Малтузын урхи

Малтузын урхи нь Английн улс төрийн эдийн засагч Томас Роберт Малтузын дэвшүүлсэн онол юм. Үүнд тэрээр хүн төрөлхтний түүхийн ихэнх үед технологийн ололт амжилт, дэвшил нь амьдралын чанарыг сайжруулахаас илүүтэйгээр хүн амыг өсгөсөн бөгөөд орлого ерөнхийдөө тогтмол байсан гэж дүгнэсэн юм.

Мөн Малтуз ургамал ба амьтан нь амьдарч үлдэж чадахаас хамаагүй их тооны үр төл гаргадаг ба хүн ч гэсэн ямарваа нэгэн хяналтгүй бол хэт олон болно гэж үзсэн юм. Ийм учраас тэрээр ямар нэгэн хяналт тавихгүй бол өлсгөлөн, ядуурал нь дэлхий даяар хурцадмал асуудал болох бөгөөд хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө устгана гэж дүгнэсэн юм.

Энэхүү онолоор Британи болон Голландын хөдөө аж ахуйн хувьсгал, XVIII зууны аж үйлдвэрийн хувьсгалаас эхлэн зарим улсуудад хувь хүнд ноогдох орлого эрчимтэй өсөн Малтузын урхинаас гарсан ч Африкийн Тропикийн бүсийн олон орон одоо ч энэхүү урхинд байна гэж үзэж байна.