Догол мөртийн “дэгээ”

Догол мөртийн “дэгээ” (“Крючок” абзаца. Paragraph “hook”). Сэтгүүлч бичиж байгаа нийтлэлийн “чиглэлийг” өөрчилж, дараагийн асуудал руу шилжихдээ уншигчдад энэ талаар дохио өгөх хэрэгтэй болдог. Үүнд догол мөртүүд тусалдаг боловч ихэнх тохиолдолд энэ нь хангалттай биш юм. Тиймээс найдвартай гинжин холбоос шаардлагатай болдог. Ийм холбоогүйгээр уншигч чиг шугамаа алдаж, будлих явдал олонтаа тааралддаг. Хэрэв чиг шугамаа алдах тохиолдол дахин дахин давтагдаж, удаан үргэлжилбэл бүх хөдөлмөр талаар өнгөрөх болно. Тиймээс уншигчийг чиглүүлж өгөхийн тулд ямар нэг хүчтэй нөлөөлөхүйц зүйл шаардлагатай болдог. Тийм аргын нэгдлийг “догол мөртийн ”дэгээ” гэж нэрлэнэ. Урьдах догол мөрийн хамгийн гол, эсвэл сүүлчийн үг дараагийн догол мөрийн эхний үг болж бичигдэнэ. Энэ бол шинэ санаа оруулахад туслана. Үг, эсвэл бүтэн өгүүлбэр ч “дэгээ” болж болно. Заримдаа “дэгээ” хэд хэдэн догол мөрийн өмнө орсон тохиолдол ч байдаг. Гэхдээ ойрхон байх нь чухал гэж үздэг. Учир нь уншигч урьдах санаагаа мартаагүй байхад дараагийн асуудал руу шилжихэд нөлөөлнө. Ямар ч нөхцөлд холбоос үг, хэллэг уншигчид зохиогчийн чиг баримжааг алдахгүй урагшлахад нөлөөлдөг сайн талтай. Бөх бат бүтэцгүйгээр нийтлэл хэзээ ч амжилт олохгүй. Туршлагатай сэтгүүлчид материалын бүтэц зохиомжийг онцгой анхаарч, асар их хүч хөдөлмөр зарцуулдаг нь тэдний амжилтын үндэс болдог юм.