Монгол дахь ЗХУ-ын мэргэжилтнүүд

Монгол дахь Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнүүд анх 1921-1934 онд ажиллаж байсан улаан армийн цэргийн сургагч, оросын банкны болон хоршооны мэргэжилтэн, хүний ба малын эмч нарыг хэлж болно.

"БНМАУ-д зөвлөлт зөвлөх, сургагч, мэргэжилтэн ирүүлж ажиллуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр" 1934 онд байгуулагджээ. Ерөнхийдөө 1934 оноос хоёр үе шаттайгаар мэргэжилтнүүдээ Зөвлөлт Холбоот Улсаас ирүүлж байжээ. Эхнийх нь 1934-1959 онд Монголд үндэсний социалист үзэлтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байжээ. 1959-1990-ээд он хүртэл хоёр дахь шатанд үйлдвэр, хот байгуулалт, хөдөө аж ахуйн барилга байгууламжид (нийт 712 үйлдвэр, аж ахуйн газар) зөвлөлт мэргэжилтний гол хүчээ ирүүлдэг байжээ.

Зөвлөлтийн “зөвлөх”, “сургагч”, “мэргэжилтэн” гэх гурван ангиллаар Монголын улс төр, батлан хамгаалах, засаг захиргаа, эдийн засаг-нийгмийн салбарт олон зуун мянган зөвлөлтийн иргэн ажиллаж өнгөрсөн. Анхлан МАХН-ын Төв Хорооны зөвлөх, БХЯ, До яам, ардын цэргийн ангиудад сургагч нар ажиллаж байснаа нам-төрийн дээд удирдлагад ажиллахыг болиулж, зөвлөхүүд нь хүчний байгууллагуудад үлдсэн, харин улс ардын аж ахуйн ба нийгмийн бусад салбарт мэргэжилтэн маш олноороо ажиллаж байв.

Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцахын өмнөхөн буюу 1989 оны байдлаар, манай улсад 19 000 мэргэжилтэн ажиллаж байснаас, 9700 нь барилгачид, 1700 нь техник туслалцааны байгууллагуудад, 3000 нь хамтарсан үйлдвэрүүдэд, 3000 нь геологийн салбарт тус тус бүртгэлтэй байв. Энэ бол тэр үеийн улс ардын аж ахуйн нэг тоон үзүүлэлт бөгөөд тэднийг “Зөвлөлтийн байгууллага”, “Техник туслалцааны байгууллага”-д харьяалж байснаас Зөвлөлтийн байгууллага гэдэг нь боловсон хүчин, аж ахуй, санхүүгийн хувьд Москвад бүрэн харьяалагддаг, жишээ нь Зөвлөлтийн барилга трестүүд, харин Техник туслалцааных гэдэг нь Зөвлөлтийн мэргэжилтэн ажиллуулдаг Монголын байгууллага байв.

Энд мөн их дээд сургууль, техникум, ТМС, зарим дунд сургууль, оюуны бусад салбарт олон арван орос багш нар, зарим эмнэлэгт орос эмч нар ажиллаж байсныг орхигдуулж болохгүй. Ер нь 1989 оны байдлаар ЗСБНХУ-ын төрийн 24 яам, тусгай хороо манайд мэргэжилтнээ ирүүлсэн, манай Гадаад Явдлын Яамнаас бусад Монголын төрийн бүх яам газрууд дэргэдээ Зөвлөлтийн зөвлөхүүдийн аппараттай, мэргэжилтэнтэй байсан бөгөөд 1989 оноос Зөвлөлтийн яамдын Монгол дахь бүрэн эрхт төлөөлөгчийн газрууд татан буугдсан байна.

Тэр үеийн Зөвлөлтийн улсын төсвийн алдагдал 120 тэрбум рубль хүрч байсны үлэмж хэсэг нь Монгол мэтийн буурай оронд тараан байршуулж үр өгөөжгүй хөдөлмөрлүүлсэн мэргэжилтний зарлага байсан тухай тэр үед ил тод шүүмжлэн бичдэг байжээ. 1990-1991 онд зөвлөлтийнхөн Монголоос цэрэг, мэрэгжилтнээ татаж энэ түүх өндөрлөсөн юм. Зарим нэг хүмүүсийн ярьдагаар монголчууд, манай төр засаг тэдний хөөж туугаагүй юм гэдгийг онцлон хэлэх ёстой.  Энэ бүх асуудал Зөвлөлт-Хятадын харилцаанд гарч эхэлсэн өөрчлөлттэй шууд холбоотой юм.