Гэгээрэл


1. буддизм. (пали: bodhi; vimutti; nibbana;) Дээд зэргийн ухаарал, сэрэлт гэсэн утгатай. Төгс гэгээрэлд хүрэх гэдэг нь Нирваанд (пали: nibbana) хүрэхтэй ижил утгатай. Зөвхөн өөрийн хичээл зүтгэлээр, буддын дээд сахилыг сахин, Буддагийн заасан сургаал номыг, төвлөрөл, бясалгалтай хослуулан хийж гэгээрлийн дөрвөн үе шатыг ухамсарлаж, Арахант түвшинд очих буюу дахин хорвоод төрөхгүй, төрөл авахгүй, нэгэнт явах түвшинг төгс гэгээрэл гэж хэлнэ. Зөвхөн хүний төрөл авсан хүн гэгээрэлд хүрэх боломжтой. Там, сүнс, амьтан, бирд, бурхадын(диваажин) төрөлд байгаа бол тэр төрлөөс гэгээрэх боломжгүй гэж үздэг. Тиймээс хүн болж төрөх нь Бурхад болж төрөхөөс илүү гэж Готам Будда хэлсэн байдаг. Бурхад диваажинд дэндүү их жаргалд умбадаг тул зовлон жаргалыг зэрэг харж, гэгээрч чаддаггүй. Тэр бүү хэл бурхад диваажинд хагас өдөр ч сууж бясалгал хийж чаддагүй гэж Khuddaka Nikāya сударт бичиж үлдээсэн байна. Буддагийн заасан сургаалд гэгээрэхийн тулд заавал ухаарч ойлгох, дагах ёстой байдаг хэд хэдэн онол, сургаалууд байдгийн зарим нь: - Гэгээрлийн Дөрвөн Үнэн (Хутагтын 4 Үнэн, Four Noble Truths); - Гэгээрлийн Найман замнал (Noble Eightfold Path); - Учирт гарал үүсэл (eng: Dependent Origination); зэрэг бөгөөд зовлонг ойлгох, тэр зовлонг үүсгээд буй хүний хүсэл шуналыг олонтаа дурдсан байдаг. Мөн хүний төрөлдөө Буддагийн номыг үзсэн байсан ч диваажингийн хаалгаар гишгэж орохдоо л сурсан бүх номоо умартдаг гэж Буддын гол судар болох Пали сударт бичиж үлдээсэн байна. Гэгээрлийн дөрвөн үе шат байдаг нь: 1. Сотапанна, 2. Сакадагами, 3. Анагами, 4. Арахант; 1. Сотапанна - (пали: урсгалд орогч) Энэ түвшинд очсон гэгээрэгч доод төрөл авахгүй, хүний эсвэл бурханы төрлийг хамгийн олондоо 7 удаа л авах ба тэр хугацаандаа амжиж төгс гэгээрэлд баттай хүрдэг. 2. Сакадагами - (пали: нэг удаа эргэн ирэгч) Энэ түвшинд очсон гэгээрэгч доод төрөл авахгүй, хүний эсвэл бурханы төрлийг ердөө нэг л удаа авах ба тэр төрөлдөө амжиж төгс гэгээрэлд баттай хүрдэг. 3. Анагами (пали: эс эргэн ирэгч) Энэ түвшинд очсон гэгээрэгч доод төрөл авахгүй, дахин хүн болж төрөхгүй, зөвхөн бурханы төрлийг ердөө нэг л удаа авах ба тэр төрөлдөө амжиж төгс гэгээрэлд баттай хүрдэг. 4. Арахант Энэ түвшинд очсон гэгээрэгч дахин ямар ч төрөл авахгүй, Нирваан (Нирвана, пали: Nibbana; санскрит: Nirvana) дүрийг олох буюу нирваанд одож зовлонгоос нэгэнт ангижирдаг.