Гутаарь

Ерөнхий шинж[засварлах | кодоор засварлах]

Бие уртавтар, хүчирхэг, арагшаагаа хавчгар. Биеийн дээд хэсэг шаргал бороос оливын хар, биеийн хажуу хар болон цайвар толботой, хэвлийн сэлүүр цайвар, бусад сэлүүрүүд хар толботой. Эрүүн дороо ганц сахалтай. Хайрс жижигхэн, циклойд хэлбэртэй. Толгой хавтгар өргөн. Эрүү, тагнайд өргөслөг шүдтэй. Нурууны болон сүвийн сэлүүр урт, нурууны сэлүүр цувраа 2 байх ба эхнийх богино, удаах уртассан. Сүүлний сэлүүр дугуй. Дээд эрүү доод эрүүн дээгүүр бага зэрэг давсан. Хажуугийн шугам бараг сүүлний сэлүүр хүртэл үргэлжилсэн. Заламгайн өргөс 5-15. Сэлүүрүүд салаалсан гуурстай.

Баг: Сагамхайтан

Овог: Гутаарийнхан

Биологийн онцлог[засварлах | кодоор засварлах]

Гутаарь нь Саамхайтаны багийн цэнгэг усны ганц төлөөлөгч. Биеийн урт 1 м, жин 24 кг хүрнэ. 3 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. Өвөл мөсөн дор үржинэ. Үржил 12-р сарын сүүлчийн хагасаас 2-р сар хүртэл үргэлжилнэ. Шөнө гүехэн устай хэсгийн цэвэр элс, хайрга, чулуун дээр түрсээ шахаад хараа хяналтгүйгээр орхидог. Атуу 20570-97840 ширхэг, дунджаар 63785 ш түрстэй. Шөнийн идэвхитэй махчин загас.

Цэнгэг хүйтэн усны загас. Түргэн урсгалт гол мөрөн, өндөр газрын цэвэр жихүүн устай нуурт амьдарна. Зундаа гол төлөв голын эх хэсгээр идээшилнэ. Намартаа усны хэм багасахад голоо уруудан үндсэн голдоо амьдарна.