Корасон Акино

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Корасон Акино

Корасон Акино, 1986 он

Албан тушаал хашсан
1986 оны 2 сарын 25 – 1992 оны 6 сарын 30
Ерөнхий сайд Сальвадор Лаурел
Дэд Ерөнхийлөгч Сальвадор Лаурел
Өмнөх Фердинанд Маркос
Дараах Фидел В. Рамос

Төрсөн 1933 оны 1 сарын 26 (1933-01-26)
Филиппин, Тарлак, Паники
Нас барсан 2009 оны 8 сарын 1 (76 насалсан)
Филиппин, Метро Манила, Макати
Resting place Филиппин, Метро Манила, Параньяке, Манила дурсгалын хүрээлэн
Жинхэнэ нэр Мариа Корасон Сумулонг Кохуангко
Улс төрийн нам Либерал Нам
ЮНИДО
ПДП-Лабан
Гэр бүлийн хүн Бага Бениньо С. Акино
(1954-1983)
Хүүхэд Ма. Елена Акино-Крус
Аурора Корасон Акино-Абельяда
III Бениньо С. Акино
Викториа Элиса Акино-Дий
Кристина Бернадетт Акино
Төгссөн сургууль Гэгээн Схоластикийн Коллеж, Нью-Йорк дахь Гэгээн Винсень Оргилын Коллеж
Алс Дорнодын Их Сургууль
Шашин Ромын Католик
Гарын үсэг

Мариа Корасон Сумулонг "Кори" Кохуангко-Акино (Тагалог хэлээр: Maria Corazon Sumulong "Cory" Cojuangco-Aquino, 1933 оны 1 сарын 25 – 2009 оны 8 сарын 1) нь Филиппиний 11 дэх ерөнхийлөгч бөгөөд тус улсын төдийгүй Азид анхны эмэгтэй ерөнхийлөгч юм. Фердинанд Маркосын дэглэмийг халж, Филиппинд ардчиллыг сэргээн тогтоосон 1986 оны Ардын Хүчний хувьсгалын удирдагч тэрээр мөн онд Тайм сэтгүүлийн "Оны онцлох эмэгтэй"-гээр нэрлэгдэж байв.

Өөрийгөө "жирийн гэрийн эзэгтэй"[1] гэж тодорхойлсон Акино тэр үеийн ерөнхийлөгч Маркосыг хурцаар шүүмжлэгч, сенатч Бага Бениньо Акинотой гэрлэжээ. Нөхөр нь 1983 оны 8 сарын 21-нд улс төрийн аллагад өртсөний дараа 3 жил орогносон Америкийн Нэгдсэн Улсаас буцаж ирэн, Маркосын засаг захиргааны эсрэг тэмцлийн удирдагч болжээ. 1985 оны сүүлчээр ерөнхийлөгч Маркос ерөнхийлөгчийн сонгууль зарлахад Акино сенатч асан Сальвадор Лаурелыг дэд ерөнхийлөгчид нэр дэвших хамтрагчаараа сонгон уг сонгуульд өрсөлдөв. 1986 оны 2 сарын 7-нд явагдсан сонгуулийн дараа Батасанг Памбанса (Үндэсний Ассемблей) Маркосыг ялагчаар зарласныг Акино эсэргүүцэж, өөрийгөө луйвардуулсан, жинхэнэ ялагч хэмээгээд иргэдийг тайван жагсаалд уриалсан. Ийнхүү Филиппинд олныг хамарсан жагсаал гарч, Маркосыг төрийн эрхээс зайлахад хүргэсэн бөгөөд Акино 2 сарын 25-нд ерөнхийлөгч болсноор "Ардын Хүчний хувьсгал" амжилттай өндөрлөжээ.

Ерөнхийлөгч болсныхоо дараа Акино үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласнаас гадна 2 танхимтай хууль тогтоох байгууллагыг болгожээ. Түүний засаглалын жилүүдэд иргэдийн эрх чөлөө, хүний эрхийг хамгаалах талаар ихээхэн ахиц гарж, мөн коммунист босогчид, Исламын салан тусгаарлагчидтай энхтайвны хэлэлцээр байгуулж чадсан билээ. Мөн түүний хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлого тус улсын эдийн засгийг эрүүлжүүлж, зах зээлийн, нийгмийн хариуцлагат эдийн засгийн тогтолцоог бий болгосон юм. Тэрээр хэд хэдэн удаагийн төрийн эргэлт хийх оролдлого, мөн байгалийн гамшиг зэрэгтэй тулгарч байсан хэдий ч 1992 онд бүрэн эрх нь дуусах хүртлээ албаа амжилттай хашсан.

1992 онд ерөнхийлөгчийн албан тушаалаа Фидел В. Рамост шилжүүлснийхээ дараа Акино улс төрийг орхисон хэдий ч чухал асуудлуудын талаарх түүний үзэл бодол олон нийтэд нөлөөлсөн хэвээр байлаа. 2008 онд Акино бүдүүн гэдэсний хорт хавдар тусч, улмаар 2009 оны 8 сарын 1-нд нас нөгчжээ. Түүний хүү III Бениньо Акино 2010 оны 6 сарын 30-наас мөн Филиппиний ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Эх сурвалж[засварлах]

  1. Aquino, Corazon (1996-10-11), Corazon Aquino Speaks to Fulbrighters, Washington, D.C., <http://www.fulbrightalumni.org/olc/pub/FBA/fulbright_prize/aquino_address.html> (retrieved on 2008-04-15)