Мэргэн Самбуу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

"Мэргэн Самбуу" гэж алдаршсан эрдэм номтой хүн байжээ. Бага наснаасаа хүрээ хийдэд шавилан сууж, номч мэргэн, унзад Шаравжамц гэдэг хүнд шавь орж, эрдэм номд нэвтэрхий болж, нас бие гүйцэж эрийн цээнд хүрэх үедээ юм үзэж нүд тайлах эрдэм ухаанаа бататгахаар Увс, Ховд, Тувагийн нутгаар хавчиг үүрэг үүрч даянчлан өвчин эмгэгтэй хүмүүст тус хүргэж, "Дэжээлэн", "Самналтай"-н хүрээний лам нартай ном хаялцах, мэргэ төлгөө шалгаж явсаар Тувагийн нэгэн ноёныд очиход ноёны гүнж удаан хугацаагаар өвчилж мэргэн түргэн эмч домч гэсэн олон хүнд үзүүлж эмчилгээ засал хийлгэсэн боловч, өдөр хоногоор дордож, үг дуу ч үгүй нүдээ нээж чадахгүй болжээ. Сүүлдээ залж ирсэн лам үзээд найдваргүй гэсэнд ноён их л бухимдуу суутал ноёны хорио авдаггүй хоточ хоёр нохой өвөлжөөний хөл рүү хуцаад давхижээ. Ноён гарч хар гэхэд зарц нь гарч харснаа 2 мод тулсан, юм үүргэсэн өндөр хүн рүү нохой эрчээрээ очоод эзнээ танисан шиг урд хойно нь ороод эрхэлж дагаад, хоргоож аарахгүй байна гэжээ. Ноён өглөө эрт нартай уралдаад хоёр шаазгай удаан шагатнаад байсан, нохой дайрахгүй байгааг бодоход учиртай хүн байна. Ямар хэрэг зоригоор яваа юм бол шууд надтай уулзуул нааш нь оруул гэжээ. Ноён тэр хүний хэрэг зориг амьдрал байдалтай нь танилцаж ярилцсаны дараа, охиныхоо өвчин эмгэгийн талаар дурсаж эдгэрүүлэх арга чарга юу байна гэж асуусанд, эрх татаж, зоос гүйлгэх зэргээр удаан мэргэлж амь насыг нь аварч эдгэрүүлж болно. Хоёр жилийн өмнө ноёндоо ад шоо үзэгдэж бэдэрч явсан хэл буруутан оргодол босуул эрийн сайн хүлэг морийн авч эрүү шүүлт болж хилс хэрэгт ял тулгаснаас охины чинь нас цөвтөх аюулд учирч болзошгүй байна. Тэр морь танай сүрэгт байна. Эзэнийг нь олж хүргүүлэх юмуу эсвэл хошууныхаа хамгийн ядуу эрд унаа болгож өг гээд хөтөлбөргүй үнэнийг хэлсэнд ноён ихээхэн цочирдожээ. Охиныг элгээхээр 7 хоног ном уншиж гүрэм хийж эм тан өгч, засал хийснээр хэвтэрийн охин хөл дээрээ босч, гарч ордог болжээ. Улмаар ноёны итгэлийг олж, алба амины ажилд зүтгэж, жилийн дараа эмчилсэн охинтойгоо гэр бүл болж, 2 хүү, 6 охинтой өнөр айл болжээ. Сүүлдээ Тува Монголын хилийг хариуцсан Хандгайтын харуулын захирагчаах олон жил ажиллаж, Увсын Давст Тэс сумын заагт амьдардаг, 170 гаруй үхэр, 3 азарга адуутай "Мэргэн" дээрээ "Баян" Самбуу гэсэн тодотголтой айл байгаад хүү охин нь Тэс, Зүүнговь сумын харьяат хүмүүстэй гэр бүл болсноор Тэс сумын айл болсон түүхтэй юм.

Мэргэн Самбуугын 2 хүүгийн Хас, Сүрэн. 6 охинын Цагаанхүү /Цэенхүү/, Жавзан /Жинжээ/, Өлзийбаяр, Дадил, Хамжаа, Надмид гэдэг байна.

Хүү Хас

Хас нь өндөр нуруулаг хүн байсан бөгөөд гэртээ хэд гурван бурхантай Үүнд Бурхан багш, Ногоон дарь эхийн суумал алтадсан бурхан түүний дотор хааш хаашаа 1м орчим гоёмсог модон хайрцагт суулгасан нүд ам нь орой дээрээ гарсан хүн аймаар сүртэй хүрэн зандан модоор сийлж хийсэн 5-6 сартай хүүхдийн дайтай бүх биеийг нь ар өвөргүй маш нарийн сийлж хийсэн суумал бурхан түүний урд талаар хоёр бодь гөрөөс бие бие рүүгээ харайж байгаа мөн зандан модоор сийлсэн баримал гөрөөс бүхий бурхан байсан. Сүүлд Хасын хүү Балдан намын гишүүн байсан учир бурхан шүтэж байна гэж намбын хурлаар олон удаа шүүмжилж байснаас болоод уул бурханыг гэрийн гадаа том араг саванд нууж байгаад 1950-иад оны өвөл Тэсийн голын усанд хийжээ. Хас нь лам шашны бүрэн хэрэглэл цан, хэнгэрэг, хонх, дамар, дун, бишгүүр мөн Төвд, Энэтхэг нэлээд олон ном судартай байв.Үүнд:Алтангэрэл, Банзрагч, Жадамба зэрэг том судраа сайн уншиж мэддэг байсан ба нэг сэтэртэй хар морьтой түүнийгээ унаад зарим лам нартай хамтарч айл амьтанаар очиж гүрэм дором хийдэг байсан. Ардын уламжлалт эм тан авахаар ирсэн хүмүүст тан бэлдэж өгдөг байв. Эмийн олон төрлийн жижиг арьсан ууттай, Төвд, Энэтхэг олон төрлийн эмийн цуглуулгатай. Судар бичиг харж төрөл бүрийн эмээ найруулна. Тэс сумын урд талд хужирхаг дэрстэй зөөлөн хөрстэй газраас цагаан гаа түүдэг, газар ухаж чихэр өвс зэрэг ургамалтай хольж Төвд судар ном харж эм найруулна. Тэр эмээс авараах ирсэн хүмүүст тусгай жижиг төмөр халбагаар хэмжиж тус бүрт нь цаасанд боож өгдөг байв. Өөрөөр хэлбэл сайн эмч домч хүн байсан юм 1937 оны зун 7 сард Тэс сумын наадам болдог өдөр өвчний улмаас нас барсан.

Хас нь Мятав, Балдан, Сэрэнпэл, Түжээ, Баяр, Ооп гэсэн 6 хүүхдүүдтэй.