай нутаг юм. 1961 оны 8 сард ЗХУ-ын <Восток> станцад -83,2℃ тэмдэглэгдсэн нь дэлхийн хүйтний туйл байв. гэвч 2014 оны байдлаар Японы эрдэмтэд - 91,2℃ хүртэл хүйтэрч байгааг тогтоожээ. ЗХУ-ын <Пионерская> станцад 7 сарын дундаж температур -20℃ тэмдэглэгджээ. Жилд 340 хоног хүртэл цасан шуурга болж салхины хурд 90м/сек хүрнэ.

Антарктид тив ургамал, амьтны аймгаар бие даасан нэгэн муж болдог. Энд байгаа ургамлын зүйлс хаг, хөвдөөс бүрдэх бөгөөд 300 зүйл хаг, 75 зүйл хөвд тодорхойлогджээ. Өмнөд өргөргийн 64℃-аас цааш цэцэг буюу дээд ургамлын зүйлүүд байхгүй. Хойгийн хойд Кергелений аралд байцааны нэгэн зүйл, мөн 10 орчим зүйлийн өвслөг, үет ургамал тодорхойлогджээ.

Хуурай газрын амьтан байхгүй. Хүрээлэн байгаа далай тэнгисүүдээр усны амьтад бий. Хөхтөн, сэлүүр хөлтөн, халимны зүйлүүд нэлээд элбэг. Сэлүүр хөлтний гол төлөөлөгч нь далайн хав юм. Далайн хав хөвөгч мөсөн дээр гарч хэвтэж нарлана. Далай, тэнгисийн усанд загас, хавч хэлбэртэн элбэгтэй. Эх газрын эргээр амьдрах ганц төрлийн амьтан нь оцон шувуу юм.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "National Geophysical Data Center". National Satellite, Data, and Information Service. {{cite web}}: Unknown parameter |accessmonthday= ignored (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  2. Duden online: Antarktika
  3. Bertelsmann: das neue Universal Lexikon. wissenmedia Verlag, Gütersloh 2006, S. 247.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Антарктид – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Антарктик – Викимедиа дуу дүрсний сан