Jump to content

Мушкет бууны дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мушкет бууны дайн нь 1800-аад оны эхээр Шинэ Зеландын Хойд Арал дээр Маоричуудын өөр өөр омгийн хооронд дэгдсэн цуврал дайн юм. Энэхүү зөрчил мөргөлдөөн нь Маоричууд мушкет буутай болсонтой шууд холбоотой юм. Хойд зүгийн омгууд, тухайлбал хоорондоо дайсагнагч Нгапухи болон Нгати Вхатуа омгууд анх галт зэвсэг олж эзэмшсэнээр харилцан бие биендээ болон зарим нь насандаа галт зэвсэг хараагүй хөрш омгууддаа асар их хохирол учруулжээ. "1807 онд Хокианга ба Кайпара боомтуудын хооронд Маунгануйн ойролцоо Моремонуйд Нгати Вхатуа омгийнхон Нгапухи омгийнхныг ялсан тулалдаанаар энэ дайны эх тавигджээ. Энэ тохиолдолд уг нь Нгапухи омгийнхон мушкет буугаар зэвсэглэсэн байжээ. Гэвч Нгати Вхатуа омгийнхон уламжлалт зэвсгээ ашиглан тэднийг отож, буугаа цэнэглэх буюу дахин цэнэглэхээс нь өмнө устгажээ." (Майкл Кинг). Сүүлд Хойд Арлын ихэнх нутгаар Нгапухийн аян дайныг удирдсан Хонги Пика энэ тулалдаанд хоёр дүүгээ алджээ.

Энэ үед Маоригийн бүх омгууд мушкет буу авах наймаа хийж байсан бөгөөд зарим омгийн хүн ам хүйс тэмтрүүлж, өөр өөр омгуудын хянадаг нутаг дэвсгэрийн хил хязгаар маш их өөрчлөгдсөний эцэст энэ зөрчил мөргөлдөөн түгшүүртэй гацаанд оржээ. Вайтангийн гэрээнд гарын үсэг зурсны дараа ерөнхийдөө энэхүү шинэ хил хязгаараар омгуудын хил хязгаар тогтсон. Энэ зөрчил мөргөлдөөнд дор хаяж 20000 хүн амь үрэгджээ.

Энэ дайнаар Маоричууд галт зэвсгээр тулалдаж, өөрсдийгөө хамгаалах туршлагатай болсон байна. Энэ дайны үед зохиогдсон нэг чухал шинэлэг зүйл нь 'Маори маягийн шивээ' юм. Ийм шивээг зайнаас тулалддаг зэвсгээс хамгаалах зорилготой босгож байсан бөгөөд хамгаалан тулалдагчдыг дайсны галт зэвсгээс хамгаалдаг байлаа. Сүүлд ийм па маягийн шивээг Шинэ Зеландын Газрын дайнд өргөнөөр хэрэглэжээ. Мушкет бууны дайны явцад орчин үеийн зэвсгээр тулалдах туршлагатай болсноор Маоричууд Британичуудын эсрэг бусад омгийнхноос илүү сайн дайтсан юм.

Лавлах материал

[засварлах | кодоор засварлах]