Дархлалын олдмол хомсдол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Улаан тууз нь дэлхийн ХДХВ-н халдвартай болон, ДОХ-р өвдсөн хүмүүсийн эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлгэ тэмдэг юм.

Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирүсээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин[1] бөгөөд мөн бусад зүйлийн амьтдад үүнтэй төстэй вирүсүүд байдаг (СДХВ, МДХВ гэх мэт). Энэ өвчний төгсгөлийн шат нь тухайн хүнийг аливаа халдвар болон хавдрын өвчний эсрэг хамгаалах чадваргүй болгодог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирүсийн хөгжлийг саармагжуулах л төдий байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ байхгүй байна.

2009 оны байдлаар 30 сая орчим хүн энэ өвчнөөр нас барсан бол 2010 оны байдлаар дэлхий дээр ДОХ-н халдвар авсан нийт 34 сая орчим хүн амьдарч байгаагийн 2,5 сая нь 15 хүртэлх насны хүүхэд байна.

Нэршил[засварлах]

  • ХДХВ-Хүний Дархлал Хомсдолын Вирус
  • ДОХ- Дархлалын Олдмол Хомсдол

Халдвар дамжих зам[засварлах]

  • Бэлгийн зам: ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
  • Цусаар: Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
  • ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөний сүүгээр

Халдвар дамжихгүй зам[засварлах]

ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарч чаддаггүй учраас

  • Шүлс
  • Нулимс
  • Хоол хүнс, аяга халбагаар
  • Агаар дуслын зам /ханиах, найтаах зэрэгт шүлсээр/
  • Шумуул болон бусад төрлийн хорхой шавьж
  • Хамт амьдрах, ажиллах, суралцах
  • Тэврэх, үнсэх
  • Бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт орох зэрэг нь аюулгүй юм. Гэхдээ шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх нь аюултай юм.

Шинж тэмдэг, Явц[засварлах]

ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж дархлааг бага багаар сулруулсаар алдагдуулдаг. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 гаруй жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй эрүүл хүн шиг байх боловч, бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг.

Дархлалын систем сулрах тусам тухайн хүн жингээ алдаж, ядрамтгай болж, янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр болон шингэн алдах зэргээр аливаа халдварт өртөмтгий болдог. Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. ДОХ өвчний үед ямар ч шалтгаангүйгээр дараах шинж тэмдгүүд ихэнхдээ илэрдэг.

  • Биеийн жин буурах
  • Байнга ядрах
  • Шөнө хөлрөх
  • Хүзүү, суга, цавины булчирхай томрох
  • Амьсгаадах, хуурай ханиах

Нэгэнт ХДХВ хүний дархлааг устгаж ДОХ өвчний шатанд хүрсэн нөхцөлд өвчтөн хүндэвтэр халдварын улмаас ихэвчлэн 1-2 жилийн дотор нас бардаг.

Илрүүлэлт, шинжилгээ[засварлах]

ХДХВ-ийн халдварыг цус, шээс, шүлснээс дээж авч шинжилгээгээр илрүүлдэг. Хүний цусанд эсрэг бие 4-8 долоо хоногийн дараа ихэвчлэн илэрдэг ч зургаан сар хүртэл хугацаанд ч илрэхгүй байж болдог. Халдвар авснаас цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг “ Цонх үе ” гэнэ. Цонх үед шинжилгээгээр халдвартай байсан ч илрэхгүй.

Эмчилгээ[засварлах]

ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирүсийн хөгжлийг саармагжуулах, дархлааг дэмжих төдий л байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ байхгүй байна. Гэхдээ үүсэх шалтгаан болон урьдчилан сэргийлэх арга замуудыг тогтоосон юм.

ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга замууд[засварлах]

  • Хосууд бие биендээ үнэнч байх
  • Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих
  • Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх
  • Секс тоглоом дамжуулан хэрэглэхгүй байх. Энэ тохиолдолд тоглоомыг угааж хэрэглэх эсвэл бэлгэвчээр бүрхэж хэрэглэх.
  • Судсаар хар тамхи хэрэглэгчид зүү, шприц дамжуулан хэрэглэхгүй байх

!ДОХ нь одоогоор төгс эмчилгээгүй үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Монгол улс дахь ДОХ-ын тархалт[засварлах]

Монгол улсад сүүлийн жилүүдэд ХДХВ/ДОХ эрчимтэй тархаж байна. 2013 оны байдлаар манай улсад ДОХ-ын халдвартай хүний тоо 149 хүрээд байна[2].

