Мэдээллийн эрх чөлөө

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Мэдээллийн эрх чөлөө (Свобода информации. Freedom of information). Энэ бол хүн бүр мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн аливаа аргаар эрж хайх, хүлээж авах, дамжуулах, түгээх эрх юм. Мэдээллийн эрх чөлөө гэдэг нь үгийн эрх чөлөөний болон иргэд, тэдний нэгдлийн өөрсдийн үзэл бодлыг хуулиар зөвшөөрөгдсөн аргаар, хүртээмжтэй байдлаар илэрхийлэх эрхийн хөгжил, үр дагавар мөн. Мөн олон нийтийн мэдээллийн эрх чөлөө хэмээх ойлголтонд хүмүүсийн хязгаарлагдмал бус хүрээнд зориулан мэдээлэл, материал тараадаг ОНМХ-ийн үйл ажиллагаа болон мэдээлэл түгээдэг үйл ажиллагааны бусад хэлбэр багтдаг. Олон нийтийн мэдээллийн эрх чөлөөний баталгаа нь мэдээлэл олж авах эрх, ямар ч хяналтгүй (цензур) байх явдал юм. Мэдээллийн эрх чөлөө гэдэг нь нэлээд өргөн утга агуулга бүхий ойлголт бөгөөд энэ хүрээнд мэдээллийг авах, өгөх бүлэг асуудал зохицуулагддаг. Үүнд олон нийтийн мэдэх эрх (төр засагт хяналт тавих, нийтээрээ мэдэж байх зүйл), мэдээлэл хүртэх эрх (төрийн албан ёсны мэдээллийг унших, сонсох, үзэх зэрэг ашиглах эрх), мэдээлэл олж авах эрх (иргэд болон сэтгүүлчид төр засгийн мэдээлэл олж авах боломж, механизм), мэдээллийг нээлттэй болгох (чухал мэдээллийг бусдад дамжуулах), мэдээллийг ил болгох (төрөөс хориглосон нууцтай холбоотой материалыг ил болгох боломж) зэрэг асуудал багтдаг. Үүний хамт мэдээллийн эрх чөлөө нь энэхүү эрхийг хэтрүүлж хэрэглэхээс сэргийлэхэд чиглэгдсэн хууль эрх зүйн болон ёс суртахууны хязгаарлалттай байдаг. Тиймээс нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгийг үзэн ядсан, дайсганасан ухуулга, суртал нэвтрүүлэг хийхийг хориглодог. Мөн арьс өнгө, үндэсний, шашны эсвэл хэлний давуу талыг сурталчилсан үйл ажиллагааг хязгаарладаг юм. Хувь хүний зөвшөөрөлгүйгээр түүний хувийн амьдралын тухай мэдээллийг тараах, ашиглах, цуглуулах, хадгалахыг хориглодог. Мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах өөр нэг хүчин зүйл бол улсын нууцтай холбоотой аливаа мэдээ, баримтыг ил тод болгохыг хориглох явдал мөн. Энэ талаарх болон олон нийтийн мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай зэрэг олон хууль эрх зүйн актуудад тодорхойлж өгсөн байдаг. Мэдээллийн эрх чөлөөг баталгаатай болгоход 1989 онд Улсын хэвлэлийг хянах газрыг татан буулгаж, 1992 онд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхлэн гаргах” Засгийн газрын журмыг шинэчлэн баталсан явдал чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа 1998 онд батлагдсан “Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай” Монгол Улсын хууль хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль гаргахыг, нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад цензур тавихыг хориглосноор олон нийтийн мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулж өгсөн юм.