Мэдээллийн норматив шинж

Мэдээллийн норма-тив шинж (Нормативность информации. Normative character of information). Сэтгүүлчийн сонгож авсан амьдралын бодит баримтын үнэ цэнэ, ач холбогдлоос шалтгаалан “юу хийх вэ?” гэсэн асуултанд хариу өгөх зорилготой норматив (латины norma – “хэвийн” гэсэн үг) мэдээлэл бий болдог. Үүнээс үзэхэд сэтгүүлчийн эх бичвэр нь агуулга, мэдээллийн багтаамжаас шалтгаалан (агуулга хэлбэрийн нэгдлийг бүрэн хангасан тохиолдолд) олон түмэнд дескриптив (бүрэн төгс тусгасан), прескриптив (урьдчилж харсан), валюатив (үнэт зүйлийг харуулсан) болон норматив (бодит зүйлийг байгаагаар нь илэрхийлсэн) мэдээлэл дамжуулдаг байна. Сэтгүүлчийн бүтээлийн эх бичвэрийг дескриптив (d), валюатив (v), норматив (n), прескриптив (p) гэх мэт мэдээлэл агуулдаг тэмдэгтүүдийн систем (s) гэж үзээд s (d, p, v, n) гэж тэмдэглэж болох байна. Сэтгүүл зүйн ерөнхий мэдээлэлд ингэж хандах нь сэтгүүлчийн аливаа бүтээл нь үндсэн дөрвөн элементийн нийлбэрээс бүрдэх олон талт өвөрмөц онцлогийг харуулахын хамт сэтгүүл зүйн мэдээллийн үйл ажиллагааны агуулга, арга хэлбэрийг зөв ойлгоход зарчмын чухал ач холбогдолтой юм. Уран бүтээлийн онол болон бодит мэдээлэлд хандах явцад энэхүү гинжин хэлхээ янз бүрийн шинж тэмдэгээр баяжиж, агуулга хэлбэрийн нэгдлийг хангах амин сүнс нь болдог. Гэхдээ аливаа бүтээлийн үндсийг бүрдүүлэгч их бие, мэдээллийг авч яваа гол бүтэц, зохиомжийг олж харах нь чухал юм.