Умард мөсөн далай

(Хойд мөсөн далай-с чиглүүлэгдэв)
Дэлхийн далайнууд
Арктикийн бүс

Умард мөсөн далай нь Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, Умард туйлын орчим байрлах Дэлхийн далайнууд дотор хамгийн жижиг, хамгийн гүехэнд тооцогдох, жилийн бүх улиралд мөсөөр хучигдан оршдог далай юм[1].

Умард мөсөн далай нь Еврази ба Хойд Америкаар хүрээлэгдэн орших ба усны температур, давсжилтын хэмжээ нь улирлаас хамаарна. Өөрөөр хэлбэл мөсний хайлалт ба усны хөлдөлтөөс хамаардаг байна[2]. Бусад далайнуудтай харьцуулахад хамгийн бага давсжилттай, мөн хамгийн бага ууршилттай далай юм. Далайн усны давсжилтын хэмжээнд эх газраас цутгах их хэмжээний цэнгэг ус, Атлантын далай болон Номхон далайтай усаа чөлөөтэй солилцдоггүй зэрэг шалтгаан гол нөлөөтэй. Зуны улиралд далайн мөсөн бүрхүүлийн 50% нь хайлдаг байна[1].

Нэр[засварлах | кодоор засварлах]

  • Монгол хэлэнд хойд, урд зүгт орших газар орны нэрийг хойд, урд хэмээн нэрлэдэг хэдий ч туйлын хойд, урд зүгт байгааг умард, өмнөд хэмээн нэрлэдэг. Тиймээс зарим тохиолдолд гадаад хэлнээс орчуулахдаа Хойд мөсөн далай хэмээн орчуулдаг боловч, уг ёсоор бол Умард мөсөн далай гэх нь зөв юм.
  • Хэдийгээр Олон Улсын Усзүйн байгууллагаас (International Hydrographic Organization, IHO) "Далай" гэж тодорхойлдог боловч зарим далай судлаачид Атлантын далайн нэг тэнгис буюу Арктикийн тэнгис гэж нэрлэх нь бий[3].

Газарзүй[засварлах | кодоор засварлах]

Умард мөсөн далай нь АНУ-аас 1.5 дахин их буюу 14,056,000 км² талбайтай[4], эргийн нийт урт нь 45,389 км[4]. Үндсэндээ бусад далайнуудаас бүрэн тусгаарлагдсан, Еврази, Хойд Америк, Гренланд, болон өөр хэд хэдэн арлуудаар хүрээлэгдэнэ. Норвегийн, Баренцын, Цагаан, Карийн, Лаптевийн, Зүүн-Сибирийн, Чукоткын, Гренландын, Бофортын, Баффины, Гудзоны зэрэг тэнгисүүдтэй. Номхон далайтай Берингийн хоолойгоор, Атлантын далайтай Гренландын тэнгис[1] болон Лабрадорын тэнгисээр холбогдоно. Газарзүйн координат нь: 90°00′N 0°00′E

Умард мөсөн далайн усны гүн болон түүнийг тойрон орших хуурай газрын топозураг

Усан доор байрлах Ломоносовын нуруугаар, Умард мөсөн далайн сав нь хоёр сав газар болон хуваагдана. Эхнийх нь буюу Евразийн сав нь 4,000 - 4,500 метр гүн, хоёрдох нь болох Амеразийн сав нь 4,000 орчим метр гүнтэй. Умард мөсөн далайн дундаж гүн нь 1,038 метр[5], хамгийн их гүн нь Евразийн савд байрлах 5,450 метр юм.

Умард мөсөн далайн дийлэнхийг мөс бүрхэх бөгөөд, зуны улиралд уг мөс хайлан зайрмагтана. Умард мөсөн далайн хүйтэн агаар экватор зүг шилжих ба дунд өргөргийн орчим халуун агаартай нийлэн бороо, цас орох нөxцлийг бүрдүүлнэ.

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Умард мөсөн далай нь туйлын уур амьсгалтай бөгөөд өвлийн улирал нь харанхуй, хүйтэн, цэлмэг тэнгэртэй байна. Зуны улирал нь нартай, харьцангуй чийглэг, манантай байх ба цас болон бороо орно.

Гадаргуугийн температур нь жигд тогтвортой, 0 хэмээс арай доогуур байна. Жилийн 10 сард нь далайн ихэнх хэсэг цасаар хучигдсан байх ба хамгийн их цас 3 ба 4-р сард орно. Энэ үед мөсөн дээрхи цасны зузаан 20-50 см хүрнэ.

Байгалийн баялаг[засварлах | кодоор засварлах]

Газрын тос, байгалийн хий, полиметаллын шороон орд, элс, хайрга зэрэг ашигт малтмал, загас, далайн хав, халим зэргийг агнаж болно.

Уг далайн төв хэсэг нь АНУ, Орос, Канад, Норвеги, Дани зэрэг улсуудын алиных нь ч харьяалалд багтахгүй байгаа бөгөөд [6] Дэлхийн газрын тос, байгалийн хийн нээгдээгүй байгаа нөөцийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээнийхийг уг далайгаас илрүүлж болно гэж таамаглаж байна[7].


Амьтан ба ургамал[засварлах | кодоор засварлах]

Цагаан баавгай

Онцлох амьтан нь халим болон далайн хав[8] бөгөөд уг далайн экосистем нь маш хэврэг юм[8].