Нэмэлт[засварлах]

!ДОХ зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, харин нийгэм болон хөгжлийн асуудал.

!Эрүүл саруул харагдаж байгаа хүн ХДХВ-ийн халдвартай байж болно.

!Ямарч өвчин туссан тэр бол хувь хүний нууц. Хэн ч түүнийг задруулах эрхгүй. Бас өвчин авсаны төлөө хүнийг элдвээр гутаан доромжилж болохгүй. Харин цаг алдалгүй шинжилгээ өгөх нь зөв шийдвэр болно.

!Хэнийг ч гаднаас нь хараад халдвар тээгч гэдгийг мэдэх боломжгүй. Иймд зөвхөн халдвартай нь мэдэгдсэн цөөхөн хүмүүс рүү анхаарлаа чиглүүлэх биш, харин хүн өөрөө хариуцлагатай байх нь ДОХ-оос хамгаална.

!ХДХВ/ДОХ-той хүмүүст удаан амьдрах боломж байна. Харин гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалт нь цаг алдалгүй эмчилгээ авахад хориг саад болдог.

  • ДОХ нь БЗДХ мөн үү?

Мөн. Гэхдээ бусад Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-уудаас ялгаатай нь ДОХ-ыг төгс эдгээх боломжгүй. Бусад БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдварыг авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг.

  • ХДХВ гэж юу гэсэн утгатай вэ?

Энэ нь тухайн хүн ХДХВ-ийг тээгч буюу ХДХВ-ийн халдвар авсан гэсэн үг. Гэхдээ энэ нь тэр хүнийг олон өвчний шинж тэмдэг илэрсэн ДОХ өвчнөөр өвчилсөн гэсэн үг хараахан биш.

  • Цонх үе гэж юу вэ?

Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл ойролцоогоор 3 сар (заримдаа 3-6 сар)өнгөрдөг. Энэ 3 сарын хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байж болох тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг “Цонх үе” гэж нэрлэдэг. Иймээс ямар нэгэн эрсдэлтэй үйлдэлд өртсөн бол 3 сарын дараа дахин шинжлүүлэх хэрэгтэй.

  • Хэн ХДХВ/ДОХ-ын халдварыг авч болох вэ?

Хэн ч ХДХВ-ийн халдварыг авч болно. ХДХВ нь яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, боловсрол, бэлгийн харьцааны шинж төрхөөс үл хамааран халдварлана.

  • ХДХВ/ДОХ-той хүнийг хараад таньж чадах уу?

Үгүй. Тухайн хүнийг хараад таних боломжгүй.

  • ДОХ төгс эмчлэгдэх үү?

ДОХ-ыг төгс эдгээх эмчилгээ хараахан гараагүй боловч амьдрах хугацааг уртасгах эмийн эмчилгээ байдаг.

  • Хүмүүс ХДХВ/ДОХ-ын талаар ямар ташаа ойлголттой байдаг вэ?

ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамт ажиллах, амьдрах, хооллох, асрах, тэврэлдэх зэрэгт халдвар авахгүй. Зөвхөн халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл хүний биед нэвтэрсэн тохиолдолд л халдвар авна.

  • ХДХВ/ДОХ/БЗДХ-аас хэрхэн сэргийлэх вэ?

ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх алтан дүрэм буюу ABCD-ын дүрмийг мөрдвөл халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.

А: Тэвчих (гэрэлтлээ бэлгийн харьцаанд орохгүй байх, гэрлэсэн бол тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах)

B: Бие биедээ харилцан үнэнч байх

C: Бэлгийн харьцаанд орох бүртээ бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх

D: Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах

Ишлэл[засварлах]

  1. Marx, J. L. (1982). "New disease baffles medical community". Science 217 (4560): 618–621. Загвар:PMID.
  2. Бид ДОХ-ыг тоохгүй ч, ДОХ Монголчуудыг оролдсоор. www.gogo.mn.

Нэмж унших[засварлах]