Гуудайн Төмөрчулуун

Гуудайн Төмөрчулуун Монгол Улсын дипломат, орчуулагч, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулийн профессор. 1955 оны 12 дугаар сарын 12-нд Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт төрсөн. Урианхай ястан.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

Төмөрчулуун 1973 онд Өлгий хотын 10 жилийн хоёрдугаар сургууль, 1978 онд Куба улсын Гаваны Их сургууль, 1983 онд Москвагийн Олон Улсын харилцааны Дээд сургуулийн дээд курс, 1990 онд ЗХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын Академийг тус тус дүүргэжээ.

Дипломат болон эрдмийн ажил[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Куба, ОХУ, Бельгид дипломат алба хашиж байсан, “Тэргүүн шадар” дипломат цолтой.

Г.Төмөрчулуун Монгол Улсын гадаад бодлогын олон чухал зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэсэн бөгөөд тэдгээрийн дотор 1994 оны Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулан УИХ-аар батлуулах, мөн Монгол Улсыг Эвсэлд Үл Нэгдэх Хөдөлгөөнд гишүүнээр элсүүлэх ажлыг гардан хийжээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн “ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эрдэмтдийн бага хурлыг 2014 онд зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэн ажиллав. Г.Төмөрчулуун Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтын бэлтгэлийг хангах, түүнийг амжилттай болгох талаар мэдлэг оюунаа зориулан ажилласан байна.

Тэрээр 1990 онд ОХУ-ын ГХЯ –ны дэргэдэх Дипломатын Академид “БНМАУ-аас Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний талаар явуулсан бодлого” сэдвээр түүхийн ухааны докторын (Ph.D), 2006 онд олон улс судлалаар шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг “Гадаад бодлогын шийдвэр гаргах өрнөдийн онол ба жижиг улс” сэдвээр тус тус хамгаалсан. ШУА-ийн ОУСХ түүнд 2008 онд судалгааны тэргүүлэх профессор цол олгосон.

Эрдэмтэн ГХЯ-д дипломат ажил хийхийн зэрэгцээ сурган хүмүүжүүлэх, багшлах ажилд мэдлэг, туршлагаа зориулж, олон улсын харилцааны мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд мөн хувь нэмрээ оруулсаар байна. Тэрээр МУИС-ийн ОУХДС-ийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 1992-1995 онд тэнхимийн анхны эрхлэгчээр нь ажиллаж байв. Тэрээр өдгөө ч энэхүү сургууль болон ХИС-д давхар багшилж байна. 2006 онд тэрээр МУИС-ийн “Хүндэт доктор” цол хүртжээ.

Эрдэмтэн-дипломатч Г.Төмөрчулуун Монгол оронд ардчилсан үйл явц өрнөсний дараахан буюу 1990-ээд онд Лондоны Хатан хааны олон улс судлалын хүрээлэн (Chatham Housе), Эдийн засгийн сургууль (London School of Economics), Японы Олон улс судлалын хүрээлэн (JIIA), Малайзын Дипломатын Академи, АНУ-ын Сан Диегогийн Их сургууль, ОХУ-ын ШУА-ийн Дорнодахины судлалын хүрээлэн, Владивостокийн ОУХДС-д тус тус уригдан лекц уншиж, Монгол Улсын шинэ гадаад бодлогыг дэлхийн олон нийтэд сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрийг оруулжээ. Тэрээр зөвхөн 2014 он гэхэд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан түүхэн баримт бичгийн эмхтгэлийг хянан тохиолдуулж, “Монголын гадаад бодлого, олон улсын харилцаа: онол, практик” номоо 2015 онд хэвлүүлжээ.

2014 онд Г.Төмөрчулуун Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “ЗХА-ийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион бйгуулав. Монгол-япон, Монгол-солонгос, Монгол-хятад, Монгол-Орос-Хятад зэрэг олон улсын хэмжээний 10 удаагийн хуралд оролцож, илтгэл тавин хэлэлцүүлжээ.

Г.Төмөрчулуун Монголын Гадаад бодлого, олон улсын харилцааны сэдвээр 20 гаруй ном туурвиснаас эрдэм шинжилгээний олон бүтээлүүд нь англи, орос, испани, япон, серб зэрэг дэлхийн олон хэлээр нийтлэгджээ.

Орчуулгын бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Г.Төмөрчулуун монгол түмний түүх, соёлын гайхамшигт дурсгалууд болох “Монголын нууц товчоо”, “Монгол Гэсэрийн тууж”-ийг испани хэлнээ анх орчуулж, 2004 онд “Монголын нууц товчоо”-г Куба улсад 10 мянган хувь хэвлүүлжээ. Энэ бол “Монголын нууц Товчоо”-г дэлхийн томоохон хэл рүү монгол хүн орчуулж, хэвлүүлсэн анхны тохиолдол байсан юм. Түүний хийсэн “Монголын нууц товчоо”-ны испани орчуулга Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Хамгийн, хамгийн шилдэг” өргөмжлөл хүртэж, 2008 оноос түүний сонгомол эхийн орчуулга интернетээр цацагдаж дэлхийн сая сая уншигчдын хүртээл болжээ.

Түүний испани хэлнээ орчуулсан “Монгол Гэсэр”-ийн тууж 2014 онд хэвлэгдэн гарчээ.

Төрийн шагнал, одон медалиуд[засварлах | кодоор засварлах]

Монголын Улсын төр засгаас түүний хөдөлмөрийг үнэлж “Алтан гадас” одонгоор хоёр удаа, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнаж байжээ.