Нордкапын хошуу
Нордкапын хошуу (норв. Nordkapp; Хойд Сами хэлээр: Davvenjárga) буюу Умар хошуу бол Европын эх газрын хамгийн хойд талын улс болох Норвегийн хойд талд оршино.
Хамгийн ойр орших боомт бол Хаммерфест хэмээх загасчдын бяцхан хотхон юм. Норвегийн энэ боомт бол цэвэрхэн шулуун гудамж, загасны том үйлдвэр, бетонон барилга бүхий усан зогсоолууд, олон давхар байшингуудтай тул хот гэж хэлж болно. Гольфстримийн нэгэн салаа болох Умард Атлантын урсгал Скандинавын эрэг орчимд өмнөд тэнгисүүдийн дулаан урсгалыг тээж ирдэг тул хамгийн хүйтэн өвөл ч гэсэн Норвегийн тэнгис хөлддөггүй ажээ. Гэвч энэхүү дулаан урсгал, туйлын хүйтэн агаартай мөргөлдөн бороо манан болж хувирдаг тул Нордкапын хошуу мөнхийн саарал манан дунд орших бөгөөд нартай цэлмэг өдөр ховор тохиолдоно. Нордкап гэдэг нэрийг "Умар хошуу" гэж орчуулдаг. Нордкап нь Европын эргээс нарийхан хоолойгоор тусгаарлагдсан арал дээр оршдог. Энэ хошуу нь Магерё гэдэг жижигхэн арлын захад байдаг бөгөөд түүний асар өндөр 300 м-ийн хадан хошуу нь тэнгисийн мандал дээгүүр өнгийн байгааг харвал аврага усан онгоцны хитэг шиг харагдана. Аврага том боржин хадан цохио нь хэсэг газартаа ан цав гарч их, бага, дунд 3 хэсэг болон хуваагдсаны дундах нь Нордкап юм. Нордкапын дээд тал нь яг л ширээ шиг бөгөөд жижигхэн нуурууд, хааяа нэг тааралдах цасан бүрхүүл, чулуурхаг хөрсөөр хучигдсан байдаг. Жижигхэн нуурууд болон цасан бүрхүүлүүдээс нь урсан гарах түргэн урсгалт жижигхэн горхинууд түүний захын хадан хясаа руу урсан, хөөсөрсөн их ус болон доошоо урсдаг ажээ. Нордкапын баруун, хойд, зүүн, талуудаар Хойд мөсөн далайн зах хязгаар нь үл харагдах уудам хэсэг хүрээлсэн байдаг. Цаг агаар хичнээн муу байсан ч Нордкапын орой дээрээс тэндхийн байдал үзэсгэлэнтэй харагддаг. Нордкапын хадан цохионууд дээр хэдэн мянган жигүүртний хэзээ ч тасрахгүй ганганалдаа сонсогдож байдаг. Цахлай, гага, кайр зэрэг маш ховор шувуунууд цугларч үүрээ зассан нь элбэг тохиолдоно. Нордкапд туйлын туяа бусад газраас гоёмсог харагддаг. Энд ирсэн жуулчид дахиж ирэх андгай тавиад явдаг нь жам юм.