Бодисын солилцоо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Аливаа бие махбодын хэвийн үйл ажиллагаа нь гадны орчны нөлөөтэй салшгүй холбоотой байдаг. Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтөд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг гадна орчны нэг нь хоол тэжээл юм.

Хоол тэжээлийн онцлог нь бодисын солилцооны явцад бие махбодын бүрэлдэхүүн хэсэг болон хувирдагт оршино.

Аливаа амьд бие махбодын хамгийн гол шинж нь бодисын солилцоо юм. Бие махбодод хэрэгцээт бодисыг үүсгэн шингээх (ижилсэх), хэрэггүйг задлан зайлуулах (ондооших) эсрэг, тэсрэг хоёр үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байх бөгөөд тэдгээрийн нэгдлийг бодисын солилцоо гэнэ.

Хоол тэжээл нь амьдралын гол шинж болсон бодисын солилцоо хэвийн байдлаар явагдах материаллаг үндэс нь болдог. өөрөөр хэлбэл, зөвхөн хоол тэжээлээр дамжуулан эс эдийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг болох язгуур бодисуудыг гаднаас авна. Чухамхүү бодисын солилцооны үр дүнд эс эд нөхөгдөн төлжиж, бие махбод өсөн хөгжиж, амьдралыг хөдөлгөгч хүчин болох илч (энерги) ялгаран гарч байгаа юм.