Умард мөсөн далайд фитопланктон өргөн тархалттай бөгөөд эх газраас цутгах гол, Номхон далай болон Атлантын далайн ус фитопланктоны тэжээлийг зөөж авчирна[9]. Зуны улиралд нар жаргадаггүй тул фитопланктон үржих тааламжтай нөхцөл болно[9].

Байгаль хамгаалал[засварлах | кодоор засварлах]

Умард мөсөн далайн мөсөн бүрхүүл нимгэрэхийн зэрэгцээ улирлын чанартайгаар озоны давхрага цоорч байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна.

Мөсөн бүрхүүл нимгэрч байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой гэж үзэж [10]. Олонхи эрдэмтэд Дэлхийн дулаарлын улмаас Хойд мөсөн далайн мөс хайлан, Хойд Атлантын далайд ихээхэн хэмжээний цэвэр ус нийлэн, Атлантын далайн урсгалыг (термохалайн эргэлт - thermohaline circulation) өөрчилж болзошгүй хэмээн таамагладаг байна. Энэ нь Дэлхийн цаг уурыг ихээхэн өөрчилж болзошгүй юм[10].

Умард мөсөн далай нь цацраг идэвхт бодисоор нилээдгүй бохирдож байгаагийн нэг жишээ нь Оросын цөмийн хаягдал [11] [12] юм. Учир нь умарт мөсөн далай дах Новосибирскийн болон Шинэ газрын арлууд нь ЗХУ-ын үед цөмийн туршилтын талбайнууд оршиж байсан ба ЗХУ нь баруун европын орнуудын атомын цахилгаан станцын цөмийн хаягдлыг өндөр төлбөртэйгээр тэндэх цөмийн хаягдлын агуулахуудад хадгалж байсантай холбоотой юм.

Эрх зүйн асуудал[засварлах | кодоор засварлах]

Умарт мөсөн далай нь дэлхийн олон улсын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн дундын олон улсын бүс биш байдаг онцлогтой. Умарт мөсөн далайг түүнийг хүрээлж байгаа Дани, Исланди, Норвеги, АНУ, Канад, ОХУ зэрэг 6 улсын хоорондын тохиролцоо, хэлцлээр нөлөөллийн бүсүүдийг ялгаж үздэг боловч яг туйл орчмын төв хэсэг н маргаантай байдаг байна. Энэ далайн хувьд сүүлийн жилүүдэд ОХУ-ын бодлого хамгийн эрчимтэй байгаа бөгөөд умарт мөсөн далай дах цэргийн хүчээ улам бэхжүүлэн Арктикийн цэргийн хүчийг шинээр байгуулан сууришуулж байна.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Дэлгэрүүлж унших[засварлах | кодоор засварлах]

Гадагш холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Умард мөсөн далай – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Умард мөсөн далай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 Michael Pidwirny (2006). "Introduction to the Oceans". www.physicalgeography.net. Retrieved 2006-12-07.
  2. Some Thoughts on the Freezing and Melting of Sea Ice and Their Effects on the Ocean K. Aagaard and R. A. Woodgate, Polar Science Center, Applied Physics Laboratory University of Washington, January 2001. Retrieved 7 December 2006.
  3. Tomczak, Matthias; Godfrey, J. Stuart (2003), Regional Oceanography: an Introduction (2 ed.), Delhi: Daya Publishing House, ISBN 81-7035-306-8, archived from the original on 2012-01-11, retrieved 2007-09-11
  4. 4.0 4.1 Wright, John W. (ed.) (2006). The New York Times Almanac (2007 ed.). New York, New York: Penguin Books. p. 455. ISBN 0-14-303820-6. {{cite book}}: |first= has generic name (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  5. "The Mariana Trench - Oceanography". www.marianatrench.com. 2003-04-04. Retrieved 2006-12-02. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  6. The Arctic's New Gold Rush - BBC
  7. The Battle for the Next Energy Frontier: The Russian Polar Expedition and the Future of Arctic Hydrocarbons (Memento 22. Нэгдүгээр сар 2009 цахим архивт), by Shamil Midkhatovich Yenikeyeff and Timothy Fenton Krysiek, Oxford Institute for Energy Studies, August 2007
  8. 8.0 8.1 "CIA World Fact Book: Arctic Ocean. Retrieved 11 November 2013". Archived from the original on 5 Долдугаар сар 2018. Retrieved 11 Аравдугаар сар 2017. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  9. 9.0 9.1 Physical Nutrients and Primary Productivity Professor Terry Whiteledge. National Oceanic and Atmospheric Administration. Retrieved 7 December 2006.
  10. 10.0 10.1 Earth - melting in the heat? Richard Black, 7 October 2005. BBC News. Retrieved 7 December 2006.
  11. 400 million cubic meters of radioactive waste threaten the Arctic area (Memento 16. Аравдугаар сар 2007 цахим архивт) Thomas Nilsen, Bellona, 24 August 2001. Retrieved 7 December 2006.
  12. Plutonium in the Russian Arctic, or How We Learned to Love the Bomb (Memento 2. Хоёрдугаар сар 2017 цахим архивт) Bradley Moran, John N. Smith. Retrieved 7 December 2006.